Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/348

 

 

М.Өад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Алтай,

шүүгдэгч М.Ө, түүний өмгөөлөгч Б.Болдбаатар,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Өын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2210 03244 0566 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн М-ын Ө, 19... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, геофизикч мэргэжилтэй, “....” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл ... хамт .... дүүргийн .... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;

М.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 02 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Минт” нэртэй бааран дотор Перу Улсын иргэн HVM /ХВМ/-тай маргалдаж, тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г овогт М-ын Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өад оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч HVM /ХВМ/-д төлөх төлбөргүйг дурдаж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Өад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруугийн асуудал дээр маргаагүйгээ дахин илэрхийлж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан “согтуурсан” гэсэн хэсгийг эс зөвшөөрч байна. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан байдаг. Энэ хууль 2024 оны 1 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр болохоор хуульчлагдсан байна. Дээрх хуульд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд хууль тогтоогчийн хууль тайлбарласан тайлбар буюу аутентик тайлбар нэмсэн ба тухайн тайлбараар “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж заажээ.

Надад холбогдох эрүүгийн хавтаст хэрэгт намайг согтуурсан гэдгийг нотлох амьсгал дахь спиртийн агууламж болон цусан дахь спиртийн агууламжийг хэмжсэн баримт, түүний хариу хэрэгт огт байхгүй. Өөрөөр хэлбэл намайг согтуурсан гэх шалгаж, тогтоосон хангалттай баримт байхгүй болно.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасны дагуу намайг согтуурсан гэх үйл баримтад ашиглах Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “согтуурсан” гэсэн тайлбарыг буцаан хэрэглэж, Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэснийг үгүйсгэн миний бие эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж, миний эрх зүйн байдал дээрдэх юм.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасныг үндэслэн намайг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг өөрчилж, 3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.Өын өмгөөлөгч Б.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргаагүй гэдгээ удаа дараа хэлж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад “согтууруулах ундаа” гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, 2 хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг ойлгоно гэж заасан. Маргааны зүйл согтууруулах ундаатай холбоотой биш юм. М.Ө согтуурсан эсэхийг тогтоосонгүй гэж маргадаг. Хэрэгт авагдсан баримтаас харахад М.Өыг согтуурсан талаар ажиллагаа хийсэн баримт байдаггүй. Өмгөөлөгчийн зүгээс хэрэг гарсан өдрийн маргаашнаас эхлэн хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа. М.Ө “Минт” бааранд өөрийн тээврийн хэрэгсэлтэйгээ эрүүл очсон. Маргааш нь тээврийн хэрэгслийг нь очиж аваад цагдаа дээр эрүүлжүүлэх шаардлагагүй гэж хэлсэн. Согтуурсан үйл баримтыг нотолсон баримт байхгүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Хохирогчид учруулсан хохирлыг төлж, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. М.Ө хэрэг гарснаас хойш санаачилгатай байж хохирогчтой мөрдөн байцаалтын шатанд хамтран оролцож байсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэв.

Прокурор С.Алтай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...М.Ө хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, анхан шатны шүүхээс 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. М.Өын гаргасан гомдол ойлгомжгүй. Хавтаст хэргийн 39 дүгээр талд гэрч н.Халиуны мэдүүлэг, 41 дүгээр талд н.Бадамхоролын мэдүүлэг, 58 дугаар талд яллагдагчаар өгсөн “хүний нэг нэг пиво уусан” гэх мэдүүлгээр тогтоогдож байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх асуудал нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Шүүхийн эрхэд халдах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Өын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч М.Өын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

М.Ө нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Минт” нэртэй бааранд 2022 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 02 цагийн үед согтуурсан үедээ Перу Улсын иргэн HVM /ХВМ/-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас маргалдаж улмаар үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч HVM /ХВМ/-ын “...Би 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр найз ТГЧ-ын хамт “Минт” нэртэй бааранд орсон. Уг бааран дотор ороод 1 шил пиво уусан бөгөөд архи захиалчихсан ууж амжаагүй байтал найз нар маань байгаа харагдахаар нь мэнд мэдэх гээд очих гээд явж байтал хэдэн залуучууд миний замыг хаагаад явуулахгүй байсан бөгөөд нэг нь миний хүзүүнээс барьж аваад түлхэхээр нь гарыг нь холдуулаад яасан талаар асуухад үгийн зөрүүгүй миний нүдэн тус газарт цохисон. ...” /хх 119/,

гэрч Т.Х-ийн “...найзууд болох Ө, Б, Н нарын хамт хүн тус бүр 1 шил пиво аваад уугаад зогсож байхад бор арьстай гадаад залуу Өыг дуудаад хажууд нь очоод чихэнд нь юм хэлээд яриад байх шиг ажиглагдсан. Тэгтэл хоорондоо барьцалдаж аваад бор арьстай гадаад залуу Өыг цохиод авах шиг болоод хоорондоо маргалдаад зууралдаад авах үед хажууд байсан залуучууд салгасан. Тухайн залуучуудад баярлалаа гээд хэлээд зогсож байхад бор арьстай гадаад залуу шар арьстай гадаад залуугийн хамт ирээд шар арьстай залуу нь Өыг араас нь боож унагаад газарт хоорондоо зууралдаад, хажууд байсан залуучууд салгаж дийлэхгүй хоорондоо зодолдсон. ...” /хх 39/,

гэрч С.Б-ын “...найзууд болох Ө, Х, Н нарын хамт тус бүр 1 шил пиво аваад уугаад зогсож байхад бор арьстай гадаад залуу Өыг дуудаад хажууд нь очоод чихэнд нь юм хэлээд яриад байх шиг ажиглагдсан. Тэгтэл хоорондоо барьцалдаж аваад бор арьстай гадаад залуу Өыг цохиод авах шиг болоод хоорондоо маргалдаад зууралдаад авах үед хажууд байсан залуучууд салгасан. ...” /хх 41/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 16070 дугаартай “...Н V-н биед зүүн хөмсөг язарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. ...” /хх 29-30/ гэх дүгнэлт,

гомдол мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас /хх 7/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч М.Өыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.Өын Перу Улсын иргэн HVM /ХВМ/-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасантай нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Шүүгдэгч М.Ө “...Надад холбогдох эрүүгийн хавтаст хэрэгт намайг согтуурсан гэх шалгаж, тогтоосон хангалттай баримт байхгүй. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар намайг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хэдий ч энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй.

Шүүгдэгч М.Ө нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт оногдуулсан ял тохирсон байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж дүгнэв.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхолд нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч М.Өын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн аваагүй болно.

            Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байх тул оногдуулсан торгох ялаас чөлөөлөх үндэслэлгүй гэсэн дүгнэжээ. Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг нийтлэг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй болсон бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгиийн хариуцлагаас хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй болно.

Иймд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Өын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Өын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

 ШҮҮГЧ                                               Ц.ОЧ

 

                         ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ