| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 181/2021/00547/И |
| Дугаар | 210/МА2021/01191 |
| Огноо | 2021-08-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2021/01191
| 2021 оны 08 сарын 04 өдөр | Дугаар 210/МА2021/01191 |
АУГ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01133 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч АУГ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Х-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 144 456 553 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Ө.Х-тай 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ЗГ2332016 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 40 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн барьцаанд 1. Ү-2202020927 улсын бүртгэлийн дугаартай, 000291365 тоот гэрчилгээтэй Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлаастын гудамж 60/4 байр, 37 тоот хаягт байрлах 48 м.кв бүхий 2 өрөө орон сууц, 2. Ү-2202020929 улсын бүртгэлийн дугаартай, 000291367 тоот гэрчилгээтэй Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлаастын гудамж 60/4 байр, 16 тоот хаягт байрлах 40 м.кв бүхий 2 өрөө орон сууц, 3. Ү-2201027327 улсын бүртгэлийн дугаартай, 000163086 тоот гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ханын материал, үйлдвэрчний эвлэлийн гудамж, 41 байр, 15 тоот хаягт байрлах 25,9 м.кв бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалсан.
Мөн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ2772016 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 11-808932 тоот 20 000 000 төгрөгийг 2,9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж, 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Энэхүү зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг хороолол, Наадамчдын зам гудамж, 107 байр, 42 тоот хаягт байрлах 48 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан.
2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 1 000 000 төгрөг, зээлийн хүүнд 3 080 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 488 000 төгрөг, нийт 4 568 000 төгрөг төлсөн. Энэ зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд зээлдэгч төлбөр төлөөгүй. Гэрээний хугацаа дуусахад зээлийн үлдэгдэл 39 000 000 төгрөг, зээлийн 455 хоногийн хүү 17 745 000 төгрөг, 425 хоногийн нэмэгдүүлсэн хүү 3 315 000 төгрөг, нийт 60 060 000 төгрөгийн тооцоотой үлдсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 7 601 380 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 9 000 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 719 800 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 3 156 000 төгрөг, нийт 20 447 180 төгрөг төлснийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцсон. Зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 173 хоногийн хүү 6 747 000 төгрөг, хуримтлагдсан хүү 17 745 000 төгрөг, нийт 24 492 000 төгрөгөөс түүний төлсөн 15 812 780 төгрөгийг хасахад зээлийн хүүнд 8 679 220 төгрөг төлөөгүй байна.
ЗГ2332016 дугаар зээлийн төлбөр хийсэн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэлх 913 хоног болж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 39 000 000 төгрөг, 913 хоногийн хүү 35 607 000 төгрөг, өмнөх үлдэгдэл 8 679 220 төгрөгийг нэмээд 44 286 220 төгрөг, 913 хоногийн нэмэгдүүлсэн хүү 7 121 400 төгрөг, нийт 90 407 620 төгрөг гаргуулна. Энэ шаардлагаа шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх 99 хоногт ногдох хүү 3 861 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 772 200 төгрөг, нийт 4 633 200 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 95 040 820 төгрөг гаргуулна.
2. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт: зээлдэгч зээл авснаас хойш гэрээний хугацаа дуусах хүртэл 546 хоног огт төлөлт хийгээгүй. Улмаар 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэрээний хугацаа дуусах үеийн байдлаар үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүүнд 10 556 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 995 200 төгрөг, нийт 32 551 200 төгрөгийн төлбөртэй. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 5 049 340 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 485 600 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 3 077 333 төгрөг, нийт 8 612 273 төгрөг төлснийг хүүнд 6 300 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 312 273 төгрөгийг хасаж, үндсэн зээлээс төлөлт хийгдээгүй, хүү 5 841 333 төгрөгийн үлдэгдэлтэй. ЗГ2772016 тоот зээлийн гэрээний сүүлийн төлбөр хийсэн өдөр болох 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх 913 хоног өнгөрсөн тул үндсэн зээлийн үлдэгдэл 20 000 000 төгрөг, 913 хоногийн хүү 17 561 333 төгрөгт өмнөх үлдэгдэл 5 841 333 төгрөгийг нэмээд нийт зээлийн хүү 23 492 666 төгрөг, 913 хоногийн нэмэгдүүлсэн хүү 3 530 267 төгрөг, нийт 47 022 933 төгрөг гаргуулахаар шаардсан. Энэ шаардлагаа шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх 99 хоногт ногдох хүү 1 914 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 382 800 төгрөг, нийт 2 296 800 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 49 319 733 төгрөг гаргуулна. Мөн гэрээний 3.2-т заасны дагуу зээл төлүүлэхтэй холбоотой зээлдэгчийн гэрт 2 удаа очсоны зардал 20 000 төгрөг, шүүхэд баримт бүрдүүлэхэд нотариатаар батлуулсны хөлс 76 000 төгрөг, нийт 144 456 553 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
2016 оноос эхлэн зээл төлбөр төлөх хуваарь зөрчигдсөн. Зээлдэгчийг зээлээ төлөхийг шаардсан боловч төлөөгүй. Зээлийн төлөлт, нэмэгдүүлсэн хүүг гэрээнд болон холбогдох хуульд заасны дагуу тооцсон. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн. Мөн хариуцагч мөн 2015, 2016 онд өөр 5 удаагийн зээлийг авч, төлж барагдуулсан болно. Энэ тухай тооцоолол холбогдох баримтуудыг хэрэгт баримтаар өгсөн. Зээлийн хүүгийн хэмжээ сарын 3 хувийн хүүтэй гэж зааснаас үзвэл хэт өндөр гэж үзэхгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацааны хугацаа дуусаагүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 тоот тушаалын 5.1-т банк харилцагчтай зээл болон хадгаламжийн гэрээ байгуулахдаа гэрээний агуулга, зүйл, заалтыг танилцуулж, хүү, шимтгэл, хураамж тооцож буй аргачлалыг тайлбарлах үүрэгтэй, 5.2-т нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцно, 5.3-т зээлийн хүүгийн төлбөрт нэмэгдүүлсэн хүү бодохгүй, 5.4-т иргэнд олгосон зээлийн хүүг олгох зээлийн дүнгээс суутгах эсхүл ирээдүйд хуримтлуулах хүүг зээл олгохоос өмнө урьдчилж төлүүлэх, энэ зорилгоор эх үүсвэр дансанд байршуулахыг хориглоно гэж заасан. Засгийн газраас цар тахлын үед хэрэгжүүлэх 23 арга хэмжээний хүрээнд банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлт шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэн тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт учруулахгүйгээр зээлдэгчийн төлбөрийн чадварт нийцүүлэн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгахтай холбоотой зохицуулалт хийхийг үүрэг болгосон боловч нэхэмжлэгч ямар нэг хөнгөлөлт үзүүлээгүй. Ө.Х- 40 айлын орон сууц барьж ашиглалтад оруулахдаа 2014-2016 оны хооронд АУГ ББСБ ХХК-аас удаа дараа зээл авч, зээлийн хүүнд 2015 онд 47 300 000 төгрөг, 2016 онд 55 500 000 төгрөг, 2018 онд 25 100 000 төгрөг, нийт 174 200 000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүг цаг хугацаанд нь төлж барагдуулсан. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ЗГ2332016 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр 40 000 000 төгрөг зээлснийг 90 407 620 төгрөг болгон нэхэмжилсэн байна. Энэ зээлээс гэрээний хугацаа дуусахаас өмнө 4 568 000 төгрөг, хугацаа дууссаны дараа 20 477 180 төгрөг, нийт 25 045 180 төгрөг төлснийг хүү, нэмэгдүүлсэн хүүнд суутгаж, үндсэн зээлээс хасалт хийгээгүй. Энэхүү нэхэмжлэлээс үндсэн зээлийн үлдэгдэл 39 000 000 төгрөг, гэрээний хугацааны хүү 17 745 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 549 000 төгрөг, нийт 60 294 000 төгрөгийн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан ЗГ2772016 тоот зээлийн гэрээ, БГ2772016 тоот барьцааны гэрээгээр 20 000 000 төгрөг бэлнээр авсан мэтээр баримтад харагдаж байгаа боловч зээл олголтын шимтгэлд 60 000 төгрөг, зээлийн хүү 6 333 900 төгрөг, зээлийн хүү 4 568 000 төгрөг, зээлийн хүү 5 449 480 төгрөг, зээлийн хүү 3 588 620 төгрөг тус тус буцаан төлж мөнгөн хөрөнгө аваагүй. Энэ зээлээс 11 387 727 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Нийт нэхэмжлэлийн дүнгээс 71 681 727 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч тайлбар өгсөн байсан боловч төлөөлүүлэгч өөрөө бодитоор мөнгийг аваагүй гэж тайлбарласан тул шүүхэд гаргасан тайлбараа өөрчилж байна. Иймд тухайн зээлийг бодитоор олгоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Мөн гэрээний хугацаа дууссан байхад зээлээ шаардаагүй. 5 жилийн дараа нэхэмжлэл гаргаж хүү, нэмэгдүүлсэн хүүг өсгөж байна. Түүнчлэн хөл хорио өвчинтэй холбоотой Засгийн газраас хүү, нэмэгдүүлсэн хүүг хасах талаар ярьж байхад нэмж байгааг зөвшөөрөхгүй. Зээлийн хүүг багасгаж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ө.Х-гаас 71 681 727 төгрөг гаргуулж нэхэмжлэгч АУГ ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 72 774 826 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Ө.Х-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020927 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлааст гудамж 60/4 дүгээр байр, 37 тоотод байрлах 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020929 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлааст гудамж 60/4 дүгээр байр, 16 тоотод байрлах 40 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201027327 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ханын материал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 41 дүгээр байр, 15 тоотод байрлах 25,9 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029956 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг хороолол, Наадамчдын зам гудамж, 107 дугаар байр, 42 тоотод байрлах 48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас тус тус хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 042 013 төгрөгөөс илүү төлсөн 91 580 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 586 559 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар Ө.Х- нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан татгалзлын үндэслэл, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй. Хариуцагч тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй нөхцөлд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох талаар мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан. Улмаар 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зарлагдан хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэн хэлэлцэх боломж олгох хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэвч хариуцагчийн зүгээс 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд тайлбар гаргасан бөгөөд 20 000 000 төгрөгийг бэлнээр аваагүй гэж тайлбарласан. Харин 40 000 000 төгрөгийг аваагүй гэж тайлбарлаагүй. Түүнчлэн, 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдсан шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2014-2016 оны хооронд зээл аваад буцаагаад төлж байсан. Зээлээ төлөхдөө өмнөх зээлийг нь хаагаад дахин шинээр зээл олгодог гэж тайлбар гаргасан. Зээлдэгч өөрийн эзэмшилд очсон мөнгөн хөрөнгийг бизнестээ ашиглах эсхүл зээлийн хүүнд төлөх эсэх нь түүний хүсэл зоригийн асуудал. Хэргийн 16 дугаар талд 20 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан баримт авагдсан. Мөн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 40 000 000 төгрөгийн зээлийг авсан 20 000 000 төгрөгийн хувьд хэлбэрийн хувьд авсан боловч буцаагаад хүүнд төлсөн талаар тайлбарласан. Шүүх зээлийн тооцооны талаар буруу дүгнэлт хийсэн. 20 000 000 төгрөгийн бодсон аргачлал нь 4 568 000 + 6 333 900 + 3 588 620 + 5449 480 + 60,000 = 20 000 000 төгрөг гэж бодсон байх боловч нийлбэр нь 20 005 100 төгрөг, мөн дээрх тооцоололд орсон 6 333 900 төгрөгийг хавтаст хэргийн 108 дугаар хуудсанд байх тооцолбороор 2 213 660 + 3 574 637 + 698 783 = 6 487 080 болж байхад шүүх 6 333 900 гэж алдаатай бодсон.
Хэргийн 107-109 дүгээр хуудас дахь тайлбар тооцоолол нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримт бөгөөд энэхүү хэрэгт хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч талаас бүхий л тооцоолбор, зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнүүд мөнгө төлсөн баримтууд зэрэг нотлох баримтуудыг өөрийн сайн дураар гарган өгсөн. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд маргаан бүхий хоёр гэрээнээс гадна 5 зээлийн гэрээ байсан бөгөөд дээрх гэрээнүүдийн харилцаа 2015, 2016, 2017, 2018 онуудад үргэлжлэн сар бүр тухайн зээлийн үндсэн төлбөр хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдож байсан. Гэтэл шүүхээс тухайн зээлдэгчийн 20 000 000 болон 40 000 000 төгрөгийн зээл авсан өдөр болон 2016 оны 9 дүгээр сарын 05, 06-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрүүдэд хийсэн бүхий л гүйлгээ, түүний баримтуудыг бодитой бус хэмээн дүгнэж хариуцагчийн маргаагүй асуудлаар буюу 40 000 000 төгрөгийн зээлийг бодитойгоор аваагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн, шүүхээс дүгнэлт хийхдээ ... дээрх байдлаар хариуцагчийн төлбөл зохих дүн 30 910 547 төгрөг байх боловч .... гэж дүгнэхдээ тухайн дүнг хэрхэн тооцсон талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч АУГ ББСБ ХХК нь хариуцагч Ө.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 144 456 553 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 71 681 727 төгрөг төлөхийг зөвшөөрч бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
1. АУГ ББСБ ХХК нь Ө.Х-тай 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ЗГ2332016 дугаартай зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч АУГ ББСБ ХХК нь 40 000 000 төгрөгийг зээлдэгч Ө.Х-д зээлдүүлэх, зээлдэгч нь 40 000 000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд 30 хоногт 3 хувийн хүүгийн хамт гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байна. /хх-6-8/
Талууд дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлааст гудамж 60/4 дүгээр байр, 37 тоотод байрлах 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн хаягийн 16 тоотод байрлах 40 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ханын материал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 41 дүгээр байр, 15 тоотод байрлах 25,9 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалжээ. /хх 9-14/
2. АУГ ББСБ ХХК нь Ө.Х-тай байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ2772016 дугаартай зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч АУГ ББСБ ХХК нь 20 000 000 төгрөгийг зээлдэгч Ө.Х-д зээлдүүлэх, зээлдэгч нь 20 000 000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд 30 хоногт 2,9 хувийн хүүгийн хамт гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байна. /хх-15-17/
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2772016 дугаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг хороолол, Наадамчдын зам гудамж, 107 дугаар байр, 42 тоотод байрлах 48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх-18-19/
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан байна.
Мөн дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Хариуцагч нь дээрх 2 зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлэн аваагүй, нэхэмжлэгчээс 2015-2016 оны хооронд авсан өмнөх зээлийн төлбөрт тооцсон гэж тайлбарласан боловч хэргийн 111-137 дугаар талд авагдсан 5 удаагийн зээлийн гэрээ, АУГ ББСБ ХХК-ийн кассын орлогын баримт зэргээс дүгнэвэл нэхэмжлэгч нь хариуцагчид өмнө нь 5 удаа зээл олгосон бөгөөд уг зээлийн төлбөрийг зээлдүүлэгчид буцаан төлсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Зээлдүүлэгч АУГ ББСБ ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ2332016 дугаар гэрээний дагуу зээлдэгч Ө.Х-д 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 40 000 000 төгрөгийг, мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ2772016 дугаар зээлийн гэрээний 20 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлэн өгсөн болох нь кассын зарлагын баримтаар тогтоогдсон, мөн хариуцагч энэ хоёр зээлийн төлбөрөөс зарим хэсгийг эргэн төлж байсан болох нь АУГ ББСБ ХХК-ийн кассын орлогын баримтаар тогтоогдсон тул уг зээлийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй. /хх-43, 45/
Харин талууд дээрх 2 удаагийн зээлийн гэрээний 2.3-т Зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүгийн нийт төлбөрөөс гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй тул нэхэмжлэгч АУГ ББСБ ХХК нь хариуцагч Ө.Х-гаас дээрх хоёр зээлийн гэрээний үүрэгт нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.
Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан.
Гэтэл талууд зээлийн гэрээнд зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүүг хэрхэн тооцох талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгч АУГ ББСБ ХХК нь хариуцагч Ө.Х-гаас Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүүг шаардах эрхгүй гэж үзэв.
Иймд хариуцагч Ө.Х-гийн гүйцэтгэх үүргийг тооцвол,
1. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ2332016 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүүнд 14 998 740 төгрөг, нийт 54 998 470 төгрөг,
2. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ2772016 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүүнд 6 510 162 төгрөг, нийт 26 510 162 төгрөг, бүгд 81 508 632 төгрөг төлөх үүрэг үүссэн байна. /хх-ийн 8, 17/
Хариуцагч Ө.Х- нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ2332016 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 25 015 180 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ2772016 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 8 62 273 төгрөг, нийт 33 627 453 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй байна. Иймд хариуцагч Ө.Х- нь нэхэмжлэгч АУГ ББСБ ХХК-д төлөх нийт 81 508 632 /54 998 470 + 26 510 162/ төгрөгөөс түүний төлсөн 33 627 453 төгрөгийг хасахад 47 881 179 төгрөгийг төлөх үүрэгтэй боловч хариуцагч нь анхан шатны шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа дээрх 2 гэрээний үүрэгт 71 681 727 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээнд хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Учир нь хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрийг зөвшөөрсөн гэж үзэх нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчимд нийцнэ.
Харин анхан шатны шүүх хариуцагчийн төлбөл зохих дүнг хэрхэн тооцож 30 910 547 төгрөг гэж тодорхойлсон нь ойлгомжгүй байгааг дээрх байдлаар залруулан дүгнэж байна.
Нэхэмжлэгч АУГ ББСБ ХХК нь хариуцагч Ө.Х-гийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гаргасан зардалд 20 000 төгрөг, нотариатын зардал 76 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Нэхэмжлэгч АУГ ББСБ ХХК-ийн төлөөлөгчийн ... зээлийн гэрээний зүйлийг зээлдэгчийн дансанд шилжүүлснээр зээлдэгч уг мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулах нь түүний асуудал ... гэх тайлбар үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2-т зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь тодорхой зориулалтаар зээл олгоно гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлд зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй. Талуудын хооронд байгуулсан 2 удаагийн зээлийн гэрээнд уг зээлийн зориулалтын талаар тусгаагүй байна.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл дээр дурдсан үндэслэлээр тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 521 830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Н.БАТЗОРИГ