Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 221/MA2018/0048

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2018/0048

Улаанбаатар хот

 

 

 

 

Б.Аын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт  даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан  хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 109/ШШ2017/0048 дугаар шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.А-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг дарга, Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14ий өдрийн 109/ШШ2017/0048 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7, 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/2270 дугаар албан бичгээр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалгыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ... Нэхэмжлэгч Б.А-ыг аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон байдаг. Гэтэл аймгийн Засаг дарга Б.Б-ийн зүгээс Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр Б.А-ыг 2015 онд томилохдоо сонгон шалгаруулалт явуулаагүй, сул орон тоо гарсаар байтал сонгон шалгаруулалт зарлаагүй нь Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаартогтоолыгтус тус ноцтой зөрчсөн байдаг.

Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэг нь 2015 оны 04 дүгээр сард ашиглалтад орсон бөгөөд энэ үед тус цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоо шинээр гарсан гэж үзэх үндэслэлтэй юм. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын дагуу тухайн үед сонгон шалгаруулалт явуулаагүй бөгөөд нэхэмжлэгч нь 2014 онд хүүхдийн 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад орж, 63,2 оноо, мөн дахин өөрийн сонгон шалгаруулалтад орж 78.1 оноог тус тус авсан байдаг.

Аймгийн Засаг дарга Б.Б нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 7.5-д Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна гэж заасныг зөрчин Б.А-ыг Эрдэнэбулган сумын Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр сонгон шалгаруулалтгүйгээр томилсон. Аймгийн Засаг дарга нь 2014 оны 08 дугаар сарын 2/1138 дугаар албан бичгээр сонгон шалгаруулалт захиалгыг Боловсрол, соёл урлагийн газарт хүргүүлсэн байдаг боловч уг албан бичигт маргаан бүхий цэцэрлэг дээр сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлээгүй байдаг. Дээрх байдлаас үзвэл шинээр ажлын байр гарсаар байтал сонгон шалгаруулалт явуулалгүйгээр нэхэмжлэгчийг маргаан бүхий ажлын байран дээр томилсон болох нь тогтоогдож байна.

Аймгийн Засаг дарга нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй. Үүний дагуу сонгон шалгаруулалт явуулалгүйгээр томилогдсон хүүхдийн цэцэрлэг, сургуулиуд дээр сонгон шалгаруулалтыг зарласан.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэн аймгийн Засаг даргын Эрдэнэбулган сумын Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэт нэг талыг барьж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийлгүйгээр, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Нэхэмжлэгч Б.А нь “Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Архангай аймгийн хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхад уг албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан тус аймгийн Засаг даргын үйл ажиллагааг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.А-ыг 2014 онд цэцэрлэгийн эрхлэгчийн буюу удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад орж хангалттай дүгнэгдэн, аймгийн Боловсролын газрын даргын  2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 326 дугаар албан бичиг, Авилгатай тэмцэх газрын 2014 оны 03/10962 дугаар албан бичгээр ирүүлсэн саналуудыг үндэслэн аймгийн Засаг дарга 9-р цэцэрлэгийн эрхлэгчээр түүнийг томилсон нь хууль зөрчөөгүй талаар, мөн томилсноосоо хойш Б.А-ыг 2 жил 9 сарын дараа “сул орон тоо” гараагүй байхад сонгон шалгаруулалт явуулах захиалга өгсөн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “нэхэмжлэгчийн ажиллаж байсан 9 дүгээр цэцэрлэг шинээр байгуулагдсан учраас Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 7.5-д заасны дагуу сонгон шалгаруулалт явагдах ёстой. Өөр цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад орсныг тооцохгүй ... анхнаасаа энэ албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаагүй Б.А-ыг томилсон байсан учраас сул орон тоо гэж үзэн сонгон шалгаруулалт явуулах захиалга өгсөн байхад шүүх хэт нэг талыг барьж, хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийлгүйгээр, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан” гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь аймгийн Боловсролын газрын 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 326 дугаар албан бичгээр “Б.А-ыг 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилж өгнө үү. ... мэргэжлийн шалгалтад орж тэнцсэн ...” гэснийг үндэслэн нэхэмжлэгч Б.А-ыг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар захирамжаараа Эрдэнэбулган сумын хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон, одоог хүртэл уг захирамжийг хүчингүй болгосон эрх зүйн акт гаргаагүй, ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй атлаа “сонгон шалгаруулалт явуулахаар захиалга өгсөн үйлдэл” нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгчийн нээлттэй сонгон шалгаруулалтад тус тус орж тэнцсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал нь бусад цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын чиг үүргээс ялгаагүй байхад заавал тусад нь сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй юм.

Хэрэв шаардлагатай гэж үзсэн бол Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2.1-д “сул орон тоо гарснаас хойш 14 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулах”-аар заасны дагуу 9 дүгээр цэцэрлэгийг шинээр байгуулагдсанаас хойш 14 хоногийн дотор сонгон шалгаруулалт зарлах ёстой байжээ.

Гэтэл тухайн үед зарлаагүй атлаа тухайн сул орон тоонд Б.А-ыг шаардлага хангасан гэж үзэн томилж 2 жил 9 сар ажиллуулсныхаа дараа “сул орон тоо” гэж үзсэн нь Төрийн албаны тухай хууль, дээрх сонгон шалгаруулалтын журам болон бодит байдалд нийцэхгүй.

Эдгээр нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн, хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь үндэслэлтэй дүгнэж, Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмын заалтыг зөв хэрэглэсэн байх бөгөөд Засаг даргын сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлсэн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.А-ын хөдөлмөрлөх эрх зөрчигдөж болзошгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-гийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 109/ШШ2017/0048 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                              Ц.ЦОГТ  

ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН    

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ