| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/00151/И |
| Дугаар | 141/ШШ2025/00142 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 141/ШШ2025/00142
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......оршин суугч Д овогт Ч.Ц1,663,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийг төлөөлж Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Иргэн Ч.Цнь тус сумын Тосонцэнгэл сумын Хоршоог хөгжүүлэх сангаас 4,500,000 төгрөгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн /36 сар/ хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан зээл авсан. Гэвч иргэн Ч.Цнь гэрээний дагуу зээлийн хүүд 405,370 төгрөг, үндсэн зээл 4,500,000 нийт 4,905,370 төгрөг төлсөн ба алданги 1,663,880 төгрөгийг төлөөгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас Тосонцэнгэл сумын Хоршоог хөгжүүлэх санд 1,663,880 төгрөгийн хохирол учирсан байна. Сангийн эргэлтийн хөрөнгө нь улсын төсвөөс олгогддог, жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхуугийн дэмжлэг үзүүлж, хөнгөлттэй зээл олгоход зориулан зарцуулагддаг мөн зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэж гэж дүгнэхээр байна. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дууссан байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт "Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь эээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ", 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт "Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.", 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй", 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй.", 222.7 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.", 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ.", 232.5 дахь хэсэгт "Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ.” гэж, мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.2, 2.2, 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар Ч.Ц 1,663,880 төгрөгийг гаргуулж Тосонцэнгэл сумын Хоршоог хөгжүүлэх санд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Ч.Ц 1,663,880 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Ч.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Сум хөгжүүлэх сангийн зээлийн хүүгийн алданги болох 1,663,880 төгрөгийг төлж барагдуулж хохиролгүй болгоно...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчийг төлөөлөн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газар хариуцагч Ч.Ц 1,663,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Цнь “...Миний бие Сум хөгжүүлэх сангийн зээлийн хүүгийн алданги болох 1,663,880 төгрөгийг төлж барагдуулж хохиролгүй болгоно...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч Ч.Цнь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу 1,663,880 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлөгдөх 41,572 төгрөгийн тал хувь болох 20,786 төгрөгийг хариуцагч Ч.Ц гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ ТУС ТУС УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын гаргасан хариуцагч Ч.Ц 1,663,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 1,663,880 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлөгдөх 41,572 төгрөгийн тал хувь болох 20,786 төгрөгийг хариуцагч Ч.Цогтбаяраас гаргуулж улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч.Цнь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ