| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 1925003000022 |
| Дугаар | 2024/ДШМ/15 |
| Огноо | 2024-03-07 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2024/ДШМ/15
2024 03 07 2024/ДШМ/15
Н.Б-О, Г.П нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ж.Батбаатар
Цагаатгагдсан этгээд Н.Б-О, Г.П
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч О.Сарантуул, Б.Тулга,
Ц.Батзориг, Б.Долгорсүрэн
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д
Хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат
Нарийн бичгийн дарга Б.Маралмаа нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, шүүгч Ц.Алтангадас, шүүгч Б.Н нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 427 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдлоор шүүгдэгч Н.Б-О, Г.П нарт холбогдох 1925003000022 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н.Б-О, Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарны 03-ны өдөр Орхон аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Байгаль хамгаалал, газрын менежмент мэргэжилтэй, “Эрдэнэт-Үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Баяжуулах үйлдвэрийн бутлан тээвэрлэх цехэд тэжээгүүрийн машинч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг баг Гок гардены 3-14 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ФБ.
Г.П, Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг Булагтын в-3-1 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар РЮ.
Н.Б-О, Г.П нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-6 дугаар байрны 6 дугаар орцонд иргэн Ч.Бийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй байхад нь зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн түүний монетон бөгжийг нь дээрэмдэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: Н.Б-О, Г.П нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-О, Г.П нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 1925005000022 дугаартай хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцааж, Шүүгдэгч Н.Б-О, Г.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хар саарал өнгийн 2 талаараа өмсдөг задгай энгэртэй эрэгтэй хүний куртик 1 ширхэг, задгай энгэртэй цагаан цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт Прокурорт хүргүүлж, хяналтын камерын бичлэгтэй 6 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар тус бүр 75 хоног цагдан хоригдсон, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Д нарын 25.870.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
... Гэрч Г.Аын мэдүүлгийг үгүйсгэн няцаасан анхан шатны шүүхийн үндэслэл нь ... мэдүүлгийг шалгах ажиллагаа хийгээгүй, дэлгүүр хаасан цагийг тогтоогоогүй, бөгж байсан уу ... гэх эргэлзээтэй асуултуудыг бий болгож байх боловч шалгаагүй гэх дүгнэлтийг хийж, Г.А гэрчийн мэдүүлгийн зарим хэсгийг шалгах ажиллагаа хийх ёстой байсан гэдгээр нотлох баримтыг бүхэлд нь үгүйсгэсэн дүгнэлт хийсэн байна. Гэтэл гэрчийн мэдүүлгийн баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасан нотлох баримт бөгөөд уг “нотлох баримтыг шалгах“ ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-т зааснаар шалгах бөгөөд “шалгаагүй” нотлох баримт гэх үндэслэл зааж “эргэлзээтэй” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хохирогч бөгжөө цүнхэндээ хийсэн байсан гэх үйл баримт хэрэгт нотлогдоогүй, хохирогчийн өөрийнх нь гарын хуруунд бөгж нь зүүлттэй байсан нь дэлгүүрийн камерын бичлэг, гэрч, хохирогчийн мэдүүлэг, гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон ба уг нотлох баримтуудыг үгүйсгэсэн няцаасан баримт хэрэгт авагдаагүй байхад ... тэр үед бөгж байсан уу гэх эргэлзээтэй асуудлууд байна гэх нотлох баримтгүй үндэслэл зааж эргэлзээтэй гэж үзсэн нь хуульд нийцээгүй ...
2. ... Хэргийн ... нотлох баримтын агуулгад дүгнэлт хийхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан байхад хуулийг зөрчиж, тухайн нотлох баримтыг шалгах, тогтоох үндэслэлтэй гэх дүгнэлтүүдийг хийж, уг үндэслэлээр цагаатгах баримт гэж үзсэн нь хуульд нийцээгүй. Эдгээр нотлох мэдүүлгийн хэсэг хэргийн ямар байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэж байгаа, уг мэдүүлгийн хэсэг ямар нотлох баримтуудаар үгүйсгэн няцаах үндэслэл тогтоогдсон гэж байна гэж үзэж байгаагаа дүгнээгүй атлаа, тээврийн хэрэгслээр гэртээ харьсан мэт дүгнэлт хийж, цагаатгах баримт гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
3. 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 338 тоот дүгнэлт ... /67 хх / хэсэгт учирсан гэмтлүүд нь ... мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна гэх нотлох баримтыг ... Ж.Гэрэлмаа шинжээчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг үндэслэн ... унаснаас үүссэн байх боломжтой боловч, хохирогч согтууруулах ундаа хэрэглэсний улмаас өөрөө унасан уу , хүн түлхэж, цохиж унагасан уу гэдгийг нягталж шалгаагүй байна гэх үндэслэлийг заасан нь нотлох баримтын агуулгад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна гэж үзэж байна. Хэрэгт “өөрөө унасан “ гэх үйл баримт огт байхгүй бөгөөд газарт хэвтэж байхдаа ямар нэгэн гэмтэл, зулгаралт байгаагүй гэдгийг гэрчилсэн гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг хэрэгт авагдсаныг үгүйсгэсэн няцаасан баримт хэрэгт байхгүй байхад мөн ” шалгах ” гэх үндэслэл зааж, уг үндэслэлээр цагаатгах баримт гэж үзсэн нь үндэслэлгүй.
4. Гэрч Э.Н, Г.А нарын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургуудаар ... нэг газрыг заадаг ба гэрэл зурагт авагдсан 3-11 байрны ар хэсэг, 3-13 байрны ар хэсэг, орон сууцны ханын хэсэг Ломбард гэх хаяг гэрэл зурагт дүрслэгдэн үлдсэн. Харин шүүгдэгч Н.Б-О болон шүүгдэгч Г.П нар тухайн газраас хэдэн алхмын зөрүүтэй газрыг заах боловч 3-13 байрны ар, 3-11 байрны ард Орос цэцэрлэгийн барилгын хэсгүүд гэрэл зурагт дүрслэгдэн үлдсэн. Яллагдагчийн мэдүүлгийг шалгах ажиллагааг, гэрч нарын мэдүүлэг шалгах ажиллагааны тэмдэглэлтэй харьцуулан зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй ... Иймд гэрч Г.А, Э.Н нарын мэдүүлгийг яллагдагчийн мэдүүлэгтэй харьцуулан зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй.
Гэрч Д-ыг нь дахин мэдүүлэг өгөх /1 хх 237/ Г.Дашнямын 2020.02.13-ны өдрийн мэдүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч Бумаа нь өөрөө гэрчийг дуудан ирүүлж, хууль зүйн туслалцаа үзүүлэх хүсэлтэй байгаагаа тайлбарлан, өмгөөлөгчөөр нь ажилласан гэх ба хууль зөрчиж , яллагдагч, гэрч нарын өмгөөлөгчөөр зэрэг ажиллаж байсан нь / 1хх 247 хх Г.П-гийн мэдүүлэг шалгах ажиллагааны тэмдэглэл/ нотлогдсон ба яллагдагчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.16-д заасан өмгөөлөх тал атлаа гэрчид хууль зүйн туслалцаа үзүүлж мэдүүлэг, мэдүүлэг шалгах ажиллагаанд оролцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Өмгөөлөх талын оролцогч нь хэргийн “бусад оролцогч”-ийг өмгөөлөх нь оролцогч нарыг эрх, ашиг сонирхолд зөрчил үүсгэж, улмаар хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлж, хууль зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар нотлох баримтаар тооцохгүй баримт байхад шүүх цагаатгах тогтоолын үндэслэл болгосон нь хууль зөрчсөн байна.
5.Анхан шатны шүүхээс Ч.Б мөн гэж дүгнэх боломжгүй, эргэлзээтэй гэж дүгнэсэн баримтуудыг тодорхойлох хэсгийн 5-т дурджээ. Энэхүү баримтуудаар хохирогчийг хар өнгийн куртиктэй явж байсан гэж дүгнэжээ. Хохирогч нь Ч.Б нь 2 талаар өмсдөг, нэг тал нь цайвар, нөгөө тал нь хар өнгөтэй куртиктэй явж байсан нь хэрэгт авагдсан эд мөрийн баримтаар уг куртик нотлох баримтаар авагдаж нотлогдсон ба үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Мөн анхан шатны шүүх хэргийн ямар нотлох баримтууд судалснаа нэг бүрчлэн дурдсан боловч Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /3 хавтаст хэргийн 145 хх/-ийн ... Хохирогчийн куртикийг Ч.Бид өмсүүлэн хар болон саарал талаар нь хяналтын камерт харагдах хэсгээр явуулан дүрс бичлэгээр бэхжүүлэн авч СД дээр буулган хэрэгт тусгахаар тогтов ... гэх баримтаас ... туршилтын бичлэгийн камерт хоёр талаар нь өмсүүлсэн хувцас хоёулаа цайвар харагдаж байгаа бичлэг,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1366 тоот дугаартай дүгнэлтийн ... дүрс бичлэг нь /хэт ягаан/ гэрэлтүүлэгтэй, хар цагаан дүрслэлтэйгээс өмссөн хувцасны загвар өнгө загварыг тогтоох боломжгүй байна гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд авагдсан байхад хохирогчийг хар өнгийн куртиктэй явж байсан гэж үзэж, улмаар голд яваа эрэгтэйг цагаан цайвар хувцастай гэж нотлох баримтуудын агуулгад үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Түүнчлэн голд яваа эрэгтэйг Н.Б-Отой ойролцоо буюу 180 см орчим дүгнэлт хийж, уг дүгнэлтээ үндэслэн Ч.Б мөн гэж дүгнэх боломжгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслээгүй. Учир нь Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1366 тоот дугаартай дүгнэлтийн ... дүрс богино хугацаанд, хэт холоос жижиг хэмжээтэй дүрслэгдсэнээс үйл хөдлөлийн онцлог шинжүүд тодорхой дүрслэгдээгүй байх тул ... голд яваа эрэгтэйн биеийн өндөр намын хэмжээ ... тогтоох боломжгүй байна гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /3 хавтаст хэргийн 145 хх/-ийн дагуу бэхжүүлэн авсан СД бичлэг зэрэг хэрэгт авагдсан байхад голд яваа хүнийг “өндөр” гэж хийсвэр баримтгүй дүгнэлт хийж, гэрчээр мэдүүлэг өгсөн Д.Дын ... голд явж байгаа эрэгтэй манай нөхөр мөн байна, яаж таньж байна вэ гэвэл ... куртикээр нь таньж байна гэх мэдүүлэг, мөн 3-6 дугаар байрны гадна камерын бичлэгт бичигдсэн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06:37:32 минутад ... 6 орцноос гарч байгаа хүн мөн байна. Яаж таньж байна вэ гэвэл манай нөхөр куртикний халаасанд гараа хийж байгаа нь, мөрөө хавчиж байгаа нь нарийн загварын өмд өмссөн, явж байгаа алхаагаар нь нөхрийгөө таньж байна гэх өмссөн хувцас, хүний үйл хөдлөлөөр нь шууд заасан нотлох баримтыг “өндөр" гэх үндэслэлээр үгүйсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Харин ч өндөр нам эсэхийг тогтоох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт нь “өндөр” гэдгийг үгүйсгэж байгаа баримт юм.
6. Гэрчээр мэдүүлэг өгсөн Д.Дын ... голд явж байгаа эрэгтэй манай нөхөр мөн байна, яаж таньж байна вэ гэвэл ... куртикээр нь таньж байна гэх мэдүүлэг, мөн 3-6 дугаар байрны гадна камерын бичлэгт бичигдсэн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06:37:32 минутад ... 6 орцноос гарч байгаа хүн мөн байна. Яаж таньж байна вэ гэвэл манай нөхөр куртикний халаасанд гараа хийж байгаа нь, мөрөө хавчиж байгаа нь нарийн загварын өмд өмссөн явж байгаа алхаагаар нь нөхрийгөө таньж байна гэх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, ямар нэгэн тодорхой нөхцөл байдлыг нотолж тогтоогоогүй шалгагдаагүй байна гэх баримтгүй хийсвэр дүгнэлт хийсэн, уг нотлох баримтаар нөхрийгөө үйл хөдлөл өмссөн хувцсаар нь шууд таньсан байгаагаа мэдүүлсэн байх ба хэрэгт ... голд яваа эрэгтэй “хэн” болохыг ямар шинж, тэмдгээр таньж байгаагаа мэдүүлсэн нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, ямар нэгэн тодорхой нөхцөл байдлыг нотолж тогтоогоогүй, шалгагдаагүй гэх хийсвэр дүгнэлт хийж уг үндэслэлээр үгүйсгэж, няцаасан гэж үзэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.
7.Шүүгдэгч нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүдэн шүүж мэдүүлэг авсан нь тогтоогдож байна гэх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийхдээ Орхон аймгийн Эрүүгийн тасгийн мөрдөгч нар /хэн болох нь тодорхойгүй/ ... гавлаж, тулгаж, бороохойдож, өшиглөж, цохиж, биед нь халдаж дарамталж хонуулан гэрчээр мэдүүлэг авчээ гэж дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл эрүүдэн шүүх гэмт хэрэг гарсан нь нотлогдож байна гэх агуулгатай ерөнхий дүгнэлтийг хийсэн. Хэрэгт авагдсан баримтаар буюу хэргийн хэд дүгээр хавтасны, ямар баримтаар эрүүдэн шүүх үйлдлийг хэн үйлдсэн болох, үйлдсэн сэдэлт зорилго, учруулсан хор уршиг хохирол, ялангуяа ... шүүгдэгч нарыг гавлаж, тулгаж, бороохойдож, өшиглөж, цохиж, биед нь халдаж дарамталж хонуулсан гэх үйл баримтуудыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад хэрхэн ямар баримтаар тогтоогдож байгаагаа дүгнэхдээ гэрч гэх Г.Дашнямын мэдүүлгийг үндэслэл болгосон байх уг этгээд нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ шүүхийн хэлэлцүүлэгт үгүйсгэж, өмнө өгсөн мэдүүлгээсээ “худал” мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр мэдүүлгээсээ буцсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь “худал” болох нь тогтоогдоогүй атал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэн зөв мэдүүлэг гэсэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
2. Шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:
1. Камерын бичлэг. Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-6 дугаар орцны камерын бичлэгт ... Шүүгдэгч нар ... 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 00:25:46 минутад 3-6 байрны ертөнцийн зүгээс зүүн хойд талд туранхай эрэгтэй хүн голдоо явж байгаа хүний гараас барьж, чирч гулдарч явж байгаа харагдана ... гэх бичлэг хэрэгт авагдсан ба уг бичлэгт авагдсан 3 хүн шүүгдэгч нар болох нь шүүгдэгч Н.Б-О, Г.П нарын хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч нар мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт ...голд явсан гэх хүний тухай мэдүүлэхдээ ... 00 цагийн өнгөрч байхад ... Орос цэцэрлэг, 3-13 байрны дунд явган хүний замд ... газарт согтуу хүн, ил харагдах шарх сорвигүй хүн хэвтэж байсан гэж хүлээн зөвшөөрч, мэдүүлсэн ба ... шүүгдэгч нар болон гэрч Г.Дашням нар 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 00:06:46 минутад 3-6 байрны ертөнцийн зүгээс зүүн хойд талын өргөтгөлийн явган хүний зам, 3-13 байрны Орос цэцэрлэг хоёрын дунд байрлах явган хүний зам руу зүглэн явсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
3-13 байр, Орос цэцэрлэгийн дунд байх явган хүний замаар явж байхад ...хохирогч газар хэвтэж байсан гэх гэрч Г.Аын мэдүүлэг, Э.Н нарын мэдүүлэгтэй, шүүгдэгч нарын болон гэрч Г.Дашнямын /1-58хх/ мэдүүлгүүд тохирно. Шүүгдэгч нар болон гэрч А, Э.Н нар цаг хугацааг 00 цаг өнгөрч байхад гэж цаг хугацааг заана. Камерын бичлэгээр 00 цаг өнгөрч байхад шүүгдэгч нар болон гэрч Г.Дашням Үйлчилгээний төвийн зүгээс, 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн хажуу явган хүний замаар 3-13, Орос цэцэрлэгийн дунд байрлах явган хүний замыг чиглэн явж байгаа камерын бичлэгт цаг давхар нотлогдоно.
Түүнчлэн Үйлчилгээний төвөөс гурван хүн ирж байсныг гэрч Г.А гэрчилж, ...залуучуудын нэгийг зүс мэднэ гэх мэдүүлэг авагдсан ба зүс таньсан этгээд нь Н.Б-О болох нь тогтоогдсон. Н.Б-О нар нь Үйлчилгээний төвийн зүгээс буюу үйлчилгээний төвийн хажууд байх 1 дүгээр сургуулийн барилгын өргөтгөлийн хажуугийн явган хүний замаар явж байгаа нь бичлэгт авагдсан ба уг цаг хугацаа нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 00:06:46 минут болно. Тухайн цаг хугацаанд гэрч Г.А түүнийг харснаа мэдүүлжээ.
Мөн Г.Аын мэдүүлэгт ... өөр газарт, бас дахин өөр газар хэвтсэн согтуу хүн байсан , түүнтэй таарсан гэх мэдүүлэг хэрэгт байхгүй. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 00:06:46 минутаас 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 00:25:46 хооронд шүүгдэгч нар газарт хэвтэж байсан согтуу хүн ил харагдах шарх сорвигүй хүнтэй 3-13 байрны ар, Орос цэцэрлэгийн дунд байрлах явган хүний замд таарсан гэж мэдүүлэх ба Н.Б-О, Г.П, Дашням, гэрч Н, гэрч А нарын мэдүүлгийг шалгасан тэмдэглэлийн гэрэл зургаар бэхжүүлсэн хэсэгт Орос цэцэрлэгийн хажууд байрлах 3-13 байрны ар 3-11 байрны ар талын хэсгүүд хэрэгт авагдсан байна ... Мөн Э.Нын ... цаанаас ирсэн эрэгтэй хүн замын зүүн талаас аажуухан найгаж алхаж ирж байсан нь харагдсан гэж тухайн гурван хүний нэг хүн араас нь явж байсныг мэдүүлсэн ба 2019.04.30-ны өдрийн 00:06:46 минутад авагдсан камерын бичлэгт, гэрч Дашням арай зайдуу тусдаа араас утсаар ярьж явж байгаа бичлэгтэй тохирч байгаа зэрэг баримтуудыг үгүйсгэсэн баримт хэрэг авагдаагүй ...
4. Гэрч Э.Н /1 хх- 243 -246 тал, Г.Дашням /1хх-58х, 1-61хх/, гэрч Л.Отгонцэрэн, /1хх-38х, 2хх-235 х / мэдүүлгүүд нь хохирогч Ч.Бийн биед халдсан тухай өгснөөс гадна шүүгдэгч Г.Пгийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн анх гэрчээр өгсөн мэдүүлэг. /1хх-51х/ Мөнгөнчимэг /эмэгтэй/ мөрдөгч мэдүүлэг авсан ... Б-О ах тэр хүн дээр очоод хөл рүү нь хөлөөрөө өшиглөөд хөөе босоорой гэж хэлсэн боловч тэр эхлээд хөдлөхгүй байсан. Тэгтэл Б-О дахин 2-3 удаа хөл рүү өшиглөтөл тэр ах босох гэж оролдсон...
...Тэр үед Б-О урдаас за за яв яв гэж намайг түлхээд гарахаар нь би Б-О ахаас сая юу болсон талаар асуухад зүгээр зүгээр яв, Дашка хаана байна, дууд, гурвуулаа явъя гэж хэлээд тэндээс шууд явсан ... гэх мэдүүлэг ... Орцонд Б-О тэр ахын нүүрэн тус газар 2 удаа гараараа цохисон. Би орцны хаалгыг онгойлгоод хартал тэр ах хоёр гараараа нүүрээ дараад шалан дээр хэвтэж байгаа харагдсан... гэх мэдүүлэг, Г.Пгийн 2 дугаар хавтас 65 хх ... яллагдагчаар өгсөн мэдүүлэг ....Мөнгөнчимэг байцаагч мэдүүлэг авахдаа таныг дарамталж мэдүүлэг авсан уу гэх асуултад ... намайг дарамталж авсан асуудал байхгүй гэх мэдүүлэг,
Г.Пгийн 2019.05.13-ны өдрийн гэрчээр дахин мэдүүлэг авсан /1хх-53 х/ Мөнхтулга мөрдөгчийн авсан мэдүүлэг ... орцонд цохих чимээ гарсан. Тэгэхээр нь юу болоод байна гээд орцны хаалга татаад хартал , хохирогч доошоо тонгойчихсон дөрөв хөллөөд хагас суусан байдалтай сууж байсан ... 2 удаа цохиж байгаа чимээ сонсогдохоор нь ... гэх мэдүүлэг, Г.Пгийн 2019.11.29-ний өдрийн гэрчээр дахин мэдүүлэг авсан /1-55 хх/ ... урьд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв ... хэрэгт шалгагдаж байхад Б-Оын ах гээд өндөр залуу цагдаа дээр ирээд ахын дүү чамтай ярих зүйл байна, машин дотор суучих гэж хэлсэн тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн.Тэгээд байж байснаа дахиад байн байн гуйгаад байхаар нь машинд суутал машин дотор Б-О болон түүний аав, ээж байсан ах нь надад хандаж Б-Оын ах нь байна, манай дүү яасан юм бэ гэхэд би болсон асуудлыг талаар ярих гэж байхад ах нь яасан бэ гэхэд Б-О би хохирогчийг цохисон гэсэн чинь ... би мэдүүлгээ өгчихсөн гээд машинаас буусан ... би мэдүүлгээ өгсөн дарамт шахалт үзүүлээгүй.
Гэрч Г.Дашням 2019.05.02-ны өдрийн 1-56 хх ... мэдүүлэгт ... П, Б-О хоёр сугадан орц руу оруулахаар явсан ... орц руу тэр хоёр чирээд явсан ... Б-О нүүр лүү нь гараараа цохиж байсан. Гэрч Г.Дашням 2019.11.29-ны өдрийн /1 хх-56/ ...мэдүүлэгт ... Б-О тухайн хохирогчийн нүүрэн тус газарт алгадсан ... Хохирогчийг унагачихад босгох гэж байна гэж харсан ... Хохирогч баруун талаараа унаж байсан ... гэх мэдүүлгүүд нь шүүгдэгч Н.Б-Оын гэмт үйлдлийг шууд гэрчилдэг ба түүнийг гүтгэсэн гэх байдал хэрэгт нотлогдоогүй, мөн шүүгдэгч нарын үйлдлийг гэрч Г.Дашням мөн мэдүүлсэн.
Гэрч Г.Аын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн мэдүүлэг /1 хх 33/, Д.Дын /2 хх 91/ таньж олуулах ажиллагаанд орж байсан тэмдэглэл, Э.Н гэрчийн мэдүүлэг /1 хх 36, 234/ хувцаст хийсэн үзлэг, Камерын бичлэг, бичлэгийн тэмдэглэл, Э.Н, гэрч Л.Отгонцэрэн, Д.Д нарын мэдүүлэг, мэдүүлэг шалгах ажиллагаа, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, Б-Оын өөрийн мэдүүлэг болон мэдүүлэг шалгах ажиллагааны явцад 3-6 байрны 6 орцны 1 давхарт хүн хүргэж өгсөн гэх этгээдийн биед, хэрхэн халдаж байсныг бусад хамт явсан этгээдүүд нь гэрчилсэн, Б-Оын ах гэгч хэргийг шалгах ажиллагаанд оролцож, дүүдээ нөлөөлж байгаа зэрэг баримтууд хэрэг авагдсан, гэрчээр удаа дараа өгч байсан мэдүүлгүүдийг үндэслэлгүйгээр эрүүдэн шүүсэн гэж нотлох баримтгүйгээр үгүйсгэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тогтоогдсон хохирогч Ч.Бийн биед халдаж эд зүйлийг нь авсан үйлдлээс, түүний биед хүнд гэмтэл учирсан нь тогтоогдсон баримтуудыг үнэлээгүй, хэргийн бодит байдалд тал бүрээс нь хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, өөр хүн байсан мэт агуулга бүхий дүгнэлт хийсэн, түүнчлэн өндөр, цайвар хувцастай гэх этгээд хэн болох, түүний биед халдаж гэмтэл учирсан гэх баримт хэрэгт байхгүй байхад Б-О, П нарыг үндэслэлгүйгээр цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/427 тоот цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Н.Б-О тайлбартаа:
Дашням ард утсаар яриад явж байсан. Тэр хүнийг орц руу оруулж өгөөд гарсан. Зүүн гар талын хаалгыг заасан. Зодож цохисон зүйл байхгүй. Дашням миний утсаар яриад явж байсан. Бид нарын орц руу оруулж өгсөн хүн Б гэдэг хүн биш. Дэлгүүрт орохдоо хар куртиктэй байсан. Орц руу оруулж өгсөн хүн цагаан куртиктэй байсан. Одоо болтол энэ хэрэгт шалгагдаж байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Г.П тайлбартаа: ...Эрүүгийн хэрэг дээр хамгийн эхэнд мэдүүлэг авахдаа эрүүдэн шүүгдэж байцаагдсан. Элэгний алат асат ихдээд, ходоодны үйл ажиллагаа муудсан. Даралтын хэм 150-с буухаа больчихсон. Элэг маань яагаад хурдан хугацаанд огцом өвдөх болсон шалтгааныг асуухад тэр хугацаанд авч байсан цохилт доргилт, цахилгаан бороохой зэрэг амь насанд халтай байдаг гэсэн. Тэр хүн бол надаас см гарантай өндөр. Бид хоёрын орц руу оруулж өгсөн хүн надаас нэлээн өндөр өргөн цээжтэй байсан. Анхан шатны шийдвэрээ дэмжиж байна. Хэвээр үлдээж өгнө үү... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч О.Сарантуул тайлбартаа:
Хохирогч ... өглөө сэрээд гэр лүүгээ явсан гэдэг, эсхүл байрныхаа гадаа сэрсэн гэж өөр өөрөөр мэдүүлдэг. Хохирогчийн мэдүүлгийг шалгаж тогтоогоогүй. Анхан шатны шүүх хохирогчийн мэдүүлэгт дүгнэлт хийсэн. Шинжээчийн дүгнэлтэд унахад гэмтэл авах боломжтой гэсэн байгаа. Газар унасан үед нь бэртэл гэмтэлгүй байсан. Гэрч Аын мэдүүлэг эргэлзээтэй. Түүний утсаар эхнэр лүүгээ ярьсныг мэдсээр байж цүнхийг нь аваад орхиод явах ёсгүй байсан. Нын хувьд хальт харсан хүн. Түүний мэдүүлэг нь газар унасан хүн Б гэдгийг нотолсон зүйл байхгүй. А тухайн үед хохирогчийн нүүрийг анзаараагүй гэдэг. Б-Оын мэдүүлэгт би хүн зодсон гэсэн зүйл огт байхгүй. Яг хэнийг тухайн үед орцонд оруулсныг тодруулаагүй, Дашням, П нараас гэрчийн мэдүүлэг авсан нь конвенцод нийцээгүй. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр Аын мэдүүлэг няцаагдсан. 2 хүнтэй таарсан гэсэн боловч А яагаад өөрөө тэр камерын бичлэгт харагдахгүй байгаа юм. Хохирогч нь би 3-11 дүгээр байрны өнцөгт сэрсэн гэдэг, Гэтэл 3-6 дугаар байрнаас гарч ирсэн хүн Б гэж үзэх боломжгүй. Хэргийг шийдвэрлэхэд үндэслэл бүхий эргэлзээтэй байдал үүссэн. Хохирогчийн өмгөөлөгч нь хууль бусаар авсан Дашнямын мэдүүлгийг шүүгдэгч нарын эсрэг ашиглахыг оролдож байна. Дээрх гэмт хэргийг шүүгдэгч нар үйлдсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Тулга тайлбартаа:
Тухайн орцонд Ганхуяг, Пагма нарыг өглөө орцноос гарахад цус байгаагүй гэдэг. Дараа нь хоёр хүн орцонд орсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өглөө орцноос 2 дугаарт гарч ирсэн хүнийг манай нөхөр мөн гэдэг. Тэр орцонд хүн байгаагүй. Камерын бичлэгээс харахад голд нь явж байгаа хүнийг гулдчиж чирч явж байгаа зүйл байхгүй байхад тэмдэглэлд чирч гулдчиж явсан гэж бичсэн байсан. Гэрч Дашнямын мэдүүлэг нь камерын бичлэгээр няцаагдсан. Мөн Аын мэдүүлэг нь мөн бичлэгээр няцаагддаг. Б-Отой зөрсөн мэтээр мэдүүлдэг боловч бичлэг дээр А байдаггүй. П бөгжний хэлбэр дүрсийг буруу мэдүүлдэг. Бөгж олдоогүй ... Улсын Дээд Шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор энэ хэргийг хэрэгсэхгүй болгох дүгнэлт гаргасан байсан. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ц.Батзориг тайлбартаа:
... Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бодитой дүгнэсэн. 2022 оны 25 дугаартай магадлалын заалт биелэгдээгүй. Улсын Дээд шүүхээр энэ хэрэг хянагдаад анхан шатны шүүхийн тогтоолд дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болсон. Анхан шатны шүүх 60 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан боловч энэ хугацаанд мөрдөгч, прокурор арга хэмжээ аваагүй. Туршилт хийгдээгүй, яагаад өөр камер орлуулаад хийж болохгүй байна вэ. Жавхлантөгсийн куртикийг хурааж авсан, энэ хэрэгт эргэлзээтэй байдлуудыг шалгаж тогтоогоогүй. Энэ тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай. Иймд анхан шатны шүүхийн 427 дугаартай цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тайлбартаа:
...Цагаатгах тогтоол үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал нотлогдоогүй гэж үзсэн. Хохирогч нь дэлгүүрээс гараад Б-О нартай тааралдахаас өмнөх цаг хугацааг шалгаж тогтоогоогүй. Хохирогч анх эмнэлэгт очихдоо бараан өнгийн хувцастай 3 залуу байсан гэсэн байдаг. Хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирсанд харамсдаг ... Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д тайлбартаа:
Гэртээ яаж ирснийг мэдэх гээд очиход цагдаатай ир гэсэн. Би 3-6 дугаар орцноос гараад гэр лүүгээ алхахад цаг явах юм байна лээ. Дэлгүүрийн камерын бичлэг алга болсон. Хохирогч одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа. Биеийн байдал нь сайнгүй байгаа ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна ... Цагаатгах тогтоолыг хүчингүй болгох саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ж.Батбаатар дүгнэлтдээ:
Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй. Шүүгдэгч нарыг эрүүдэн шүүсэн гэсэн нь үндэслэлгүй. Хохирогч Бийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан нь тогтоогдсон. А, Н нар Бийг гадаа хэвтэж байсан гэдэг. А зөрөхдөө таарсан гэдэг, Бийг таньсан байдаг. Шүүгдэгч нарыг гурвуулаа явж байсан гэдгийг зөв мэдүүлдэг. Өглөө орцноос гарахыг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч таньсан. Тухайн үед байсан камер нь эвдэрсэн, тэр төрлийн камер нь актлагдсан ашиглах боломжгүй гэсэн учраас дахин тийм камераар туршилт хийж боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тийм учраас шүүх хуралдааныг хойшлуулсан 60 хоногийн хугацаанд тухайн ажиллагааг хийж гүйцэтгээгүй ... цагаатгах тогтоолыг хүчингүй болгох дүгнэлт гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос Н.Б-О, Г.П нарыг 2019 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-6 дугаар байрны 6 дугаар орцонд иргэн Ч.Бийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй байхад нь зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн түүний монетон бөгжийг нь дээрэмдэн авсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Б-О, Г.П нарын гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж “...шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн...” гэсэн үндэслэлээр тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат “...хэргийн бодит байдалд тал бүрээс нь хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.
Давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүйгээс гадна цагаатгах тогтоол нь хуульд заасан шаардлага хангаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг цагаатгах болсон үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэж заасан.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, тэдгээрийн агуулгыг жагсаан бичсэн байх боловч хэргийн үйл баримтын талаар дүгнэхдээ улсын яллагчийн дүгнэлтэд тусгагдсан яллах талын баримт буюу хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хохирогч Ч.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Дын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрч Г.А, Э.Н нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд болон хохирогчийн өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг, мөн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.
Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд шүүх хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр шууд эргэлзээтэй нөхцөл байдлыг тогтоох боломжгүй юм.
Мөн анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай, хүрэлцэхүйц байж чадахгүй байна ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал”, 1.2-д заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн” болохыг тогтоож чадаагүй, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдоогүй байна ... ” гэж дүгнэжээ.
Түүнчлэн “... хохирогчийн анх гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг болон гэрч Г.Аын мэдүүлгүүдийг шалгах ажиллагаа хийгээгүй, 3-11-р байрны орцны болон орчны камерыг шалгаагүй, ... Говил баг руу явахад хаанаас ямар тээврийн хэрэгсэлд сууж болохыг, хохирогч ямар тээврийн хэрэгслээр явж гэртээ харьсан маршрутыг тогтоож шалгаагүй, Г.Аын дэлгүүрээ хаасан цаг, маршрутыг шалгаж тогтоогоогүй, ... зэрэг нь нотлох баримтуудыг харьцуулан нэгтгэж үнэлж дүгнэхэд эргэлзээ үүсгэж байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Өөрөөр хэлбэл хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүх талаас нь бүрэн бодитой, хангалттай шалгаж тодруулаагүй нөхцөлд үүссэн аливаа тодорхойгүй байдлыг эргэлзээ гэж үзэхгүй юм.
Тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаартай магадлал /4 дүгээр хх 216/-аар ... хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал”, 1.2-д заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн”, хяналтын камерын бичлэгт бичигдсэн хүмүүсийн дунд явж байгаа хүн хохирогч Ч.Б мөн эсэх, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүгдэгч нар учруулсан эсэх зэргийг тогтоох зорилгоор туршилт хийх, шинжээчийн дүгнэлт гаргуулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн.
Магадлалд заагдсан туршилт хийх ажиллагааг гүйцэтгэх үед Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-6 дугаар байрны 11 дүгээр орцны дээр байдаг хяналтын камер ажиллахгүй болсон, дахин засварлах, ашиглах боломжгүй болсон гэсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд хэрэгт авагдсан байна.
Мөн анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаартай тогтоолоор ... давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсан ажиллагааг хийж гүйцэтгээгүй ... гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, энэ хугацаанд дээрх ажиллагааг хийж гүйцэтгэж ирүүлэхийг прокурорт даалгасан боловч
шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд мөрдөгч нь хохирогч Ч.Бийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож,
мөн гэрч М.Тунгалагийн “ ... камер 2021 оны өвөл гэмтэл гараад эвдэрчихсэн. Түүнээс хойш 3-6 дугаар байрны гадна камергүй байж байгаад 2023 оны 7 сард шинээр камер тавигдсан ... ” гэсэн мэдүүлэг болон гэрч Э.Н, Г.А нарын дахин өгсөн мэдүүлэг,
Орхон аймгийн Цагдаагийн газрын холбоо, мэдээллийн инженер ажилтай Ч.Батзаяагийн “ ... Би 2019 онд Уурхайчин баг 3-6 дугаар сарын дээр байрлах хяналтын камерын бичлэгийг мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Золзаяад хуулбарлан авч өгсөн. Үүний дараа уг камерыг ашиглан туршилт хийхээр ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Болд-Эрдэнэ, өмгөөлөгч Тулга нарын хамт камер шалгах багаж ашиглан ажиллаж байгаа эсэхэд үзлэг хийхэд тус камер нь дахин ашиглах боломжгүй гэмтсэн байсан. Үүний дараа энэ оны 11 дүгээр сарын эхээр дахин камерыг мөрдөгч, ахлах дэслэгч Б.Булгантамирын хамт шалгахад уг камер байрны дээр одоо хүртэл байгаа боловч дахин ашиглах боломжгүй байсан ... уг камер нь hikvision брэндийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн камер. Одоо hikvision брэндийн хуучин камер олдохгүй. Би “hikvision Mongolia” нэртэй албан ёсны камер оруулж ирдэг газраас тодруулахад 2017 онд үйлдвэрлэгдсэн, дээрх камер дахин орж ирэхгүй байгаа ...” мэдүүлгийг авч хэрэгт хавсаргажээ.
Уг хэрэгт зайлшгүй шалгах шаардлагатай гэж нөхцөл байдлуудыг шалгалгүйгээр цаг хугацаа алдсаны улмаас шүүхийн шийдвэрт тусгагдсан дээрх ажиллагаануудыг нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзвэл шүүх тухайн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн нотлох баримтуудад нэг бүрчлэн дүгнэлт хийж шүүгдэгч нарын гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай юм.
Түүнээс гадна анхан шатны шүүх шүүгдэгч Г.П, Н.Б-О, гэрч Г.Дашням нарын мэдүүлгүүдийг үндэслэн дээрх хүмүүсийг эрүүдэн шүүж мэдүүлэг авсан гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Тодруулбал: Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан албан тушаалтнуудыг Г.П, Н.Б-О, Г.Дашням нарт эрүү шүүлт тулгаж мэдүүлэг авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, тогтоогоогүй, энэ талаарх өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад “эрүүдэн шүүж мэдүүлэг авсан” гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна.
Иймд хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхийн цагаатгах тогтоол нь хуульд заасан шаардлага хангаагүй буюу шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 427 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3. Г.П, Н.Б-О нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Булгантамирт даалгасугай.
4. Хэргийг анхан шатны шүүхэд очтол цагаатгагдсан этгээд нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ