Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/01189

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/01189

 

 

ББ ХХК, Д.Б- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/00604 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ББ ХХК, Д.Б- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч МАГ ХХК-д холбогдох

 

Хариуцагчийн хууль бус эзэмшлээс ББ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамга /тэмдэг/ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох гэрээний үлдэгдэл төлбөрийг хүлээн авч, компанийн болон газрын гэрчилгээ, дагалдах техникүүдийн эзэмших эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч ББ ХХК-ийн төлөөлөгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ББ ХХК-ийг үүсгэн байгуулсан, компанийн нийт энгийн хувьцааг 100 хувийн хувьцаа эзэмшигч, эрхтэй этгээд юм. 2019 оны 01 дүгээр сард МАГ ХХК-ийн захирал С.Балдандорж нь Д.Б-од ББ ХХК-ийг худалдаж авах санал тавьж, улмаар 1 600 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар талууд тохиролцож, төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтааж цувуулан төлөхөөр 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 01 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. МАГ ХХК нь манайх газар дээр тариа тарих шаардлагатай, газар тариалангийн үйл ажиллагаа явуулахад ББ ХХК-ийн гэрчилгээ, дүрэм, тамга /тэмдэг/, тариалангийн зориулалтай газрын гэрчилгээ хэрэгтэй гээд компанийн бүх бичиг баримт, бүх эд хөрөнгө, тариалангийн газар, тариа, бригадын барилга, байгууламжууд, машин техникүүдийг хүлээн авсан. Гэвч МАГ ХХК-ийн захирал С.Балдандорж үүргээ зөрчиж 2020 оны 3 дугаар сарын байдлаар ББ ХХК-д нийтдээ 723 000 000 төгрөг л төлсөн тул ББ ХХК-ийн захирал Д.Б- нь 2020 оны 4 дүгээр сарын 06, 20-ны өдрүүдэд гэрээ цуцлах тухай мэдэгдлийг МАГ ХХК-д хүргүүлж, уг мэдэгдлээр 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон гэрээ цуцалж байгааг мэдэгдэж, 2020 оны 5 дугаар сард Д.Б- нь Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт байрлах ББ ХХК-ийн эд хөрөнгө, машин техникүүдийг лацадсан. Д.Б-ын гэрээнээс татгалзсан мэдэгдэлд МАГ ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 33 тоот ...Голомт банкнаас зээл авах гэж байгаа, ...төлбөрийг 2020 оны 7 дугаар сарын 21-нийг хүртэл сунгах, энэ хугацаандаа төлбөрийг төлж дуусгана гэсэн албан бичгийг ирүүлсэн. Гэвч дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй бөгөөд улмаар ББ ХХК-ийн зүгээс асуудлыг шийдвэрлэхээр МАГ ХХК-тай хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулж, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр МАГ ХХК-ийн оффис дээр ББ ХХК-аас захирлын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тунамал, өмгөөлөгч Н.Наранбаяр, Б.Туул, МАГ ХХК-ээс тус компанийн ерөнхий захирал С.Балдандорж, гүйцэтгэх захирал болох Б.Баатарцэрэн, үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Ганзориг, Ө.Нанжид, нягтлан Г.Номин-Эрдэнэ гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хийсэн уулзалтаар ...энэ өдрийг хүртэл МАГ ХХК-аас ББ ХХК-д төлсөн 723 000 000 төгрөг дээр нэмээд, урьд нь зээлээр худалдан авсан байсан техникийн 109 000 000 төгрөгийг гэрээний төлбөр дээр нэмж тооцон 833 356 875 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр нь 766 643 225 төгрөг болохыг баталгаажуулан, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгох хэлцэл байгуулсан. Уг хэлцлээр МАГ ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 766 643 225 төгрөгийг төлж дуусгавар болгох, хэрэв төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдагч тал буюу Д.Б- нь гэрээний урьдчилгаа төлбөрт төлөгдсөн төлбөрийг ажлын 5 хоногийн дотор багтаан төлж дуусгах гэсэн аль нэг хэлбэрээр гэрээгээ 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэхэд дуусгавар болгохоор тохиролцсон. Хэлцэлд дурдсан 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болоход хариуцагч төлбөрөө төлөөгүй тул Д.Б- нь гэрээний хугацаа дуусгавар болсныг мэдэгдэж, тохиролцсоны дагуу ажлын 5 хоногийн дотор ББ ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 400 000 000 төгрөгийг хэлцэлд заасан МАГ ХХК-ийн хамаарал бүхий хуулийн этгээдэд шилжүүлсэн. Үүний дараа 2021 оны 02 дугаар сарын 11-ий өдөр 66 000 000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 100 000 000 төгрөг болон 200 000 000 төгрөг, нийтдээ 366 000 000 төгрөг, нийт 766 000 000 төгрөгийг ББ ХХК-аас МАГ ХХК-д буцааж шилжүүлсэн. Гэрээ дуусгавар болгох хэлцэлд ББ ХХК нь тариалан эрхлэлтийг дэмжих сангийн бүртгэлд 64 424 910 төгрөгийн өртэй байсан. Гэтэл МАГ ХХК-аас ББ ХХК-ийн тамга тэмдгийг ашиглаад захирал Ө.Нанжид гэж гарын үсэг зураад үрийн буудайг зээлээр авч нийт 141 000 000 төгрөгийг өртэй болсон байсан тул өмнөх өр 64 424 910 төгрөгөө хасаад 75 000 000 төгрөгийг шилжүүлээгүй. Учир нь Тариалан эрхлэлтийг дэмжих санийн өмнө ББ ХХК-ийн нэр дээр өр байгаа учраас хасаж тооцсоноор төлбөр тооцоо дуусгавар болсон. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэх хангалттай хугацааг тогтоож өгсөн. Эцэст нь гэрээ дуусгавар болгох хэлцлийн дагуу төлбөрөө төлөөгүй ч бидний зүгээс урьдчилж авсан төлбөрөө хэлцлийн дагуу МАГ ХХК-д төлбөрөө буцаасан учраас гэрээ дуусгавар болсон. Хариуцагч тал гэрээг дуусгавар болгох хэлцлийг хүчин төгөлдөр бус, худалдах, худалдан авах гэрээ одоог хүртэл хүчинтэй байгаа гэж манай талыг буруутгасан тайлбар өгч байна. Гэвч Д.Б- гэрээг дуусгавар болгох хэлцлийн дагуу 766 000 000 төгрөгийг МАГ ХХК-д буцааж шилжүүлсэн. Энэ мөнгийг МАГ ХХК аваад 3 сар гаруй хугацаа өнгөрч байхад одоог хүртэл буцааж шилжүүлээгүй үйлдэл нь гэрээг дуусгавар болгох хэлцлийг баталгаажуулаад байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт зааснаар гэрээг дуусгавар болгох хэлцэл бичгийн хэлбэрээр ч мөн бодит үйлдлээр ч баталгаажсан, хэлцлийг нэгэнт цуцлах замаар дуусгавар болгосон байтал хариуцагч өнөөдрийг хүртэл ББ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамга /тэмдэг/-ийг эзэмшээд байгаа нь хууль бус эзэмшил тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргасан. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээр гэрээний дагуу ББ ХХК-ийн хөрөнгө болон улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамга /тэмдэг/-ийг шаардах эрхгүй. Уг гэрээг нэг талаас МАГ ХХК-ийг төлөөлж С.Балдандорж байгуулсан. Гэтэл С.Балдандорж энэ компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш, Б.Баатарцэрэн итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд байсан. Нөгөө талаас Д.Б- нь ББ ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан. Гэтэл худалдах, худалдан авах гэрээний зүйл нь ББ ХХК-ийн хувьцаа, хууль зүйн талаас харвал энэхүү гэрээ нь хуульд заасан шаардлагад нийцээгүй бөгөөд эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй этгээд буюу ББ ХХК өөрөө өөрийгөө захиран зарцуулсан байгаа тул уг гэрээг хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр хэлцлийн шаардлага хангаагүй, талууд бие биеэсээ шаардлага гаргах боломжгүй нөхцөл байдал бүхий гэрээ гэж үзэж болохоор байна. Тиймээс энэхүү хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан. Хоёрдугаарт, хэлцлийн агуулгын хувьд худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөгч МАГ ХХК нь 2019 оны 12 дугаар сард багтаагаад гэрээний төлбөрийг бүхэлд нь төлснөөр ББ ХХК-ийн бүхий л эрх, үүрэг, тамга, хувьцаа бусад зүйлсийг МАГ ХХК-д хүлээлгэн өгнө гэсэн тохиролцсон. Гэтэл бодит байдалд худалдан авагч тал төлбөрөө бүрэн төлөөгүй тул ББ ХХК-ийн эрх болон дагалдах эд хөрөнгийг ч шаардаж авах эрх үүсээгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар худалдан авагч тал гэрээгээр тогтоосон хугацаандаа үүргээ биелүүлээгүй, гэрээний үүрэг зөрчигдсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч МАГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: МАГ ХХК-ийн ерөнхий захирал С.Балдандорж, гүйцэтгэх захирал Б.Баатартогтох бид иргэн Д.Б-той 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, газар тариалангийн зориулалтай, нийт 2170 га газар худалдан авахаар болж гэрээний төлбөрт нийт 903 781 785 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн. Гэтэл энэхүү гэрээг нэхэмжлэгч талаас эрх олгогдоогүй этгээд гэрээнд гарын үсэг зурсан гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 53 дугаар зүйлд эрх олгогдоогүй этгээдийн үйлдэл хүчин төгөлдөр байх, 53.1 дэх хэсэгт эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасан байдаг. Гэрээ байгуулагдах талаар МАГ ХХК-ийн бүх удирдлага мэдэж байсан ба нэхэмжлэгч тал гэрээний дагуу шаардлага гаргаж байсан учраас гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшил ашиглалтаас эд хөрөнгөө шаардах эрхээ хэрэгжүүлэх гэдэг агуулгаар тайлбарлаж байгаа. Маргааны үндсэн асуудал нь үүрэг зөрчсөнөөс буюу үүргийн гүйцэтгэлтэй холбоотой бөгөөд үүнтэй ч манай тал маргадаггүй. Харин энэ маргаанд хууль бус эзэмшилтэй холбоотой асуудал байхгүй, гэрээний дагуу хууль ёсоор эзэмшсэн асуудал юм. Бидний зүгээс нэхэмжлэгчид гэрээний төлбөрөө төлөх хүсэл зориг байсан ч хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалтай холбоотой асуудал үүссэнээс гадна цар тахлын улмаас гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл бий болсны улмаас төлбөр төлөх боломжгүй болсон. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Д.Б- нь өнгөрсөн хавар Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээл олгож эхэлснээс хойш гэрээний үнийн дүнгээс тооцогдох хүн амын орлогын албан татварыг төлөхгүй гэж, өөрөөр хэлбэл, 1 600 000 000 төгрөгийн ашиг олж байгаа атал хүн амын орлогын албан татварын 10 хувь буюу 160 000 000 төгрөгийн татварыг төлөхгүй, гэрээний үнийн дүнг бууруулан бичиж дахин гэрээ хийх санал тавьсан бөгөөд тус саналыг манай компани хүлээж аваагүй тул гэрээ цуцлах саналыг гаргаж, мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн. Үүнээс татвараа хасуулаад үлдэгдэл төлбөрөө ирж ав гэж удаа дараа хэлсэн боловч шүүхэд хандаж, биднийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болгосон. Манай компанийн зүгээс ББ ХХК-д 2019, 2020 онуудад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийгээд газар тариалангийн үйл ажиллагаагаа эрхлэхэд бүрэн боломжтой нөхцөл бүрдэхэд гэрээ цуцлах саналыг гаргаад байгаа нь үндэслэлгүй. Тус гэрээний талаар талууд удаа дараа уулзалт зохион байгуулж, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгох хэлцлийг байгуулсан. Уг хэлцэлд талуудын санал тусгагдсан боловч хэлцлийг хүчин төгөлдөр болоход нөлөөлөх техник ажиллагаанаас шалтгаалан энэхүү хэлцэл нь хүчин төгөлдөр болж чадаагүй. Учир нь нэхэмжлэгч Д.Б- нь уг гэрээнд гарын үсэг зурна гэж авч яваад манайд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр авчирч өгсөн. Гэтэл энэ үед гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа дууссан байсан тул гэрээ биелэгдэх ямар ч боломжгүй болсон, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэг болон 225 дугаар зүйлийн 225.4.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай талаас гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх гэсэн боловч энэ талаар нэхэмжлэгч тодорхой хариу хэлдэггүй байсан. Мөн манай ерөнхий нягтлан бодогч О.Янжинлхамаас бэлнээр хүлээн авсан 18 000 000 төгрөгийг аваагүй гэж маргадаг. Бид 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 173/01 тоот Хас банкны тодорхойлолтоор манай талаас гэрээний үлдэгдэл төлбөрийг бүрэн биелүүлэх боломжтой байсан талаарх баримтыг гаргаж өгсөн. Гэсэн хэдий ч нэхэмжлэгчээс үндэслэлгүй шаардлага гаргасан, дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 225 дугаар зүйлийн 225.4.3-т заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл, харин анх байгуулагдсан 01 тоот худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд, манай компани нэхэмжлэгч компанид 2019 онд 580 438 182 төгрөг, 2020 онд 188 990 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, 2020 оны 7 дугаар сард Хэнтий аймгийн Биндэр суманд байрлах газар тариалангийн зориулалттай 2179 га талбайд 21 км газарт бетонон шонтой хашаа барихад 200 000 000 төгрөгийг зарцуулсан, Агромаштек компанид трактор барьцаанд тавьсан 120 000 000 төгрөгийг төлсөн, ингээд нийт 930 781 785 төгрөг төлж, 1 047 252 286 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Бидэнд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт зааснаар ББ ХХК-аас хохирол шаардах эрх үүсэж байгаа ч бид 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох гэрээний үлдэгдэл төлбөрийг хүлээн авч, компани болон газрын гэрчилгээ, дагалдах техникүүдийн эзэмших эрхийг МАГ ХХК-д шилжүүлэх үүргээ биелүүлэхийг ББ ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч МАГ ХХК-аас ББ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн эх хувь, ТТС2459 дугаартай тамга /тэмдэг/ гаргуулж, нэхэмжлэгч Д.Б- болон ББ ХХК-д олгож,

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 тоот худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох гэрээний үлдэгдэл төлбөрийг хүлээн авч, компани болон газрын гэрчилгээ, дагалдах техникүүдийн эзэмших эрхийг МАГ ХХК-д шилжүүлэх үүргээ биелүүлэхийг ББ ХХК-д даалгах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, Биндэръяа буудай ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 157 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 228 150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Баасанцогтод, 8 157 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ББ ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. 2019 оны 01 сарын 25-ны өдөр байгуулагдсан 01 дугаар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэл биелэгдээгүй гол шалтгааны нэг нь Д.Б- нь хувь хүний орлогын албан татвар төлөхгүй, танайх төл, эсвэл худалдах, худалдан авах гэрээнд заасан үнийн дүнг өсгөж төл гэдэг гэрээгээр тохиролцоогүй шаардлагыг манайд компанид тавьж эхэлснээс үүдэн гэрээний үүргийн зөрчил үүссэн. Өөрөөр хэлбэл, үүргийн зөрчилд үүрэг гүйцэтгүүлэгчийн шууд буруутай үйлдэл нөлөөлсний улмаас үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүргэсэн.

Асуудлыг шийдвэрлэхээр олон удаагийн уулзалт хийгдсэн ч асуудал шийдэгдээгүй байсаар 2020 оны дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөллөөс үүдэн гарсан Монгол Улсын Засгийн газрын тогтоосон бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, бэлэн байдлын зэрэгт тус тус шилжин, хөл хорио тогтоож эхэлснээр манай компани үйл ажиллагаагаа доголдож бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаагаа явуулах нөхцөл, боломжгүй болж эдийн засгийн хор, хохирол шууд амсаж эхэлсэн. Нэхэмжлэгчтэй ХХОАТатварыг хэн төлөхийг тохиролцоогүй мөн уг гэрээний 6 дугаар зүйлд заасан давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ бүрэн биелүүлж чадахгүйд хүрээд байгаа талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн тухай шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлох баримтад тулгуурлан тайлбарласан боловч шүүх дээрхийг нотлоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгзэр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан ...нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбоотой байвал түүнийг дахин нотлохгүй байх гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. Дээр дурдсанчлан нэхэмжлэгчтэй манай компанийн зүгээс удаа дараа уулзаж маргаантай байгаа асуудлыг шийдвэрлэх тухай санал солилцож бичгээр хариу өгч байсны зэрэгцээ 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгох тухай 3 сарын хугацаатай хэлцэл байгуулахаар тохиролцож бичгээр саналаа үйлдэж нэхэмжлэгчид хүргүүлсэн. Гэвч нэхэмжлэгч Д.Б- нь уг хэлцлийн нөхцөл, хугацааг хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байсаар уг хэлцлээр тохирсон нөхцөлийг биелүүлэх хугацаа дуусмагц хэлцэлд гарын үсэг нөхөн зурж манай компанид 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог бөгөөд нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь анхнаасаа уг бичгийн хэлцлийг байгуулахгүй байх, хариуцагчийг хэлэлцэн тохирсон нөхцөлийг биелүүлэхэд цаг хугацааны хувьд боломжгүй болгох шууд санаа зорилгыг агуулсан байсан нь дараах үйл баримтаар нотлогддог. Тухайлбал, Д.Б- хэргийн материалд авагдсан 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөө огноолсон 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгох тухай хэлцлийн хугацаа дуусмагц гарын үсэг зурж манай компанид ирүүлээд хувийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нотлох баримтаар уг өдөр хүргүүлсэн нь хариуцагч тал 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан хэлцэлд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй, буруутай мэтээр шүүхэд харуулах шууд санаа зорилгыг агуулсан үйлдэл байхад шүүх энэ талаар шийдвэрийн үндэслэлдээ ...Хэргийн баримт, талуудын тайлбараар 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зохигчийн хооронд байгуулсан хэлцэлд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч гарын үсэг зурж хариуцагчид хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т заасныг баримтлан хэлцэл хийгдсэн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөр огноологдсон хэлцлийн үндсэн нөхцөл нь хариуцагч 2020 оны 12 дугаар сарын 15-ны дотор төлбөр төлөх байсан бөгөөд энэ нь зөвхөн нэг талын санал юм. Харин уг нэг талын саналыг хэлэлцээнд оролцож буй нөгөө тал хүлээн авснаар хэлцэл хүчин төгөлдөр болох байтал 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч гарын үсэг зурж хариуцагчид ирүүлсэн нь уг хэлцлийг нэхэмжлэгчийн зүгээс байгуулахгүй байх санаа зорилгыг шууд агуулсан атал шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болж чадсангүй гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсэгт заасан нөхцөл үүсээгүй байхад шүүх буруу дүгнэлт гаргасан. Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх нь зөвхөн бусдын хууль бус эзэмшилд байгаа тохиолдолд үүсдэг. Монгол. Улсын Дээд шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоолд өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарна гэж заасан. Харин Биндэрьяа буудай ХХК-ийн гэрчилгээ, тамга /тэмдэг/, дүрэм нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээний үндсэн дээр буюу хууль ёсны дагуу худалдан авагч талд шилжсэнийг бусдын хууль бус эзэмшил гэж үзэх үндэслэлгүй юм. Хариуцагч болон нэхэмжлэгчийн хооронд Иргэний хуульд заасан гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан үүссэн бөгөөд энэ маргааныг Иргэний хуулийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсэгт шууд хамаатуулан шийдвэрлэсэн нь шүүх хэргийн бодит нөхцөл байдал, үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэж чадаагүй. 2 компанийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу МАГ ХХК нь ББ ХХК-д гэрээний дагуу төлөх 1 600 000 000 төгрөгийн төлбөрөөс 930 781 785 төгрөгийг төлсөн, мөн худалдан авч байгаа компаний газар тариалангийн зориулалттай техникүүдийн эвдрэлийг бүрэн засварлаж, төлбөрөө төлөөгүйгээс барьцаанд байсан текникийн төлбөрийг төлж барьцаанаас гаргаж, тариалангийн талбайн хашаа хамгаалалтыг шинээр хийж, бүхэлдээ талуудын хооронд байгуулсан 01 тоот гэрээний 3.3-т заасны дагуу гэрээ хийгдсэн өдрөөс ББ ХХК нь компаний нэр дээр байсан тариалангийн талбайн газрыг зориулалтаар нь ашиглах эрх худалдан авагч тал болох МАГ ХХК-д үүссэнийг хэрэгжүүлэхэд зориулж гэрээний хугацаанд 1 047 522 286 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 69 дүгээр зүйлд заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авснаар манай компаний хувьд гэрээний 3.3-т заасны дагуу тариалангийн газрыг зориулалтаар нь ашиглах эрх хязгаарлагдаж, оруулсан хөрөнгө оруулалт зогссон. Үүний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хамтран нэхэмжлэгч нэмж оролцуулсны зэрэгцээ 2020 оны 12 дугаар сарын 18, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд манай компаний гэрээний төлбөрт шилжүүлсэн байсан мөнгөнөөс 766 000 000 төгрөгийг буцаан шилжүүлэх үйлдэл хийж цаана нь манай компаний шилжүүлсэн мөнгөний тодорхой хэсэг дутуу байгаа, бидний оруулсан хөрөнге оруулалт огт хөндөгдөөгүй үлдэж байгаа, энэ байдлаа шүүхэд бидний хооронд байгуулагдсан. Худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон гэж тайлбарласан, шүүх мөн ингэж дүгнэсэн нь шүүх маргааныг бодит байдал, нотлох баримтад үндэслэн шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна.

Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчсөн. Шүүх хариуцагч талаас гаргасан худалдан авагч компанид оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх тодорхойгүй орхигдуулсны зэрэгцээ, маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж гаргасан нэхэмжлэгчийн зөвшөөрөхгүй маргаж байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авсангүй, гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх боломжтой байгаагаа нотолсон баримтад ач холбогдол өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч тал өөрийн буруутай үйлдэл гаргаснаар гэрээнээс татгалзах эрхгүй болсон тухайд баримтаар хариуцагч тал тайлбар гаргасан боловч мөн ач холбогдол өгөөгүй болно. Иймд хэргийн оролцогчийн хүсэлт, баримт гаргаж шийдвэрлүүлэх хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.Б- болон ББ ХХК нь хариуцагч МАГ ХХК-д холбогдуулан ББ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн эх хувь, ТТС2459 дугаартай тамга /тэмдэг/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох гэрээний үлдэгдэл төлбөрийг хүлээн авч, компанийн болон газрын гэрчилгээ, дагалдах техникүүдийн эзэмших эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Зохигчдын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр 2179 га талбайтай үр тариалангийн зориулалтаар ашиглах газар бүхий ББ ХХК-ийг МАГ ХХК-д худалдах, худалдан авагч нь гэрээний нийт үнэ 1 600 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаар талууд тохиролцсон байна. /хх-ийн 7-9/

 

Дээрх худалдах, худалдан авах гэрээний 1.2-т худалдан авагч гэрээд заасан үнийг төлөх, 1.3-т худалдан авах бүтээгдэхүүн ББ ХХК.. гэж тохиролцсон буюу гэрээний нэг тал гэрээний нэг зүйл байж болохгүй байхад анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэж, улмаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Нөгөө талаар, худалдан авагчийн төлөх 1 600 000 000 төгрөг хувьцаанд, эсхүл 2179 га талбайтай үр тариалангийн зориулалтаар ашиглах газарт хамаарах эсэх нь ойлгомжгүй, гэрээний 4.5-д гэрээний нийт үнэд хавсралт дахь тоног төхөөрөмжүүд, машин механизмууд дагалдана гэж заасан боловч хавсралт байхгүй, тэдгээрийн үнэ тодорхой бус байгааг шүүх анхаараагүй байна. /хх-ийн 8/

 

Дээрх байдлаар Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар талууд гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцоогүй буюу ББ ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээгээр тохиролцоогүй тул уг гэрээг байгуулагдаагүй гэж үзнэ.

 

Хариуцагч МАГ ХХК нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар ББ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн эх хувь, ТТС2459 дугаартай тамга /тэмдэг/-ийг эзэмших эрхгүй тул тэрээр уг эд зүйл, баримт бичгийг эрх бүхий этгээдэд буюу ББ ХХК-д шилжүүлэх үүрэгтэй юм. Харин нэхэмжлэгч Д.Б- нь иргэний хувьд компанийн эд зүйл, баримт бичгийг шаардах эрхгүй тул түүний гаргасан шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Талуудын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгох тухай хэлцэл байгуулсан байх боловч уг хэлцлийн зүйл болох ББ ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээг байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй тул уг хэлцлийн үр дагавар үүсэхгүй юм.

 

Хийгдээгүй хэлцэл ямар нэгэн эрх зүйн үр дагаврыг, тухайлбал гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхийг үүсгэхгүй тул 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох гэрээний үлдэгдэл төлбөрийг хүлээн авч, компанийн болон газрын гэрчилгээ, дагалдах техникүүдийн эзэмших эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг шүүх гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтад үндэслэн шийдвэрлэсэн нь буруу болсон тул залруулан дүгнэж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, хариуцагч МАГ ХХК нь хөрөнгө оруулалтын хэмжээг шинжээч томилж тогтоолгох тухай хүсэлт гаргаж байсан боловч ББ ХХК-д оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тохиолдолд шүүх нотлох баримт бүрдүүлэх үндэслэл бүрдэхгүй тул уг хүсэлтийг хангах боломжгүй юм.

 

Хариуцагч МАГ ХХК нь 2019, 2020 онуудад МАГ ХХК-иас ББ ХХК-д оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоолгох гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1074 дүгээр захирамжаар уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба сөрөг шаардлагаа өөрчилж, дахин сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.

Хариуцагч МАГ ХХК нь байгуулагдаагүй гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, бусдын хөрөнгөд гаргасан зардал зэргийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч ББ ХХК-иас зохих журмын дагуу нэхэмжлэл гарган шаардахад уг шийдвэр, магадлал саад болохгүй болно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/00604 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МАГ ХХК-иас ББ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн эх хувь, ТТС2459 дугаартай тамга /тэмдэг/ гаргуулж, нэхэмжлэгч ББ ХХК-д олгож, нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул гэж тус тус өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 241 162 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргэ

э биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Н.БАТЗОРИГ