Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 116/ШШ2025/0026

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал би, Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх ******* дүгнэлттэй, Автотээврийн төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагч ******* холбогдуулан гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0771913 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх ******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлтэй байх тул Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Автотээврийн хяналтын улсын байцаагч *******гээс 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр холбогдогч ******* шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад ...нэг зуун мянган нэгж... гэснийг ... 100,000 төгрөгөөр торгох ... гэж өөрчлөхийг эрх бүхий албан тушаалтанд даалгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Автотээврийн төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дорнод аймгийн Авто тээврийн хяналтын улсын байцаагч ******* би Прокурорын газраас ирүүлсэн дүгнэлттэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага буюу эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Алдаа дутагдал гаргасан үйлдэл гаргасан байна. Цаашид ийм алдааг дахин гаргахгүй байх боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хяларшуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Маргах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх ******* нь ...******* нь тээвэрлэлтийн гэрээ байгуулж зөвшөөрөл авалгүйгээр улс хооронд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлсэн зөрчил үйлдсэн болох нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Авто тээврийн хяналтын улсын байцаагч ******* уг зөрчилд 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр шүүх, эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг торгох шийтгэл гэнэ ... 2 дахь хэсэгт ... Торгох шийтгэлийн хэмжээ нь хүнд арваас хорин мянган торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, хуулийн этгээдэд нэг зуугаас хоёр зуун мянган торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна ..., Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт ... хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно ..., гэж заасныг, мөн Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудасны маягтад шийтгэлийн төрөл, хэмжээ”-г тусгахаар заасныг тус тус зөрчин шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад шийтгэлийн төрөл, хэмжээг 100,000 төгрөгөөр торгох гэж мөнгөн дүнгээр тодорхой бичилгүй ...нэг зуун мянган нэгж... гэж 100,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан мэтээр бичсэн нь үндэслэлгүй байна гэж үзжээ.

Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад Автотээврийн төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагч ******* нь “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0771913 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлсэн нь ...бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д  заасныг баримтлан, “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0771913 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хяналтын прокурор ******* дүгнэлтийг, хариуцагч Автотээврийн төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагч ******* хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.      

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           П.АМАРЖАРГАЛ