Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/342

 

                                                                                                  Ч.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, Ү.Чойжилсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунчимэг,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2023/ШЦТ/937 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.С-ийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Ч.Сд холбогдох 2305 00000 1463 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн Ч-ын С, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... ажиллаж байсан, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо, “...” хорооллын ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД..../;

Ч.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрин” хорооллын 53/7 дугаар байрны 160 тоотод иргэн Э.Гийг бусадтай хардсаны улмаас цээжин тус газарт 1 удаа хутгалж хүнийг санаатай алсан гэмт хэрэг холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А овгийн Ч-ын С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-ийг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сд оногдуулсан 9 /ес/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-ийн баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 61 /жаран нэг/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Ч.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сэс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 96.800.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б овгийн Н-гийн Б /РД: /-д олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс гэж нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Ч.Сэс тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг гаргуулж, нас барагчийн хүүхэд болох Г.М, Г.Э, Г.Ө нарт тус бүрд 110.150 төгрөгийг 16 нас хүртэл cap бүр олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Голомт банкнаас авсан зээлийн үлдэгдэл 23.903.487 төгрөг, “Таван богд финанс ББСБ” ХХК-аас авсан зээлийн үлдэгдэл 4.591.788 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.Сэс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-ийн бага насны хүүхдүүд болох охин Б.М /РД:..../, хүү Б.М /РД:.../ нарт асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн газрын үзлэгээр хураан авч хэргийн хамт шүүхэд ирүүлсэн нийт 25 см урттай, ягаан өнгийн иштэй 1 ширхэг хутга, шүүгдэгч Ч.С-н хөлнөөс авсан арчдасыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж,

хэргийн хамт шүүхэд ирүүлсэн амь хохирогч Э.Гийн эзэмшлийн хар өнгийн “Samsung А72” загварын гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бэд, шүүгдэгч Ч.С-ийн эзэмшлийн хар өнгийн “iPhone SE” загварын гар утсыг түүнд буцаан олгож, 1 ширхэг CD /Сиди/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ч.С нь амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалд нийт 19.555.479 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бэд нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.С-ийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж, 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах”-аар зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлэх бүрэн боломжтой байсан.

Учир нь энэхүү заалтыг хууль тогтоогчид шүүхэд эрх олгохдоо гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн урьдач үндэслэл бүрдсэн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасантай нийцэхгүй шийдвэр гаргасан гэж өмгөөлөгч би үзэж байна.

Өөрөөр хэлбэл хэрэг учрал болсон цаг хугацаанд шүүгдэгч Ч.Сд хөнгөн зэргийн гэмтэл учирсан, амь хохирогчийг оршуулахтай холбоотой холбогдон гарсан зардал хохирол төлбөрийг бүрэн төлсөн, гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн, хоёр хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ззргийг харгалзан үзэх учиртай юм.

Үүнээс гадна шүүх Ч.Сд биеэр эдлэх хорих ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-т “шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ”, 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, 1.5-т “өөрийгөө илчилсэн” гэж зааснаар хөнгөрүүлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүх дээрх хэм хэмжээний агуулгад нийцүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Сд оногдуулсан 9 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ч.С-ийн өмгөөлөгч Л.Ган-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Л.Ган-Очир болон өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч Ч.С-ийн өмгөөлөгчөөр ажилласан. Энэ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлчлүүлэгчийн минь хийсэн үйлдэл, хор уршигтай холбоотой ажиллагаанууд мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хийгдсэн. Гэмт хэргийн зүйлчлэл болон үйлдэл дээр анхнаасаа маргаагүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарласан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд нь Ч.С нь амь хохирогчтой 2019 оноос хойш холбоотой байсан хувийн харилцаа байдаг. Үүнийг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Учир нь, Ч.С нь огт танихгүй хүний амь насыг хохироосон асуудал биш юм. Шүүгдэгч болон түүний гэр бүлийнхний зүгээс хохирол, хор уршгийг боломжоороо төлж барагдуулж, төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлууд байдаг. Мөн шүүгдэгч Ч.С-ийн бага насны хүүхдүүд болох Б.М, Б.М нар бүтэн өнчин болж үлдсэн байдаг. Дээрх нөхцөл байдлуудыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд хамаарахгүй гэж шийтгэх тогтоолд дурдсан. Гэтэл шүүгдэгч Ч.С нь гэм буруугийн асуудлаар маргадаггүй бөгөөд хохирол, хор уршгийг төлж барагдуулж, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдлууд байдаг. Өмгөөлөгч Ү.Чойжилсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь дэмжин оролцож байна. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Сд оногдуулсан 9 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ч.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэм буруугийн асуудлаар огт маргаагүй. Намайг цагдан хоригдож байх хугацаанд гэр бүл минь амь хохирогчийн ажил явдал дээр очиж 1.000.000 төгрөг өгч, чин сэтгэлээсээ уучлалт гуйсан. Мөн би мөрдөн шалгах ажиллагааны шатанд цагдан хоригдож байхдаа суллагдсаныхаа маргааш нь оршуулгын зардалд 18.500.000 төгрөгийг төлсөн.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би маш их гомдолтой байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хохирол, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан гэж байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүний амийг хэдэн төгрөгөөр хаана гэж байхгүй. Эрүүл саруул байсан хүний амь насыг хохироож шороонд булсан. Миний 3 хүүхэд маш их хохирч байна. Шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмүүлмээр байна. 9 жилийн хорих ялыг багадсан гэж үзэж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бийн өмгөөлөгч Б.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Амь хохирогч нь 5-14 насны гурван хүүхэдтэй байсан. Шүүгдэгчийн зүгээс прокурорын шатанд оршуулгын зардалд нийт 19.555.479 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүхээс амь хохирогчийн нэг хүүхдэд 110.150 төгрөгийг 16 нас хүртэл нь олгохоор шийдвэрлэсэн. Гурван хүүхдийн тэтгэмжийн нийт дүнг 22.200.000 төгрөгөөр тооцож хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дансанд шилжүүлсэн. Нийт 41.755.479 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс төлсөн. Харин анхан шатны шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 96.800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг төлбөрийг шүүгдэгчийн зүгээс ойрын хугацаанд төлөхөө илэрхийлсэн боловч одоогийн байдлаар төлөгдөөгүй байна. Амь хохирогчийн гэр бүлийн нөхцөл байдал маш хүнд байдаг. Хуучин албаны байранд амьдарч байсан боловч ажил нь солигдсон тул энэ байрандаа байхгүй, айлд амьдарч байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг богино хугацаанд шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.” гэв.

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.С нь хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж, шинжлэн судалж, шүүгдэгч Ч.Сд 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзсан. Шүүгдэгч Ч.С нь амь хохирогчийг хутгалж алсан болохоо цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад шуурхай мэдэгдсэн. Энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар шийтгэх тогтоолд дурдсан. Шүүгдэгч Ч.С нь бага насны хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эх байдаг. Үүнийг шүүх харгалзан үзсэн. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт талийгаачийн оршуулгын зардлыг шүүх хуралдаан болохоос өмнө төлж барагдуулсан. Амь хохирогчийн хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны мөнгөн зөрүүг тооцож шийдвэрлэсэн. Үүнээс гадна шүүгдэгч Ч.Сэс гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан. Хүнийг алах гэмт хэрэг нь 8-15 жилийн хугацаагаар хорих ялын санкцтай. Хүний амь нас хохирсон нь энэ гэмт хэргийн хор уршиг тул хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзэхгүй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-ийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэнгийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Ч.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрин” хорооллын 53/7 дугаар байрны 160 тоотод иргэн Э.Гийг бусадтай хардсаны улмаас цээжин тус газарт 1 удаа хутгалж хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бийн “...Г нь 2023 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэрээсээ Даншиг наадам үзнэ гээд ганцаараа гараад явсан. ...Өнөөдөр буюу 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Г нь одоо ингээд очлоо гээд мессеж бичсэн. ...Би С гэх хүнийг зүс таньдаг. С нь Гтэй 2019 оноос хойш гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэсэн юм. ...” /1хх 38/,

гэрч Т.П-ын “...2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 28 минутад Бугат 10-аас Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрин” хороолол 53/7 дугаар байр 160 тоотод “Би Гийн зүрхэн тус газар хутгалчихлаа гээд уйлаад байв” гэх дуудлага мэдээлэл ирсэн. Би цагдаагийн дэд ахлагч Э.Мөнхжалын хамтаар тус дуудлагад 16 цаг 42 минутад дуудлага өгсөн хаяг дээр очиход гэрийн хаалга нь онгорхой байдалтай 103-ын эмч нар ороод ирсэн байсан. Мөн Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Б.Бямбадорж ороод ирсэн байсан. Бид ороод юу болсон талаар асуухад хэсгийн байцаагч Бугат-10-аас хэлээд хүрээд ирлээ гэж хэлсэн бөгөөд гэрт байсан гэх С гэх эмэгтэй гэрийн шалан дээрээ уйлаад сууж байсан. Бид нар тухайн эмэгтэйг гараад уулзъя гэж хэлээд гарсан. Цагдаагийн дэд ахлагч Мөнхжал бид хоёр гадаа гараад албаны машинд байхдаа “дуудлага өгсөн хүн нь өөрөө юу” гээд асуутал “тийм” гээд хариулсан. Тэгээд “яагаад, ямар учраас ийм зүйл болсон юм бэ” гээд асуусан чинь бид нарт хандаад “надаас боллоо, бид бие биенээ хардсан юм” гэж ярьж байсан. Би ямар харилцаатай хүмүүс талаар асуухад “Бид өмнө нь хамт ажилладаг баисан юм. Нэгнээ таньдаг болоод дөрвөн жил болж байна” гээд хэлсэн. Мөн бид хааяа уулздаг талаараа ярьж байсан. Тэгээд “талийгаачийг өөрийг нь хэнтэй ч хамаагүй хардаад байхаар нь би түүнийг эхнэртэй нь хардаж хэрүүл маргаан болсон. Тэгээд би маргааны үед гал тогооны шүүгээн дээрээс хутга аваад эргээд хартал ард ирсэн байхаар нь хатгачихсан юм. Уг нь түүнийг айлгах гэж байсан юм” гээд ярьж байсан. ...” /1хх 45-47/,

гэрч Э.М-ын “...үл таних нэг хүн шалан дээр дээш хараад хэвтсэн байдалтай бие нь нэлээд цусаар бохирлогдсон байдалтай байсан. Ямар нэг хөдөлгөөн хийж харагдахгүй байсан. Харин түүний цаад талд нь мөн нэг эмэгтэй хүн шалан дээр сууж уйлаад “наад хүнээ сэрээгээд өгөөч” гээд хэсгийн байцаагч “хүрч болохгүй” гээд байж байсан. Харин эмч үзлэг дууссан гээд яаралтай тусламжийн хуудас бичээд зогсож байсан. Цагдаагийн ахлагч Пүрэвжав бид хоёр тухайн байранд өөр хүн байгаа эсэх талаар үзэхэд хүнгүй байсан. Ингээд дуудлага мэдээлэл өгсөн гэх С гэх хүнтэй уулзаад тайван байхыг хүсээд өөрөө гуталгүй байсан тул гутлыг нь өмсүүлээд гэрээс нь хамт гарсан бөгөөд энэ үед мөрдөн байцаагч нар ирж байсан. Бид гадаа машинд байхдаа өөрийг нь болон хохирогчийг хэн гэдэг талаар болон ямар харилцаа хамааралтай хүмүүс талаар асуусан. Ч.С нь бид нарт өөрийгөө хэн гэдэг талаар хэлсэн ба талийгаачийг бид нар найз нар байгаа юм гээд “би нөхрөөсөө салаад дөрвөн жил болж байна. Энэ хүн надад сайн ханддаг хүн байгаа юм. Бид нэгнээ сайн танина, манай хүүхдүүд ч мэднэ” гэж хэлсэн. Хохирогчийг “эхнэр гурван хүүхэдтэй, тэр хоёр одоо хамт амьдардаггүй болохоор бид хоёр уулздаг юм” гэх зүйл ярьж байсан. ...би тухайн хүнд ямар шалтгаанаар халдсан талаар асууж тодруулахад “бид хоёр бие биеэ хардсан юм. Гэхдээ намайг цохиж зодоогүй би айлгах гээд гал тогооноос хутга аваад эргээд харсан чинь миний хажууд ирсэн байсан. Тэгээд сандраад хатгасан юм” гэж хэлээд “энэ хүн амьд үлдвэл ээж, аав, эхнэр, хүүхдэд нь хэлмээргүй байна. Хэрэв үхэх юм бол би хариуцлагаа хүлээнэ” гэж хэлээд ар гэрт нь мэдэгдэж болно гэж хэлж байсан. ...” /1хх 50-52/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 01/101 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 1, 3, 5, 6, 8, 11, 12, 13, 14, 15, 16 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Харин 2, 4, 7, 9, 10 дугаартай мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн Сүхбаатар овогтой Сувдын гарын хээний дардас нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн №3, 11, 14, 16 дугаартай гарын мөр нь MN000710003105, 2023-ЦОГЦ-БГД2 дугаараар бүртгэгдсэн Э овогтой Гийн гарын хээний дардсаар үүсгэгдсэн байна. Мөн №12 гэж дугаарласан гарын мөр нь гарын мөрийн нэгдсэн санд MN000740000016 дугаараар бүртгэгдсэн Чулуунжаргал овогтой С баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн. ...” /1хх 92-95/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3682 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Ч.С-ийн хөлийн арчдаст цус илэрсэн. Ч.С-ийн хөлийн арчдаст нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдсон ба амь хохирогч Э.Гийн гэх ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” /1хх 159-160/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3683 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Ч.С-ийн баруун болон зүүн гарын хумсанд цус болон хучуур эс илэрсэн. Ч.С-ийн хумсанд цус болон хучуур эсийн холимог ДНХ-ийн тогтоц тогтоогдсон ба уг холимог ДНХ-ийн тогтоцод №3682 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Э.Г гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоц илэрч байна. ...” /1хх 169-170/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2145 дугаартай “Талийгаач Э.Гийн цогцост цээжний зүүн талд эгэмний шугамаар 3-4 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун тосгуурыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүрхний үнхэлцгийн хөндий дэх цусан хураа (400 мл), духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн хатгагдаж, зүсэгдэх үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь амьддаа үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачид учирсан гэмтлийг өөрөө өөртөө учруулах эсэхийг тогтоох боломжгүй. Тухайн гэмтлийг авсан даруйд идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 2,0 промилли, ходоодны шингэнд 7,3 промилли, шээсэнд 2,2 промилли спиртийн зүйл илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Цусанд мансууруулах болон сэтгэц нөлөөлөх бодис илрээгүй. Ходоодны шингэнд хорт бодис болон эмиин бодис илрээгүй. Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас үнхэлцгиин хөндийд цус хурж, зүрх чихэлдэж нас баржээ. ...” /1хх 182-185/ гэх дүгнэлтүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 4-17/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 17-20/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 24-25/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Ч.С-ийг “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ч.С-ийн иргэн Э.Гийг бусадтай хардсаны улмаас цээжин тус газарт 1 удаа хутгалж, цээжний зүүн талд эгэмний шугамаар 3-4 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун тосгуурыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүрхний үнхэлцгийн хөндий дэх цусан хураа (400 мл),  цээжинд цус хуралт гэмтэл учруулж, алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Ч.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Ч.С-ийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Шүүгдэгч Ч.С нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг арилаагүй нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Ч.С-ийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заасны дагуу 96.800.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Сэс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохиролд гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт амь хохирогчийн гэр бүлийн гишүүдээс хэнийнх нь сэтгэцэд уг гэмт хэргийн улмаас сэтгэцийн гэм хор учирсан болохыг нотолсон баримт авагдаагүй байхын зэрэгцээ зөвхөн Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос эрэгтэй хүний дундаж наслалтыг тогтоосон талаарх баримтыг үндэслэн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох боломжгүй юм.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/,-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх”-аар, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Сэтгэцийн шинжилгээг дараах тохиолдолд хийнэ”, 39.1.8-д “энэ хуулийн 40.1-д заасан сэтгэцэд учирсан хор уршиг” гэж сэтгэцийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлагын талаар хуульчилжээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд, амь хохирогчийн гэр бүлийн гишүүдээс хэний сэтгэцэд гэм хор учирсан болохыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх” гэж заасны дагуу хуулийн шаардлага хангасан сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргуулах замаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/937 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ч.С-ийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ч.С нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 20-ны энэ өдрийг хүртэл 104 /нэг зуун дөрөв/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/937 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсэгт “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.С-ийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-ийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 104 /нэг зуун дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ  

 

ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

           

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ