Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00478

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00478

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн * дугаар хороо, ** дугаар байранд байрлах, ******* ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл 36,293,721 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 36,293,721 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.******* ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн байдлаар 24,195,814 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байна. Тус газарт өр төлбөрөө барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж, албан тоотоор шаардлага хүргүүлж, уулзалт хийж, өр төлбөрийг графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож гэрээ хэлцэл байгуулсан боловч өнөөдрийг хүртэл шимтгэлийн өрийг барагдуулаагүй. Иймд ******* ХХК-аас Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь заалтын дагуу төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 24,195,814 төгрөг, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтын дагуу эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэлийн алданги 12,097,907 төгрөг нийт 36,293,721 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч ******* ХХК-ийн захирал Ж.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .., Нийгмийн даатгалын хэлтэст тулгалт хийж өр, алдангийн хэмжээг тодруулж хариу мэдэгдэхийг шаардахад 2025 оны 01 дүгээр сард 2 удаа нийт 9,760,000 төгрөгийн төлөлт хийсэн гэжээ. Шимтгэл төлөлтийг дүүргийн нийгмийн даатгалын газрын өр барагдуулах ажил хариуцсан байцаагч ******* тулгалт хийлээ. Иймд нэхэмжилсэн хугацааны өрнөөс 14,435,814 төгрөгийн үлдэгдэл өр, 12,097,907 төгрөгийн алданги нийт 26,533,721 төгрөгийн өртэй байна. Нийгмийн даатгалын хэлтэс нь алдангиас чөлөөлөх боломжгүй гэсэн тул 2025 оны 8 дугаар сард багтаан нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги 26,533,721 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 9,760,000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэч байгууллагаас ирүүлсэн тооцооны баримтаар тогтоогдож байна.

4.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч ******* ХХК нь Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжилсэн 36,293,721 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 9,760,000 төгрөгийг төлж, үлдэх 26,533,721 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын дотор төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл 36,293,721 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 9,760,000 төгрөгийг төлж, үлдэх 26,533,721 төгрөгийг 2025 оны 8 дугаар сард төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 339,419 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 169,709 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ