Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/16

 

 

 

 

 

 

2024        03          07                                          2024/ДШМ/16

 

 

Б.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                         Т.Төгөлдөр

Шүүгдэгч                                                          Б.Д

Хохирогч                                                        Д.Б, Д.А

Нарийн бичгийн дарга                                Б.Маралмаа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.Д-д холбогдох 2325000000511 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Д, Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 00 тоотод оршин суух бүртгэлтэй,

 урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

мөн шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар,

мөн шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар ФБ.

 

Б.Д нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант багийн 00 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эцэг, ахмад настан Д.Быг архи уулаа гэсэн шалтгаанаар зүүн хөлөн дээр нь дэвсэж “шагайн гадна, дотно хавчаар ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сард дахин Д.Быг баашиллаа гэсэн шалтгаанаар таягийг нь хугалж, хугарсан байсан хөлний булчин хэсэг рүү өшиглөсөн,

2023 оны 5 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Рашаант багийн 00 тоотод Д.Быг үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар эрүүн тус газарт цохиж “эрүү ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ өөрийн гэртээ буюу Орхон аймгийн Баян-Өндөр сум, Рашаант багийн 00 тоотод Д.Б-ыг “чанга дуугарлаа, намайг цагдаад өгөх гэсэн юм уу” гэсэн шалтгаанаар зодож “зулайн хуйханд язарсан шарх, баруун шуунд зүсэгдэж хатгагдсан шарх, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт, баруун тохой, сарвуу, гуянд цус хуралт, баруун шанаа, эрүү, сарвууны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Рашаант багийн 00 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн эх, ахмад настан Д.А-ийг үл ялих шалтгаанаар зодож “зүүн гарын шуу, өвдөг, баруун шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, зүүн гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2023 оны 10 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 00 тоот гэртээ ээж, аавыгаа загнаж агсамнахад хохирогч Б.Хоролмаа нь “...ээж аавыг загналаа хөгшин хүмүүстэй ингэж харьцаж болохгүй” гэж хэлэхэд нь уурлан хутга авч хохирогчийн хэвлийн тус газар хутгалж эрүүл мэндэд нь хэвлийд хатгагдсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1,2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хотгойд ургийн овогт Б.Д-д холбогдуулж Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

Шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ын цагдан хоригдсон 73 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 15 см урттай ажлын хэсгийн өргөн 6.9 см хэмжээтэй шар өнгийн иштэй заазуур, 28.5 см урттай ажлын хэсгийн өргөн 11*15.2 см ишний урт 28.5 см урттай төмөр сүх, 1 ширхэг шаргал өнгийн хуванцар бариултай гадна талыг нь скочоор ороосон хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж,шүүгдэгч төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Төгөлдөр эсэргүүцэлдээ:

 

“... Шийтгэх тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

 

1. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настай хүний эсрэг үйлдсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дан ганц шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэн нэг үйлдлийг Эрүүгийн хуулийн зүйл хэсэгт зааснаар давхар зүйлчлэхгүй гэх өгүүлбэрээр дүгнэлт хийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Мөн яллах талын нотлох баримтыг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар хангалттай дүгнэлт хийхгүйгээр хэт ерөнхий, товч дүгнэлт хийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг зөрчсөн байна.

 

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байдаг. Үүний дагуу гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэмтлийн зэргээс нь хамааран Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлээс гадна Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилж шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Мөн гэр бүлийн хамааралтай байдлаа далимдуулан хохирогчийн эрүүл мэндэд халдсан бие даасан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулсан бол давхар зүйлчилнэ.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байнга гэдэг нь гурав ба түүнээс дээш удаа гэсэн давтамжийг тодорхойлсон ойлголт бөгөөд “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан" аль нэг үйлдлийг гурав түүнээс дээш удаа, эсхүл нийтдээ гурав ба түүнээс дээш удаа хийсэн байх аль ч тохиолдолд уг гэмт хэргийн шинжийг хангана.

 

Шүүгдэгч Б.Д нь ахмад настай төрсөн эцэг Д.Б-ыг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сард, 2023 оны 5 дугаар сард, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

мөн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ахмад настай төрсөн эх Д.А-ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хэрэгт хууль ёсны цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Гэтэл шүүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх ба тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив тал нь хохирогчийг бие махбодын, сэтгэл санааны... хүчирхийлэлд байнга оруулж, зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах... зэрэг үйлдлээр илрэн гардаг ба дээрх үйлдлийн улмаас хохирол учирсан эсэхээс үл хамааран энэ гэмт хэргийн шинж хангагдана. Гэтэл шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж дүгнэж байна.

 

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй явдал нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Д тайлбартаа: ...Миний буруу гэдгийг ойлгож байна...гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.Б тайлбартаа: ...Хүү маань биднийг тэжээж тэтгэдэг ганц хүн юм... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.А тайлбартаа: ...Хэлэх зүйлгүй... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Төгөлдөр дүгнэлтдээ: ...Эсэргүүцлээ дэмжиж байна...шийтгэх тогтоолыг хүчингүй болгох дүгнэлт гаргаж байна... гэв.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

Прокуророос Б.Д-ыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 00 тоотод байрлах гэртээ 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд өөрийн эцэг, ахмад настан Д.Б-ыг архи уулаа гэх шалтгаанаар зүүн хөлөн дээр нь дэвсэж “шагайн гадна, дотно хавчаар ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сард түүнийг баашиллаа гэх шалтгаанаар таягийг нь хугалж, хугарсан байсан хөлний булчин хэсэг рүү өшиглөсөн,

2023 оны 05 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих шалтгаанаар түүнтэй маргалдаж, улмаар эрүүн тус газарт цохиж “эрүү ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “чанга дуугарлаа, намайг цагдаад өгөх гэсэн юм уу” гэсэн шалтгаанаар түүнийг зодож “зулайн хуйханд язарсан шарх, баруун шуунд зүсэгдэж хатгагдсан шарх, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт, баруун тохой, сарвуу, гуянд цус хуралт, баруун шанаа, эрүү, сарвууны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Рашаант багийн 00 тоотод өөрийн эх, ахмад настан Д.А-ийг үл ялих шалтгаанаар зодож “зүүн гарын шуу, өвдөг, баруун шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, зүүн гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

 

2023 оны 10 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө иргэн Б.Хоролмааг “... ээж аавыгаа загналаа, хөгшин хүмүүстэй ингэж харьцаж болохгүй” гэж хэлэхэд нь уурлан, түүний хэвлийн тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Дын гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан байна.

 

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

 

             “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хохирол, хор уршиг учраагүй байхыг хамааруулан ойлгоно.

 

             Харин гэмт этгээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд хохирогчид учирсан гэмтлийн зэргээс нь хамааран Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн аль тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилж шийдвэрлэх нь хууль хэрэглээний хувьд тогтсон жишиг ойлголт юм.

            

             Гэтэл анхан шатны шүүх “...шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэн нэг үйлдлийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт зааснаар давхар зүйлчлэхгүй ...” гэж дүгнэн Б.Дд холбогдох ахмад настны эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн зүйл, заалт, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

             Иймд прокурорын  “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Мөн аливаа гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн хангалттай тогтоогдоогүй бол ердийн бүрэлдэхүүнээр эрүүгийн хариуцлага оногдуулах бөгөөд харин тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн тогтоогдож буй тохиолдолд гэмт этгээдэд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтад зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахыг анхаарвал зохино.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Булгантамирт даалгасугай.

 

4. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ЦЭЦЭГМАА

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              З.ХОСБАЯР

 

                                            ШҮҮГЧ                                       С.УРАНЧИМЭГ