| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00382/и |
| Дугаар | 318/ШШ2025/00351 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 318/ШШ2025/00351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, сум, дугаар баг, дугаар гудамж, тоотод оршин суух, регистрийн дугаар, ургийн овогт Х.М,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1970 онд төрсөн. Би 1990 онд Архангай аймгийн багшийн сургуулийг төгсөж ирээд Увс аймгийн сумын 10 жилийн дунд сургуульд 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс бага ангийн багшаар томилогдон 1-р анги даан авч ажиллаж байгаад 1992 оны 5 дугаар сарын 20-нд шалгалт өгч тэнцээд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд шилжин ажилласан. Миний сумын сургуульд ажилд орсон буюу ажлаас чөлөөлөгдсөн тушаал аймгийн архив болон сумын сургуулийн архиваас олдоогүй. Зөвхөн сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990-1991 оны цалин тогтоосон тушаал гарч ирсэн. Мөн 1992 оны Улаангом сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд ажилд орсон тушаал олдохгүй байна. Харин 1992 оны 8 дугаар сараас цалин тогтоосон тушаал гарч ирсэн. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох сумын сургуульд ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал болон 1992 онд Улаангом сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд ажилд орсон тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд миний 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар, 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 199 дүгээр зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 169 дүгээр тодорхойлолт, Увс аймгийн сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаар Багш, ажилтнуудын 1990-1991 оны хичээлийн жилийн цалин тогтоох тухай тушаал, хавсралт, 1992 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 59 дүгээр Зарим багш нарын 8 дугаар сарын цалин тогтоох тухай тушаал, хавсралт, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/15 дугаар Х.М ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 59 дүгээр тодорхойлолт, Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуулийн 1д ангийн журнал, 3 ширхэг фото зураг, гэрч Э.Д, Л.О, М.О, Х.Гэрэлмаа нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Э.Д, Л.О, М.О нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Х.Мгийн ХААТР-1 маягт зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.М гийн 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар, 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Х.Мгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 199 дүгээр зөвлөмжийн хуудсанд: Ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул 1990-1994 оны хооронд ажиллаж байсан хугацааг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэжээ.
3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 169 дүгээр тодорхойлолтод: Увс аймгийн Өмнөговь сумын сургуулийн 1992 оны тушаал тус архивд шилжиж ирээгүй тул Х.Мтай холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй ба архивд байгаа 1990 оны тушаалаас 1990 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаар тушаал гарсан болно. Ардын боловсролын хэлтсийн 1992 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 43 дугаар тушаалд Х.Мтай холбогдох баримт байхгүй гэжээ.
3.3. Архангай аймаг дахь Багшийн сургуулиас 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Х.Мд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ...1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймаг дахь Багшийн сургуульд оюутнаар элсүүлэн суралцуулав, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймаг дахь Багшийн сургуулийг төгссөн учир Увс аймгийн АБХ-ийн мэдэлд шилжүүлэв, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар авч ажиллуулав, 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилээс Улаангом сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуулийн багшаар ажиллуулав гэсэн бичилтүүд хийгдсэн байна.
3.4. Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаар Багш, ажилтнуудын 1990-1991 оны хичээлийн жилийн цалин тогтоох тухай тушаал, хавсралтаар Х.Мгийн үндсэн цалинг 400 төгрөгөөр тогтоосон, 1992 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 59 дүгээр Зарим багш нарын 8 дугаар сарын цалин тогтоох тухай тушаал, хавсралтаар Х.Мгийн үндсэн цалинг 1356 төгрөгөөр тогтоосон байх тул тухайн тушаалуудыг нэхэмжлэгчийн 1990-1994 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт ач холбогдолтой гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгов. Харин Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/15 дугаар Х.М ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг нэхэмжлэгчийн 1990-1994 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт хамааралгүй гэж үзлээ.
3.5. Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 59 дүгээр тодорхойлолтод: Х.М нь тус сургуулийн бага ангийн багшаар 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан болно гэжээ. Тухайн тодорхойлолт нь хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар тогтоогдож байх тул шийдвэрийн үндэслэл болгов.
3.6. Х.Мгийн ХААТР-1 маягтад Овог, нэр Х.М, Багшийн сургууль, сургуульд орсон он 1986, 3 дугаар курс, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр 1988.11.17 гэж бүртгэжээ. Тухайн баримтад нэхэмжлэгчийн Багшийн сургуульд суралцаж байх үеийн мэдээлэл тусгагдсан байх тул баримтыг иргэний хэрэгт хамааралгүй гэж үзлээ.
3.7. Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуулийн 1д ангийн журнал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм. Мөн нэхэмжлэгчээс ирүүлсэн 3 ширхэг фото зургийг хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус байх тул хэрэгт ач холбогдолгүй гэж үзэв.
3.8. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Э.Д, Л.О, М.О, Х.Г нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь Х.Г гэрчээр оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан ба гэрч Э.Д Би 1992 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс одоог хүртэл Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан. Намайг ажилд орох үед Х.М нь Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуулиас 1992 оны 8 дугаар сард шилжин ирж байсан. Х.М нь 3 дугаар сургуульд шилжин ирээд Чимэдцэрэн багшийн хариуцсан 3 дугаар ангийг дааж авч ажиллаж байсан. Х.М бид хоёр 1992 оны 8 дугаар сард хамт бага ангийн багшаар томилогдож одоог хүртэл Увс аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаа гэж, гэрч Л.О Би 1990-1992 онд Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан. Миний бие 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Х.Мтай цуг бага ангийн багшаар томилогдон ажиллаж байсан. 1990-1992 онд Өмнөговь сумын 10 жилийн дунд сургууль нь бага ангийн 8 багштай, 6 бүлэгтэй байсан. Тухайн үед бага ангийн багшаар Х.М, Гэрэлмаа, Энхмандал, Буянаа, Бат-Өлзий, Цогзолмаа, Хушигт, Бадамцэцэг нар ажиллаж байсан. Х.М нь 1990-1992 онд тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуулийн бага ангийн багшаар шилжин ажиллахаар явсан гэж, гэрч М.О Би 1985-2017 онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан. Х.М нь 1992 оны 8 дугаар сард Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуулиас тус сургуульд бага ангийн багшаар шилжин ажиллахаар ирж байсан. Тухайн үед 22 настай залуухан багш 3 дугаар анги хариуцан ажиллаж эхэлсэн. Тус сургууль нь 1992 оны үед бага ангийн 12 бүлэгтэй, 12 багштай байсан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож боломжтой гэж үзэв.
4. Нэхэмжлэгчийн цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй хэдий ч Х.М нь 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар, 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаар Багш, ажилтнуудын 1990-1991 оны хичээлийн жилийн цалин тогтоох тухай тушаал, хавсралт, 1992 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 59 дүгээр Зарим багш нарын 8 дугаар сарын цалин тогтоох тухай тушаал, хавсралт, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 59 дүгээр тодорхойлолт, гэрч Э.Д, Л.О, М.О нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Цорос ургийн овогт Х.М 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар, 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Цорос ургийн овогт Х.М 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар, 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ