Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/01185

 

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/01185

 

 

Д.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2021/01221 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Д-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19300982/124-06 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Э.Б, гуравдэгч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2019/01025 дугаар захирамжаар Эрд хул ХХК-аас 611 409 400 төгрөгийг гаргуулж Хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэгч Б.Сэлэнгэ нь Д.Д-гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202014675 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000085355 тоот гэрчилгээтэй, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны 630 тоот хаягт байрлах 354 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны 630 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2202007731 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000085354 тоот гэрчилгээтэй 176 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г- 2202000506 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000047424 тоот гэрчилгээтэй, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 19300982/124-06 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэж хураах ажиллагаа явуулсан байна. Д.Д-гийн өмчлөлийн дээрх хөрөнгөд хураах ажиллагаа явуулахдаа хариуцагчийн зүгээс барьцаа хөрөнгийн өмчлөгч Д.Д-д мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас хүргүүлээгүй, түүнийг байлцуулаагүй төдийгүй харин хөрөнгийн түрээслэгч Б.Мөнхзаяа гэх хүнд мэдэгдэж, түүнийг байлцуулан хураах ажиллагаа явуулсан нь өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс хөрөнгийн өмчлөгчид тодорхой хугацаа заасан мэдэгдэл хүргүүлж уг хугацаанд төлбөрийг гүйцэтгээгүй тохиолдолд хураах ажиллагааг явуулах журамтай. Гэтэл өмчлөгчид мэдэгдэлгүйгээр эд хөрөнгө хураах тогтоол үйлдэж хураах ажиллагаа явуулсныг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байх тул эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгож, хуульд заасан журмын дагуу ажиллагааг явуулж төлбөр барагдуулах тодорхой хугацааг олгох нь зүйтэй гэж үзэж байна. Уг тогтоолыг дээрх барьцаа хөрөнгийг түрээслэгч Б.Мөнхзаяа гэх хүнээс 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч мэдсэн байдаг. Мөн 19300982/124-05 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор аль шүүхийн ямар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж хөрөнгө хураах болсон нь тодорхойгүй байна. Д.Д- нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дах хэсэгт энэ хуулийн 44.3. 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж заасны дагуу Д.Д- нь гуравдагч этгээдийн хувиар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийхгүйгээр шууд шүүхэд хандсан болно. Иймд гуравдагч этгээд Д.Д- миний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202014675 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000085355 тоот гэрчилгээтэй, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны 630 тоот хаягт байрлах 354 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2202007731 дугаарт бүртгэгдсэн, 176 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2202000506 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000047424 тоот гэрчилгээтэй, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг хураасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Сэлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 19300982/124-06 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Э.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар зарын 31-ний өдрийн 182/ШШ2019/01025 дугаар захирамжаар төлбөр төлөгч Эрд хул ХКК-аас 611409 400,91 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж болох 1 642 599 төгрөгийг гаргуулж Монгол Улсын Хөгжлийн банканд олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 19300982 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Эрд хул ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Д-гийн өмчлөлийн Ү-2202014675 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 630 тоот хаягт байрлах 354 м.кв талбайтай хоёр давхар барилга, Ү-2202007731 дугаарт бүртгэлтэй 176 м.кв талбайтай хувийн орон сууцыг Г- 2202000506 дугаарт бүртгэлтэй газрын хамт 2019 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 19300982/124-01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 1933000982/124-05 дугаар тогтоолоор хураасан. Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцож үнэлгээ тогтоогоогүй тул шинжээч томилж Д.Д-гийн өмчлөлийн Ү-2202014675, Ү-2202007731, Г-202000506 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон газрыг 185 422 160 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон өмчлөгч Д.Д-д 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4-124/2275 дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч Эрд хул ХХК болон өмчлөгч Д.Д-д эд хөрөнгө хураах ажиллагааг мэдэгдэж тэмдэглэлд тусгасан тул нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Хөгжлийн банк ХХК 2017 онд Эрд хул ХХК-д зээл олгосон. Зээлээ төлөөгүй учраас 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Эрд хул ХХК-ийн хувьцааг н.Мөнхбаатар эзэмшдэг. Түүний эгч Д.Д- шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан оролцдог. Монгол улсын Хөгжлийн банк ХХК 2017 онд Эрд хул ХХК-ийн эрх ашиг зөрчигдөж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 онд эхэлж барьцаа хөрөнгийг хураагаад үнэлгээ тогтоосон. Эрд хул ХХК шүүхэд хоёр удаа хандаж үнэлгээг хүчингүй болгуулсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нотлох баримтаа өгөөгүйгээс хийсэн ажиллагаа нь хүчингүй болсон. Өмчлөгчийн эрхийг зөрчсөн үйлдэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн нь төлбөр авагчид маш их нөлөөлж байна. Иймд Д.Д-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө хураах тухай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19300982/124-06 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй, төлбөрт хураагдсан хөрөнгийн өмчлөгчид мэдэгдсэн тухай иргэний хэрэгт авагдсан нотлох баримт болох шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг нотлох баримтаар судалсан. Шүүгч хариуцагчийн амаар болон бичгээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэлгүй, хариуцагч нь өмчлөгчид мэдэгдээгүй талаар маргаагүй гэх үндэслэл шүүхийн шийдвэрт тусгасан нь хууль зөрчиж байна. Өмчлөгчид эд хөрөнгө хураах ажиллагаа явуулсан тухай мэдэгдсэн нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт заасныг илтэд үндэслэлгүй тайлбарласан байх бөгөөд 14 дүгээр зүйл нь төлбөр төлөгчид мэдэгдэл гардуулах, гуравдагч этгээдэд мэдэгдэх хуудас гардуулах зэрэг ажиллагааг зохицуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гэж заасан. Гэтэл шүүгч хөрөнгийн өмчлөгчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд мэтээр тайлбарласан нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хуулийн үндэслэл болон хуулийн ямар зүйл, заалт зөрчсөн эсэхийг тайлбарлаагүй, нотлох баримтаар нотлоогүй, шийдвэр гүйцэтгэгч хуульд заасны дагуу хураах ажиллагааг явуулж төлбөр төлөгч болон хөрөнгийн өмчлөгч нарт мэдэгдсэн, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байтал шүүх хуулийг үндэслэлгүй тайлбарлаж, хураах тогтоолыг хүчингүйд тооцсон нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Д- хариуцагч НШШГГ-т холбогдуулан Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19300982/124-06 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэж маргажээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 сарын 31-ний 182/ШШ2019/01025 дугаар захирамжаар Монгол улсын Хөгжлийн банкинд хариуцагч Эрд хул ХХК нь 611 409 400 төгрөгийг хэсэгчилсэн байдлаар төлж барагдуулах, тохирсон хугацаанд зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж шийдвэрлэсэн байх бөгөөд албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгүүдийн жагсаалтад нэхэмжлэгч Д.Д-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г гудамжны 630 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202014675 дугаарт бүртгэгдсэн 354 мкв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах Ү-2202007731 дугаар бүртгэгдсэн 176 мкв талбайтай сууц, мөн хаягт байрлах Г-2202000506 дугаарт бүртгэгдсэн 700 мкв хэмжээтэй газар тус тус тусгагдан бүртгэгдсэн байна./хх-ийн 10-17, 55-57/

Эрд хул ХХК нь дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул тус шүүхийн шүүгчийн 2019 оны 09 сарын 12-ны өдрийн 182/ШЗ2019/07186 дугаар албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 182/ГХ2019/00599 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн НШШГГ- 2019 оны 09 сарын 18-нд 19300982 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Эрд хул ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан тул нэхэмжлэгч Д.Д- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хамаарна гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт тус тус заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй болохыг шүүх анхаараагүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Д-гийн өмчлөлийн дээрх хөрөнгийг 2019 оны 11 сарын 13-ны өдөр битүүмжилсэн, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 124-03 дугаар тогтоолоор хураан авч, үнэлгээ тогтоох ажиллагаа явагдсан бөгөөд төлбөр төлөгч Эрд хул ХХК тус үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2020/01706 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1987 дугаар магадлалаар уг үнэлгээг хүчингүй болгосон байна. /хх-ийн 78-84/

Нэхэмжлэгч нь эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 19300982/124-01 дугаар тогтоолын тухайд маргаагүй, харин 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 124-06 дугаар эд хөрөнгө хураах тогтоолд маргаж байх боловч өмнө нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө хураан авах ажиллагаанд гомдол гаргаж байгаагүй, 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр үнийн санал хүргүүлж байсан зэргээс үзэхэд өөрийнх нь өмчлөлийн хөрөнгөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/06 дугаар тогтоолоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1987 дугаар магадлалаар үнэлгээг хүчингүй болгосон тул Д.Д-гийн хөрөнгийг хураах тухай 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 19300982/124-03 тоот хураах тогтоолыг хүчингүй болгожээ. /хх84/

Хариуцагч байгууллагын шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө хураах тухай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19300982/124-06 дугаар тогтоолоор 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 19300982/124-01 дугаар тогтоолоор битүүмжилсэн хөрөнгө болох Д.Д-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г гудамжны 630 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202014675 дугаарт бүртгэгдсэн 354 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах Ү-2202007731 дугаар бүртгэгдсэн 176 м.кв талбайтай сууц, мөн хаягт байрлах Г-2202000506 дугаарт бүртгэгдсэн 700 мкв хэмжээтэй газрыг хураасан тухай жагсаалт үйлдэж, хөндлөнгийн гэрч байлцуулан, уг хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг түрээслэгч Б.Мөнхзаяад хүлээлгэн өгч, төлбөр төлөгч Эрд хул ХХК-д мэдэгдсэн байна./хх7-8/

Нэхэмжлэгч нь эд хөрөнгө хураах тогтоол гарахаас өмнө өмчлөгчид хуульд заасан журмаар мэдэгдээгүй, уг ажиллагаанд оролцуулаагүй нь хууль зөрчсөн гэж тайлбарлаж байх боловч хураах ажиллагаа хийхээр очиход өмчлөгч Д.Д- байхгүй байсан тул түрээслэгч Б.Мөнхзаяад тогтоолын нэг хувийг гардуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тэмдэглэлд ... өмчлөгч Д.Д-тэй 91176578 дугаарын утсаар залгахад .... 5 дахь өдөр мэдсэн үнийн саналаа 7 хоногтоо багтааж өгье ... гэсэн талаар тусгагдсан байна. /хх-ийн 89/

Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч Д.Д- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно. гэснийг, 44.4 дэх хэсэгт заасан Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэснийг тус тус зөрчсөн байна.

Нөгөө талаар хураан авах ажиллагааны талаар түрээслэгч Б.Мөнхзаяад мэдэгдсэнийг өмчлөгч Д.Д- 5 дахь өдөр буюу 15-ны өдөр мэдсэн, тэрээр өмнө нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө хураан авах ажиллагаанд гомдол гаргаж байгаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3, 54.4 дэх хэсэгт ...эзэмшигчид гардуулна..., хураан авах ажиллагаанд эзэмшигчийг оролцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах гэж тус тус заасныг хариуцагч байгууллага зөрчөөгүй зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Д-гийн эд хөрөнгийг хураан авах ажиллагаанд тухайн өмчлөгч этгээдэд мэдэгдээгүй хууль зөрчсөн үзэх үндэслэлгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2021/01221 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч НШШГГ-т холбогдох, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19300982/124-06 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Н.БАТЗОРИГ