Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 305/ШШ2025/00330

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн 0 тоотод оршин суух, Б овгийн М-ын Э-ийн  нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бугат сумын Бугат хэрэглээний хоршоонд Сүж бригадад агентаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 1991 оноос 1994 оныг дуустал Говь-Алтай аймгийн Бугат сумын Буга хэрэглээ хоршоонд Сүж бригадын агентаар ажиллаж байсан хугацааны ямар ч баримтууд байхгүй олдохгүй байгаа. Ажилд орсон тушаалаас өөр юм олдоогүй. Би давхар Бугат сумын социолизмын зам нэгдэлд 1989 оны 08 дугаар сараас эхлээд нэгдлийн гишүүнээр хоньчноор ажиллаж байсан. 1991 оны ажиллаж байсан жил бүтнээрээ, 1992 оны 1-3 дугаар сар байхгүй. 11 дүгээр сар, 12 дугаар сарын материал олдохгүй байгаа. Агентад ажиллаж байсан жил тогтоогдохгүй байгаа учир малчнаар ажиллаж байсан жилээ тогтоолгоё гэж бодож байна. 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

3.  Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 61 дугаартай албан бичиг,

-М-ын Э-ийн төрсний бүртгэлийн лавлагаа,

-Үндэсний архивын сан хөмрөгийн 2000 оны хүн ам тооллогын архивын лавлагаа,

-Говь-Алтай аймгийн Засаг дагын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 427 дугаартай архивын лавлагаа, 1991 оны цалингийн тооцооны хүснэгтийн хамт,

-Говь-Алтай аймгийн Бугат сумын Буга хэрэглээний хоршооны даргын 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал,

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 260 дугаартай архивын лавлагаа,

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 273 дугаартай архивын лавлагаа, 1992 оны цалингийн тооцооны хүснэгтийн хамт.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч М.Э  нь 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бугат сумын Бугат хэрэглээний хоршоонд Сүж бригадад агентаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах... эрхтэй” бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь агентад ажиллаж байсан хугацааны баримт олдохгүй байгаа тул 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн Сүж бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

3. М-ын Э нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн Сүж бригадад малчнаар ажиллаж байсан болох нь:

Говь-Алтай аймгийн Засаг дагын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 14-нй өдрийн 427 дугаартай “...тус аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн Сүж бригадад малчин байсан М-ын Э нь” гээд 1991 оны 01-09, 11-12 дугаар саруудад ажилласан хоног, авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа, уг хугацаан цалингийн тооцооны хүснэгт,

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 273 дугаартай “...тус аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн Сүж бригадад малчин байсан М-ын Э нь” гээд 1992 оны 04-10 дугаар саруудад ажилласан хоног, авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа, уг хугацаан цалингийн тооцооны хүснэгт зэргээр тогтоогдож байна.

4. Иймд Б овгийн М-ын Э-ийг  1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн Сүж бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Хэдийгээр 1991 оны 10 дугаар сар, 1992 оны 01-03 дугаар сарын цалин тасалдсан байгаа хэдий ч тухайн үеийн нийгмийн онцлог, нэгдэлд ажиллаж байсан малчны хөдөлмөрийн тасралтгүй ажилладаг байсан хөдөлмөрийн онцлогийг харгалзан ажилласнаар тогтоосон болно.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овгийн М-ын Э-ийг  1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн Сүж бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

                        

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ