| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00305/И |
| Дугаар | 305/ШШ2025/00412 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 305/ШШ2025/00412
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: П-н нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн ****** оршин суух Х овгийн А-йн Д-д холбогдох
сум хөгжүүлэх сангийн зээл 4,930,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Сум хөгжүүлэх сангийн зээл 4,930,000 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: П-ын газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус аймгийн прокурорын газарт ирүүлсэн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01/152 дугаартай албан бичигт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багийн иргэн С.Т нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас 10,000,000 (арван сая) төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлийг хадлан тэжээл бэлтгэх зорилгоор аваад 4,930,000 (дөрвөн сая есөн зуун гучин мянган) төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд тухайн хариуцагч С.Т нь 2024 оны 07 сарын 01-ний өдөр нас барж хариуцах эзэнгүй болсон тул гэрээгээр хамтран зээлдэгч А.Д-гээс зээлийн үлдэгдлийг гаргуулж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлжээ. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.О, С-гийн Т нарын хооронд 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас олгох зээл, барьцааны гэрээ байгуулагджээ. Хариуцагч С.Т нь 2024 оны 07 сарын 01-ний өдөр нас барж хариуцах эзэнгүй болсон бөгөөд гэрээгээр хамтран зээлдэгч А.Д нь төлж барагдуулна гэсэн боловч одоог хүртэл зээлээ төлж барагдуулаагүй байна. Зээлийн гэрээний дагуу иргэн А.Д нь 4,930,000 (дөрвөн сая есөн зуун гучин мянган) төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлийг хадлан тэжээл бэлтгэх зориулалтаар авчээ. Зээлийн гэрээний дагуу зээл эргэн төлөх сүүлчийн хугацаа 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дууссан байна. Гэвч зээлдэгч иргэн А.Д нь зээлийн үлдэгдэл 4,930,000 төгрөгийг төлөөгүй байна. Сум хөгжүүлэх сангийн эргэлтийн хөрөнгө нь орон нутгийн хөгжлийн сангаас олгогддог, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулан зарцуулагддаг. Зээлдэгч зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэнд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл юм. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусах ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, 222.7 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2, 2.3, дахь хэсэгт тус тус зааснаар А.Д үндсэн зээлийн үлдэгдэл 4,930,000 төгрөгийг гаргуулж Эрдэнэ сумын сум хөгжүүлэх санд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж зааснаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-д Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно гэсний дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно. гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Дээрх хууль тогтоомжид зааснаар иргэн А.Д нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн А.Д сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 4,930,000 төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын сум хөгжүүлэх сангийн дансанд оруулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч А.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие А.Д нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багийн иргэн С.Т-эй үеэлүүд бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 3 жилийн хугацаатай авсан 10,000,000 төгрөгийн зээлийн хамтран зээлдэгч юм. Үеэл маань 2024 оны 07 сард нас барсан бөгөөд авсан зээлээ төлж дуусаагүй байсныг мэдсэнгүй. Улмаар 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдсэн болно. Уг зээлийн мөнгөнөөс хэрэглээгүй боловч хамтран зээлдэгчийн үүргийг биелүүлж нэхэмжилж буй 4,930,000 төгрөгийг төлөх болно. Гэвч одоогоор хүүхдээ асрах хугацааны амралттай байгаа бөгөөд 9 сард ажилдаа ороод 40-р сард зээлийг бүрэн төлж чадахаар байна. Иймд хүүхэд асрах хугацааны амралттай, тогтмол орлогогүй байгааг минь харгалзан үзэж 5 сарын хугацаа өгнө үү хэмээн нэхэмжлэгчээс хүсэж байна гэжээ.
4. Говь-Алтай аймгийн П-н газар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: П-н Д.Г би Эрдэнэ сумын Засаг дарга П.Н-н 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/81 дугаартай хүсэлтийг хүлээн аваад хариуцагч А.Д-гээс зээлийн үлдэгдэл 4,930,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. А.Д нь зээлээ тогтоосон хугацаанд төлж барагдуулбал эвлэрэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. П-н нэхэмжлэлтэй, хариуцагч А.Д-д холбогдох сум хөгжүүлэх сангийн зээл 4,930,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Хариуцагч А.Д нь 4,930,000 төгрөгийг 5 сарын дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь төлөх хуваарийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг ирүүлж, харилцан тохиролцож эвлэрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөх хуваарийн хувьд зохигч харилцан эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. П-н нэхэмжлэлтэй, хариуцагч А.Д-д холбогдох сум хөгжүүлэх сангийн зээл 4,930,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 4,930,000 төгрөгийг 5 сарын дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА