Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/01190

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/01190

 

 

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102Ш2021/01452 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмждэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 06732 дугаартай захирамжаар Ч.Б-ээс 561 499 250 төгрөг гаргуулж, Улаанбаатар гурил ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус тул хүчингүй болгуулах гомдлыг НШШГГ-т гаргасныг шийдвэрлэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хариуг зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 18251018/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, мөн өдрийн 18251018/03 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 65 дугаар шинжээч томилох тухай тогтоол гаргасан. Шинжээч Мөнх-Оргил трейд ХХК-ийн дүгнэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн. Уг үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргаж 3 шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр албадан дуудлага худалдаа зарласан бөгөөд уг дуудлага худалдааны зарын 73 дугаарт Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 1 тоотод байрлах 380 м.кв талбайтай 1 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, өргөтгөлийн 96 м.кв талбайтай үйлчилгээний үл хөдлөх хөрөнгө, 948 м.кв талбайтай газрын хамт дуудлага худалдаанд оруулахаар зарласан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгч, төлбөр төлөгчид анхны албадан дуудлага худалдааг мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Үнэлгээний тайлангаар 460 150 000 төгрөгөөр үнэлсэн байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үнэлгээг буруулсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгч, төлбөр төлөгчид анхны албадан дуудлага худалдааг мэдэгдэлгүй явуулсан, үнийг бууруулсан талаарх гомдлыг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр НШШГГ-т гаргасан байхад 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан болохыг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн. НШШГГ-т 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасныг хүлээн авахаас татгалзсан хариуг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр шуудангаар авсан. Мөн өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн албан хариуг шуудангаас 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хоёр дахь дуудлага худалдаагаар Ч.Б-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан байна. Иймд 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр явагдсан хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 102/Ш32018/06732 дугаар шийдвэрээр Ч.Б-ээс 561 499 250 төгрөгийг гаргуулж Улаанбаатар гурил ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аюуш-1 тоотод байрлах Ч.Б-ийн өмчлөлийн 380 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 1 давхар үл хөдлөх хөрөнгө, 96 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, Л.Аюуш-1, 100 тоот хаягт байрлах 948 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход 460 150 000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр төлөгч Ч.Б-д 2019 оны 4/6738 дүгаартай албан бичгээр мэдэгдэхэд шүүхэд гомдол гаргасан. Төлбөр төлөгч Ч.Б-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай гомдлыг гурван шатны шүүх хянаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд төлбөр төлөгч Ч.Б- нь хөрөнгө албадан борлуулах ажиллагааны талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаж 3 шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт зааснаар дахин гомдол гаргах эрхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Ч.Б-тэй 2017 оноос хойш энэ өр авлагыг барагдуулах талаар яригдаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр 2018 онд гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Нэхэмжлэгчийн хувьд 2018 онд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаж 3 шатны шүүхээр 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр эцэслэн шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан ба тус шүүхийн тамгын газраас хариу өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхээр шийдвэрлүүлсэн бол хөрөнгийн албадан дуудлага худалдаатай холбоотой гомдол гаргах эрхгүй гэж заасан. Иймд нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасныг баримтлан төлбөр төлөгч Ч.Б-ийн өмчлөлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюуш-1 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0713001029 дугаарт бүртгэгдсэн 380 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 1 давхар үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-0713003452 дугаарт бүртгэгдсэн 96 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, Л.Аюуш-1, 100 тоот хаягт байрлах 948 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг худалдсан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгохыг хүссэн Ч.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй. Төлбөр төлөгчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаж 3 шатны шүүхээр хэрэг нь эцэслэн шийдвэрлэсэн байхад нэхэмжлэлийг хүлээн авч тус газраас зохион байгуулсан хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна .

Тус шүүхийн шийдвэрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2146 тоот тогтоолыг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шуудангаар явуулсан нь төлбөр төлөгчид дуудлага худалдаа явагдахаас өмнө хүргэгдэх боломжийг алдагдуулсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт дуудлага худалдаанд талуудаас гадна дараах этгээд оролцож болно Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч, дуудлага худалдаанд оролцох эрхтэй гэснийг зөрчсөн.

Тус газрын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт баталгаат шуудангаар мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд төлбөр төлөгчийн зүгээс албадан дуудлага худалдаанд оролцох эрхтэй, заавал оролцох үүрэг хүлээгээгүй, тус газраас хөрөнгийг худалдан борлуулах талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, өөрийн цахим сайтад байрлуулсан тул албадан дуудлага худалдааны талаар мэдэх бүрэн боломжтой байсан. Мөн албадан дуудлага худалдаа явагдсаны дараа буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/2566 дугаар мэдэгдлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13 дахь хэсэгт зааснаар төлбөрийг төлж барагдуулах 14 хоногийн хугацаа олгосон боловч төлбөрийг төлж барагдуулаагүй нь шуудангаар хүргүүлсэн мэдэгдлийг хүлээн авахаас татгалзах, хойшлуулж хугацаа авах гэсэн санаатай үйлдэл гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ч.Б- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2018/06732 дугаартай захирамжаар Ч.Б- нь 561 499 250 төгрөгийг Улаанбаатар гурил ХХК-д төлөхөөр талууд эвлэрснийг баталжээ. /хх47/

 

Төлбөр төлөгч Ч.Б- нь дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 18251018 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх48/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 1 тоот хаягт байрлах төлбөр төлөгч Ч.Б-ийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай 380 м.кв талбайтай барилга, 96 м.кв талбайтай агуулах, 948 м.кв талбайтай газар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч Мөнх-Орил трейд ХХК 460 150 000 төгрөгөөр үнэлсэн үйл баримт тогтоогджээ.

 

Төлбөр төлөгч Ч.Б- нь үнэлгээ хийлгэх тогтоол болон дээрх үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03142 дугаар шийдвэрээр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 1 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалтай 380 м.кв талбайтай барилга, 96 м.кв талбайтай агуулах, 948 м.кв талбайтай газар зэргийг 460 150 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг болон хариуцагч байгууллагын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шинжээч томилох тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-49-67/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/73 дугаар тогтоолоор төлбөрт хураагдсан Дорноговь аймгийн Сайншан сумын 1 дүгээр баг Аюуш-1 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0713001029 дугаарт бүртгэлтэй 380 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 1 давхар үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0713003452 дугаарт бүртгэлтэй 96 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттхй үл хөдлөх хөрөнгө, Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, Л.Аюуш-1, 100 тоот хаягт байрлах 948 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн боловч үнийн санал ирээгүй байна. /хх-81/

Хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т зааснаар анхны албадан дуудлага худалдаа хүчингүй болгосон бөгөөд шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/46 дугаар тогтоолоор төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэжээ. /хх-79/

 

Гэвч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/46 дугаар тогтоолыг төлбөр төлөгч Ч.Б-д шуудангаар хүргүүлснийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 42 минутад төлбөр төлөгчийн нөхөр н.Баатар хүлээн авсан нь Монгол шуудан ХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 05/401 тоот албан бичгээр тогтоогдсон байна.

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/46 дугаар тогтоолыг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шуудангаар явуулсан нь төлбөр төлөгчид дуудлага худалдаа явагдахаас өмнө хүргэгдэх боломжийг алдагдуулсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд хариуцагч нь энэ хугацаанд дуудлага худалдаа хойшлогдож байсан талаарх баримтаа гаргаж ирүүлээгүй байна.

 

Иймд төлбөр төлөгч Ч.Б-ийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оролцох эрхийг хариуцагч НШШГГ- зөрчсөн гэж үзнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3. Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ. гэж заасныг хариуцагч байгууллага хангаагүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заасан. Хариуцагч байгууллагаас төлбөр төлөгчид хоёр дахь дуудлага худалдааны мэдэгдэх хуудсыг гардуулахаар түүнийг дуудсан, мөн утсаар мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байна.

Төлбөр төлөгч Ч.Б- нь хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдолд 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 04/481 дугаар албан бичгээр хариу өгсөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан. Нэхэмжлэгч Ч.Б- нь 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул дээрх хугацааг хэтрүүлээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар Ч.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй... гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч Ч.Б- нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргаагүй болно.

 

Мөн хариуцагч байгууллага анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдсан талаарх тэмдэглэл, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай мэдээлсэн баримтаа гаргаж өгөөгүй, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлаа нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дүгээр зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг тодорхойлсон байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй болжээ. Иймд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад хариуцагч байгууллагын нэрийг ...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар... гэж буруу бичснийг ... НШШГГ- ... гэж залруулах зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/01452 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 гэж, 2 дахь заалтын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 гэж, 2, 3 дахь заалтын ... Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас... гэснийг ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч НШШГГ- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ