| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00220/И |
| Дугаар | 303/ШШ2025/00362 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 303/ШШ2025/00362
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******************
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Х.************* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1970 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 сарын 15-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 243 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаар тушаал, Үндэсний архивын сан хөмрөгийн 1989 оны архивын лавлагаа, хугацаат цэргийн алба хаасан талаарх лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 13/490 дугаар албан бичиг, хүсэлт гаргагч ************ХААТР-21 маягтын хуулбар, гэрч ************** нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч Х*************1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ********** нь 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримт түүвэрлэсэн талаарх Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 243 дугаар лавлагаа, цэргийн алба хаах болсон тул ажлаас чөлөөлсөн талаарх Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаар тушаал, хугацаат цэргийн алба хаасан талаарх лавлагаа, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ************ нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Харин хүсэлт гаргагч ************* 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин, нотлох баримт гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Мөн хүсэлт гаргагч ************ талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 032 дугаар бүртгэлд: “овог, нэр-***************, ажилладаг байгууллага- 8 жилийн дунд сургууль, эрхэлдэг ажил-сурагч, эрхэлж эхэлсэн он-1980 он, оршдог сум-Галуут сум” гэж тэмдэглэжээ.
6. Иймд хүсэлт гаргагч **************1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч ******************улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ************* 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай,
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч **************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧГ.БАТЗАЯА