| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0116/Э |
| Дугаар | 121 |
| Огноо | 2018-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганчимэг, |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганчимэг,
шүүгдэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Д-ийн Э-д холбогдох эрүүгийн 1810001120090 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч
ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, “...” эмнэлэгт бариа засалч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн .................. тоотод бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг ................. тоотод амьдарч байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Д-ийн Э- /РД:........../
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Э- нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ................. тоот хашаанд хохирогч Ш.Г-ыг “хашаан дотор орж ирлээ” гэж нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Мөн хавтаст хэргээс:
1. Шүүгдэгч Д.Э- 2018.02.24-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ... 2017 оны 12 дугаар сарын 29-ний орой 22 цагийн үед намайг гэртээ байхад найз Л-, эхнэр Г- 2 хүүхдийнхээ хамт ирсэн. Гэр бүлээрээ ойрд уулзаагүй, Шинэ жилийн баяр болж байна мөн би байгууллагынхаа шилдэг ажилтан болсныг тэмдэглэх гэж байсан юм. Л- 0,75 л “Соёрхол” архи авчирсан ба би лаазтай пиво авсан байсан. Хүүхдүүдээ хойд гэрт байлгаад өөрсдөө урд гэрт шинэ жилээ тэмдэглээд архи, пивоо ууж байтал шөнө 02 цагийн үед манай хашааны хаалга дуугарч нохой хуцаад хүн алхах чимээ гарахаар нь ийм шөнө болсон байхад юун хүн явдаг билээ гээд гарахад харанхуйд царай зүс нь харагдахгүй эрэгтэй хүн манай гэрийн хаалгыг татчихаад буцахад нь би “юун хүн бэ” гэхэд ярих чадваргүй согтуу эрэгтэй шууд миний баруун талын чамархай хэсэгт нэг удаа цохисон. Би тэвэрч аваад газар унагаагаад дээрээс нь 2 удаа цохисон чинь хөлнөөс зуураад байхаар нь ноцолдсон. Царайг нь харахад тэр эрэгтэйгийн нүүр, энгэр нь цус болсон байсан. Миний араас Л- гарч ирээд бид хоёрыг салгасан. Тухайн үед би хөл нүцгэн байсан ба манай эхнэр гарч ирээд тэд нартай маргалдаад зууралдаад байсан. Манай эхнэр “танай нөхөр манай хашаанд орж ирлээ” гэхэд нөгөө хүний эхнэр нь “андуураад л биз дээ” гэж хэлж байсан. Нөгөө ахын биеэрхүү охин нь намайг түлхэж унагаасан. Тайвшраад салаад байж байтал цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 48-50-р хуудас/,
2. Хохирогч Ш.Г- 2018.01.12-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10 жилийнхэнтэйгээ уулзаад шөнийн 01 цагийн үед гэртээ харихаар такси бариад гэрийнхээ үүдэнд буулгүй урд хашааны блокны наана буугаад гэр рүүгээ алхсан. Намайг явж байхад манай урд хашааны үүдэнд 2 залуу зогсож байсан. Хажуугаар нь гарахад өндөр нуруутай залуу нь “тамхи байна уу ах” гэхээр нь “надад тамхи байхгүй, тамхиа дэлгүүрээс очиж ав” гээд хэгжүүрхэж хэлэхэд “ямар хэгжүүн юм бэ” гэхээр нь “юу гээд байгаа юм бэ” гэхэд тэр өндөр залуу миний зүүн талын шанаа руу цохиж унагаасан. Тэгээд л би ухаан алдаад гэртээ сэрсэн. Намайг цохисон гэх 2 залууг цагдаа нар ирээд аваад явсан байсан. Хашаан дотор эмэгтэй, эрэгтэй хоёр хүн орж ирээд манай охин Д-гийн үснээс зулгааж байхыг нь хараад “чи яаж байна” гээд очоод тэвэрч аваад газар унагаасан. Тэгээд салцгаахад тэр хүмүүс хэл амаар доромжлоод “та нарыг амьд явахыг харнаа” гээд заналхийлсэн. Би гомдолтой байна. Миний нэхий дээлийг урсан байсан. Мөн эм тарианы мөнгө болох 500.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/,
3. Гэрч Г.Д- 2017.12.30-ны өдөр мэдүүлэхдээ: ... аав Г- 10 жилийнхээ уулзалтанд яваад 2017.12.30-ны шөнө 02 цагийн үед гэртээ ирж явсан гэсэн. Тухайн үед ээж, дүүгийнхээ хамт гэртээ унтаж байтал шөнө 02 цагийн үед гудамжинд нохой хуцаад чимээ шуугиан гараад байхаар нь би дүү Ө-ийг “гараад хардаа, аав ирж байж магадгүй” гэж хэлсэн. Тэгтэл дүү гаднаас орилсоор орж ирээд “аавыг гудамжинд хажуу хашааны хүмүүс зодоод байна” гэхээр нь би гэрээс гарахад аавыг газар унагаачихсан хажуу хашааны өндөр шар, давхраатай том нүдтэй, 30 орчим насны зүс таних ах хавирга, цээж хэсэг рүү нь өшиглөж байсан. Би аавыгаа тэднээс салгаж авахад хамт байсан эмэгтэйчүүд нь хэл амаар доромжлоод байсан. Ээж цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд тэднийг авч явсан. Ээж хашаандаа машинаа асааж халаагаад байж байтал хажуу хашаанаас нэг залуу, гурван эмэгтэй орж ирээд “та нар яагаад явахгүй байгаа юм, хурдан зайлаач, манай нөхрийг авч явсан хэрнээ, танай нөхрийг авч явсангүй” гэж хэл амаар доромжилж өндөр шар ахын эхнэр нь миний үснээс зулгааж, газар унагааж чирсэн. Намайг газар унасан байхад хажуу талаас нэг намхан биетэй, эрээн халадтай эмэгтэй миний гэдэс рүү өшиглөсөн. Би хажуу хашааныхаа хүмүүст маш их гомдолтой байна. Аавыг болон намайг цохиж зодсон. Амгалан тайван байдал алдагдуулж, айлгаж сүрдүүлсэнд гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,
2017.01.24-ний өдөр мэдүүлэхдээ: ... Намайг хашаанаас гарахад аав Г- газар хэвтсэн хажууд нь урд хашааны айлын ах болон өндөр нуруутай ах хоёр зогсож байсан, зодож байгаагүй. Аав урд айлын хашааны хаалганы хажуу талд хэвтэж байсан. Намайг очиход тэдний хашаанаас эхнэрүүд нь гарч ирээд “танай аав чинь манай хашаанд явж байсан” гэж хэлсэн. Тэгээд л хэрүүл маргаан болсон. Аавын нүүр, чих нь цус болсон байсан ба гадуур өмссөн байсан нэхий дээл нь энгэр хэсгээрээ урагдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
4. Гэрч Л.Ч- 2018.01.14-ний өдөр мэдүүлэхдээ: ... нөхөр Ш.Г- 10 жилийнхэнтэйгээ уулзаж байна гэж ярьж байсан. Шөнө 02 цагийн үед хашааны гадна нохой хуцаад байхаар нь дунд охин Ө-ийг “аав чинь гадаа такси бариад ирсэн байх мөнгө аваад гараад очоодох” гэхэд охин Ө- гэрээсээ гараад хэсэг хугацааны дараа “аав хүнд зодуулж байна” гээд орилоод орж ирсэн. Гараад очиход урд айлын хашааны үүдэнд 3-4 эрэгтэй, эмэгтэй хүмүүс зогсож байсан ба манай нөхөр газар хэвтсэн дээрээс нь нэг залуу дарсан байсан. Аав ухаан алдсан байна гэж охин хэлсэн. Тэр хүмүүс салахгүй дайраад байхаар нь би гэртээ гүйж ороод 102-т дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд 2 залууг аваад явсан. Би өөрийнхөө машинтай араас нь явах гээд байж байхад үлдсэн 1 эрэгтэй, 2 эмэгтэй манай хашаа руу орж ирээд өндөр нуруутай 30 орчим насны эмэгтэй нь ууган охин Д-гийн үснээс нь зулгаагаад чирсэн. Тэр үед манай нөхөр Г- гэрээсээ гарч ирээд хашаанд тэр эмэгтэйтэй хамт орж ирсэн залууг тэвэрч аваад “хүүхэд тавь” гээд орилсон. Би цагдаа руу яриад охиныг бас зодчихлоо гэж хэлэхэд цагдаа нар буцаж ирээд бид нарыг дагуулаад хэлтэс дээр ирсэн. Нөхөр Г-ын хамарнаас цус гарсан, чих нь шалбарсан, нэхий дээл нь урагдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
5. Гэрч Г.Ө- 2018.01.29-ний өдөр мэдүүлэхдээ: ... аав Г- 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10 жилийнхэнтэйгээ уулзана гээд явсан. Шөнө 02 цагийн үед хашааны гадна нохой хуцахад ээж “нохой хуцаад байна, чи гараад хараадах аав чинь ирж байж магадгүй” гэхээр нь би гараад хашааны хаалгаар гартал урд айлын хашааны цаахан талд барилгын цэнхэр хашааны хажууд аав Г- газар хэвтсэн, урд айлын шар царайтай туранхай ах аавыг өшиглөж байсан. Хажууд нь өндөр биеэрхүү ах аавын нэхийнээс зулгаасан байдалтай байхаар нь “болиоч” гэж орилчихоод гэр рүүгээ ороод ээжид хэлчихээд буцаад гудамжинд ирэхэд аавыг зодож байсан ах нар хараад зогсож байсан. Хажууд нь 2-3 эмэгтэй хамт явж байхаар нь “та нар яагаад настай хөгшин хүнийг зодож байгаа юм бэ” гэхэд “хашааны хаалга нүдээд тайван байлгахгүй байхаар нь гарч ирээд зодсон” гэж хэлсэн. Тэр үед ээж Ч- цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд аавыг зодсон хоёр ахыг аваад явсан. Бид цагдаагийн машины араас явахаар ээжийн машиныг асаагаад халааж байтал хашаан дотор хоёр эмэгтэй, нэг эрэгтэй орж ирээд нэг эмэгтэй нь эгч Д-г үсдээд, харин нөгөө эрэгтэйтэй нь аав заамдалцаад газар хэвтэж байсан. Тухайн үед манай аавын хамарнаас цус гарсан, хувцасны энгэр хэсэг нь цус болсон, нүд нь хавдсан, нэхий дээл нь урагдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
6. Гэрч Б.З- 2018.02.01-ний өдөр мэдүүлэхдээ: ...тухайн үед Монгол бахархалын өдөр буюу баярын өдөр болж байсан ба манай нөхөр ажлынхаа шилдэг ажилтан болж шагнал авсанд нь баяр хүргэхээр найз нар нь манай гэрт ирсэн. Бид нар урд талын гэрт орж хөзөр тоглонгоо бага зэргийн пиво уугаад суусан. Би шөнө 02 цагийн үед хүүхдээ унтуулахаар хойд талын буюу өөрийн гэртээ ороод байж байхад хашааны хаалга дуугарч хүн явж байгаа чимээ сонсогдсон. Удалгүй манай гэрийн хаалгыг согтуу эрэгтэй хүн онгойлгож шагайгаад хаалгыг хаахад цаанаас нь манай нөхөр ирээд “юун хүн бэ, юу хийж яваа юм” гэж хэлээд ноцолдох чимээ гарсан. Хэсэг хугацааны дараа хашааны хаалгаар гарахгүй байгаа бололтой хашааны хаалга дуугарсан. Эмэгтэй хүмүүс орилолдоод байхаар нь би гэрээсээ гараад хашааны хаалгаар гартал тэр согтуу хүн манай хойд айлын настай ах байсан. Тэр ахын эхнэр нь “та нар бүгдээрээ манай нөхрийг зодсон” гэж буруугаар ойлгоод цагдаа дуудна гээд явсан. Эхнэр хүүхдүүдэд нь юу болсон талаар тайлбарлаж хэлэхэд “юун сүртэй юм, хаалга андуураа л биз” гээд орилж хашгираад учраа олохгүй цагдаад хэлнэ гээд байсан. Удалгүй цагдаа нар ирээд манай нөхрийг найзтай нь хамт аваад явсан. Хойд айлын хүмүүс цагдаа руу явахгүй үлдчихээр нь бэр эгч Ундрам, ах Хөхчулуун, найз Г- бид 4 “та нар бас цагдаа руу яваач” гээд очиход Г- ах согтуу гарч ирээд агсраад ах Хөхчулуун руу дайраад байхаар нь бэр эгч Ундрам тэдний охин Д-тай маргалдаж үсдэлцээд салсан. Би Г- ахын нүүрнээс цус гарсан үгүйг анзаарч хараагүй. Харин манай нөхөр Э- нүүрнээс нь цус гарсан байсан гэж сүүлд нь надад хэлсэн. Г- ах дээгүүрээ хар өнгийн куртик өмссөн байсан ба урагдсан эсэхийг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
7. Гэрч Б.Х- 2018.02.01-ний өдөр мэдүүлэхдээ: ... 2017 оны 12 дугаар сарын 29-ний орой манай гэрт бүгдээрээ хөзөр тоглож, пиво ууцгаасан. ... хүргэн Э- “хашааны хаалга дуугараад байна, хүн ирж байгаа юм уу, харанхуй шөнө хэн ирдэг билээ” гээд гэрээс гарсан. Удалгүй эрэгтэй хүнтэй маргалдаад байх шиг байхаар нь Л- “би хараад ирье” гээд Э-ы араас гарсан. Манай эхнэр Ундрам “гадаа муудалцаад байгаа юм биш үү, гаръя” гээд гарахад нь би эхнэрийнхээ араас гарсан. Хашаанаас гараад очиход хойд айлын эгч охидуудын хамт ирсэн манай эхнэр болон эмэгтэйчүүд хоорондоо хэрэлдэхдээ “цагдаа дуудсан байгаа” гээд орилоод дайраад байхаар нь би хэрүүл хийгээд яахав гээд эхнэр, дүү нарыгаа аваад хашаа руу оруулсан. Удалгүй цагдаа ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
8. Гэрч Т.У- 2018.02.02-ны өдөр мэдүүлэхдээ: ...тухайн орой 22 цагийн үед хүргэн Э-ы найз Л-, эхнэр хүүхдүүдийн хамт ирсэн. Манай гэрт хөзөр тоглож, пиво уусан. Шөнийн 02 цаг өнгөрч байхад хашааны хаалга түжигнэж дуугараад, нохой хуцаад, гэрийн хойд талд хүн явах чимээ гарахаар нь Э-д “хашаанд хүн орж ирээд яваад байх шиг байна, гараад хараадах” гэхэд Э- гарсан. Удалгүй гэрийн хойд талд хүн ноцолдоод байх шиг чимээ гарсан. Тэгсэн Л- “би гараад хараад ирье” гээд гарсан. Хүмүүс орилолдоод байхаар нь нөхөр Хөхчулууны хамт хашаанаас гараад очиход хойд айлын хүмүүс байсан. Тэд “та нар манай аавыг зодчихлоо” гээд орилж дайраад бүх хүмүүсийг тоолоод тэдэн хүн байна гээд байхаар нь Г- ахын эхнэрт “танай нөхөр манай хашаанд явж байсан” гэхэд “согтуу хүн айл андуураад орсон байгаа биз дээ, юун сүртэй юм, бид нар цагдаа дуудсан байгаа” гэхээр нь хэрэлдээд яахав гээд гэртээ ороод байж байтал цагдаа ирээд Э-, Л- хоёрыг аваад явсан. Би нөхөр Хөхчулууны хамт хойд айлын хашааны үүдэнд очоод уулзах гэхэд Г- гэрээсээ гарч ирээд манай нөхрийн цамц, куртикнаас зулгаагаад ноцолдоод байхаар нь “болиоч” гээд салгах гэтэл охин Д- нь гарч ирсэн. Би “та нар цагдаа руу яваач” гэхэд “чи муу авгай минь” гэхээр нь “чи хүүхэд гаргачихаад авгай болохгүй байхыг чинь харна” гэхэд “чи муу шээс гаргачихаад юу гээд байгаа юм” гээд дайрч бид хоёр үсдэлцээд зууралдаж байгаад салсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №908 дугаартай дүгнэлтэнд:
1. Ш.Г-ын биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, баруун, зүүн чих, баруун сарвуу, бугуйнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэх боломжтой.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 31-р хуудас/,
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №907 дугаартай дүгнэлтэнд:
1. Г.Д-гийн биед баруун бугалга, зүүн гуя, цээжинд цус хуралт, духанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэх боломжтой.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 35-р хуудас/,
11. Шүүгдэгч Д.Э-ы хувийн байдалтай холбоотой баримтууд:
- урьд ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/,
- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 52-р хуудас/,
- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 59-р хуудас/,
- хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 66-67-р хуудас/,
- ... эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 68-р хуудас/,
- Д.Э-ы хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт /хх-ийн 69-р хуудас/ зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Д.Э-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Э- нь 2017 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ............. тоот хашаанд хохирогч Ш.Г-ыг цохиж биед нь “...уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, баруун, зүүн чих, баруун сарвуу, бугуйнд зулгаралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Ш.Г-ын ... Намайг явж байхад урд хашааны үүдэнд 2 залуу зогсож байсан. Хажуугаар нь гарахад өндөр нуруутай залуу нь “тамхи байна уу ах” гэхээр нь “надад тамхи байхгүй, тамхиа дэлгүүрээс очиж ав” гээд хэгжүүрхэж хэлэхэд “ямар хэгжүүн юм бэ” гэхээр нь “юу гээд байгаа юм бэ” гэхэд тэр өндөр залуу миний зүүн талын шанаа руу цохиж унагаасан. Тэгээд л би ухаан алдаад гэртээ сэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/,
2. Гэрч Г.Д-гийн ... шөнө 02 цагийн үед гудамжинд нохой хуцаад чимээ шуугиан гараад байхаар нь би дүү Ө-ийг “гараад хардаа, аав ирж байж магадгүй” гэж хэлсэн. Тэгтэл дүү гаднаас орилсоор орж ирээд “аавыг гудамжинд хажуу хашааны хүмүүс зодоод байна” гэхээр нь би гэрээс гарахад аавыг газар унагаачихсан хажуу хашааны өндөр шар, давхраатай том нүдтэй, 30 орчим насны зүс таних ах хавирга, цээж хэсэг рүү нь өшиглөж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,
2017.01.24-ний өдөр: ... Намайг хашаанаас гарахад аав Г- газар хэвтсэн хажууд нь урд хашааны айлын ах болон өндөр нуруутай ах хоёр зогсож байсан, зодож байгаагүй. ... тэдний хашаанаас эхнэрүүд нь гарч ирээд “танай аав чинь манай хашаанд явж байсан” гэж хэлсэн. Тэгээд л хэрүүл маргаан болсон. Аавын нүүр, чих нь цус болсон байсан ба гадуур өмссөн байсан нэхий дээл нь энгэр хэсгээрээ урагдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
3. Гэрч Л.Ч-ы ... Шөнө 02 цагийн үед хашааны гадна нохой хуцаад байхаар нь дунд охин Ө-ийг “аав чинь гадаа такси бариад ирсэн байх мөнгө аваад гараад очоодох” гэхэд охин Ө- гэрээсээ гараад хэсэг хугацааны дараа “аав хүнд зодуулж байна” гээд орилоод орж ирсэн. Гараад очиход урд айлын хашааны үүдэнд 3-4 эрэгтэй, эмэгтэй хүмүүс зогсож байсан ба, манай нөхөр газар хэвтсэн дээрээс нь нэг залуу дарсан байсан. ... Тэр үед манай нөхөр Г- гэрээсээ гарч ирээд хашаанд тэр эмэгтэйтэй хамт орж ирсэн залууг тэвэрч аваад “хүүхэд тавь” гээд орилсон. ... Нөхөр Г-ын хамарнаас цус гарсан, чих нь шалбарсан, нэхий дээл нь урагдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
4. Гэрч Г.Ө-ийн ... Шөнө 02 цагийн үед хашааны гадна нохой хуцахад ээж “нохой хуцаад байна, чи гараад хараадах аав чинь ирж байж магадгүй” гэхээр нь би гараад хартал урд айлын хашааны цаахан талд барилгын цэнхэр хашааны хажууд аав Г- газар хэвтсэн, урд айлын шар царайтай туранхай ах өшиглөж байсан. Хажууд нь өндөр биеэрхүү ах аавын нэхийнээс зулгаасан байдалтай байхаар нь “болиоч” гэж орилчихоод гэр рүүгээ ороод ээжид хэлчихээд буцаад гудамжинд ирэхэд аавыг зодож байсан ах нар хараад зогсож байсан. Хажууд нь 2-3 эмэгтэй хамт байхаар нь “та нар яагаад настай хөгшин хүнийг зодож байгаа юм бэ” гэхэд “хашааны хаалга нүдээд тайван байлгахгүй байхаар нь гарч ирээд зодсон” гэж хэлсэн. ... Тухайн үед манай аавын хамарнаас цус гарсан, хувцасны энгэр хэсэг нь цус болсон, нүд нь хавдсан, нэхий дээл нь урагдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
5. Гэрч Б.З-гийн ... Би шөнө 02 цагийн үед хүүхдээ унтуулахаар хойд талын буюу өөрийн гэртээ ороод байж байхад хашааны хаалга дуугарч хүн явж байгаа чимээ сонсогдсон. Удалгүй гэрийн хаалгыг согтуу эрэгтэй хүн онгойлгож шагайгаад хаалгыг хаахад цаанаас нь манай нөхөр ирээд “юун хүн бэ, юу хийж яваа юм” гэж хэлээд ноцолдох чимээ гарсан. Хэсэг хугацааны дараа хашааны хаалгаар гарахгүй байгаа бололтой хашааны хаалга дуугарсан. Эмэгтэй хүмүүс орилолдоод байхаар нь би гэрээсээ гараад хашааны хаалгаар гартал тэр согтуу хүн нь манай хойд айлын настай ах байсан. Тэр ахын эхнэр нь “та нар бүгдээрээ манай нөхрийг зодсон” гэж буруугаар ойлгоод цагдаа дуудна гээд явсан. Эхнэр хүүхдүүдэд нь юу болсон талаар тайлбарлаж хэлэхэд “юун сүртэй юм, хаалга андуураа л биз” гээд орилж хашгираад учраа олохгүй цагдаад хэлнэ гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
6. Гэрч Б.Х-ы ... хүргэн Э- “хашааны хаалга дуугараад байна, хүн ирж байгаа юм уу, харанхуй шөнө хэн ирдэг билээ” гээд гэрээс гарсан. Удалгүй эрэгтэй хүнтэй маргалдаад байх шиг байхаар нь Л- “би хараад ирье” гээд Э-ы араас гарсан. Манай эхнэр Ундрам “гадаа муудалцаад байгаа юм биш үү, гаръя” гээд би эхнэрийнхээ араас хашаанаас гараад очиход хойд айлын эгч охидуудын хамт ирсэн манай эхнэр болон эмэгтэйчүүд хоорондоо хэрэлдэхдээ “цагдаа дуудсан байгаа” гээд орилоод дайраад байхаар нь би “хэрүүл хийгээд яахав” гээд эхнэр дүү нараа хашаа руу оруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
7. Гэрч Т.У-ын ... Шөнийн 02 цаг өнгөрч байхад хашааны хаалга түжигнэж дуугараад, нохой хуцаад, гэрийн хойд талд хүн явах чимээ гарахаар нь Э-д “хашаанд хүн орж ирээд яваад байх шиг байна, гараад хараадах” гэхэд Э- гэрээс гарсан. Удалгүй гэрийн хойд талд хүн ноцолдоод байх шиг чимээ гарсан. Тэгсэн Л- “би гараад хараад ирье” гээд гарсан. Гэтэл хүмүүс орилолдоод байхаар нь нөхөр Хөхчулууны хамт хашаанаас гараад очиход хойд айлын хүмүүс байсан. Тэд “та нар манай аавыг зодчихлоо” гээд орилж дайраад бүх хүмүүсийг тоолоод тэдэн хүн байна гээд байхаар нь Г- ахын эхнэрт “танай нөхөр манай хашаанд орж ирээд явж байсан” гэхэд “согтуу хүн айл андуураад орсон байгаа биз дээ, юун сүртэй юм, бид нар цагдаа дуудсан байгаа” гэхээр нь хэрэлдээд яахав гээд гэртээ ороод байж байтал цагдаа ирээд Э-, Л- хоёрыг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №908 дугаартай дүгнэлтэнд:
1. Ш.Г-ын биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, баруун, зүүн чих, баруун сарвуу, бугуйнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэх боломжтой.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 31-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Д.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нараас “...хэргийн үйл баримт болоод шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй” болно.
Яллах дүгнэлтэнд 2017 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө гэмт хэрэг гарсан гэж дүгнэсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2017 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдож байх тул зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт гэрч Г.Д-гийн “... Ээж хашаандаа машинаа асааж халааж байтал хажуу хашаанаас нэг залуу, гурван эмэгтэй орж ирээд “та нар яагаад явахгүй байгаа юм, хурдан зайлаач, манай нөхрийг авч явсан хэрнээ, танай нөхрийг авч явсангүй” гэж хэл амаар доромжилж өндөр шар ахын эхнэр нь миний үснээс зулгааж, газар унагааж чирсэн. Намайг газар унасан байхад хажуу талаас нэг намхан биетэй, эрээн халадтай эмэгтэй миний гэдэс рүү өшиглөсөн. Би хажуу хашааныхаа хүмүүст маш их гомдолтой байна” /хх-ийн 13-15-р хуудас/ гэж мэдүүлсэн боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №907 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “Г.Д-гийн биед эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэг тогтоогдоогүй” гэх дүгнэлт гарсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдсан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Э- нь 2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, .............. тоот хашаанд хохирогч Ш.Г-ыг “хашаан дотор орж ирлээ” гэж нүүрэн тус газар нь цохиж биед нь “...уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, баруун, зүүн чих, баруун сарвуу, бугуйнд зулгаралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ш.Г-ын мэдүүлэг, гэрч Г.Д-, Л.Ч-, Г.Ө-, Б.З-, Б.Х-, Т.У- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №908 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгчид ял оногдуулахдаа бага насны 2 хүүхэдтэй, ар гэрээ тэжээдэг бөгөөд эхнэр нь ажил хийдэггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү. Мөн шүүгдэгчийн өрхийн орлого сарын 480.000 төгрөг, мөн группийн 144.000 төгрөг авдаг нь 4 ам бүлд хувааж үзвэл амьжиргааны баталгаажих доод түвшинд хүрэхгүй байгаа учраас улсын яллагчийн санал болгосон торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхийг даалгахыг хүсэж байна” гэсэн санал гаргав.
Шүүгдэгч Д.Э- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон 50 хувь хөдөлмөрийн чадвар алдалттай хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Э-ы эрүүл мэндийн болон орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийхэд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг нарийвчлан тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Ш.Г- нь мөрдөн байцаалтын шатанд “...хохиролд 500.000 төгрөг авсан тул гомдолгүй” /хх-ийн 62-р хуудас/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй үзэв.
Шүүгдэгч Д.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.