Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 3

 

Р.Нямдаваагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мягмарсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болортуяа, Д.Ундрахтамир, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг, хариуцагч нийслэлийн Өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Буйданбаатар нарыг оролцуулан, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 294 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 511 дүгээр магадлалтай, Р.Нямдаваагийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын газар чөлөөлөх хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Р.Нямдаваагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Р.Нямдаваа нь Хан-Уул дүүргийн тухайн үеийн 9 дүгээр хороо, одоогийн 16 дугаар хороонд 2009 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд амьдарч байна. Газар эзэмших хүсэлтээ тухайн үеийн хорооны Засаг дарга болон Хан-Уул дүүргийн Газрын албанд удаа дараа хандан хүсэлт гаргахад “...390 м.кв газраас илүү газар олгох боломжгүй бусад газар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газар” гэсэн хариу өгсний дагуу тус дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/309 дүгээр захирамжаар 390 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авсан юм.

Гэтэл “Кэй Си Би” ХХК нь манай хажууд 2012 оноос хойш барилга барьж, манай газар болон хөрш айлын газраар цэвэр, бохир усны шугам татах үндэслэлээр маргаан үүсгэн нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газарт биднийг хууль бусаар газар эзэмшсэн мэтээр мэдээлэл хүргүүлж, 2013 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулсан байсан. Бид энэ шийдвэрт хуулийн хугацаанд нь нийслэлийн Засаг даргад хандаж, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй Р.Нямдаваа өөрийн биеэр уулзахад Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарт “...энэ асуудлыг зохицуул” гэсэн хариу өгсөн.

Үүнээс хойш удаа дараа нийслэлийн Өмчийн харилцааны газрын албаны хүмүүс болон Ш.Төмөрбаатар даргатай уулзахад “болно” гэсэн хариу өгсөн. 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нийслэлийн Өмчийн харилцааны газрын Хан-Уул дүүрэг хариуцсан мэргэжилтэн Ц.Отгон-Бямба “...хүчингүй болгосон захирамжийг сэргээхээр шийдвэрлэсэн тул холбогдох материалаа ирүүлнэ үү” гэсэн хариу өгсөн. Бид холбогдох материалаа хүргүүлээд хүлээж байтал 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 30 минутын үед Н.Мягмарсүрэнгийн эхнэр 3 хүүхдийн хамт гэртээ байж байтал нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн Ц.Буйданбаатар, “Кэй Си Би” ХХК-ийн захирал болон ажилчид ямар нэгэн бичиг баримт үзүүлэлгүй хүч түрэн 3 тал хашааг буулган машинд ачин, 10 м гаруй нүх ухахад эхнэр маань “... газрын алба манай газрыг сэргээхээр шийдвэрлэсэн, та нар яагаад, ямар үндэслэлээр хашаа буулгаж байгаа юм” гэхэд ямар ч хариу өгөлгүйгээр хууль бусаар буулгасан.

Арга буюу эхнэр хүүхдүүд маань хүний эрхэнд халдаж буй үйлдлээ таслан зогсоохыг удаа дараа шаардсаны үндсэн дээр болиулсан байдаг. Миний аав Р.Нямдаваа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хэд хэдэн удаа нийслэлийн Өмчийн харилцааны газар очиж “...газар эзэмших эрхийг сэргээж шийдвэрлэсэн атал яагаад ийм үйлдэл хийх болов, одоо газрын гэрчилгээгээ яаралтай гаргуулмаар байна” гэхэд тус газрын мэргэжилтэн Ц.Буйданбаатар нь “...“Кей Си Би” ХХК дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд танай газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан байгаа, үүнийг шийдвэрлэсний дараа танай газрыг сэргээх асуудал яригдана” гэсэн хариу өгсөн.

Иймд энэхүү эс үйлдэхгүйг эс зөвшөөрч, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Кадастрын хэлтсээс манай газрыг сэргээх тухай хариу өгсөн тул иргэн Р.Нямдаваагийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 0-21 тоотод байрлах 390 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нийслэлийн Засаг даргын 2013 оны А/840 дүгээр захирамжийн Р.Нямдаваад холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Р.Нямдаваагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мягмарсүрэн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...Р.Нямдаваагийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 0-21 тоот 3 тал хашааг хууль бусаар буулгасныг тогтоож, анхны байдалд нь оруулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтэс, “Кей Си Би” ХХК-д даалгахыг нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай хамт шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Р.Нямдаваагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мягмарсүрэн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: …“Кей Си Би” ХХК нь өөрийн эзэмшлийн газартаа орон сууц барихдаа анх батлуулсан зургийн дагуу барихгүйгээр үл барам манайх болон зэргэлдээх 2 айлын газар нийт 3 айлын газрыг өөрийнх нь барилга барих, бохир цэвэр усны трасс, дулааны трасс татахад саад болсон гэх үндэслэлээр нийслэлийн Засаг даргад хандан 3 айлын газрын гэрчилгээг хүчингүй болгуулсан.

Эдгээр 3 айлын зүгээс газар эзэмших гэрчилгээгээ сэргээлгэхээр нийслэлийн Засаг даргад хандан хүсэлт гарган 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хотын Захирагч болон эрх бүхий этгээдүүдтэй уулзахад “Кей Си Би” ХХК-ийн барилгын зураг төсөл нь босоо хийгдсэн. Гэтэл барилгаа барихдаа зөвшөөрлийнхөө дагуу биш хөндлөн тавьсан. Тэгээд энэ айлуудын хашааны голоор дулааны шугам татна гэсэн маргаан гарсан гэж тайлбарласан байдаг. Засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын Барилга ашиглалтын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4-т “Нийтийн зориулалттай орон сууцны барилгын зориулалт, төлөвлөлт, хийц, бүтцийг өөрчлөх тохиолдолд барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрмийг дагаж мөрдөнө” гэж заасан байна.

Иймд “Кей Си Би” ХХК-д Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 884 м.кв газар олгосон Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 677 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Р.Нямдаваад Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/309 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 390 м.кв газрыг олгосон байна.

Иргэн Р.Нямдаваагийн эзэмшил газрын хойно Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 677 дугаар захирамжаар “Кей Си Би” ХХК-д Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 884 м.кв газрыг олгосон.

“Кей Си Би” ХХК-ийн эзэмшиж буй газар нь “Буянт-Ухаа” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газар бөгөөд тухайн газартаа зориулалтын дагуу орон сууцаа барьж байгаа ба тус компанийн барилгын цэвэр болон бохир усны шугам болон түүний хамгаалалтын бүсэд, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлж ашиглуулахаар төлөвлөгдөөгүй газарт иргэн Р.Нямдаваад газар эзэмшүүлсэн тул Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/840 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Тус маргаан бүхий газарт Хан-Уул дүүргийн Засаг дарга “Буянт Ухаа” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчин инженерийн шугам сүлжээ бүхий газар эрх мэдлээ хэтрүүлэн газар эзэмшүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тухайн маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар бөгөөд тус газарт дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгох эрхгүй юм. Манай газрын Газар чөлөөлөх хэлтэс хашаа буулгасан тухайд иргэн Р.Нямдаваагийн газар эзэмших эрхийг хүчингүй болсны дараа хийгдсэн үйл ажиллагаа учир хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Хууль бусаар хашаа буулгасныг тогтоолгох, хашааг анхны байдалд нь оруулахыг даалгах асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын асуудал биш юм.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 677 дугаар захирамжаар “Кей Си Би” ХХК-д орон сууцны барилгын зориулалтаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу “Магнай трейд” ХХК-ийн шатахуун түгээх станцын хойд талд байршуулан 0,0884 га газар олгож шийдвэрлэсэн байна.

Энэхүү захирамжийн дагуу 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан байх ба 2011 онд тухайн орчинд баригдаж буй “ОССК” ХХК-ийн орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөөний зурагтай уялдуулан ерөнхий төлөвлөгөөг өөрчилсөн байна. Иймд тухайн газарт “Кей Си Би” ХХК нь төлөвлөлтийн дагуу барилга байгууламж барьсан байх тул хүчингүй болгох боломжгүй гэжээ.

            Гуравдагч этгээд “Кэй Си Би” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал С.Чимбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус компани нь хууль ёсны дагуу 2011 оны 6 дугаар сараас эхлэн нийслэлийн бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулахаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, нисэхийн “Магнай трейд” ХХК-ийн шатахуун түгээх станцын хойно 60 айлын орон сууц барьж одоо ашиглалтад өгөхөд бэлэн болоод байна. Иргэн Р.Нямдаваа нь өөрийн хууль ёсны газраа зарж борлуулаад одоогийн 16 дугаар хорооны барилгын хажууд байрлаж байгаад манай барилгын зүүн урд “...танай нөмөрт чинь энэ жил өвөлжье” гэж гуйн 2011 оны 11 дүгээр сард буугаад дараа нь хашаа барьж Нийслэлийн Засаг даргын захирамжтай газарт 2012 оны 4 дүгээр сард 2 айлын хамтаар давхардуулан, хууль бусаар барилгын хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД30-01-04, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталж гаргасан хэсэгчилсэн төлөвлөгөөг зөрчин дүүргийн Засаг даргын захирамж гаргуулсан байсныг 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр тус газраас хүчингүй болгосон билээ.

Барилга угсралтын ажил дуусч 2013 оны 9 дүгээр сараас манай шугам сүлжээний ажил хийхэд саад учруулж ирсэн бөгөөд манай хүсэлт, “Үүрэг гүйцэтгэх тухай гэрээ”-ний дагуу нийслэлийн Газар чөлөөлөх хэлтсээс хашааг нь буулгаж журмын хашаанд хийж ажил явуулах нөхцөл олгож өгөх шаардлага тавьсан ч тэд үл биелүүлэн, Ус сувгын удирдах газартай зөвшилцсөн бохирын трасс зургийн дагуу гадна бохирын шугам холбох ажил, хороолол руу тавих зам гэх мэт ажлууд хийлгэлгүй цаг хугацаа алдуулж биднээс гадна гэрээт 2 байгууллага, байрандаа оръё гэсэн 15 айлыг хохироон 10 дугаар сарын 15-ны өдрийг хүргэсэн. Газар чөлөөлөх хэлтсээс бидэнд хашаанаас өөр хөрөнгө буулгах эрх байхгүй гэснээс үүдэн шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байсан ба Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд Р.Нямдаваагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг түдгэлзэж өнөөг хүрлээ.

Манай компани барилга эхлүүлэхээр 2011 онд “Голомт банк”-наас 900 сая төгрөгийн зээл авч ажлаа эхлүүлж, 2 жилийн дотор буюу 2013 онд ашиглалтад өгөхөөр төлөвлөж байсан ч Р.Нямдаваа гэх ашиг хонжоо хайсан иргэд, хууль дүрмээ зөрчин ажилладаг Хан-Уул дүүргийн Газрын албаны хүмүүсээс болж 2 жил барилгаа ашиглалтад өгч чадахгүй, 15 гэрээ хийсэн айлын багаар бодоход 50 хүний амьдралыг хохироон нийт 1 тэрбум 500 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 80 сая төгрөгийн зээлийн илүү төлөлттэй дампуурлын ирмэгт ирлээ. Иймд захиргааны хэргийн шүүх үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 294 дүгээр шийдвэрээр 1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулж захиргааны акт шинээр гаргатал нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн А/840 дүгээр захирамжийн иргэн Р.Нямдаваад холбогдох хэсгийг түдгэлзүүлж, нэхэмжлэгчийн хашааг шинээр гаргах захирамжаар олгогдсон газрын хэмжээгээр татаж өгөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтэст даалгаж, 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мягмарсүрэн “нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 677 дугаар захирамжийн “Кэй Си Би” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 511 дүгээр магадлалаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 294 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мягмарсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудыг эвлэрэх боломжтой байгаа, хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 249 тоот шийдвэр гарсны дараа нийслэлийн Засаг дарга болон Өмчийн харилцааны газраас шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт Ухаа 2 хорооллын баруун урд зүгт байрлах талд 700 м.кв талбай бүхий газарт Х=631531.6150, Ү=5300473.0760, Z=1289.6540, Х=631538.7516, Ү=5300456.3440, Z=1289.6540, Х=631510.7012, Ү=5300431.4657, Z=1289.6540, Х=631499.7432, Ү=5300445.6695, Z=1289.6540 координатын цэгийг тодорхойлж, нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр тохиролцсон.

Ийм ч учраас давж заалдах шатны шүүх хариуцагчийн нэхэмжлэгчтэй эвлэрэх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хэд хэдэн удаа хойшлуулсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх газарт “Классик лэнд” ХХК-иар 130,000 төгрөг төлж кадастрын зураг хийлгүүлсэн.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь тодорхой байхад нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хэргийг анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн нь иргэний эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчигдсөн эрхийг сэргээх, шүүхээр хамгаалуулах үндсэн зарчимд харшилсан үйлдэл гэж үзэхэд хүргэж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэн давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв дүгнээгүй гэж үзэхэд хүргэж байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга нь иргэн Р.Нямдаваад анх тус дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэр Тайнь 0-21 тоот хаягт газар эзэмшүүлэх тухай 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/309 тоот захирамж гаргахдаа тухайн газар нь өөр бусад газартай давхцаагүй, иргэнд гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлж болохоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар байсан болохыг шалган тогтоож, өөрийн эрх хэмжээний хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Газрын тухай хуулийн 21, 31, 33 дугаар зүйлийн 21.5.3, 31.1,3, 31.2, 33.1.1 дэх заалтуудыг баримталж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх Хан-Уул дүүргийн Засаг дарга нь дээрх хуулийн заалтуудыг анхаараагүй гэсэн дүгнэлт хийсэн нь бодит байдалд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч тал нь урьдчилан шийдвэрлэх журмаар нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/840 тоот захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт тавихад уг А/840 тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.Нямдаваагийн хууль ёсоор эзэмшиж байсан газрын эрхийг сэргээж шийдвэрлэсэн талаарх хариуг 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор өгсөн.

Маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/840 тоот захирамжийн захирамжлах хэсэгт “Хан-Уул дүүргийн 16   дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчин орон сууцны хороолол дунд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны А/223 дугаар захирамжаар иргэн Б.Хишигтогтох, Н.Бадамдорж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны А/309 дүгээр захирамжаар Р.Нямдаваа нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус тус газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн нь иргэддээ ялгамжтай хандсан шийдвэр болсон. 

Тухайлбал, уг газар, түүний ойр орчинд гэр хорооллын суурьшлийн бүс үүссэн бөгөөд зөвхөн манай гудамжинд л гэхэд 20 гаруй айл байдаг. Гэтэл зөвхөн “Кей Си Би” ХХК-ийн эрх ашигт үйлчилж, бохир, дулааны шугам явах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор   л захирамжид дурдсан 3 айлын газрын гэрчилгээг хүчингүй болгосон ба бохирын шугам явуулахгүй гэсэн нэхэмжлэгчийн 3 талт хашааг хүч түрэн буулгаж, өндөр настай хүний биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж төрийн эрх бүхий байгууллага хууль бус шийдвэр гаргасан байдаг.

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Буянт Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчин орон сууцны хороолол дунд газар олгосон гэж А/840 тоот захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргасан. Гэтэл анх Буянт Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө Хан-Уул дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт барилгажилтгүй хоосон газарт хийгдэж, одоогийн байдлаар бүрэн ашиглалтад орсон. Энэ нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан Хан-Уул дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэр дэх Тайнь 0-21 тоот газар нь бодит байдалд Буянт-Ухаа 1, 2 хороолол баригдсан газартай ямар нэг байдлаар давхцаагүй болохыг харуулж байна.

Мөн хариуцагч талаас тухайн маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан Засгийн газрын 2013 оны 118 дугаар тогтоолоор анх Буянт Ухаа орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ нь батлагдсан байдаг. Мөн Ус сувгийн удирдах газрын 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Хяналт шалгалтын талаар” 26 тоот албан бичгээр нэхэмжлэгч Р.Нямдаваагийн Хан-Уул дүүргийн 16 хорооны Тайнь 0-21 тоот эзэмшил газар дээр “Кей Си Би” ХХК-ийн бохир усны шугам татагдахаас өмнө инженерийн шугам сүлжээ байгаагүй болох нь тогтоогдсон.

Энэ нь анхан шатны шүүхээс явуулсан хэргийн газрын үзлэг, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын захирагчтай биечлэн уулзах хүсэлт гаргасан иргэдийг хүлээн авч уулзсан уулзалтын тэмдэглэл”, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хурлын тэмдэглэл” болон Буянт-Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг зэргээр давхар нотлогдож байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг дахин нэмэлт нотлох баримт цуглуулах ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Мөн давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар иргэн Р.Нямдаваад эзэмшүүлсэн газар нь Буянт Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд орон сууцны хороолол баригдахаар тусгагдсан газарт хамаарч байгаа гэж үзэхээр байна гэж дүгнэсэн хоорондоо уялдаа холбоогүй, өөрийн магадлалын үндэс болгосон дүгнэлтээ үгүйсгэсэн, хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 511 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.

Хянавал:

Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/840 дүгээр захирамжаар “Хан-уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Буянт ухаа” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчин орон сууцны хороолол дунд... Р.Нямдаваа нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлсэн” гэж дурдаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны А/309 дүгээр захирамжийн Р.Нямдаваад холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын дээрх захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээгүй 272 иргэнд эзэмшиж буй газрыг нь эзэмшүүлэх, эрхийн гэрчилгээ олгох асуудлыг шийдвэрлэсний дотор Р.Нямдаваагийн “гэр бүлийн хамтын хэрэгцээний” зориулалтаар 390 м.кв газар эзэмших эрхийг мөн баталгаажуулжээ.

Энэ хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан “Кей Си Би” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 677 дугаар захирамжийн дагуу эзэмшсэн газар дээрээ 2013 онд барьсан 60 айлын сууцны барилгынхаа дулаан, цэвэр болон бохир усны шугамыг нэхэмжлэгч Р.Нямдаваагийн /иргэн Б.Хишигтогтох, Р.Бадамдорж нарын газар хамрагдсан/ эзэмшлийн газраар дайруулж татах болсонтой холбоотойгоор маргаан гарч, улмаар “газар чөлөөлүүлэх” хүсэлтийг нийслэлийн Засаг даргад гаргасан нь дээрх байдлаар 2013 оны А/840 дүгээр захирамжийг гаргах үндэслэл болсон байна.

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

1. Нэхэмжлэгч Р.Нямдаваа нь “2 компани болон нэр бүхий 2 иргэний эзэмшиж буй газрын дунд үлдсэн” гэх газарт /маргаан бүхий газар/ 2011 онд гэр барьж, хашаа татаж суурьшсаныхаа дараа уг газраа эзэмшихээр 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүсэлт гаргаж, Хан-Уул дүүргийн Засаг даргаас “олон жил суурьшин амьдарсан иргэдийн газрыг баталгаажуулах хүрээнд” гаргасан дээрх 2012 оны А/309 дүгээр захирамжаар түүний газар эзэмших эрх нь баталгаажжээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 34 дүгээр зүйлийн 34.4-т “…газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн... газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан тул Р.Нямдаваа нь газар эзэмших эрхгүй байхдаа дур мэдэн хашаа барьж, тухайн газрыг хууль бусаар эзэмшилдээ байлгаж байсан нь буруу юм.

Гэвч нийслэлийн Засаг дарга нь иргэдэд “гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар” газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын дээрх захирамжийг Газрын тухай хуулийн 31.2, 33.4-т заасныг зөрчсөн гэж үзэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл... дүүргийн Засаг даргын захирамжийг... нийслэлийн Засаг дарга, тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэсний дагуу хүчингүй болгож шийдвэрлэхдээ маргаан бүхий газар нь “Буянт-Ухаа” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу “орон сууцны хороолол баригдах” газарт хамаарч байгаа эсэхийг нягталж үзээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь “маргаан бүхий газрыг” нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 286 дугаар тогтоолоор батлагдсан гэх “Буянт-Ухаа” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу “барилгажих газарт ороогүй” гэж маргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Буянт-Ухаа” хороолол орчимд “орон сууцны барилгын зориулалтаар” 90 га газрыг аж ахуйн нэгжүүдэд газар хуваарилсан гэж тайлбарласан боловч үүнд нь “Кей Си Би” ХХК хамаараагүй, харин нийслэлийн Засаг даргын 2010 оны 677 дугаар захирамжаар эзэмшил газартаа орон сууцны барилга барих зөвшөөрөл авсан байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...барилгын цэвэр болон бохир усны шугам, түүний хамгаалалтын бүсэд орсон газар” гэж тайлбарлажээ.

Гуравдагч этгээд “Кей Си Би” ХХК-д эзэмшүүлсэн нэгж талбарын 18632304383109 дугаартай газар нь урдаасаа хойш сунасан байдалтай, 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаварт барих барилгын зураг нь ийм байрлалтай байсан боловч тухайн орчинд баригдаж буй “ОССК” ХХК-ийн орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан барилгын урт хэсгийг баруунаас зүүн тийш байрлалд өөрчлөн барьсан, үүний улмаас уг барилгатай холбох цэвэр болон бохирын шугамыг нэхэмжлэгчийн эзэмшлийн газраар дайруулж татах болсон, уг ажлыг зохих техникийн нөхцөл аваагүй байхдаа гүйцэтгэсэн, батлагдсан зургийн дагуу шугамыг татаагүй зэрэг үйл явдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай 118 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Буянт-Ухаа” орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд шинээр хийгдсэн нисэхийн Ф300 мм-ийн цэвэр болон бохир усны шугаманд холбох техникийн нөхцөлийг “Кей Си Би” ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр олгожээ.

Газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “зам, шугам сүлжээний газарт цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгах татуурга, зам тээвэр, холбоо, мэдээллийн зориулалтаар хот, тосгон, бусад суурины гадна олгогдсон газар хамаарна” гэж заасан, 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасны дагуу нийслэлийн Засаг дарга нь “инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад” газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхтэй байна.

Иймээс нэхэмжлэгч Р.Нямдаваад эзэмшүүлсэн газар нь Засгийн газрын дээрх тогтоолын дагуу “инженерийн шугам, сүлжээнд” холбогдсон байдлыг “төлөвлөгдсөн” газарт хамааруулж, эрхийг нь шууд хөндсөн шийдвэр гаргасан нь хир зэрэг үндэслэлтэй байсныг нягтлах шаардлагатай.

3. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу газар эзэмших эрх нь мөн хүчингүй болсон иргэн Б.Хишигтогтох, Н.Бадамдорж, Р.Нямдаваа нартай нийслэлийн Өмчийн харилцааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр уулзаж, ярилцсан тэмдэглэлээс үзвэл, шугамыг Н.Бадамдоржийн хашааны баруун талаар татаж, түүний эзэмшлийн газраас 87.5 м.кв хэмжээтэй хэсэг газар авч, эдгээр 3 иргэний газар эзэмших эрхийг сэргээхээр болсон, мөн Р.Нямдаваагийн “газрын гэрчилгээ хүссэн” 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн өргөдлийг тус газар нь 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шийдвэрлэхдээ “хүчингүй болсон захирамжийг сэргээнэ” гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.

Эдгээрийг дүгнэвэл, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/840 дүгээр захирамж зорилгодоо нийцээгүй, уг захирамжийг гаргах болсон үндэслэл нь бодит нөхцөл байдалтай уялдаж буй нь тодорхойгүй, асуудлыг хариуцсан Газрын алба нь алдаатай захиргааны акт гаргаснаа хүлээн зөвшөөрч байх тул хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулсны дараа шинээр шийдвэрлэсэн захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин хэргийн нөхцөл байдлыг шалгаад, өмнөх захиргааны актыг өөрчлөх эсэхээс хамаарч нэхэмжлэгчийн “буулгагдсан хашааг анхны байдалд оруулахыг даалгах” шаардлага хангагдах байхад шүүх “нэхэмжлэгчийн хашааг шинээр гаргах захирамжаар олгогдсон хэмжээгээр татаж өгөхийг даалгаж” шийдвэрлэсэн нь буруу тул шийдвэрийн энэ хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх нь хэргийн нөхцөл байдлыг дахин шалгах шаардлагатай гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг үгүйсгэх баримтгүй байхад “...ерөнхий төлөвлөгөөнд орон сууцны хороолол баригдахаар тусгагдсан газарт хамаарч байна гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн мөртлөө “энэ талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай” гэж үүнийгээ үгүйсгэсэн, мөн тухайн хэсэг газарт орон сууцны хороолол баригдахаар төлөвлөлт хийгдсэн тохиолдолд нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 390 м.кв хэмжээтэй газар нь ямар “давхцалтай” болохыг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой биш болохыг анхаараагүй байна.

Иймд анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэдэг үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 511 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 294 дүгээр шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтаас “нэхэмжлэгчийн хашааг шинээр гаргах захирамжаар олгогдсон газрын хэмжээгээр татаж өгөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтэст даалгасугай” гэснийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

           ШҮҮГЧ                                                                         Ч.ТУНГАЛАГ