| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Давааням |
| Хэргийн индекс | 116/2025/0025/З |
| Дугаар | 116/ШШ2025/0031 |
| Огноо | 2025-08-06 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 116/ШШ2025/0031
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням би, Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх ******* дүгнэлттэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* холбогдуулан гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0615350 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” зөрчлийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх ******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Хэрлэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр холбогдогч ******* шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.2-т заасны дагуу торгох шийтгэл оногдуулсугай”... гэснийг “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай”... гэж өөрчлөхийг эрх бүхий албан тушаалтанд даалгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Дорнод аймгийн Хэрлэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага буюу эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Алдаа дутагдал гаргасан үйлдэл гаргасан байна. Цаашид ийм алдааг дахин гаргахгүй байх боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар журмаар шийдвэрлэж өгнө үү. Маргах зүйлгүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх ******* нь ...******* нь нийтийн эдэлбэр газар, ногоон бүсэд малын гаралтай хог хаягдал их хэмжээгээр хаясан зөрчил үйлдсэн болох нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Дорнод аймгийн Хэрлэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* уг зөрчилд 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шийтгэл оногдуулахдаа ... зөрчилд холбогдогчийн гаргасан зөрчлийн шинж байдалд тохирох хүнд шийтгэлийг оногдуулахаар заасан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийг биш харин зориулалтын бус газар хог хаясан зөрчилд 30,000 төгрөгөөр торгох хөнгөн шийтгэл оногдуулахаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.2-т заасан ерөнхий зохицуулалтыг баримтлан 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, мөн шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад хэдэн төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байгааг мөнгөн дүнгээр тодорхой тусгалгүй, зөвхөн торгох зүйл бичээд шийтгэлийн хуудасны 2 дахь заалтад шийтгэлийн 50,000 төгрөгийг сайн дураар 15 хоногийн дотор төлөхийг даалгасан байх тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахыг даалгах дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад Дорнод аймгийн Хэрлэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлсэн нь ...бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг баримтлан, “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0615350 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах”-ыг хүссэн хяналтын прокурор ******* дүгнэлтийг, хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ В.ДАВААНЯМ