| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Паламын Амаржаргал |
| Хэргийн индекс | 116/2025/0031/З |
| Дугаар | 116/ШШ2025/0028 |
| Огноо | 2025-08-01 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 116/ШШ2025/0028
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал би, Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх *******ын дүгнэлттэй, Автотээврийн төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0771918 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” зөрчлийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх ******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлтэй байх тул Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Автотээврийн хяналтын улсын байцаагч *******гээс 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр холбогдогч ******* шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад ...“250,000 төгрөг”... гэснийг ... “20,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0771918 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Автотээврийн төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дорнод аймгийн Авто тээврийн хяналтын улсын байцаагч ******* би Прокурорын газраас ирүүлсэн дүгнэлттэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага буюу эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Алдаа дутагдал гаргасан үйлдэл гаргасан байна. Цаашид ийм алдааг дахин гаргахгүй байх боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хяларшуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Маргах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх ******* нь ...“ “Тал нутгийн Хэрлэн” ХХК-ий жолооч В.Батжаргал нь техникийн хяналтад оруулаагүй тус компаний “Kia Granbird” маркийн 50-88 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчил үйлдсэн болох нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Авто тээврийн хяналтын улсын байцаагч ******* уг зөрчилд 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шийтгэл оногдуулахдаа “Тал нутгийн Хэрлэн” ХХК-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцохоор тус хуулийн этгээдээс албан ёсоор томилогдсон албан тушаалтан эсхүл тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтныг холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол үйлдэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж мэдүүлэг авалгүйгээр шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад Автотээврийн төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагч ******* нь “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0771918 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлсэн нь ...бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг баримтлан, “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0771918 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хяналтын прокурор *******ын дүгнэлтийг, хариуцагч Автотээврийн төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагч ******* хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ