Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 305/ШШ2025/00398

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймгийн ********** оршин суух М.А-д холбогдох

321,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 321,700 төгрөг гаргуулах тухай.

 2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч “Ц” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: М.А- нь зээлээр хүнсний бараа авсан. Удаа дараа төлбөрөө барагдуулах шаардлага тавьсан боловч тооцоогоо хийхгүй байгаа тул зээлж авсан хүнсний барааны үнэ 321,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч М.А- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М.А- миний бие нь “Ц” ХХК-ийн нэхэмжилсэн 321,700 төгрөгийн төлбөрийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлж дуусгах болно гэжээ.

4. “Ц” ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.А-ад холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар хариу тайлбарт тусгасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч  М.А-ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 321,700 төгрөг гаргуулах  тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Хариуцагч М.А- нь 321,700 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч “Ц” ХХК нь төлөх хуваарийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг ирүүлж, харилцан тохиролцож эвлэрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөх хуваарийн хувьд зохигч харилцан эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,301 төгрөгийн 5,150.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 5,150.5 төгрөгийг, хариуцагч М.А-аас 5,150.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.А-ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 321,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 321,700 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,301 төгрөгийн 5,150.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 5,150.5 төгрөгийг, хариуцагч М.А-аас 5,150.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА