Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/346

 

 

Э.Ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Өлзийхүү,

өсвөр насны шүүгдэгч Э.И, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Хишигсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Э.Иий өмгөөлөгч Ч.Загдсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Ид холбогдох 2306 02525 3248 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Э-ын И, 20... оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ангид суралцдаг, ам бүл ... нарын хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Э.И нь 2023 оны 4 дүгээр сарын 22-ны орой Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 75д байрны 2 дугаар орцны үүднээс иргэн Э.Бын эзэмшлийн “Кюб” үйлдвэрийн унадаг дугуйг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 1.790.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Иий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Э-ын Иийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ид 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ид оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар хойшлуулж, хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргах болохыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өсвөр насны шүүгдэгч Э.Иий өмгөөлөгч Ч.Загдсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Э.Ид ял оногдуулахдаа өмгөөлөгчийн санал, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн саналыг харгалзан хамгийн бага хугацаагаар тэнсэж, хорих ялыг хойшлуулж, шүүгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн. Гэхдээ оногдуулсан хорих ялын төрлийг сонгон хойшлуулж байгаа нь өсвөр насны шүүгдэгчийн ирээдүйн намтар, хувийн мэдээлэлд 6 сарын хорих ял хойшлуулсан гэсэн мэдээлэл үлдэх нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас илүү сөрөг үр дагавартай гэж үзэж байгаа учраас Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийг тус тус үндэслэн гомдол гаргаж байна. Иймд өсвөр насны шүүгдэгч Э.Ид оногдуулсан 6 сарын хорих ялыг хойшлуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 120 цагаар оноож өгнө үү.” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Э.Иий хууль ёсны төлөөлөгч Д.Хишигсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ч.Загдсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Хүүхдээ хорих ялаар шийтгүүлж байсан гэсэн намтар үүсгэмээргүй байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ял хүндэдсэн гэж бодож байна. Хүү минь тухайн унадаг дугуйг бусдад худалдаж борлуулаагүй. Ийм санаа сэдэл ч байгаагүй. Харин тухайн унадаг дугуйг байрныхаа орцонд байлгаж байсан. Би тухайн асуудлыг мэдсэн даруйдаа хүүтэйгээ хамт очиж хохирогчид унадаг дугуйг нь хүргэж өгсөн.” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Э.И тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн гэмт хэрэгтээ үнэхээр их гэмшиж байгаа. Өмгөөлөгчийн минь гаргасан саналыг хүлээн авч хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Прокурор С.Өлзийхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдолтой 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч танилцсан. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн. Өсвөр насны шүүгдэгч Э.Иий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ял оногдуулсан. Уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.” гэж заасны дагуу хорих ялыг хойшлуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан өсвөр насны шүүгдэгч Э.Иий өмгөөлөгч Ч.Загдсүрэнгийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Өсвөр насны шүүгдэгч Э.И нь 2023 оны 4 дүгээр сарын 22-ны орой Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 75д байрны 2 дугаар орцны үүднээс иргэн Э.Бын эзэмшлийн “Кюб” үйлдвэрийн унадаг дугуйг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 1.790.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Э.Бын “...2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 20 цагийн үед өөрийнхөө эзэмшлийн Герман улсад үйлдвэрлэсэн “Кюб” брендийн хар саарал өнгийн дугуйгаа Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 75д байрны 2 дугаар орцны үүдэнд шатны хажуу хашлаганд холбоод цоожилж үлдээчхээд гэртээ орсон. Би 2023 оны 4 дүгээр сарын 23-ны шөнийн 04 цагийн үед тус байрны 2 дугаар орцны 210 тоот хаягтай гэрээсээ тамхи татах гээд орцныхоо үүдэнд гараад ирсэн чинь миний орой гэртээ орохдоо хашлаганд цоожлоод үлдээсэн унадаг дугуй алга болсон байсан. ...” /хх 13/,

өсвөр насны шүүгдэгч Э.Иий яллагдагчаар өгсөн “...75д байрны гадаа саарал өнгийн унадаг дугуй байсан ба тэр дугуйг очиж үзэж сонирхох үед түгжээ нь жижиг завсар гарсан байсан. ...Би түгжээг нь татаад үзтэл түгжээ нь сул байсан. ...унаж үзмээр санагдаад унаж үзсэн чинь тэр дугуй гоё санагдаад гэрлүүгээ авч явсан. ...” /хх 80/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 31-33/, нас тоолсон тэмдэглэл /хх 35/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн өсвөр насны шүүгдэгч Э.Иийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Өсвөр насны шүүгдэгч Э.Иий Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 75д байрны 2 дугаар орцны үүднээс иргэн Э.Бын эзэмшлийн “Кюб” үйлдвэрийн унадаг дугуйг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 1.790.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Өсвөр насны шүүгдэгч Э.Иий өмгөөлөгч Ч.Загдсүрэн “...хорих ялын төрлийг сонгон хойшлуулж байгаа нь өсвөр насны шүүгдэгчийн ирээдүйн намтар, хувийн мэдээлэлд 6 сарын хорих ял хойшлуулсан гэсэн мэдээлэл үлдэх нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас илүү сөрөг үр дагавартай гэж үзэж байгаа учраас нийтэд тустай ажил хийлгэх ялыг 120 цагаар оноож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Давж заалдах шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Э.Иий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнийг нийгэмшүүлэхэд нийтэд тустай ажил хийлгэх ял бодит үр нөлөөтэй гэж үзэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, өсвөр насны шүүгдэгч Э.Ид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, өсвөр насны шүүгдэгч Э.Иий өмгөөлөгч Ч.Загдсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Ид 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Ид оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг өсвөр насны шүүгдэгч Э.Ид мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ        

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ