Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 303/ШШ2025/00347

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  **********

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З*************************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******************нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

*********нь 1965 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн. Одоо 60 нас хүрсэн ба өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон. Ажилласан байдал зарим онуудад нотлох баримт дутуу, архиваас гарахгүй байгаа тул ажилласан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргаж байна.*************** нь Дундговь аймгийн Цагаан овоо үйлдвэрийн хотхонд төрсөн. Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 6 дугаар анги хүртэл сураад 1980 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн үеийн нэгдэлчдийн амралтад шавар бэлтгэгчээр ажиллаж эхэлсэн. 1983 оны 06 сарын 25-ны өдөр хүртэл хугацаат цэргийн албанд татагдан яваад өвчний улмаас 1985 оны 11 дүгээр сард халагдан ирж 11 сарын 15-ны өдрөөс Шаргалжуут рашаан сувилалд ногоочноор ажилд орж 1995 оны 01 сарын 23-ны өдрийг хүртэл тасралтгүй тухайн сувилалдаа ажилласан. Үүнээс хойш 1995 оны 01 сараас 1998 оны 03 сарыг хүртэл бага Шаргалжуутад ажиллаад, 1998 оноос хойш Шаргалжуут рашаан сувилалдаа үргэлжлүүлэн ажиллаад хувьчлалд орох хүртэл тасралтгүй ажилласан. ***************** нь 1980 оноос 1994 онд ажилласан байдалтай холбоотой хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичсэн гэх үндэслэлээр шүүхээр ажилласан жил тогтоолго гэсэн ба архиваас ажилласан байдалтай холбоотой баримтууд шүүлгэхэд 1985-1993 оныг хүртэлх жилүүдэд ажилд томилсон ээлжийн амралт олгосон, шагналд тодорхойлсон, цалинг

шинэчлэн тогтоосон гэх мэт тушаалууд гарсан ба энэ нь миний биеийг Шаргалжуут рашаан сувилалд ажиллаж байсан болохыг нотолж байна. Мөн Хөдөлмөрийн дэвтэрт 1980 оноос ажилд орсон, шилжүүлсэн тушаалын бичилт байгаа. Иймд архиваас гарсан ажилд орсон тушаал болон цалингийн цэс, шагнал урамшуулал олгож байсан тухай тушаалууд гарсан ба хөдөлмөрийн дэвтэрт хийгдсэн ажилд орсон болон гарсан, шилжин ажилласан тухай бичилт зэргийг үндэслэн **************1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Нэгдэлчдийн амралтад шаварчнаар, 1985 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл Шаргалжуут рашаан сувилалд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 417 дугаар лавлагаа, Шаргалжуут рашаан сувиллын даргын 1985 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 131 дүгээр тушаал, түүний хавсралт, Шаргалжуут рашаан сувиллын даргын 1986 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 24 дүгээр тушаал,  түүний хавсралт, Шаргалжуут рашаан сувиллын даргын 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 155 дугаар тушаал, Шаргалжуут рашаан сувиллын даргын 1989 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 122 дугаар тушаал, түүний хавсралт, Шаргалжуут рашаан сувиллын даргын 1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дүгээр тушаал, түүний хавсралт, Шаргалжуут рашаан сувиллын даргын 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тушаал, түүний хавсралт, Шаргалжуут рашаан сувиллын даргын 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 50 дугаар тушаал, түүний хавсралт, Шаргалжуут рашаан сувиллын даргын 1993 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тушаал, түүний хавсралт, Шаргалжуут рашаан сувиллын даргын 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр тушаал,  түүний хавсралт, хөдөлмөрийн 109199 дугаартай дэвтрийн хуулбар, 1981 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Баярын бичиг, 1987 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Диплом, 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Баярын бичиг, 1989 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Баярын бичиг, 1990 оны 12 дугар сарын 15-ны өдрийн Баярын бичиг, Батлан хамгаалахын  төв архивын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хугацаат цэргийн албан хаасан лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс гэрч *****************нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч ******************1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Шаргалжуут рашаан сувилалд шавар бэлтгэгчээр, мөн 1985 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Шаргалжуут рашаан сувилалд ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч **************** нь 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Шаргалжуут рашаан сувилалд шавар бэлтгэгчээр, мөн 1985 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Шаргалжуут рашаан сувилалд ногоочноор ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтуудыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 417 дугаар лавлагаа, ажилд авах тухай Шаргалжуут рашаан сувиллын даргын 1985 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 131 дүгээр тушаал, түүний хавсралт, амралтын хуваарь батлах тухай Шаргалжуут рашаан сувиллын даргын 1986 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 24 дүгээр тушаал,  түүний хавсралт, шагнах тухай Шаргалжуут рашаан сувиллын даргын 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 155 дугаар тушаал, ажилчин, албан хаагчдын сарын цалингийн хэмжээг тогтоох тухай Шаргалжуут рашаан сувиллын даргын 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр тушаал, түүний хавсралт, шагнаж урамшуулах тухай Шаргалжуут рашаан сувиллын даргын 1989 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 122 дугаар тушаал, түүний хавсралт, шагналын мөнгө олгох тухай Шаргалжуут рашаан сувиллын даргын 1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дүгээр тушаал, түүний хавсралт, ээлжийн амралтын хуваарь батлах тухай Шаргалжуут рашаан сувиллын даргын 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тушаал, түүний хавсралт, амралтын хуваарь батлах тухай Шаргалжуут рашаан сувиллын даргын 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 50 дугаар тушаал, түүний хавсралт, цалин тогтоох тухай Шаргалжуут рашаан сувиллын даргын 1993 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тушаал, түүний хавсралт, ажилд орсон болон ажлаас чөлөөлсөн байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 109199 дугаартай дэвтрийн хуулбар, ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрөө үнэлүүлэн шагнагдаж байсан 1981 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Баярын бичиг, 1987 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Диплом, 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Баярын бичиг, 1989 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Баярын бичиг, 1990 оны 12 дугар сарын 15-ны өдрийн Баярын бичиг, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ********************** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч *****************хөдөлмөрийн 109199 дугаартай дэвтрийг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний нээсэн, хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр, төрсөн он, зэрэг нь зөрүүгүй байх тул тус хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэв.

5. Иймд хүсэлт гаргагч ***************1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Шаргалжуут рашаан сувилалд шавар бэлтгэгчээр, мөн 1985 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Шаргалжуут рашаан сувилалд ногоочноор тус тус ажиллаж ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ************н 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Шаргалжуут рашаан сувилалд шавар бэлтгэгчээр, мөн 1985 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Шаргалжуут рашаан сувилалд ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч **************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Г.БАТЗАЯА