Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 61

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Ж.Цэцэгмаа (томилолтоор),

хохирогч Г.Ууганбаяр, Э.Номин-Эрдэнэ

шүүгдэгч Г.Ууганбаяр, Э.Номин-Эрдэнэ (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Дарам овогт Ганбатын Ууганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Тарган овогт Энхбаатарын Номин-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707003580027 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цаг 00 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 64 дүгээр байрны 24 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн НС87090571 дугаартай, Дарам овогт Ганбатын Ууганбаяр.

2. Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эх, эгч, 3 дүү, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, Тайжийн 24 дүгээр гудамжны 06 тоотод оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар 960.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

регистрийн УД91021107 дугаартай, Тарган овогт Энхбаатарын Номин-Эрдэнэ нар нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Янгир” зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Г.Ууганбаяр, Э.Номин-Эрдэнэ нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Ууганбаяр, Э.Номин-Эрдэнэ нар нь Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Янгир” зочид буудлын өрөөнд 2017 оны 12 дугаар сарын 14-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар 15-ны өглөө нь 08 цагийн орчимд хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдан харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ууганбаярын өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 14-ний орой Налайх дүүрэг 2 дугаар хороонд байрлах “Янгир” зочид буудалд архи ууж хоноод 2017 оны 12 дугаар сарын 15-ны өглөө Э.Номин-Эрдэнэтэй муудалцаж, алгадсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд аваад явсан. Номин-Эрдэнийн биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Номин-Эрдэнийн өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 15-ны өглөө “Янгир” зочид буудалд архи ууцгааж байсан. Би гарч яваад буцаад орж ирсэн. Хамт архи ууж байсан хоёр хүн муудалцсан чинь намайг андуураад алгадаад авсан. Тэгээд би найз охинтойгоо хамт гарч яваад цагдаа дуудаж бүгдээрээ цагдаагийн хэлтэс рүү явсан. Би Ууганбаярыг маажсан нь үнэн. Ууганбаярын биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Ууганбаярын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: “... Тэгтэл удалгүй Номин-Эрдэнэ, Тунгалагмөрөн нар орж ирээд над руу уурлаад “утсыг чинь хулгайлсан гэж бодоо юу, гараад буцаад ороод ирэхийн хооронд” гээд бид 2 маргалдахад урдаас хэл амаар доромжлоод байхаар нь би босч ирээд Номин-Эрдэнийг зогсож байхад нь цээж рүү нь гараараа түлхэхэд ор луу унаад босч ирээд над руу дайраад Тунгалагмөрөн нь мөн адил над руу дайраад “эмэгтэй хүн түлхэлээ” гээд хоорондоо маргахад Номин-Эрдэнэ цээж самардаж маажаад байхаар нь түлхээд хацар луу нь нэг удаа алгадахад Тунгалагмөрөн бас хажуунаас дайраад гар хөлнөөс татаад байхаар нь би Тунгалагмөрөнг бас хацар луу нь нэг удаа алгадахад “чамайг цагдаад өгнө” гэж хэлээд гараад явсан. Удалгүй цагдаа нар ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Номин-Эрдэнийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “... Ингээд араас нь Тунгалагмөрөнгийн нөхөр нь ирчихсэн байсан учир хамт дагуулаад Янгир ороод Бурмааг дагуулаад явахаар нөхрийг нь гадаа үлдээгээд Тунгалагмөрөнг дагуулаад буудал руу ортол Ууганбаяр, Бурмаа нар орон дээр хөнжил нөмөрсөн хэвтэж байхаар нь Бурмааг сэрээхээр хөнжлийг нь татахад хоёулаа нүцгэн хэвтэж байхаар нь Бурмааг сэрээгээд “явъя” гэхэд Бурмаа “явахгүй” гэхээр нь би “манайд очиж жоохон унтаж байгаад ажилдаа яваач дээ” гээд яриад зогсож байтал гэнэтхэн Ууганбаяр босч ирээд миний үснээс зулгаагаад хойш нь татаад би орны булан мөргөөд газар унахад заамдаж босгож ирээд миний хоолойг бооход хажуунаас Тунгалагмөрөн голоор ороод “чи яаж байгаа юм бэ” гэхэд Ууганбаяр Тунгалагмөрөнгийн эрүү рүү гараараа цохиход гаднаас хүмүүс орж ирээд салгасан. Ингээд л Тунгалагмөрөн бид 2 шууд цагдаад мэдэгдсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Тунгалагмөрөнгийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “... мэнд мэдээд зогсож байтал хажуу талын орон дээр нь хэвтэж байсан танихгүй залуу босч ирээд “янхан гичий” гэх зэргээр гэнэт доромжлоод Жоохноог нүүр лүү нь 2-3 удаа гараараа цохиод авсан, тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ, эмэгтэй хүнийг” гээд дундуур нь ороод салгахад миний баруун талын шанаа орчим руу 2-3 удаа гараараа цохьсон, тэгээд “боль” гээд орилолдсон юм. Тэгтэл буудлын ресепшин ирээд “та нар одоо боль” гээд гаргасан. Тэгээд бид нар цагдаа дуудсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр тал/,

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “... Номин-Эрдэнэ бид 2 гаднаас буудлын өрөө рүү ороход сүүлд нэрийг нь мэдсэн Ууганбаяр нэг эмэгтэйтэй хамт нэг оронд нүцгэн унтаж байхыг хараад Ууганбаярт хандаж Номин-Эрдэнэ “чи эхнэртэй юм байж манай найзыг ашиглалаа бос” гэхэд Ууганбаяр босч ирээд бид 2-ыг “гичий, янхан” гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод Номин-Эрдэнийн толгой руу 2 удаа гараараа цохьсон. Тэгэхээр нь би голоор нь “боль, эмэгтэй хүнийг зодлоо” гэхэд шууд л миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохьсон. Тэгтэл Номин-Эрдэнэ Ууганбаярын цамцны энгэрээс зуураад “эмэгтэй хүн зодлоо болиоч” гээд хоёулаа зууралдаж аваад бие биенийхээнүүр, толгой руу цохилцоод эхэлсэн. Гэхдээ Ууганбаяр өндөр болохоор Номин-Эрдэнэ зөвхөн цээж, хүзүү хэсэг рүү нь цохьсон. Ууганбаяр болохоор Номин-Эрдэнийг заамдаж аваад багалзуурдаад толгой руу нь цохьсон. Ингээд л Ууганбаяртай хамт явсан залуу болон буудлын үйлчлэгч орж ирээд голоор нь ороод салгахаар нь шууд гараад цагдаад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Бурмаагийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “... Гэтэл удалгүй Номин-Эрдэнэ Тунгалагмөрөн гэх хүүхэнтэй өрөөнд орж ирсэн чинь Ууганбаяр Номин-Эрдэнийг “чи яагаад утас авч явж байгаа юм” гэж хэлээд уурлаж нэг удаа нүүрэн тус газарт нь гараараа цохьсон, гэтэл Номин-Эрдэнэ нь уурлаж Ууганбаярын цээж хавьд гараараа цохиж, хумсаараа маажиж байсан, энэ үед Тунгалагмөрөн нь дундуур нь ороод салгаж байгаа харагдсан юм. Тэгээд Номин-Эрдэнэ нь намайг “одоо бос явъя” гэхээр нь “би явахгүй, өөрийгөө мэдэж байна” гэж хэлсэн чинь Номин-Эрдэнэ гараад явсан араас нь Тунгалагмөрөн гэх хүүхэн нь “та нарыг цагдаад өгнө” гэж хэлээд гараад явсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч А.Батмагнайгийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “... Номин-Эрдэнээс Ууганбаярын гар утсыг нь аваад буцаад буудалдаа ирээд Ууганбаярт гар утсыг нь өгөөд нойр хүрээд байхаар нь буцаад би унтсан болно. Тэгээд удалгүй өрөөний хаалга цохиод Номин-Эрдэнэ танихгүй хүүхэнтэй хамт орж ирээд Ууганбаяр Бурмаа хоёрын унтаж байсан хөгжлийг сөхөөд Бурмааг “янхан хүүхэн минь” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь Ууганбаяр босч ирээд Номин-Эрдэнийг “боль” гэж хэлээд түлхэх үед Номин-Эрдэнэ нь Ууганбаярын нүцгэн байсан цээж хүзүү хавьд нь маажиж харагдсан. Гэтэл Ууганбаяр зөрүүлж нэг удаа Номин-Эрдэнэ гэх хүүхнийг алгадаж байгаа харагдсан юм. Гэтэл хажууд нь байсан хүүхэн дундуур нь ороод би босч ирээд салгаж Номин-Эрдэнийг найз эмэгтэйн хамт өрөөнөөс гаргасан болно ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 шэ/19 тоот:

1. Э.Номин-Эрдэнийн

2. Дээрх мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 49 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 шэ/21 тоот:

1. Г.Ууганбаярын

2. Дээрх үйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 51 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч Э.Номин-Эрдэнийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “... би удалгүй Тунгалагмөрөнтэй хамт Янгир зочид буудалд ирээд Бурмааг “явъя” гэхэд оронд орчихоод явахгүй байсан учир босгож авч явах гэхэд Ууганбаяр “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд цээжин тус газарт гараараа цохиж би ор мөргөж унасан юм. Ингээд би босч ирээд Ууганбаярын цээж, хүзүү хавьд нь гараара барих үед цээж, нүүр хавьд нь маажсан байсан юм. Энэ үед манай найз Тунгалагмөрөн Батмагнай нар салгаад би гараад явсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч Г.Ууганбаярын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “... гэтэл өглөө нь 08 цагийн орчимд Номин-Эрдэнэ миний утсаар ярьж байгаад аваад гарсан байхаар нь араас нь Батмагнайг гаргаж утсаа авсан, удалгүй араас Номин-Эрдэнэ Тунгалагмөрөн гэх хүүхэнтэй орж ирээд маргалдаж байгаад Номин-Эрдэнийг зогсож байхад нь цээж рүү нь гараараа түлхэх үед ор луу унаад босч ирээд над руу дайрч цээж хавьд самардаж маажсан. Тэгэхээр нь Номин-Эрдэнийг түлхэж хацар хавьд нь нэг удаа алгадсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар тал/,

Э.Номин-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 дугаар тал/,

Э.Номин-Эрдэнийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 71-77, 87-88 дугаар тал/,

Э.Номин-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дугаар тал/,

Г.Ууганбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 78 дугаар тал/,

Г.Ууганбаярын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 79-83 дугаар тал/,

Г.Ууганбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Г.Ууганбаяр, Э.Номин-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Г.Ууганбаяр, Э.Номин-Эрдэнэ нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж харилцан эвлэрсэн, шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан тэдэнд торгох ял оногдуулж,

улмаар хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд тэдний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тус бүр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Ууганбаяр, Э.Номин-Эрдэнэ нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дарам овогт Ганбатын Ууганбаяр, Тарган овогт Энхбаатарын Номин-Эрдэнэ нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ганбатын Ууганбаяр, Энхбаатарын Номин-Эрдэнэ нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ууганбаяр, Э.Номин-Эрдэнэ нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Ууганбаяр, Э.Номин-Эрдэнэ нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Ууганбаяр, Э.Номин-Эрдэнэ нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Ууганбаяр, Э.Номин-Эрдэнэ нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Ууганбаяр, Э.Номин-Эрдэнэ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ