2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/04236

 

 

 

 

 

 

 

 

2025 05 13 191/ШШ2025/04236

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч дүүрэг,  дүгээр хороо, Ху гудамж,  тоотод байрлах, Хө-Ао се ХХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  аймаг,  сум,  дугаар баг, Жаргалант 2 тоотод байрлах, Ца тээ зХХК /РД:..../-д холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 64,375,455 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Га

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мя

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ца тээ зХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 19/04/15 дугаартай Шатахуун худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 2019-2020 онд Цэсумын Хөт дэх болон Ү сумын Улаан-Үзүүрт байрлах манай компанийн дизель ШТС-аас дизелийн түлш худалдан авч өөрийн тээвэрт хэрэглэхдээ 2019 оны төлбөрийг дараа онд нь буюу 2020 онд төлж барагдуулсан. Тухайлбал, 2019 оны 10, 11 дүгээр сарын төлбөр 70,865,680 төгрөгийн үлдэгдэл 70,324,000 төгрөгийн 40,000,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 18,000,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр, 12,325,000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр тус тус төлсөн. 2019 оны 12 дугаар сард худалдан авсан шатахууны үнэ 35,558,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сард 20,000,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 15,558,000 төгрөгөөр тус тус төлж, 2019 оны төлбөрийн үлдэгдэлгүй болсон.

Харин 2020 онд дээрх гэрээний дагуу 134,120,650 төгрөгийн үнэ бүхий 80,546 литр шатахуун, 2021 оны 01, 02 дугаар сард 747,000 төгрөгийн үнэ бүхий 415 литр шатахуун авч, нийт 134,867,650 төгрөг төлөх үүрэгтэй болсон. Тус төлбөрөөс 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд 80,390,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус төлж үлдэгдэл 39,476,650 төгрөг төлөгдөөгүй байгааг гэрээний 5.1, 9.4-т заасны дагуу гаргуулахыг шаардаж байна. Тооцооны задаргааг 2020, 2021 онд худалдан авсан Шатахууны тооцоо (нэгтгэл) - номер 1, 2, гэсэн баримтаар харуулав.

Гэрээний 4.3, 4.4, 11.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам алданги тооцож шаардах эрхтэй бөгөөд 2020 онд худалдан авсан шатахууны үлдэгдэл 54,476,650 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлөхгүй гэрээнд заасан хугацааг хэт удаан хугацаагаар хэтрүүлсэн тул төлбөрийн үнийн 50 хувиас хэтэрч байна. Алдангийг 54,476,650 төгрөгийн 50 хувиар шаардах эррхтэй боловч одоогийн үлдэгдэл 39,476,650 төгрөгийн 50 хувиар алданги тооцож 19,738,325 төгрөгийн алданги гаруулна.

Хариуцагч нь гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлэхгүй их хугацаа алдаж улмаар энэ хугацаанд ам.долларын ханш хэд дахин өсөж компанийн эдийн засагт хохиролтой нөхцөл байдал үүсгэсэн тул хугацаанд нь төлөөгүй хэтэрхий удаасан төлбөр болох 54,476,650 төгрөгийн төлбөрт ам.долларын зөрүүгээр хохирол тооцож, гэрээний 4.3, 7.4-т зааснаар шатахууны төлбөрийг хариуцагч компаниас төлбөр орсон өдөр төлж дуусах үүрэгтэй байтал хариуцагч нь 2020 оны мөнгөөр 2019 оны төлбөрийг төлж гэрээний дүнгээс буцаагаад биелүүлээгүй. Хариуцагч гэрээний үүргийг гэрээнд заасан хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй биелүүлээгүй тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардаж байна. 2020, 2021 оны 12 дугаар сард Монголбанкны ам.долларын ханш 1 ам.доллар 2,850 төгрөгтэй тэнцэж, 54,475,650 төгрөг нь 19,114 ам.доллар юм. Харин нэхэмжлэл гаргасан 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөр ам.доллар 3,120 төгрөг буюу 54,475,650 төгрөг нь 17,460 ам.доллар болж байгаа юм. Иймд зөрүү 1,654 ам.доллар буюу 5,160,450 төгрөгийг гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй учраас учирсан хохиролд тооцож байна. Бензин, шатахууныг ОХУ-аас ам.доллароор авдаг бөгөөд төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүйгээс мөн хэмжээний валют эргэлтэд ороогүй, алдагдал болдог. Иймд хохирлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж үзэж байна. Хохирлыг анх шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн цаг хугацаагаар тооцсон болно.

Нэхэмжлэлийг Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дах хэсэгт заасны дагуу анх Ховд аймгийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гаргасан боловч тус шүүхийн гэрээний 12 дахь заалтыг үндэслэн маргааныг худалдагчийн оршин байгаа хаягаар шийдвэрлүүлж, нэхэмжлэлийг хүлээн авахаас удаа дараа татгалзаж, цаг хугацаа алдуулж, чирэгдэл учруулсан тул энэхүү нэхэмжлэлийг дахин хянан шүүхэд гаргаж байна. Шатахууны үнийг гэрээний хавсралтаар тухай бүр нь тохирч байсан бөгөөд гэрээний хугацаа, сунгалт хүчин төгөлдөр байх талаар Гэрээний 1.3, 9.3, 9.4-т заасан.

Иймд шатахууны төлөгдөөгүй үнийн дүнгийн үлдэгдэл 39,476,650 төгрөг, алданги 19,738,325 төгрөг, валютын ханшийн зөрүү хохиролд 5,160,480 төгрөг, нийт 64,375,455 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт тооцож, Ца тээ зХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс хүлээн зөвшөөрч байна. 2020 он болон 2021 оны 01, 02 дугаар сард авсан шатахууны үнийн үлдэгдэл 19,377,500 төгрөг дутуу байгаа болно. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, нэхэмжлэгчийн зүгээс албан ёсоор тамга, тэмдэгтэй нэхэмжлэлээр 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 39,897,400 төгрөгийн үлдэгдэлтэй гэж явуулсан. Тухайн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй ба 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 34,377,500 төгрөгийн үлдэгдэлтэй талаарх баримтаа имэйл хаяг руу нь явуулсан. Ингээд 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба үлдэгдэл төлбөрийг тооцоогоо нийлснээр шилжүүлнэ гэж хэлсэн.

Учир нь, нэхэмжлэгч нь өөр компанийн тээврийн хэрэгслийн авсан шатахууны үнийг манай компанийн тооцоон дээр нэмж нэхэмжилсэн байсан. Тухайлбал, ... ХОА дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн 2020 оны 10 сарын 526 литр шатахуун, ....ХОА тээврийн хэрэгслийн жолоочийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 670 литр шатахууны үнийг тус тус манай компанийн 2020 оны 10 дугаар сарын шатахууны тооцоон дээр нэмж бичсэн байсан. Дээрх алдаатай тооцоог нийлэх, худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийх хүсэлтээ удаа дараа тус компанийн нягтлангуудтай нь утас, чатаар холбогдон хэлж байсан боловч нягтлангууд нь ойр ойрхон солигдоод байсан тул тооцоо нийлээгүй, гэрээний төслөө явуулаагүй, гэрээг бичгээр шинэчилж хийгээгүй. 2019 онд байгуулсан гэрээний нэг хувийг манай компанид өгөөгүй. Нэхэмжлэлд дурдсан 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 15,558,000 төгрөг нь 2019 оны бус 2020 оны шатахууны төлбөр юм. Энэ талаар удаа дараа баримтаа авч ирж, 2 талаас тооцоогоо тулж үзье гэж 2020 оны 4 дүгээр сараас хойш байнга шаарддаг байсан боловч баримт явуулаагүй, ирж уулзаагүй, тооцоо нийлж чадаагүй. Харин жолооч нарын гарын үсэгтэй, засвартай баримт Фэйсбүүк групп чатаар зураг хэлбэрээр ирдэг байсан. Тооцоо нийлээгүй удсан нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болсон. 2020, 2021 онд бичгээр байгуулсан гэрээ байхгүй тул алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Бидний зүгээс төлбөрөө тухай бүр нь төлөх боломжтой байсан бөгөөд нэхэмжлэгч талын зүгээс тухайн үед бидний явуулсан баримтын дагуу албан ёсоор тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдлээ баталгаажуулаагүй нь өөрийнх нь буруутай эс үйлдэхүйгээс болж цаг хугацаа алдсан тул хохирол үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2020, 2021 оны 01, 02 дугаар сарын шатахууны үнийн үлдэгдэл төлбөрөөс 19,377,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэв.

4.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6-7/, Шатахуун худалдах, худалдан авах гэрээ /хх-8-13/, Монгол банкнаас зарласан ханш /хх-14-15/, Хөтийн компануудын нэгтэл /хх-16, 36/, Хөрст автосеврис ХХК-иас авсан түлшний жагсаалт, шатахуун олгосон бүртгэл, тэмдэглэл /хх-17-35, 37-38, 131-137/, 2022.07.08-ны өдрийн 152/ШЗ2022/01690 дугаартай Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-39-40/, 2022.08.10-ны өдрийн 153/ШЗ2022/01823 дугаартай Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-41/, 2022.10.07-ны 153/ШТ2022/00050 дугаар дугаартай Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоол /хх-44-45/, 2019 оны 10,11,12 сард авсан Шатахууны тооцоо /хх-130, 144/, Дансны хуулга /хх-206-224/,

 

5.Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-73/,

 

6. Хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн шүүхийн журмаар цуглуулсан баримт. Үүнд: Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 7008 ХОА, ... ХОА, ....ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслүүд 2019-2020 онд хэний эзэмшилд байсан, хэн гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байсан талаархи лавлагаа /хх-163-166/, 2019 онд худалдан авсан гэх шатахууны төлбөрийг хариуцагч Ца тээ зХХК-аас нэхэмжлэгч Хө-Ао се ХХК-д хэзээ, хэрхэн төлсөн талаарх дансны хуулга, төлбөрийн баримт /хх-189-203/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр С.Нандинболороос гэрчийн мэдүүлэг авсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хө-Ао се ХХК нь хариуцагч Ца тээ зХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 39,476,650 төгрөг, алданги 19,738,325 төгрөг, валютын ханшийн зөрүү хохиролд 5,160,480 төгрөг, нийт 64,375,455 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ хариуцагч нь 2019 оны 10, 11 дүгээр сарын төлбөр 70,865,680 төгрөгийн үлдэгдэл 70,324,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлж, 2019 оны 12 дугаар сард худалдан авсан шатахууны үнэ 35,558,000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд тус тус төлж, 2019 оны төлбөрийн үлдэгдэлгүй болсон. Харин гэрээний дагуу 2020 онд 134,120,650 төгрөгийн, 2021 оны 01, 02 дугаар сард 747,000 төгрөгийн, нийт 134,867,650 төгрөгийн шатахуун авснаас 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд 80,390,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус төлж, үлдэгдэл 39,476,650 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор алданги, хохирол шаардаж байна гэж тайлбарлав.

 

4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, 2020 он болон 2021 оны 01, 02 дугаар сард авсан шатахууны үнийн үлдэгдэл 19,377,500 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, үлдэх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн нь нэхэмжлэгчийн эс үйлдэхүйгээс шууд хамааралтай тул тэрээр алданги болон хохирол шаардах эрхгүй, нэхэмжлэгч талын өгсөн баримтыг санхүүгийн анхан шатны баримт гэж үзэх үндэслэлгүй, нэг талын баримт гэж маргажээ.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1. 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хө-Ао се ХХК, Ца тээ зХХК-ийн хооронд 19/04/15 дугаартай, Шатахуун худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч нь худалдан авагчид захиалгын дагуу Олон улс болон Монгол Улсын чанар стандартын шаардлагад нийцсэн Дизель түлш /ДТ/ нийлүүлэх, худалдан авагч нь худалдан авсан шатахууныхаа төлбөрийг төлж барагдуулах үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ.

 

5.2. Дээрх гэрээний 9.2, 9.3, 9.4 дах хэсэгт тус тус зааснаас үзвэл, гэрээ нь 1 жилийн хугацаатай бөгөөд гэрээний хугацаа дуусах үед талуудын аль нэг нь дуусгавар болгох талаар бичгээр санал гаргаагүй тохиолдолд гэрээ дахин нэг жилээр сунгагдсан тооцохоор, мөн гэрээнээс үүссэн төлбөр тооцоо бүрэн барагдуулж дуустал гэрээ хүчин төгөлдөр хэвээр байх нөхцөлийг тохиролцсон байна.

 

5.3. Түүнчлэн, нэхэмжлэгчээс хариуцагчид 2019 оноос 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд түлш нийлүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зохицуулсан.

Иймд талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хугацаа сунгагдсан, тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байна.

 

6. Зохигчдын тайлбараас үзвэл, нийлүүлсэн түлш болон төлбөрийн үлдэгдлийн хэмжээ, хариуцагч төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн нь нэхэмжлэгчийн эс үйлдэхүйтэй холбоотой эсэх буюу нэхэмжлэгч алданги, хохирол шаардах эрхтэй эсэх хууль зүйн үндэслэлийн талаар маргажээ.

 

7. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2019 оны 10 дугаар сард 31,967 литр, 2019 оны 11 дүгээр сард 895 литр, 2019 оны 12 дугаар сард 14,210 литр,

2020 оны 01 дүгээр сард 18,894 литр, 2020 оны 02 дугаар сард 1,493 литр, 2020 оны 6 дугаар сард 6,635 литр, 2020 оны 7 дугаар сард 10,068 литр, 2020 оны 8 дугаар сард 13,678 литр, 2020 оны 9 дүгээр сард 8,805 литр, 2020 оны 10 дугаар сард 20,182 литр, 2020 оны 11 дүгээр сард 790 литр,

2021 оны 01 дүгээр сард 315 литр, 2021 оны 02 дугаар сард 80 литр, нийт 128,012 литр түлш худалдсан болох нь хэрэгт авагдсан түлшний жагсаалт, үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Хэрэгт авагдсан түлшний жагсаалтаас 2020 оны 7 дугаар сард Үээс авсан 2335 литрээс 30 литр, 2020 оны 9 дүгээр сард 260 литр, 2020 оны 10 дугаар сард 559 литр, 2020 оны 11 дүгээр сард 90 литр шатахууны баримтад хариуцагч талын жолоочийн гарын үсэг зураагүй хэдий ч шүүхээс 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр явуулсан үзлэгийн тэмдэглэлээс үзвэл хариуцагч нь 2020 оны 7 дугаар сард Үээс 2335 литр, 2020 оны 9 дүгээр сард нийт 8,805 литр, 2020 оны 10 дугаар сард 20,708 литр, 2020 оны 11 дүгээр сард 790 литр шатахуун, 2021 оны 01 дүгээр сард 315 литр, 2021 оны 02 дугаар сард 80 литр шатахуун авсан гэж өөрийн тооцооллыг гаргаж байсан үйл баримт тогтоогдсон тул хэрэгт авагдсан баримтыг харьцуулан үзэж, нэхэмжлэгчээс хариуцагчид нийт 128,012 литр түлш нийлүүлсэн тооцоог гаргасан болно.

 

Харин хэргийн 137 дах талд авагдсан Ца тээ зХХК шатахуун олгосон бүртгэлд тусгагдсан Ховдоос авсан 1,140 литр түлш гэсэн жагсаалтад түлш авсан жолооч тус бүр гарын үсэг зураагүй, нэхэмжлэгч өөрсдөө жагсааж бичсэн байна. Иймд нэхэмжлэгчээс тухайн хэмжээний түлшийг хариуцагчид нийлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

8. Худалдах худалдан авах гэрээний 3.1-т худалдагч нь худалдан авагчид нийлүүлэх шатахууныг худалдан авагчийн урьдчилан өгсөн захиалгын дагуу Ховд аймгийн Хөт, Улаан үзүүр дахь Хөрс ШТС нөхцөлөөр нийлүүлнэ, 3.2-т Худалдан авсан шатахууны тоо хэмжээ нь зарлагын падаан /баримт/-аар тодорхойлогдоно гэж тохиролцсон.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл, хариуцагч компанийн жолооч, ажилтан нь нэхэмжлэгчийн шатахуун түгээх станцаас шатахуун авч, түүнийгээ тэмдэглүүлэн гарын үсэг зурж Түлшний жагсаалт гэх баримт үйлдэж байсан болох нь тогтоогдож байна.

Хариуцагч нь худалдан авах шатахууны тоо, хэмжээний талаар урьдчилан захилга өгсөн, түүний дагуу шатахуун нийлүүлсэн, нэхэмжлэгч нь шатахууны тоо хэмжээний талаар зарлагын падаан үйлдэх гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай хэдий ч дээрх байдлаар шатахуун худалдаж, худалдан авч, түүнтэй холбоотой гарын үсэг зурж бүртгэл хөтөлжээ.

Иймд хэрэгт авагдсан баримт нь нэг талын, санхүүгийн анхан шатны баримтад тавигдах шаардлагыг хангаагүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй талаарх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй.

 

9. Хариуцагчаас:.... ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн 2020 оны 10 дугаар сарын 526 литр, .... ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй жолоочийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 670 литр шатахууны үнийг манай компанийн 2020 оны 10 сарын шатахууны тооцоон дээр нэмж бичсэн байсан, ....ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай тээврийн хэрэгсэл биш гэж маргасан.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас ирүүлсэн лавлагаанд:.... ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн нэр дээр бүртгэгдсэн, 70-68 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчээр С.Батцоож, ....ХОА улсын дугаар өөрчлөгдсөн, ЦХ-ын тасаг эзэмшигчээр бүртгэгдсэн байна.

Хэргийн 33 дугаар талд авагдсан Шатахуун олгосон тэмдэглэлээс үзвэл,:.... ХОА улсын дугаартай н.Энхсайхан жолоочтой, Бадрах буд ХХК-ийн тээврийн хэрэгсэлд олгосон 526 литр шатахууныг 16117 литр шатахууны тооцооноос хасаж 15,591 литрээр тооцоог гаргажээ.

Хариуцагчийн 2020 оны 10 дугаар сард худалдан авсан шатахууны тооцоог хэргийн 23, 33, 34 дүгээр талд авагдсан баримтыг үндэслэж 20,182 литр шатахуун гэж тооцохдоо 526 литр шатахууныг хасаж тооцсон тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

Түлшний тооцооноос үзвэл, .... ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 50 литр, ....ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 410 литр, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 670 литр авсан байна. /хх33,34/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч С.Нандинболороос авсан мэдүүлэгт ...7... ХОА, ....ХОА гэдэг 2 тээврийн хэрэгсэл манайх руу шилжиж ороод манай дээр тээвэрт явж байсан. Гэхдээ нэг л удаа тээвэр хийсэн. Тэр үед нэхэмжлэгч талаас өмнөх компани дээр байсан өр барагдуулах хүсэлт ирсэн. Тухайн үед манайх зөвшөөрсөн. Гэтэл өр барагдуулах тээврийн хөлс орж ирээгүй. Энэ тухайгаа нэхэмжлэгч талд танилцуулсан. Гэвч манай тооцооноос хасаагүй. Тооцоо зөрж байна гэж нэхэмжлэгч талд хэлж байсан. Тооцоо нийлсэн хариу ирээгүй... гэжээ.

 

Үүнээс үзвэл, ..... ХОА, ....ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хариуцагч компанийн тээвэрт явж байсан, бусад компанийн өглөгийн тооцоог төлөхөөр талууд тохиролцсон байна.

 

10. Худалдах худалдан авах гэрээний хавсралт 1-т 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 1 литр шатахууны үнийг 2200 төгрөгөөр тооцож, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл мөрөгдөхөөр талууд тохиролцжээ.

 

Хэргийн 16,36,130,144 дүгээр талд авагдсан нэхэмжлэгч талаас ирүүлсэн тооцооны баримт болон үзлэгийн тэмдэглэлд талууд тооцоо гаргахдаа 1 литр шатахуун тутмын үнийг тусгасан ба уг нэгж үнийн талаар маргаагүй.

 

Дээрх нэгжийн үнэ, шатахууны хэмжээнд үндэслэн тооцооллыг гаргавал, хариуцагч нь 2019 онд 103,558,400 төгрөг, 2020 онд 134,119,200 төгрөг, 2021 онд 747,000 төгрөг нийт 238,424,600 төгрөгийн үнэ бүхий шатахуун худалдан авсан, үүнээс 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд 201,276,400 төгрөг төлж, 37,148,200 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан түлшний жагсаалт, банкны дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

11. Шүүхээс 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШЗ2024/09844 дугаар захирамжаар 2019 онд худалдан авсан гэх шатахууны төлбөрийг хариуцагч Ца тээ зХХК-аас нэхэмжлэгч Хө-Ао се ХХК-д хэзээ, хэрхэн төлсөн талаарх дансны хуулга, төлбөрийн баримтыг зохигч талуудаас нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШЗ2024/19759 дугаар захирамжаар хариуцагч нь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримттай танилцаж, хариуцагч талаас ирүүлсэн дансны хуулгаас зөрүүтэй, тулгаж үзэх шаардлагатай үндэслэлээр хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч ханган, шүүх хуралдааныг хойшлуулж байжээ.

 

Хариуцагч талаас дээрх захирамжид заасны дагуу дансны хуулгийг ирүүлсэн боловч түүнээс хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгатай тохирох хэсгийг үнэлж, бусад гүйлгээнээс шаардсан хугацаанд хамааралгүй төлбөр, бусад этгээд рүү шилжүүлсэн болон хэн рүү ямар дансанд хийгдсэн болох нь тодорхойгүй гүйлгээг нотлох баримтаар үнэлж тооцооноос хасах үндэслэлгүй болохыг дурдаж байна.

 

12. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

 

Хариуцагч Ца тээ зХХК нь гэрээний 4.2-т зааснаар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Хө-Ао се ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

13. Талууд гэрээний 4.4-т Худалдан авагч тал нь худалдан авсан шатахууны төлбөрийг нэхэмжлэлд заасан хугацаанд барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж, гэрээний 11.4-д гэрээ байгуулагч аль нэг тал нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд биелүүлээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө гэх алдангийн тохиролцоог хийж, уг заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь алданги нэхэмжилсэн.

 

Дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, мөн зүйлийн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь гэрээнд заасан хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үндсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч түүнээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчид гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүн болох 37,148,200 төгрөгийн 50 хувь болох 18,574,100 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

14. Нэхэмжлэгч нь хариуцагчид нийлүүлдэг түлшийг ОХУ-аас ам.доллараар худалдан авдаг тул хариуцагч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас валютын ханшийн зөрүүний хохиролд 5,160,480 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь түлшээ ОХУ-ын ямар компаниас, ямар хэлцлийн дагуу, аль төрлийн валютаар худалдан авдаг болохоо баримтаар нотлоогүй. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул валютын ханшийн зөрүүний хохиролд шаардсан 5,160,480 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

15. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын 19,377,500 төгрөгөөс бусад хэсэг болон төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн нь нэхэмжлэгчийн эс үйлдэхүйгээс шалтгаалсан тул алданги шаардах эрхгүй гэх тайлбар гаргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

16. Иймд Ца тээ зХХК-аас үлдэгдэл төлбөр 37,148,200 төгрөг, алданги 18,574,100 төгрөг, нийт 55,722,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хө-Ао се ХХК-д олгож, үлдэх 8,653,155 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

17. Нэхэмжлэгч Хө-Ао се ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 479,827 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ца тээ зХХК-аас 436,561 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хө-Ао се ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ца тээ зХХК-аас 55,722,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хө-Ао се ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,653,155 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хө-Ао се ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 479,827 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ца тээ зХХК-аас 436,561 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хө-Ао се ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ