Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 305/ШШ2025/00400

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Д.Э-д холбогдох

барааны үнэ 1,358,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.Э нь зээлээр хүнсний бараа авсан. Удаа дараа төлбөрөө барагдуулах шаардлага тавьсан боловч тооцоогоо хийхгүй байгаа тул зээлж авсан хүнсний барааны үнэ 1,358,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Ц ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц ХХК нь Д.Э-д холбогдуулан барааны үнийн үлдэгдэл болох 1,373,500 төгрөг нэхэмжилсэн. Д.Э нь 2025 оны 06 сарын 16-ны өдөр төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Э-д холбогдох барааны үнэ 1,358,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь хууль ёсны төлөөлөгч С.Д-н “...Ц ХХК нь Д.Э-д холбогдуулан барааны үнийн үлдэгдэл болох 1,373,500 төгрөг нэхэмжилсэн. Д.Э нь 2025 оны 06 сарын 16-ны өдөр төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байна …” гэх хүсэлтээр нотлогдож байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.

3. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,686 төгрөгийн тал хувь 18,343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 18,343 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Ц ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Э-д холбогдох барааны үнэ 1,358,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,686 төгрөгийн тал хувь 18,343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 18,343 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Ц ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                                            

ШҮҮГЧ                               Ч.МӨНХТУЯА