| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00521/И |
| Дугаар | 305/ШШ2025/00345 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 305/ШШ2025/00345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух, Х овгийн Н-ын Г-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух, Ч-ийн И-д холбогдох,
Говь-Алтай аймгийн *** сумын 3-р баг, “*** ”-ыг *** -ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Г (цахимаар), нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан (цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц , хариуцагчийн өмгөөлөгч М.Энхзаяа, гэрч Г.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн *** сумын 3-р баг, “*** ”-ыг *** -ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Н овогтой Г миний бие ам бүл 6, нөхөр, хүүхдүүд, зээгийн хамт Говь-Алтай аймгийн *** сум 3-р багт мал маллаж амьдарч байгаа. Манайх 2021 онд Л.Б гэдэг залуугаас Говь-Алтай аймгийн *** сумын 3-р багт байх “хүрэн толгойн цэгийн бууц”-ыг худалдаж авч байсан юм. Ингээд бичиг баримтаа шилжүүлж авах гэхэд маргаан гараад Л.Б шүүхэд хандаж байсан юм. Манайх Л.Б-аас уг өвөлжөө, хаваржааны бууцыг хууль журмын дагуу авсан боловч *** лдорж гэдэг айл эзэмшээд өгөхгүй байгаа юм. Иймд Говь-Алтай аймгийн *** сум 3-р баг “*** ”-ыг *** -ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэв.
3. Хариуцагч тал хариу тайлбартаа: 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/22 тоот Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын захирамжаар Говь-Алтай аймгийн *** сумын 3-р багийн нутаг дэвсгэрт орших “Хүрэн толгой” хойд бууцад байрлах нэгж талбарын *** дугаар бүхий 2000 мкв газрыг Өвөлжөө, хаваржааны зориулалтаар 51 жилийн хугацаатай эзэмшүүлж, иргэний газар эзэмших *** дугаартай эрхийн гэрчилгээ авч улмаар 2013 оны хавраас одоог хүртэл тасралтгүй өвөлжиж хаваржиж ирсэн. Ингээд 2015 оны 3 дугаар сард гарсан А/22 дугаартай эрх бүхий дарга нарын гаргасан захирамжийн дагуу өвөлжөө хаваржаагаа хуулийн дагуу эзэмшиж, газрын төлбөрөө жил бүр төлж, өөрийн хөрөнгөөр чулуун хашаа 2, малын хашаа, байшин зэрэг эд хөрөнгийг бий болгож хэрэглэж эзэмшиж ирсэн. Одоо ч гэсэн энэ өвөлжөө хаваржааны газрын ямар нэгэн давхцалгүй 2 өөр газар зүйн байрлалд байдаг төдийгүй Хүрэн толгой хойд, дээд, доод гэсэн нэршил томьёололтой юм. Энэ Хүрэн толгой хойд бууц хэсэг нь манайх давхцалгүй гэдэг нь газрын албаны албан бичгээр тодорхойлогдож байгаа болно. Иймд Н.Г-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
5. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2 өвөлжөөний хашаа 10,000,000 төгрөг, малын хашаа байшин 7,000,000 төгрөг бүхий өвөлжөө хаваржааны нийт эд хөрөнгийн үнэ 17,000,000 төгрөгийг гаргуулах тухай.
6. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие *** 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/22 тоот Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын захирамжаар Говь-Алтай аймгийн *** сумын 3-р багийн нутаг дэвсгэрт орших “Хүрэн толгой” хойд бууцад байрлах нэгж талбарын *** дугаар бүхий 2000 мкв газрыг Өвөлжөө, хаваржааны зориулалтаар 51 жилийн хугацаатай эзэмшүүлж, иргэний газар эзэмших *** дугаартай эрхийн гэрчилгээ авч улмаар 2015 оны хавраас одоог хүртэл 19 жил гаруй өвөлжөө, хаваржааг эрх бүхий дарга нарын гаргасан захирамжийн дагуу газрын төлбөрөө жил бүр хуулийн дагуу төлж эзэмшиж өөрийн хөрөнгөөр чулуун хашаа 2, малын хашаа, байшин зэрэг эд хөрөнгийг бий болгож хэрэглэж ашиглаж ирсэн. Гэтэл Н.Г нь “Хүрэн толгойн” бууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй холбогдуулан дараах эд хөрөнгийн үнийг сөрөг нэхэмжлэл гаргаж Н.Г-аас нэхэмжилж байна. 2 өвөлжөөний хашаа 10,000,000 төгрөг, малын хашаа байшин 7,000,000 төгрөг бүхий өвөлжөө хаваржааны нийт эд хөрөнгийн үнэ 17,000,000 төгрөгийг Н.Г-аас хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэв.
7. Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар: Хариуцагч *** -ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/22 тоот Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын захирамж нь хууль бус гэж Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн шүүхээс тогтоогдсон байгаа. Энэ талаар *** лдорж нь сайн мэдэж байгаа. Мөн тухайн өвөлжөө нь чулуун хашаа, урд талдаа хуучны барьсан байшин байсан гэдгийг нэхэмжлэгч Н.Г-ыг худалдаж авахаас өмнө анх өвөлжөөг эзэмшиж байсан хүмүүс хэлдэг. Иймд *** -ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
8. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Н-ын Г-ын *** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 08246-2015/00437 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ,
-Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 112/ШШ2022/0028 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2023/0008 дугаартай магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/113 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжийн хуулбар,
-Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг.
9. Хариуцагч талаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Гэрэл зураг,
-Х овгийн Ч-ийн И-д гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000634372 дугаартай гэрчилгээний хуулбар,
-Ч-ийн И-ийн *** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар,
-Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/22 дугаартай “Өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хуулбар,
-Ч-ийн И-ийн 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023, 2024 онуудад татвар төлсөн талаарх тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн *** сумын 3-р багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 20 дугаартай тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1/322 дугаартай тодорхойлолт, гэрэл зураг,
-Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт,
-Иргэн Ч овогтой И-ийн эзэмшиж ашиглаж байгаа газрын байршлын кадастрын зураг.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15/520 дугаартай албан бичиг,
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
-Ашид билгүүн ХХК-ийн албан бичиг,
-Монгол Улсын хөрөнгийн Үнэлгээчин Рэнцэндоржийн Цанжидмаагийн албан бичиг,
-Гэрч Г.Н-гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Н.Г нь Ч.И-д холбогдуулан Говь-Алтай аймгийн *** сумын 3-р баг, “*** ”-ыг *** -ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь “...2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/22 тоот Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын захирамжаар Говь-Алтай аймгийн *** сумын 3-р багийн нутаг дэвсгэрт орших “Хүрэн толгой” хойд бууцад байрлах нэгж талбарын *** дугаар бүхий 2000 мкв газрыг Өвөлжөө, хаваржааны зориулалтаар 51 жилийн хугацаатай эзэмшүүлж, иргэний газар эзэмших *** дугаартай эрхийн гэрчилгээ авч улмаар 2013 оны хавраас одоог хүртэл тасралтгүй өвөлжиж хаваржиж ирсэн. Газрын төлбөрөө жил бүр төлж, өөрийн хөрөнгөөр чулуун хашаа 2, малын хашаа, байшин зэрэг эд хөрөнгийг бий болгож хэрэглэж эзэмшиж ирсэн. Одоо ч гэсэн энэ өвөлжөө хаваржааны газрын ямар нэгэн давхцалгүй 2 өөр газар зүйн байрлалд байдаг төдийгүй Хүрэн толгой хойд, дээд, доод гэсэн нэршил томьёололтой юм. Иймд Н.Г-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж тайлбарлаж, татгалзжээ.
4. Говь-Алтай аймгийн *** сумын 3-р багийн иргэн Л.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан нь *** сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/22 дугаар захирамжийн хавсралтын 23 дугаарт байгаа Ч овогтой И-д “Хүрэн толгойн” өвөлжөөг давхардуулан эзэмшүүлсэн байгаа тул энэ хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 112/ШШ2022/0028 дугаартай шийдвэрээр “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Батнасангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/22 дугаар захирамжийн хавсралтын 23 дугаарт байгаа Ч овогтой И-д холбогдох “Хүрэн толгойн” өвөлжөөг давхардуулан эзэмшүүлсэн байгааг хууль бус болохыг тогтоож, холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2023/0008 дугаартай магадлалаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 112/ШШ2022/0028 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь дээрх шийдвэр, магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй юм.
5. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Г нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж тус тус тодорхойлжээ.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заажээ.
6. Нэхэмжлэгч Н.Г нь Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын захирамжаар иргэн Л-ийн Б-ийн *** нэгж талбарын эрхийн гэрчилгээтэй өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байгаа газрын эзэмших эрх шилжүүлж авсан болох нь
Н-ын Г сумын Засаг даргын захирамж 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/113 тоот шийдвэрийг үндэслэн Говь-Алтай аймгийн *** сумын 3-р баг, *** баг, *** 0 хаягт байрлах, нэгж талбарын 8202001244 дугаар бүхий 2000 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 3 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-*** дугаарт бүртгэж олгосон *** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 08246-2015/00437 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасны дагуу Н.Г-ыг Говь-Алтай аймгийн *** сумын 3-р баг, “*** ” 0 хаягт байрлах, нэгж талбарын *** дугаар бүхий 2000 мкв өвөлжөө, хаваржааны зориулалттай Э-*** эрхийн улсын бүртгэлийн дугаартай өвөлжөө, хаваржааны газрын хууль ёсны эзэмшигч мөн болох нь тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь “...2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/22 тоот Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын захирамжаар Говь-Алтай аймгийн *** сумын 3-р багийн нутаг дэвсгэрт орших “Хүрэн толгой” хойд бууцад байрлах нэгж талбарын *** дугаар бүхий 2000 мкв газрыг Өвөлжөө, хаваржааны зориулалтаар 51 жилийн хугацаатай эзэмшүүлсэн...” гэх тайлбарыг шүүхэд гаргаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 112/ШШ2022/0028 дугаартай шийдвэрээр “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/22 дугаар захирамжийн хавсралтын 23 дугаарт байгаа Ч овогтой И-д холбогдох “Хүрэн толгойн” өвөлжөөг давхардуулан эзэмшүүлсэн байгааг хууль бус болохыг тогтоож, холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.
Иймд *** лдоржид Говь-Алтай аймгийн *** сумын 3-р баг, “*** ” 0 хаягт байрлах, нэгж талбарын *** дугаар бүхий 2000 мкв өвөлжөө, хаваржааны зориулалттай Э-*** эрхийн улсын бүртгэлийн дугаартай өвөлжөө, хаваржааны газрыг эзэмших эрх үүсээгүй байна.
Мөн хариуцагч нь уг маргаан бүхий өвөлжөө, хаваржааны газрыг чөлөөлж өгөөгүй, хариуцагч Ч.И нь тухайн маргаан бүхий өвөлжөө, хаваржааны газарт одоог хүртэл нутаглаж эзэмшиж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Н.Г нь өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржааг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэн, Говь-Алтай аймгийн *** сумын 3-р баг, “*** ” 0 хаягт байрлах, нэгж талбарын *** дугаар бүхий 2000 мкв өвөлжөө, хаваржааны зориулалттай Э-*** эрхийн улсын бүртгэлийн дугаартай өвөлжөө, хаваржааг хариуцагч Ч-ийн И-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
7. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч *** лдорж нь нэхэмжлэгч Н.Г-д холбогдуулан 2 өвөлжөөний хашаа 10,000,000 төгрөг, малын хашаа байшин 7,000,000 төгрөг бүхий өвөлжөө хаваржааны нийт эд хөрөнгийн үнэ 17,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д “Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч *** лдорж нь засан сайжруулахад гарсан зардлаа шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц “...*** лдорж 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/22 тоот Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын захирамжаар Говь-Алтай аймгийн *** сумын 3-р багийн нутаг дэвсгэрт орших “Хүрэн толгой” хойд бууцад байрлах нэгж талбарын *** дугаар бүхий 2000 мкв газрыг Өвөлжөө, хаваржааны зориулалтаар 51 жилийн хугацаатай эзэмшүүлж, иргэний газар эзэмших *** дугаартай эрхийн гэрчилгээ авч улмаар 2015 оны хавраас одоог хүртэл 19 жил гаруй өвөлжөө, хаваржааг эрх бүхий дарга нарын гаргасан захирамжийн дагуу газрын төлбөрөө жил бүр хуулийн дагуу төлж эзэмшиж өөрийн хөрөнгөөр чулуун хашаа 2, малын хашаа, байшин зэрэг эд хөрөнгийг бий болгож хэрэглэж ашиглаж ирсэн. 2 өвөлжөөний хашаа 10,000,000 төгрөг, малын хашаа байшин 7,000,000 төгрөг бүхий өвөлжөө хаваржааны нийт эд хөрөнгийн үнэ 17,000,000 төгрөгийг Н.Г-аас хуулийн дагуу гаргуулж өгнө үү” гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.
Нэхэмжлэгч Н.Г “...сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/22 тоот Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын захирамж нь хууль бус гэж Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн шүүхээс тогтоогдсон байгаа. Энэ талаар Ч.И нь сайн мэдэж байгаа. Мөн тухайн өвөлжөө нь чулуун хашаа, урд талдаа хуучны барьсан байшин байсан гэдгийг нэхэмжлэгч Н.Г-ыг худалдаж авахаас өмнө анх өвөлжөөг эзэмшиж байсан хүмүүс хэлдэг. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлаж татгалзжээ.
Мөн гэрч Г.Н “...Манайх 1989 оноос хойш энэ өвөлжөө дээр байсан. 2014 онд *** -ийн д өгсөн. *** -ийн х авсан цагаасаа хойш байшин сав бариад янзлаад сайхан авч явж байгаа, ...2014 онд тухайн өвөлжөөг айлд зарахад байшин, чулуу хашаа байсан. Наад хүмүүс чинь зөөж явсаар байгаад бүгдийг нь сүйрүүлсэн. Нурсан байсан. Эд нар янзалж авсан” гэж мэдүүлжээ.
Ашид билгүүн ХХК нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03/304 дугаар албан бичгээр “...уг захирамжид дурдсан чулуун хашаанд бодит үзлэг хийх боломжгүй учир...” хөрөнгийн үнэлгээг тогтоохоос татгалзжээ.
Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин Рэнцэндоржийн Цанжидмаа 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 25/07 дугаартай албан бичгээр “...Говь-Алтай аймгийн *** сумын 3-р баг Хүрэн толгойн цэгийн бууц-т байршилтай хоёр ширхэг чулуун хашаанд холбогдох бичиг баримт, нотлох баримтаар хангагдаагүй тул дүгнэлт гаргах боломжгүй байна” гэжээ.
Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц “...өөрийн хөрөнгөөр чулуун хашаа 2, малын хашаа, байшин зэрэг эд хөрөнгийг бий болгож хэрэглэж ашиглаж ирсэн. 2 өвөлжөөний хашаа 10,000,000 төгрөг, малын хашаа байшин 7,000,000 төгрөг бүхий өвөлжөө хаваржааны нийт эд хөрөнгийн үнэ 17,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж, гэрч Г.Н “...*** -ийн х авсан цагаасаа хойш байшин сав бариад янзлаад сайхан авч явж байгаа” гэж мэдүүлж байгаа боловч уг тайлбар болон гэрчийн мэдүүлэг нь давхар бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Н.Г-д холбогдох 2 өвөлжөөний хашаа 10,000,000 төгрөг, малын хашаа байшин 7,000,000 төгрөг бүхий өвөлжөө хаваржааны нийт эд хөрөнгийн үнэ 17,000,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч *** -ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
8. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д “Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч Ч.И нь тухайн маргаан бүхий өвөлжөө, хаваржааны газрыг засан сайжруулахад гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн эрх бүхий этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын шаардлага ба татгалзлын үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа байдал буюу талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5-д заасан зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлж байгаа байдалд хууль зүйн үнэлэлт өгөх замаар хэргийг хянан шийдвэрлэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Ч.И-оос сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.И-оос 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Г-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн *** сумын 3-р баг, “*** ” 0 хаягт байрлах, нэгж талбарын *** дугаар бүхий 2000 мкв өвөлжөө, хаваржааны зориулалттай Э-*** эрхийн улсын бүртгэлийн дугаартай өвөлжөө, хаваржааг эзэмших эрхэд саад учруулж байгаа үйлдлийг зогсоож, газрыг чөлөөлөхийг хариуцагч Х овгийн Ч-ийн И-д даалгасугай.
2. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х овгийн Н-ын Г-д холбогдуулан гаргасан 2 өвөлжөөний хашаа 10,000,000 төгрөг, малын хашаа байшин 7,000,000 төгрөг бүхий өвөлжөө хаваржааны нийт эд хөрөнгийн үнэ 17,000,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Х овгийн Ч-ийн И-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч *** лдоржоос сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.И-оос 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Г-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ