Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 53

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгч Б.Азжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигин овогт Бат-Очирын Азжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707002940005 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, селлесер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Хөдөөний айлууд 1 гудамж 19 тоотод оршин суух,

- урьд Төв аймгийн шүүхийн 1983 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 61 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 163 дугаар зүйлийн 163.б дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн,

- Армийн тусгай шүүхийн 1987 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 200 дугаар зүйлийн 200.а, 109б зааснаар 5 жил хорих ял шийтгүүлсэн,

 - Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 05 дүгээр сарын 24-ний өдрийн 85 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 152 дугаар зүйлийн 152.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

- Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 28 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн  хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, регистрийн НФ66050637 дугаартай, Боржигин овогт Бат-Очирын Азжаргал,

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Б.Азжаргал нь 2017 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Багахангай дүүргийн 2 дугаар хороо 6 дугаар байрны хонгилын цонхоор нэвтрэн орж иргэн Ж.Мөнхболдын Кен маркийн тастагч 1 ширхэг, Кен маркийн цохилттой дрел зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад 185000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Азжаргал нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны гадна пасадны ажил хийж буй засварын материал агуулж байсан подволын цонхоор 7 цагийн үед нэвтэрч 75.000 төгрөгийн үнэ бүхий Кен маркийн тасдагч, 110.000 төгрөгийн үнэ бүхий Кен маркийн цохилттой дрел зэргийг авсан үйл явдал болсон байна.

            Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Азжаргалыг өгсөн: “Өглөөний 6 цагт дрелийг нь гуйх гэж очоод хаалгыг нь нүдсэн боловч тайлж өгөөгүй. Байшингийнх нь араар тойрсон чинь подволынх нь хоёр цонх хоёулаа онгорхой байсан. Тэгэхээр нь ороод цохилттой дрилл, тасдагч хоёрыг нь авсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Мөнхболдын өгсөн: “2017.11.07-ны 09-н цагийн үед ажлаа хийх гээд ирээд багаж тоног төхөөрөмжөө гаргаад ажлаа эхлэх гэтэл Кен маркийн тастагч нэг ширхэг, кен маркийн цохилттой дрел байхгүй байсан” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 5-6 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч З.Батболдын өгсөн: “2017.11.07-ны өглөө 08:10 цагийн үед хаалга нүдсэн тэгээд Оюунсүрэн очоод хаалга онгойлгосон чинь Азжаргал согтуу байсан гартаа улаан өнгийн кен гэсэн бичигтэй тастагч, улаан өнгийн кен гэсэн бичигтэй цохилттой дрел барьсан орж ирсэн” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 10 дугаар хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судалсан дээрх үйл баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Б.Азжаргал нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө Багахангай дүүргийн 2 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны подволыг засварын бараа материал агуулахаар үйл ажиллагаандаа зориулан ашиглаж байсан хонгилын цонхоор 07-08 цагийн үед нэвтэрч 75.000 төгрөгийн үнэ бүхий Кен маркийн тастагч, 110.000 төгрөгийн үнэ бүхий Кен маркийн цохилттой дрел зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар санаатай хулгайлан авч Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдлоо.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Б.Азжаргал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо буцаан өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул дээрх зүйл, хэсгийг журамлан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Бат-Очирын Азжаргалыг орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Азжаргалд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.Азжаргалд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Б.Азжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Азжаргалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ