2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/04545

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/04545

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, *******, ******* хаягт байрлах, ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, хаягт оршин суух, овогт ийн /РД:*******/-д холбогдох,

Орон сууцны ус, дулааны төлбөрийн үлдэгдэл 2,457,592 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э., хариуцагч Р., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК нь 2017 оноос эхлэн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д болон УСУГ-т ******* дүүргийн хороо, байрны ус, дулааны хэрэглээг хариуцаж төлбөр тооцоо хийх үйлчилгээ үзүүлж ирсэн. Тухайн байрны айл өрх, оршин суугчид сар бүр төлбөр тооцоогоо өгдөг бөгөөд тодорхой хэдэн айлууд төлбөр төлөхгүй хүндрэл учруулж байна. Одоогийн ******* хороо, байрны оршин суугч Б. нь 2022 оны 3 сараас эхлэн төлбөр тооцоогоо өгөхгүй явсаар өнөөдрийг хүртэл хугацаанд 2,457,592 төгрөгийн төлбөртэй болсон. Иймд уг төлбөрийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15.1.13, 20.1, 20.2, 20.3, Эрчим хүчний тухай хуулийн 30.1.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 27.2, 31.1 гэх мэт заалтуудыг үндэслэн төлөх үндэслэлтэй гэж үзэж байна.

Хариуцагчийн төлбөрөө төлөхгүй гэсэн тайлбарт тодорхой хэмжээний хариу хэлье гэж бодож байна.

Эрчим хүчний тухай хуулийн 28.1., Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13.1.д заасныг үндэслээд бие ер нь төлөхгүй юм байна гэсэн тайлбарыг хариуцагч өгсөн байдаг.

Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д бол Эрчим хүчээр хангах гэж зохицуулалт байдаг. Энэ дээр бол зохицуулалтаар хангах, зохицуулалтгүй хангалт гэсэн 2 тусгай зөвшөөрөл бүхий этгээдүүд байдаг. Манайх бол тусгай зөвшөөрлийн зохицуулалттайгаар хангадаг. Зохицуулалтгүй гэвэл гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг. Зохицуулалттай гэхээр эрчим хүчний зохицуулах хорооны тарифаар явагддаг. Энэ дээр бол заавал гэрээ хийх шаардлагагүй. Гэхдээ талууд харилцан зөвшөөрвөл гэрээ хийхийг шаарддаг. Тухайн харилцагч маань гэрээ хийхгүй гэвэл заавал хийх шаардлагагүй.

Мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.14-т хангагч гэдэг нь цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь, эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлнэ гэсэн байдаг.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13.5-д хангагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэвэр усыг хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй. Тухайн байгууллагын бүрэн эрхийг хангаж өгсөн байдаг, бид нар татгалзах эрх байхгүй, харин хэрэглэгчид бол хэрэглэхгүй гэсэн асуудал бол яригддаг.

Мөн хариуцагч нь дур мэдэн өөрчилсөн зүйлүүд байдаг. Тэгэхээр тоолуурын заалт нь зөрүүтэй гардаг тохиолдол байдаг. Манай дээр хэрэглэгчээс ирсэн дуудлага, дуудлага хийсэн эсэх, дуудлага зогссон, ямар шалтгаанаар хаасан бүгд тодорхой байдаг. Энэ хэрэглэгчийн хувьд бол энэ нөхцөлийг хангаагүй, хаалга тогшихоор онгойлгодоггүй, эсхүл хаалга онгойлгочихоод шууд хаадаг, манайд бичлэг нь хүртэл байгаа. Мөн хуулийн 16.2-д хэрэглэгчид урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр цэвэр усны хэрэглээ хязгаарлах буюу зогсоох, арга хэмжээ авна гэж заасан. Энэ хүрээнд манай зүгээс арга хэмжээ авсан ийм асуудлууд байгаа.

Хариуцагчаас 2022 оны 01, 02 дугаар саруудын төлбөрийг 3 дугаар сарын 18-ны өдөр төлсөн. Үүнээс хойш төлбөр төлөөгүй, хариуцагчийн хэлээд байгаа цахим хаяг руу төлбөрийн мэдээлэл шууд бид нарт харагдахгүй, программаар явдаг. Энэ төлбөрүүдийн төлөлт нь Төрийн банк дээр хийгдээд шууд дулаан юмуу эрчим хүчний байгууллага руу татагддаг. Бид нарт буцаагаад зардлын төлбөрийг шилжүүлдэг. Гэтэл энэ хүмүүс болохоор шууд манайхыг авдаг гэж ойлгоод байх шиг байна. Манай байгууллагын хувьд хуульд заасан тарифаар тооцож төлбөрөө авч байгаа.

Тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан үүссэн үү гэвэл үүссэн. Манай байгууллага дээд шат хүртэл шүүхдэж 2024 оны ******* сарын 23-ны дээд шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд шийдвэр гарах хүртэл манай үйл ажиллагаагаа хэвийн явуулж бай гэсэн шийдвэр гарсан. Ингээд 2024 оны 7 сарын 23-аас хойш манай тусгай зөвшөөрөл дууссан. Харин нэхэмжлэгчээс 2022 оны 3 сараас 2024 оны 3 сарын 31-ний өдөр хүртэл ус, дулааны төлбөр нэхэмжилж байгаа.

Захиргааны шүүх дээр байруудыг хорооны Засаг даргын шийдвэрээр шилжүүлсэн талаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хорооны дарга ийм шийдвэр гаргах эрхгүй, буцааж шилжүүлж өг гэсэн шийдвэр гарсан. Иймд хариуцагчаас ус дулааны төлбөрт 2,457,592 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Би ******* дүүргийн хорооны 11 байрны од оршин суудаг байсан. 2021 онд ХХК нь ХХК-д манай байрыг шилжүүлсэн байсан. Надад 2022 оны 1-2 дугаар сард ХХК манай байрыг хариуцаж байгаа гээд 2022 оны 2 сарын дундуур нэхэмжлэл явуулсан. Тэрийг нь би тухайн үед нэхэмжилсэн дүнгээр анзаараагүй төлсөн. Цаг хожимдолгүй тухайн үед нь төлж байдаг. Гэтэл 1 дүгээр сарын хүйтэн усны заалт 442 байсан, 2 дугаар сарын заалт 258 болоод өөрчлөгдсөн байсан. Тухайн үед мэдээгүй, сүүлд нь мэйл хаягаар ирсэн нэхэмжлэлийг хараад мэдсэн. ХХК-д та нар тоолуурынхаа заалтыг тулгаа гэсэн, гэрээ байгуулах шаардлага тавьсан. Эд нар огт хүлээж аваагүй. Тэгээд гэрээ байгуулсан тохиолдолд би үүргээ биелүүлье гэж хэлсэн. Тэгэхээр нь би танайх манайхтай гэрээ байгуулсан цагт би өөрийн үүргээ биелүүлье гэсэн.

Эрчим хүчний тухай хуулийн 28.1-д Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна. Өөрөөр хэлбэл, энэ заалт нь нарийвчилсан заалттай.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн тавдугаар бүлгийн 13 дугаар зүйл 13.1-д Хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээгээр зохицуулна гэж заасан. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйл 30.1.5-д эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх гэж заасан. Мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйл 15.1.4-д хангагч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үйлчилгээний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг нь төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр хангагчаас нэхэмжлэх гэж тус тус заасан байдаг.

ХХК нь хангагч компанийн хувьд манай байрны хэрэглэгч байрны хүнтэй огт гэрээ байгуулаагүй. Манай гэрийн м.кв-ийг 66 м.кв гэж тооцож нэхэмжилсэн байсан. Өөрсдөө нэхэмжилж байгаа нэхэмжлэл дээр тооны зөрүүтэй асуудлууд байсан. Уг компанийг тоолуураа тулгаач ээ, та нар үүргээ биелүүлээч ээ гэсэн шаардлагыг удаа дараа тавьж байсан. Өөдөөс үг хэлээр доромжилсон. 2023 оны 3 сард манай хүйтэн усны тоолуурыг хулгайлж авч явсан, хүйтэн усны тоолуур нь хуульд зааснаар миний өөрийн өмчлөлийнх.

Манайхыг ажилтнуудыг нэвтрүүлдэггүй хаалгаа онгойлгоод буцаад хаадаг гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Манай усны тоолуурууд бүгд гадна талдаа байдаг, айлууд руу орон шаардлага ч байхгүй. Хүйтэн усны тоолуурыг авч явснаас хойш манайх хүйтэн ус хэрэглээгүй. Хэрвээ манайх хүйтэн ус хэрэглэж байсан бол танайх энэ талаар нотлох баримт өгч нотлох хэрэгтэй. Манай байранд халуун ус байсан болохоор хүйтэн усны шаардлага байгаагүй. 2023 оны 8 сард мөн манай халуун усны тоолуурыг хулгайлж авч явсан. Үүнээс хойш энэ компани манайхыг ус, дулаанаар хангах үйлчилгээ огт үзүүлээгүй. Үзүүлж байсан бол нотолж, нотлох баримтаа гаргаж өгөхийг хүсэж байна. Энэ байгууллагын ажилтнуудыг хориглосон цагдсан асуудал огт байхгүй, харин хууль зөрчиж миний өмч рүү халдаж байсан талаар цагдаагийн байгууллагад удаа дараа тэмдэглүүлж байсан. Тэгэхэд энд сууж байгаа гэж энэ хүн ирдэггүй, оронд нь слесарь нь ирдэг. Слесарь нь ирээд зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулах болохоор тухай бүрд нь би цагдаатай зөвшилцөөд слесарьтай нь зөвшилцөөд манай тоолуурыг буцаагаад авч ирээд тавиарай гэж гомдлоосоо татгалзаж байсан. Мөн 2023.12.29-ний өдөр энэ байгууллага нь манай халуун, хүйтэн усны шугамыг ёзоороор нь авч явсан, нотлох баримтаар зураг өгсөн байгаа. 2023 оны 12 сарын 29-ний өдрөөс хойш манай өрхийн хэрэглээ халуун хүйтэн усны шугам огт байхгүй байгаа. Тоолуур байхгүй, хэрэглээ хангаагүй байж нэхэмжлэл гаргаж төлбөр гаргуулахаар шүүхэд хандаж байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3.Хэрэг авагдсан бичгийн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцаж буй орон сууцны барилга байгууламжийн бүртгэл, төрийн банк дахь харилцагчийн гүйлгээний баримт, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 сарын 11-ний өдрийн 221/МА2024/0595 дугаартай магадлал, 2023 оны 11 сарын 15-ны өдрийнг 221/ШТ2023/0905 дугаартай тогтоол, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 6 сарын 24-ний өдрийн 022*******тай тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 сарын 23-ны өдрийн 0593 дугаартай шийдвэр, 2023 оны 9 сарын 29-ний өдрийн Хот суурин ус хангамж ариутгах, татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооны 2023 оны 9 сарын 29-ний өдрийн 96 дугаартай тогтоол, төлбөрийн нэхэмжлэх, ХХК-ийн харилцагчийн гүйлгээний санхүүгийн баримт,

хариуцагчаас, гэрэл зураг, мэйлээр ирсэн нэхэмжлэх, 2023 оны 1 сарын 10-ны өдрийн 128/ШШ2024 дугаартай шийдвэр зэрэг бичгийн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

хариуцагчийн хүсэлтээр ******* дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2025 оны 4 сарын 4-ний өдрийн албан бичиг, дуудлагын лавлагааны хуудас, 2025 оны 4 сарын 23-ны өдрийн албан бичиг, дуудлага, мэдээллийн бүртгэлийн системийн мэдээлэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх талуудын гаргасан тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Р.д холбогдуулан, орон сууцны ус, дулааны төлбөрийн үлдэгдэл 2,457,592 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, ус дулаан нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул хариуцагчаас 2022 оны 2 дугаар сараас 2024 оны 3 дугаар сар хүртлэх хугацааны ус, дулааны төлбөр 2,457,592 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна.

Хариуцагчаас, усны тоолуурын заалт зөрүүтэй бодогдсон, ус, дулаан нийлүүлэх гэрээг бичгээр байгуулаагүй, тоолуур салгаж авч явсан, мөн нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

3.Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн гэрчилгээ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2022 оны сарын 30-ны өдрийн 00399 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч ХХК нь Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4 цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, мөн 12.2.5 орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ болон 12.2.6 ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ, түүнчлэн 12.2.7 бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ-нээс гадна 12.2.8 бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ-г тус тус эрхлэн явуулдаг ба уг тусгай зөвшөөрлийн хүрээнд цэвэр, бохир усаар хангах үйлчилгээг үзүүлэх эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг нэхэмжлэх эрх бүхий этгээд байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн дээрх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацааны төлбөрийг шаардах эрхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч ХХК нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороонд холбогдуулан тус хорооны 2024 оны 4 сарын 17-ны өдрийн 01/188 тоот Орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 сарын 23-ны өдрийн 0593 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 сарын 11-ний өдрийн 0595 дугаартай магадлалаар тус хорооны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэх ажил, үйлчилгээг шилжүүлсэн 2024 оны 4 сарын 17-ны өдрийн 01/188 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрх хугацаанд нэхэмжлэгч байгууллагын тусгай зөвшөөрлийн чиг үүрэг хадгалагдаж байсан болох нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 0405 дугаартай тогтоолоор тогтоогдож байна.

Иймд хариуцагчийн нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйлчилгээ үзүүлэх эрх нь түдгэлзсэн байх хугацааны буюу 2023 оны 8 сар хүртэлх хугацааны төлбөрийг нэхэмжлэх эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

4.Хариуцагчаас ус дулаан нийлүүлэх гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хэдийгээр зохигчид ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ авахтай холбоотой харилцааг зохицуулсан гэрээ, хэлэлцээрийг бичгээр байгуулаагүй боловч хэрэглэгч, хангагч нарын харилцаа, тэдгээрийн хүлээсэн үүргээс үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Өөрөөр хэлбэл, хуульд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигдаагүй бөгөөд Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д хэрэглэгч нь цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нь цэвэр, бохир усны төлбөрийг хэрэглэгч болохынхоо хувьд хуульд зааснаар төлөх үүрэгтэй. Ийнхүү төлөхдөө дээр дурдсан хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17, 3.1.18-д тус тус зааснаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос баталсан тарифын дагуу байгалийн баялаг, нийгмийн хүч хөдөлмөр шингэсэн байдаг тул гэрээ, хэлэлцээр байгуулаагүй ч хэрэглэсэн бол зайлшгүй төлөх ёстой байна.

Хариуцагчаас тоолуурын заалт зөрүүтэй, тоолуурыг салгаж авч явсан гэж маргаж байх боловч энэ үндэслэлээр төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд тоолуурын заалт зөрүүтэй гэх тайлбарын хувьд баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг, хариуцагч хариу тайлбараа өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй байна.

Хариуцагчаас мэйлд үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн хэдий ч үзлэг хийлгэх мэйл нь нээгдээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Төрийн банкны харилцагчийн гүйлгээний баримт, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгэг зохицуулах хорооны 2023 оны 9 сарын 29-ний өдрийн 96 дугаар тогтоол, ХХК-ийн харилцагчийн гүйлгээний санхүүгийн баримтуудаар хариуцагч нь 2022 оны 02 дугаар сарын төлбөр 70,689 төгрөгийг төлсөн байх бөгөөд харин 2022 оны 3 дугаар сараас 2024 оны 3 дугаар сар хүртлэх хугацааны төлбөрийг төлөөгүй гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2022 оны 3 дугаар сараас 2024 оны 3 дугаар сар хүртэл хугацааны ус, дулааны төлбөрт нийт 2,386,902 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70,702 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.гаас 2,386,902 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-

д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70,702 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,271 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Б.гаас 52,096 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА