Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 303/ШШ2025/00339

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******************э

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ************** нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1965 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн. 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1990 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жаргалант сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1 дүгээр багт агентаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 134 дүгээр лавлагаа, хөдөлмөрийн 034997 дугаартай дэвтрийн хулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 13/448 дугаар албан бичиг, ХААТР-1 баримт, гэрч *на******************рын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн  болно. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч **************1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Жаргалант сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч *************** нь 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Жаргалант сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентаар  ажиллаж байсан болох нь түүний 1991-1993 онуудад авч байсан цалинг сар бүрээр нь түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 134 дүгээр лавлагаа, ажилд орсон тушаалыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 034997 дугаартай дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ************ нарын  мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч ********** хөдөлмөрийн 034997 дугаартай дэвтрийг Шаамарын хөдөө аж ахуйн ТМСургууль нээж, тамга дарж баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтэрт дурдагдсан овог, нэр, төрсөн он, мэргэжил зэргээр нь Г****************** дэвтэр мөн болохыг тодорхойлох боломжтой байх тул уг хөдөлмөрийн дэвтэр нь түүний ажиллаж байсныг нотлох ач холбогдолтой бичиг баримт гэж шүүх дүгнэв.

5. Мөн хүсэлт гаргагч **************нь 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хүн амын регистрийн картын маягтын 013 дугаар бүртгэлд: “овог, нэр- ******************, ажилладаг байгууллага- ХАА-н техникум, эрхэлдэг ажил-оюутан, эрхэлж эхэлсэн он-1984 он, оршдог сум-Алтанбулаг гэж тэмдэглэжээ.

6. Иймд хүсэлт гаргагч Г.Ба***************1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Жаргалант сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ***************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б*************** 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Жаргалант сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ************* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Г.БАТЗАЯА