Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/347

 

 

Д.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Цэцэгмаа,

шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч М.Үүрийнтуяа, Т.Эрдэнэбат,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч С.Аюушжав, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Нын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2306 00000 2714 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-ийн Н, 19... оны ... дугаар сарын ..-ны өдөр Төв аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, “...” хороолол, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1019 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

Д.Н нь 2023 оны 9 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ус-15-ийн 3 дугаар байрны 44 тоотод Ю.Гийг “агсам тавилаа” гэх шалтгаанаар маргалдан, баруун гараараа амь хохирогчийн зүүн шанаад 1 удаа алгадсаны улмаас гавал тархины битүү гэмтэл, их тархины суурь ба хүнхрээг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархины аалзан хальсны доорх голомтлог цус харваж нас барсан буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогтой Д-ийн Ныг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Нд 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Нын цагдан хоригдсон нийт 124 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 3 ширхэг сидиг шүүгдэгч Д.Нд буцаан олгохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Наас 99.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.От олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.О, Ю.Б нар нь цаашид гарах гэм хорын зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие тухайн гэмт хэрэг үйлдсэндээ туйлын их хамарсаж, гэмшиж байгаа бөгөөд шүүхэд гэм буруу дээрээ маргаагүй бөгөөд гэмт хэргийг нуун дарагдуулаагүй, өөрийн гэм буруутайг илчлэн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй. Анхан шатны шүүх дүгнэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо баримтын хэмжээнд төлсөн...”, 1.4-д заасан “...хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалсан...”, 1.5-д заасан “...өөрийгөө илчилсэн...” зэрэг нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэсэн. Хэдийгээр би гэм буруутайдаа маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч шүүхээс надад энэрэнгүй хандахыг хүсэж байна. Би хүнд даацын машин барьж амьдрал ахуйгаа авч явдаг юм. 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомтод авто тээврийн осолд орж, үүний улмаас 1 сээр, 2 нуруу бяцран хугарч, 8 ширхэг хадаас хадуулсан. Мөн зүүн гарын шууны савхан яс хугарч бяцран төмөр орлуулсан. Одоог болтол хэрэгт шалгагдаж байгаа тул биед байгаа гадны биет болох хадаас авхуулж чадаагүй, байнгын хүнд өвчтэй босоо байрлалд 1 цагаас илүү хугацаанд байж чадахгүй. Мөн зүрхний архаг цус багадалт, элэгний вирус идэвхтэй үедээ явагдаж байгаа оноштой байна. Гол өвчин нойр булчирхайн үрэвсэл идэвхжиж байна. Байнгын зэрэглэл өндөртэй эмнэлгийн хяналтад байж, хагалгаа хийлгэх эмчилгээний заалттай, уг заалт нь дотор бүх эрхтэнг авч урд өвчүү хадаж байж хаглана, эсвэл нуруу хадаж нээх заалттай юм.

Манай улс хүмүүнлэг энэрэнгүй нийгэм байгуулж, иргэн бүртээ хүртээмжтэй амьдруулах зорилготой билээ. Иймд миний эрүүл мэнд маш хүнд байгаа хувийн байдал, анхан шатны шүүхийн дүгнэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж, миний хийсэн гэмт үйлдлийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан заалтыг хэрэглэн ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Нын өмгөөлөгч М.Үүрийнтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хуульд заасан доод ялыг оногдуулж өгнө үү гэх гомдол гаргасан. Хэргийн тухайд Д.Н нь гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хохирогчийн ар гэр лүү утасдаж болсон зүйлийн талаар хэлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, 103 дугаарт дуудлага хийж, цагдаагийн 102 дугаарт дуудлага өгч хэргийн талаар мэдэгдсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Д.Н нь хэрэг гарсны маргааш буюу 9 дүгээр сарын 21-ний өдөр сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон процессын талаар үнэн зөв мэдүүлэг өгдөг. Д.Н нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж гэмшиж байгаагаа анхан шатны шүүх хуралдаан дээр илэрхийлдэг. Анх мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүй байсан. Өмгөөлөгч энэ хэрэгт 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж оролцсон. Д.Н өмгөөлөгч авсны дараа гэм буруу дээрээ маргаагүй. Хохирогчид учруулсан хохирлыг мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатуудад бүрэн төлж барагдуулсан. Шүүхээс тогтоосон сэтгэл санааны хохирлыг төлнө гэдгээ анхан шатны шүүх хуралдаан дээр илэрхийлсэн. Д.Н нь 2005-2011 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад дэд ахлагч албан тушаалаас эхэлж ахлах ахлагч хүртэл албыг хашиж байсан. Одоогийн байгаа 461 дүгээр ангийг бүтээн байгуулах ажилд гар бие оролцож байгаад өөрийн хүсэлтээр 2011 онд ажлаас гарсан. Д.Н нь хоёр ихэр хүүхэдтэй, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Д.Н нь зам тээврийн осолд орж сээрний 4 дүгээр нугалам бяцарч, хугарсан, баруун гарын шуу болон богтос яс нь хугаралтай болж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд орж хиймэл үе, төмөр суулгуулсан. Өмгөөлөгч нарын зүгээс 461 дүгээр ангид хоригдож байхад нь эрүүл мэндийн тодорхойлолтыг гаргуулахад элэгний архаг үрэвсэлтэй, зүрхний цус хомсрох архаг өвчтэй гэх дүгнэлт гарсан. Иймд Д.Нын дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хуульд зааснаас доогуур ялыг оногдуулж өгнө үү гэх гомдлыг дэмжин оролцож байна.” гэв.

Шүүгдэгч Д.Нын өмгөөлөгч Т.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Нын давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүй оролцсон. Мөн тухайн өдрөөс хойш цагдан хоригдож байгаа. Хэргийн нөхцөл байдлын хувьд амь хохирогч, Д.Н нар гэмт хэрэг гарах үед хамт байсан. Д.Н гэмт хэрэг гарсан өдрийн талаар тодорхой мэдүүлэг өгснөөр шүүхээс гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Өмгөөлөгч би 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж энэ хэрэгт оролцож эхэлсэн. Д.Наас мэдүүлэг авахдаа хуульд заасан өмгөөлөгчийг сонгох, өмгөөлөгчийг оролцуулах гэх заалтыг хэрэгжүүлээгүй ажиллагааг явуулсан гэж үзэж байна. Д.Н өөрийн гэм буруу дээрээ маргадаггүй.” гэв.

Прокурор Б.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялыг багасгаж өгнө үү гэх гомдол нь анхан шатны шүүх дээр хэлэлцэгдээд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй учир хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анх авсан хоёр мэдүүлгийг өмгөөлөгчгүй авсан болохоор эрх зүйн байдлыг дордуулсан байж болзошгүй гэж өмгөөлөгч тайлбарлаж байна. Д.Нын холбогдсон хэрэг дээр бүх насаар нь хорих ял оногдуулах ялын хэмжээ байхгүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах гэх заалтад орохгүй байгаа юм. Д.Н өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй гэсний дагуу мэдүүлэг авсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Д.Н нь 2023 оны 9 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ус-15-ийн 3 дугаар байрны 44 тоотод Ю.Гийг “агсам тавилаа” гэх шалтгаанаар маргалдан, баруун гараараа амь хохирогчийн зүүн шанаад 1 удаа алгадсаны улмаас гавал тархины битүү гэмтэл, их тархины суурь ба хүнхрээг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархины аалзан хальсны доорх голомтлог цус харваж нас барсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Оын “...2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бага охин Г.Ариунхүслэн аавынхаа төрсөн өдөрт баяр хүргэх гээд бэлэг аваад очоод, бэлгээ өгөөд явсан гэж хэлсэн. Манай нөхөр гэртээ нэг найзтайгаа үлдсэн байсан. Тэгээд ийм хэрэг явдал гарсан байсныг нөхрийн дүү Ю.Баасанжав маргааш өглөө нь надад фейсбүүк чатаар хэлсэн. ...” /1хх 38, 152-153/,

гэрч Г.А-ийн “...Өнөөдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр миний аав Ю.Гийн төрсөн өдөр нь болсон бөгөөд би 18 цагийн үед гэртээ очиход аав Ю.Г өөрийн найз Д.Н гэх бүдүүн, том биетэй хүний хамт архи хувааж уугаад сууж байсан. Би тэр ахыг урьд өмнө огт харж байгаагүй. Надад өөрийгөө танилцуулахдаа “танай аавтай 2020 оноос хойш найзалж байгаа” гэж хэлсэн. ...би гэрээс гарахад 21 цагийн үед аав Ю.Г нь тухайн Д.Н гэх ахтай миний авч өгсөн вискиг хувааж уугаад сууж байсан. Намайг гарахад ямар нэгэн асуудал үүсээгүй. Хэрүүл маргаан болоогүй тэр хоёр суугаад юм яриад байсан. ...22 цаг 35 минутын үед үл таних 88070121 дугаараас миний 80722575 дугаарт Д.Н гэх хүн залгаад “би дуудлага өгөх гэсэн юм, би хүн алчих шиг боллоо, энэ хүнийг аврах боломж байдаг бол авраад өгөөч” гээд залгахаар нь би “та чинь одоо юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд утсыг нь таслаад өөрийн аав Ю.Гийн 90016160 дугаарт маш олон удаа залгахад нэг ч удаа аваагүй. Улмаар би дээрх Д.Н гэх хүний дугаарт залгахад утсаа аваад “би хүн алчихсан шүү дээ” гээд цаашаа яриад байсан. ...” /1хх 47-49/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2509 дугаартай “...Талийгаачид гавал тархины битүү гэмтэл, их тархины суурь ба хүнхрээг хамарсан аалзан хальсан доорх тархмал, цус харвалт, бага тархины аалзан хальсны доорх голомтлог цус харвалт бага тархины эдийн голомтлог няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд, талийгаачийн цусанд 3.8 хувь промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд согтолтын хэмжээ болно. Талийгаач нь О /I/ бүлгийн цустай байна, талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь аврагдах боломжгүй. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтэл, их тархины суурь ба хүнхрээг хамарсан аалзан хальсан доорх тархмал, цус харвалт, бага тархины аалзан хальсны доорх голомтлог цус харваж нас баржээ. ...” /1хх 104-107/ гэх шинжээчийн дүгнэлт,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 17-28/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 29-32/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Д.Ныг “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Нын иргэн Ю.Гийг “агсам тавилаа” гэх шалтгаанаар маргалдан, амь хохирогчийг алгадсаны улмаас Ю.Гийн биед “...гавал тархины битүү гэмтэл, их тархины суурь ба хүнхрээг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархины аалзан хальсны доорх голомтлог цус харвалт...” гэмтэл үүсэж нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Д.Н “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй.

Шүүгдэгч Д.Н нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч түүний гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, учирсан хор уршиг, үйлдсэн “Хүнийг алах” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэгт шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээ тохирсон байх ба хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Анхан шатны шүүх Шүүх шинжилгээний тухай хууль, Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолд заасны дагуу хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлалын дагуу 99.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Наас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохиролд гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт амь хохирогчийн гэр бүлийн гишүүдээс хэнийнх нь сэтгэцэд уг гэмт хэргийн улмаас сэтгэцийн гэм хор учирсан болох нь тогтоогдоогүй, нотлох баримт авагдаагүй байхын зэрэгцээ Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг үндэслэн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох боломжгүй юм.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/,-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх”-аар, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Сэтгэцийн шинжилгээг дараах тохиолдолд хийнэ”, 39.1.8-д “энэ хуулийн 40.1-д заасан сэтгэцэд учирсан хор уршиг” гэж сэтгэцийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлагын талаар хуульчилжээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд, амь хохирогчийн гэр бүлийн гишүүдээс хэний сэтгэцэд гэм хор учирсан болохыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх” гэж заасны дагуу хуулийн шаардлага хангасан сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргуулах замаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд, шийтгэх тогтоолын хохирол гаргуулсан хэсэгт зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Д.Н нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 21-ний энэ өдрийг хүртэл 58 /тавин найм/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсэгт “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нын 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ  

 

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

           

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ