Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б- овогт Б-ы Г-д холбогдох эрүүгийн 1810004600189 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино, телевизийн зураглаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны ........... тоотод бүртгэлтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны ............. тоотод амьдардаг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хаданд түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Б-ы Г- /РД:................../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Г- нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өглөөний 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ......... тоотод хохирогч О.А-г “эхнэртэй муудалцууллаа” гэж зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч Б.Г- 2018.04.14-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2018 оны 02 дугаар сарын 18-ны орой гэртээ байж байхад эмэгтэй дүүгийн нөхөр Ч- бөө болохоор түшээ хийх хүн байхгүй, хүнд засал хийнэ гээд намайг дуудахад нь би эхнэр, хүүхдийн хамт очсон. Тэр өдөр А- гэдэг охин Ч-аар засал хийлгээд шөнийн 04 цагийн үед дууссан. Засал хийдэг гэрээс гараад Ч-ын гэрт ороод А- бид гурав 0,5л савлагаатай “Талын хар” хятад архи, талаас доогуур виски, 3-4 шил пиво хувааж ууцгаасан. Биднийг архи ууж байхад манай эхнэр болон дүү Алт- хоёр унтах гээд хэвтсэн. Удалгүй Ч- унтах гээд хэвтсэн ба А- нөхөртөө гомддог талаараа ярьж байгаад хамт тамхи татахаар гэрээс гараад тамхи татангаа ойр зуурын юм яриад сууж байтал манай эхнэр гэрээс гарч ирээд намайг “харанхуй шөнө эмэгтэй хүнтэй юу хийгээд зогсож байгаа юм” гээд надад уурласан. Би А-д “чамаас л хамаг юм болж эхнэр бид хоёрын хооронд хэрүүл боллоо” гээд түүний зүүн хацарт нь нэг удаа алгадсан. Би гэртээ орох замдаа А-гийн шилбэнд нь өшиглөтөл газар унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-33-р хуудас/,

 

   2. Хохирогч О.А- 2018.03.20-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би өмнө нь ээжтэйгээ хамт очиж үзүүлдэг байсан Ч- гэдэг бөө ах дээр 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буюу шиний гуравны өдөр заслаа хийлгэх гээд ХУД-ийн 10 дугаар хороо ....... гудамжинд байдаг гэрт нь 22 цагийн үед очиход Ч- бөө түшээ байхгүй гээд нэг хүнээр түшээ хийлгэхээр дуудахад тэр нь эхнэр хүүхдийн хамт ирсэн. Би засал номоо хийлгээд үүрийн 05 цагийн үед дууссан. Бөөгийн онгод тэнгэр биеэс нь гарч явахаас өмнө архинаас хүн болгон гурав, гурван удаа уучихаад явцгаагаарай гэж хэлсэн болохоор үлдсэн архинаас нь би 3 удаа уусан. Би гэрээс нь гараад тамхи татаад зогсож байтал араас түшээ хийсэн Г- гээд ах гарч ирсэн. Би тухайн үед нээх юм бодоогүй байж байтал араас тэвэрч аваад баруун шуунаас базаад “хоёулаа манайд очье” гэхээр нь би гарыг нь тавиулах гэж оролдоод “та юу яриад байгаа юм бэ” гээд орилоход гэрээс эхнэр нь гарч ирээд нөхрийгөө загнаад “юу болоод байгаа юм” гэхэд Г- ах намайг “янхан гичий минь” гэж орилоод үснээс зулгаагаад зүүн хацарт 2-3 удаа алгадахаар нь би Ч- ахын гэрт орох гэтэл миний баруун хөлийн шилбэнд өшиглөөд, гэдэс рүү жийж унагаасан. Би босоод гэрт ороод Ч- ахыг сэрээхэд намайг зодсон хүний эхнэр нь хүүхдүүдээ аваад явчихсан байсан. Би Ч- ахын эхнэртэй нь хамт унтаад өглөө нь гэртээ харьсан. Манай найз залуу миний хөлийн хөхөрсөн хэсгийг хараад юу болсон талаар асуухаар нь болсон явдлыг хэлтэл цагдаад дуудлага өгсөн. Би Г-ас яагаад намайг зодсон талаар асуухад “би чамаар тоглож байсан юм, яах нуу гэж үзсэн юм” гэж хэлсэн. Би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 6-10-р хуудас/,

 

3. Гэрч Г.А- 2018.02.19-ний өдөр мэдүүлэхдээ: ... 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед эхнэр А- гэртээ ирэхдээ өчигдөр өөрийн очдог бөө дээр очиж үзүүлсэн. Тэр үед бөөгийн түшээ байхгүй гээд 40 орчим насны халамцуу эрэгтэй түшихээр болсон. Бөөг бууж дуусахаар нь гэрээс гараад тамхи татаад зогсож байтал түшээ хийсэн залуу манай эхнэрийн араас нь тэвэрч аваад “явъя, манай гэрт хамт очье” гээд татаж чангаагаад байсан гэсэн. Тэр үед гэрээс нь хүн гарч ирээд түүнийг болиулсан гэж хэлсэн. Түшээ хийж байсан 40 орчим насны эрэгтэй хүмүүсээс ичиж зовсон шинжтэй манай эхнэрийг өөрийгөө оролдлоо гээд түүнийг алгадаж, шилбэ рүү нь өшиглөсөн, мөн урагшаа зарна гэх мэтээр сүрдүүлсэн байсан. Би үүнийг сонсоод дахин ийм зүйл давтагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

 

4. Гэрч Н.Ц- 2018.02.20-ны өдөр мэдүүлэхдээ: ...Хадам дүүгийн нөхөр Ч- бөө болохоор өвөөгөө буулгах гэтэл түшээ алга гээд 2018 оны 02 дугаар сарын 18-ны орой манай нөхөр Г-ыг дуудахаар нь би хамт очсон. Тэр шөнө засал хийж дуусаад унтах гэж байтал Ч-, Г- болон засал хийлгэсэн А- нар архи, пиво ууцгаасан. Ууж байх үедээ А- манай нөхөр болон Ч- хоёрт сээтэн хаяад өдөөд алцагнаад байсан. Намайг унтаж байтал гадаа хүн орилох шиг болохоор нь гартал манай нөхөр болон тэр охин хоёр хамт зогсож байсан. А- надад “эгчээ нөхрөө ав л даа” гэхээр нь “яасан юм” гээд тэр хоёрыг гэрт оруулаад “юу болсон юм” гэхэд манай нөхөр тэр охинд “чи өөрөө эхэлж сээтгэнэчихээд манай гэр бүлийг үймүүллээ” гэж уурлаад тэр охиныг алгадсан. Би нөхөртөө уурлаад “чи яасан болоод чамайг ав л даа гээд байгаа юм” гэж хэлчихээд хүүхдээ аваад гэртээ харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

 

5. Гэрч О.Алт- 2018.03.29-ний өдөр мэдүүлэхдээ: ...манай нөхөр Ч- бөө болохоор өмнө нь ирж үзүүлж байсан А- гэдэг охин 21 цагийн үед засал хийлгэнэ гээд ирсэн. Манай нөхөрт түшээ хийх хүн байхгүй байсан болохоор төрсөн ах Г-ыг “түшээ хийгээд өгөөч” гэж дуудсан. Удалгүй Г- эхнэр хүүхэдтэйгээ ирсэн. Засал номоо хийгээд шөнө 02 цагийн үед дууссан. Манай нөхөр хүргэн ах ирсэн гээд нэг шил виски болон талын хар гээд архи задлаад ууцгааж байтал А- манай гэрээс гарахгүй манай нөхөр болон ахтай хамт архи ууж суусаар байгаад үүр цайлгасан. Би тэднийг архи ууж үлдэхээр нь унтчихсан. Нэг сэрээд хартал манай нөхөр унтлаа гээд миний хажуугаар орж хэвтээд А- болон Г- ах хоёр архи уугаад суугаад үлдсэн. Архи ууж байхдаа А- нөхрөө намайг хуурсан гэх мэтчилэн юм яриад уйлаад байсан. Намайг унтаж байтал гадаа хүн хашгираад байхаар нь босоод гарахад А- Г- ах хоёр хоорондоо хэрэлдэж байхад Г- ахын эхнэрийн дуу гараад Г- ахыг “жаахан охин хүүхэд зодоод байгаа юм уу” гээд загнаж байсан. А- гэрт орж ирээд уйлаад “зүгээр дэлгүүр л явъя гэсэн шүү дээ” гээд байсан. Би болсон асуудлын талаар мэдээгүй болохоор А-тэй хамт унтсан. Гэр дотор ямар нэгэн зодоон болоогүй. Харин гэрийн гадаа болсон асуудлыг мэдэхгүй байна. Маргааш өглөө нь А- “намайг Г- ах өшиглөсөн” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №2688 дугаартай  дүгнэлтэнд:

1. О.А-ий биед баруун, зүүн шуу, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завьжинд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 24-р хуудас/,         

7. Шүүгдэгч Б.Г-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- гэрч Д.Отгоны мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36-р хуудас/,

-  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37-р хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-р хуудас/,

- Тайз, дэлгэцийн урлагийн “Харцага” дээд сургуулийн Бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 39-41-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г- нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өглөөний 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ........ тоотод хохирогч О.А-г “эхнэртэй муудалцууллаа” гэж зодож биед нь “...баруун, зүүн шуу, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завьжинд шарх” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

   1. Хохирогч О.А-ий ... Би засал номоо хийлгээд үүрийн 05 цагийн үед дууссан. ... Би гэрээс нь гараад тамхи татаад зогсож байтал араас түшээ хийсэн Г- ах гарч ирсэн. Би тухайн үед нээх юм бодоогүй байж байтал араас тэвэрч аваад баруун шуунаас базаад “хоёулаа манайд очье” гэхээр нь би гарыг нь тавиулах гэж оролдоод “та юу яриад байгаа юм бэ” гээд орилоход гэрээс эхнэр нь гарч ирээд нөхрийгөө загнаад “юу болоод байгаа юм” гэхэд Г- ах намайг “янхан гичий минь” гэж орилоод үснээс зулгаагаад зүүн хацарт 2-3 удаа алгадахаар нь би Ч- ахын гэрт орох гэтэл миний баруун хөлийн шилбэнд өшиглөөд, гэдэс рүү жийж унагаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 6-10-р хуудас/,

 

2. Гэрч Г.А-ын ... Бөөг бууж дуусахаар нь манай эхнэр А- гэрээс гараад тамхи татаад зогсож байтал араас нь Г- тэвэрч аваад “явъя, манай гэрт хамт очье” гээд татаж чангаагаад байсан гэсэн. Тэр үед гэрээс нь хүн гарч ирээд түүнийг болиулсан гэж хэлсэн. Түшээ хийж байсан 40 орчим насны эрэгтэй хүмүүсээс ичиж зовсон шинжтэй манай эхнэрийг өөрийгөө оролдлоо гээд түүнийг алгадаж, шилбэ рүү нь өшиглөсөн, мөн урагшаа зарна гэх мэтээр сүрдүүлсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

 

3. Гэрч Н.Ц-ын ... Тэр шөнө засал хийж дуусаад унтах гэж байтал Ч-, Г- болон засал хийлгэсэн А- нар архи, пиво ууцгаасан. ... Намайг унтаж байтал гадаа хүн орилох шиг болохоор нь гартал манай нөхөр болон тэр охин хоёр хамт зогсож байсан. А- надад “эгчээ нөхрөө ав л даа” гэхээр нь “яасан юм” гээд тэр хоёрыг гэрт оруулаад “юу болсон юм” гэхэд манай нөхөр тэр охинд “чи өөрөө эхэлж сээтгэнэчихээд манай гэр бүлийг үймүүллээ” гэж уурлаад тэр охиныг алгадсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

4. Гэрч О.Алт-ын ... Засал номоо хийгээд шөнө 02 цагийн үед дууссан. Манай нөхөр хүргэн ах ирсэн гээд нэг шил виски болон талын хар гээд архи задлаад ууцгааж байтал А- манай гэрээс гарахгүй манай нөхөр болон ахтай хамт архи ууж суусаар байгаад үүр цайлгасан. ... Намайг унтаж байтал гадаа хүн хашгираад байхаар нь босоод гарахад А- Г- ах хоёр хоорондоо хэрэлдэж байхад Г- ахын эхнэрийн дуу гараад Г- ахыг “жаахан охин хүүхэд зодоод байгаа юм уу” гээд загнаж байсан. А- гэрт орж ирээд уйлаад “зүгээр дэлгүүр л явъя гэсэн шүү дээ” гээд байсан. ... Маргааш өглөө нь А- “намайг Г- ах өшиглөсөн” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №2688 дугаартай  дүгнэлтэнд:

1. О.А-ий биед баруун, зүүн шуу, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завьжинд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 24-р хуудас/,         

Шүүгдэгч Б.Г-ын “...Би А-д “чамаас л хамаг юм болж эхнэр бид хоёрын хооронд хэрүүл боллоо” гээд түүний зүүн хацарт нь нэг удаа алгадсан. Би гэртээ орох замдаа А-гийн шилбэнд нь өшиглөтөл тэрээр газарт унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-33-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Г- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч О.А- нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч, хохирогч нар нь илэрхийлснээр /хх-ийн 49-50-р хуудас/ 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дугаартай прокурорын саналаар Б.Г-д холбогдох эрүүгийн 1810004600189 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.Г- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

   Шүүхээс шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч О.А- нь “...шүүгдэгч Б.Г-д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 50-р хуудас/  гэсэн хүсэлтийг прокурорын шатанд гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.