Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/17

 

 

 

 

 

 

 

2024           03           20                                             2024/ДШМ/17

 

 

Б.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Б.Нарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/63 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн бичсэн эсэргүүцлээр яллагдагч Б.Т-т холбогдох эрүүгийн 2339000000428 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч Б.Т- нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар баг “Дунд булаг” гэх газраас хохирогч Ц.У-гийн 3 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс яллагдагч Б.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Болдын Б.Т-т холбогдох эрүүгийн 2339000000428 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол яллагдагч Б.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг хийж Д.Ц-, н.А нараас мэдүүлэг авах, Д.Ц-, Ц.У- нар малын “А” данстай эсэх, Д.Ц-, Ц.У- нар мал Б.Т-ын “А” дансанд тоологдож байсан эсэх, гэрч Х.И мэдүүлэгт “2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр” гэж бичигдсэн тул гэрч Х.И-с 3 тооны адууны мах ачсан хугацааны талаар асууж тодруулах, прокурорын яллах дүгнэлтэд "...Ц.У-гийн 9 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж..." гэж зөрүүтэй бичигдсэн тул алдааг залруулах гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж дүгнэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан.

Б.Т- нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар баг "Дунд булаг" гэх газраас хохирогч Ц.У-гийн 9 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, Ц.У-д 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ц.У-, гэрч Х.И-, Э.Г-, Т.Л-нарын мэдүүлэг, хөрөнгө үнэлгээний шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоосон.

Шүүхээс хэргийг буцаасан захирамжид хохирогч Ц.У-, гэрч Х.И-, Э.Г-, Т.Л-нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтад үгүйсгэсэн няцаасан талаар дүгнэлт хийгээгүй, нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд харилцан нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлснээр шүүх түүнд үндэслэн үйл баримтыг тогтоох замаар хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах учиртай.

Шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлэхгүйгээр Д.Ц-, н.А нараас мэдүүлэг авах гэсэн үндэслэл болгох нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдагдуулах эрсдэлтэй байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн няцаасан талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэнэ гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.У-, гэрч Х.И-, Э.Г-, Т.Л-нараас мэдүүлэг авахын өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан заалт буюу "Гэрчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа" танилцуулж, гарын үсэг зуруулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан "Мэдүүлэг авах" журмын дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан заалтыг сануулж мэдүүлэг авсан нь нотлох баримтын шаардлага хангаж байна.

Д.Ц-, Ц.У- нар малын “А” данстай эсэх, Д.Ц- Ц.У- нарын мал Б.Т-ын “А” дансанд тоологдож байсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагагүй гэж үзэж байна.

Учир нь Ц.У-г мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан, мэдүүлэг авахдаа хохирогчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа авч Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан "Худал мэдүүлэх" хуулийн заалтыг танилцуулсан байна.

Хохирогч Ц.У-гийн мэдүүлэгт "...Б.Т-аас адуугаа хүлээн авсан, Улаанбаатар хот руу хамт явсан, ...Б.Т- руу цохилдуулж "чи манай адууг ажилласан байна" гэхэд “уучлаарай ахаа би танай 3 тооны адууг нядалсан, танд өөр 3 тооны адуу өгье" гэж хэлсэн, ...3 тооны адуунаас Б.Т-ын адуу огт байхгүй бүгд манай адуу байгаа юм..." гэсэн мэдүүлгээр хохирогчийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон.

Мөн хохирогч Ц.У- нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан хүсэлтэд “...Б.Т- нь манай гэр бүлийн данстай адууг маллаж байхдаа өөрийн адуу болон бусад айлын адууг сайн төл авах зорилгоор удам, угшил сайтай азарганд хураалгаж түүнээс гарсан үр, төл, унагыг намар тамгалах үед өөрөөсөө үл хамаарч будилж, тамгалж байсны хор уршиг нь өөрийн мал гэж өөртөө итгэж хөдөөний хүний гэнэн итгэмтгий зангаар хандаж өнөөдрийн гэмт хэрэг үйлдэх нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. ...гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 3 тооны адууг биет байдлаар буюу адуугаар хохирлыг барагдуулсан болно. Хохирогчийн зүгээс ямар нэгэн гомдол, саналгүй, хохирол бүрэн барагдсан болно..." гэж хүсэлт гаргаж нотариатаар батлуулж хэрэгт хавсаргасан байна.

...Хэдийгээр яллагдагч Б.Т- нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...хохирогч Ц.У-гийн мал миний “А” дансанд бүртгэлтэй...” гэж мэдүүлсэн хэдий ч тухайн адууны шударга өмчлөгч, эзэмшигч нь Ц.У- бөгөөд түүний өмчлөл, эзэмшлийн 3 тооны адууг яллагдагч Б.Т- нь шунахайн сэдэлтээр, мөнгө, эд хөрөнгөтэй болох зорилгоор хулгайлж өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу малыг нядалж тээвэрлүүлсэн байна.

- Гэрч Х.И-ын мэдүүлэгт “2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр” гэж бичигдсэн тул гэрч Х.И-аас 3 тооны адууны мах ачсан хугацааны талаар асууж тодруулах гэж заасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудад үндэслэн Б.Т-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Ц.У-, гэрч Э.Г-, Т.Л-нар гэмт хэрэг гарсан цаг хугацааг “2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр” гэж тодорхой мэдүүлсэн, гэрч Х.И- "...2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Н зах дээр зар тавьж байгаад гарсан, тэгэхэд зарын дагуу өөрийгөө "Тогтох" гэж хэлсэн залуу Норовлин сум орж..." гэж мэдүүлсэн тул тухайн цаг хугацаанд Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Норовлин сум руу явсан болох нь тогтоогдож байна.

Мөн яллагдагч Б.Т- нь өмгөөлөгч Б.Жавхланг оролцуулж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцаж, "...яллагдагчаар татах прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Би өмгөөлөгч Б.Жавхлан оролцуулж мэдүүлэг өгнө. ...Би тухайн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар багт Ц.У- ахын адуунууд байхаар нь өөрийн эзэмшлийн “Эко” нэртэй мотоцикл унаад ганцаараа хэдэн адуу туугаад, ...хохирогч Ц.У-д унагатай гүү, нэг сувай гүү өгч хохирол мөнгийг нь барагдуулсан..." гэж мэдүүлэг өгсөн байна.

Дээрх үйл баримтууд нь гэмт хэрэг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн болохыг бүрэн нотолж байна.

Мөн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд прокурорын зүгээс хохирогч Ц.У-, гэрч Х.И- нарыг гэм буруугийн шүүх хуралдаанд оролцуулах тухай санал тавьсан бөгөөд хохирогч, гэрч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэдүүлгийг нь авах боломжтой байна.

-Прокурорын яллах дүгнэлтэд "...Ц.У-гийн 9 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж..." гэж зөрүүтэй бичигдсэн тул алдааг залруулах гэсэн үндэслэлгүй байна.

Учир нь прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад "яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт" гэж заасан хуулийн шаардлагад нийцэж байна.

Яллах дүгнэлтийн товч агуулгад “Б.Т- нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар баг "Дунд булаг" гэх газраас хохирогч Ц.У-гийн 9 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, Ц.У-д 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж бичсэн нь хуульд заасан шаардлага буюу гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт зэргийг тусгасан хуулийн шаардлагад нийцэж байна.

Иймд анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр яллагдагч Б.Т-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  

 

3. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс яллагдагч Б.Т-ын хохирогч А.Ц.У-гийн 3 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

4. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Б.Т-ын хүсэлт /хх-н 137-138/-ийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж 2024/ШЗ/63 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч Болдын Б.Т-т холбогдох эрүүгийн 2339000000428 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол яллагдагч Б.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ /хх-н 154-156/.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэж заажээ.

Анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2024/ШЗ/61 дугаар захирамж гарган шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг тогтоож оролцогч нарт мэдэгдэхийг шүүгчийн туслах С.Мөнхтөрд даалгажээ /хх-н 140 хуудас/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13-т “..."оролцогч" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ...хамааруулан ойлгох”-оор тусгасан бөгөөд шүүгчийн туслах С.Мөнхтөр нь хохирогч Ц.У-д шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдээгүй ба шүүхийн мэдэгдэх хуудсанд “...99112428 дугаарт залгахад орох ярианы эрх хаагдсан гэв...” гэж /хх-н 146/ бичсэнийг тов мэдэгдсэн гэж дүгнэх боломжгүй юм.

Түүнчлэн шүүх шүүгдэгчийн хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж “...Ц.У- түүний аав Д.Ц- нар малын “А” данстай эсэх, Д.Ц-, Ц.У- нарын мал Б.Т-ын “А” дансанд тоологдож байсан эсэх...”-ийг тодруулахаар хэргийг прокурорт буцаажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргасан тохиолдолд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулж болно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч ирээгүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй” талаар заасан бөгөөд хохирогчид товыг мэдэгдээгүйгээс түүний шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргах эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “...хохирогчийн ...шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох... эрхтэй” гэж заасан байхад түүнд товыг мэдэгдээгүй нь хохирогчийн шүүх хуралдаанд оролцох талаар хуулиар хамгаалагдсан эрхийг нь хязгаарласан ноцтой зөрчил байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож, яллагдагч Б.Т-т холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

 

7. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэлэлцээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

            1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн  2024/ШЗ/63 захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

 

            2. Хэргийг шүүхэд очтол яллагдагч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

            4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.БОЛОРМАА

 

                           ШҮҮГЧИД                                               О.БААТАРСҮХ

           

                                                                                           Д.ГАНЗОРИГ