| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00198/И |
| Дугаар | 303/ШШ2025/00350 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 303/ШШ2025/00350
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ****
Хүсэлтийн шаардлага: “Мал маллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч **** нь мал маллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Мягмарын Октябрь миний бие 1969 онд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн. Миний бие нь 1996 оноос 2006 оныг дуустал Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Сангийн далай 1 дүгээр багт мал маллан амьдарч байсан. Миний бие нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тэтгэвэр тогтоолгох болсон боловч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газраас намайг 1996 оноос 2000 оныг дуустал ямар ажил хийж байсан нь тодорхойгүй үндэслэлээр тэтгэвэр тогтоогоогүй, Баянхонгор аймгийн Архивын тасгаас миний 1996 оноос 2000 оны хороонд мал маллаж байсан малын тооллого баримт гарч ирэхгүй байх бөгөөд Баянбулаг сумын тухайн үе архивын баримтууд шатаж, устсан гэх үндэслэлээр миний дээрх мал тооллогын баримт олдохгүй болсон. Иймд миний бие тэтгэврээ тогтоолгож чадалгүй өдийг хүрсэн юм. Миний бие нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 1990 оноос 2000 оныг дуустал 11 жилээр нөхөн тооцсон боловч дээр үндэслэлээр намайг тэтгэвэрт оруулахгүй байна. Иймд миний бие нь 1996 оноос 2000 оныг дуустал Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Сангийн далай 1 дүгээр багт мал маллаж байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 1351.1.14-т зааснаар дээрх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож намайг тэтгэвэрт орох боломжоор хангаж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1143 дугаар болон 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр лавлагаанууд, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 481 дүгээр лавлагаа, нийгмийн даатгалын ****дугаартай дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 131/ШШ2025/00007 дугаартай шийдвэрийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс гэрч **** нарын мэдүүлгийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлт гаргагч ****ийн мал маллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:
2. Хүсэлт гаргагч **** нь 1996-2000 оныг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын сангийн далай 1 дүгээр багт мал маллаж байсныг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасан тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдалд хамаарахаар байх тул хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авчээ.
4. Хүсэлт гаргагч **** нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.
5. Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан тул хүсэлт гаргагч ***ийн хүсэлтэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэв.
6. Хүсэлт гаргагч ****нь 1996-2000 оныг дуустал Баянхонгор аймгийн Баянбулаг сумын сангийн далай 1 дүгээр багт мал маллаж байсан гэж хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон боловч дээрх байдал нь хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хүсэлт гаргагч **** нь 1996-2000 онуудад Баянхонгор аймгийн Баянбулаг сумын сангийн далай 1 дүгээр багт мал маллаж байсан талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй тул шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ****ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ****1996-2000 оныг дуустал Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Сангийн далай 1 дүгээр багт мал маллаж байсныг тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ****ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА