| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00481/И |
| Дугаар | 305/ШШ2025/00401 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 305/ШШ2025/00401
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, ***-р хороо, ***, *** гудамж, 31/1, *** Тауэр, *** дугаар давхар, “С п” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын 1-р баг, ***д оршин суух, Б-ын Ө-т холбогдох,
686,812.5 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С п ББСБ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь өөрийн Storepay буюу С паппликейшн нэртэй цахим программ хангамжаараа дамжуулан үйлчлүүлэгч, харилцагч нартаа худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнг тодорхой хугацаанд хүүгүй, шимтгэлгүйгээр хуваан төлөх нөхцөлийг санал болгож, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ.
Хэрэглэгч Б-ын Ө нь С паппликейшнээр дамжуулан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын төлбөрөө хувааж төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоо илэрхийлж Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн.
Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг 4 хувааж 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх эсхүл 3 хувааж, 30 хоногийн зайтайгаар 60 хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр /торгууль/ болон алданги төлөхөөр үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн. Хугацаа хэтрүүлсний төлбөр нь хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч тооцогддог ба уг хуваарьт төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа нэмж бодогддог. Харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги нэмж тооцогдоно.
Хэрэглэгч нь С паппликейшнээр дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн боловч худалдан авалтын төлбөрөө хувиарын дагуу төлөөгүй юм. Үүнд 765227 дугаараар 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Zary.mn дэлгүүрээ 610,500 төгрөгийн худалдан авалт хийж, төлбөр хийх хугацаа 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дууссан. Нийт 152,625 төгрөг төлсөн. Үлдэгдэл үндсэн төлбөр 457,875 төгрөг, алданги 20,000 төгрөг, 208,937.5 төгрөг, нийт 686,812.5 төгрөг байна. Иймд хариуцагчаас С паппликейшн-аар дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөр болох нийт 686,812.5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б овогтой Ө Шарга сумд гэр бүл хүүхдүүдийн хамт амьдардаг. Би нь С п ХХК-с барааны худалдан авалт хийгээд төлбөрийг бүрэн барагдуулаагүй нь үнэн болно. Энэхүү нэхэмжлэлээр ирсэн үлдэгдэл 686,812.5 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулах боломжтой тул миний хүсэлтийг хүлээн аван уу. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“С пББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Ө-т холбогдох 686,812.5 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь хариуцагч Б.Ө нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн “…Миний бие Б овогтой Ө Шарга сумд гэр бүл хүүхдүүдийн хамт амьдардаг. Би нь С п ХХК-с барааны худалдан авалт хийгээд төлбөрийг бүрэн барагдуулаагүй нь үнэн болно. Энэхүү нэхэмжлэлээр ирсэн үлдэгдэл 686,812.5 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулах боломжтой тул миний хүсэлтийг хүлээн аван уу. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэх тайлбараар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,034 төгрөгийн тал хувь 10,517 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,517 төгрөгийг улсын орлогоос, 10,517 төгрөгийг хариуцагч Б.Ө-аас тус тус гаргуулж “С п ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “С п ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Урианхай овгийн Б-ын Ө-т холбогдох 686,812.5 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Ө нь 686,812.5 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,034 төгрөгийн тал хувь 10,517 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,517 төгрөгийг улсын орлогоос, 10,517 төгрөгийг хариуцагч Б.Ө-аас тус тус гаргуулж “С п ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ