| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Паламын Амаржаргал |
| Хэргийн индекс | 116/2025/0002/З |
| Дугаар | 116/ШШ2025/0025 |
| Огноо | 2025-08-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 116/ШШ2025/0025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******,*******, ******* нар,
Хариуцагч: Дорнод аймгийн Засаг даргын хооронд үүссэн “Дорнод аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/528 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хэрлэн сумын 6 дугаар баг, 20 дугаар байрны урд байрлах 2, 4, 5, 6, 7 дугаартай гражуудын доорх газрыг эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг Засаг даргад даалгах”-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, өмгөөлөгч Б.Анхбаяр /цахимаар/, *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...... /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч ,*******, *******, ******* нарын зүгээс Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан, “Дорнод аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/528 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хэрлэн сумын 6 дугаар баг, 20 дугаар байрны урд байрлах 2, 4, 5, 6, 7 дугаартай гражуудын доорх газрыг эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Дорнод аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/528 дугаар захирамжаар “...Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Ага 2 гудамжны 209, 211, 213, 215, 219, 221, 223, 225, 227, 274 тоот хаягт байрлах газарт ...эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулжээ.
2.3. Нэхэмжлэгч нарын зүгээс Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч ,*******, *******, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрлэн сумын 6-р багийн нутагт 20-р байрны урд байрлах автогражийн барилгуудад үйл ажиллагаа явуулдаг, гражийн зориулалтаар ашиглаад 8-30 жил болж буй иргэд бид автогражийн доорхи газрын гэрчилгээг гаргуулахаар захиргааны байгууллагаар явсан боловч аймгийн Засаг даргын 2024 оны А/528 дугаар захирамжаар дээрх газруудыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах шийдвэрийг эрх нь зөрчигдөх хүмүүс болох биднээс Захиргааны ерөнхий хуулийн 24, 26, 27 дугаар зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох болон сонсох ажиллагааг хийлгүйгээр гаргасан нь тухайн газар дээрх өмчлөгч иргэд бидний үндсэн хуулиар олгогдсон өмчийн эрхэд халдаж байна.******* миний бие 2006 оноос хойш тус багийн нутаг дэвсгэрт Агьт-2 гудамж 211 тоотын 24м2 талбай бүхий автогражийг гэдэг хүнээс адуугаар сольж авсан,******* миний бие 2004 оноос хойш тус багийн нутаг дэвсгэрт Агьт-2 гудамж 2009 тоотын 24м2 талбай бүхий автогражийг эзэмшиж байна. Тус гражыг гэдэг иргэнээс 850 000 төгрөгөөр худалдаж авч байсан. ******* миний бие 2004 оноос хойш тус багийн нутаг дэвсгэрт Агьт-2 гудамж 213 тоотын 24м2 талбай бүхий автогражийг эзэмшиж байна. Тус гражийг гэдэг иргэнээс 1 500 000 төгрөгөөр худалдаж авсан. ******* миний бие 2015 оноос хойш тус багийн нутаг дэвсгэрт хэвлэл, хаяг рекламын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор одоо үйл ажиллагаа явуулж буй Агьт-2 гудамж 214а тоотын объектын залгаа байрших 2 тоотын 24м2 талбай бүхий автогражийг 20 сая төгрөгөөр 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 4, 5 тоотын 48м2 талбай бүхий автогражийг 30 сая төгрөгөөр 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 6, 7 тоотын 54м2 талбай бүхий автогражийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 40 сая төгрөгөөр тус тус худалдах, худалдан авах гэрээний дагуу холбогдох иргэнээс худалдан авсан. Монгол Улсын Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” гэсэн зарчмыг баримталдаг мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “үл хөдлөх эд хөрөнгө гэж газар, түүнээс салгамагч зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг хэлнэ” гэж Монгол Улсын хуулиудад тодорхой заасан байхад төр Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан үүргээ биелүүлээгүйгээс нэг өмчийг хоёр эзэнтэй болгох нөхцлийг бий болгоод байна /өмч нь нэг хүнийх, газар нь нэг хүнийх/. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27 дугаар заалтыг хэрэгжүүлэлгүй дуудлага худалдаа зохион байгуулах тухай шийдвэр гаргасан Засаг даргын 2024 оны А/528 дугаар захирамжийг цуцлахыг даалгасан шийдвэр гаргуулахаар хандаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх гражуудыг барилга барьж байгаа газартай зөвшилцөөд барьсан юм байна лээ. Ер нь бол төрийн байгууллагын хүсэлтээр баригдсан байсан. Энийг нь бодоод би худалдаж авсан. Ингээд аяандаа газрын асуудлыг шийдвэрлэнэ гэж бодсон. Ер нь миний өмч байгаа учраас минийх л гэж бодож ирсэн. Гэтэл дундаас өөр хэн нэгэн авсан байгаа. Би өөрийн өмчилж байгаа газраа эргүүлж авах хүсэлтэй байна. Хэний ч мэдэхгүй газар дээр дураараа граж бариад тэрийг нь би худалдаж авсан зүйл байхгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Анх бол хотын даргын санаачилгаар барьсан зүйл гэдгийг хэлэхийг хүсч байна. Уг нь бол анх төрийн өмчийн компаниудад эзэмшүүлсэн байсан. Хууль ёсных учраас л би өөрөө мөнгө төлж гражийг худалдаж авсан гэв.
3.3. Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэж хүний төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байгаа. Манай ах тухайн газрыг анх 2004 онд худалдаж авч байсан юм байна лээ. Гражийг авсан учраас өөрийн өмч л гэж үзсэн. Газрыг заавал тусд нь худалдаж авах ёстой гэж мэдээгүй. Дуудлага худалдаа болж байгаа талаар ..... мэдсэн. Цаг хугацаа тулсан байсан учраас би яг яах ёстой гэдгээ мэдээгүй. Тухайн дуудлага худалдаанд оролцсон ба санаанд оромжгүй өндөр үнэ дуудагдаж эхэлсэн. Ингээд би ямартай ч өөрийн мэдэлд үлдээх гэсэндээ 70.0 сая төгрөг гэдэг үнийг дуудсан. Гэхдээ би өөрийн өмчийн обектийн газрыг нь зөвхөн 70.0 сая төгрөгөөр авах боломжгүй. Өөрийн өмч л гэж үзэж байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна гэв.
3.4. Нэхэмжлэгч *******гийн өмгөөлөгч Б.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд нэхэмжлэгч *******гийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Эхлээд дуудлага худалдааг хүчингүй болгуулах, дараагийн дугаарт өмчлөлийн газрыг олгохыг даалгах гэсэн шаардлага гаргасан. Ер нь бол тухайн асуудлын талаар оролцогч нар маш сайн мэдэж байгаа. 1997 онд тухайн газар дээр граж барьсан байсан. Төрийн өмчөөр ашиглаж байгаад ИТХ-аар дуудлага худалдаанд оролцуулсан. Ер нь бол дураараа иргэд очоод граж барьсан зүйл байхгүй. Төрийн байгууллагын барьсан, Захиргааны байгууллагын дэмжиж барьсан обектийг төлбөрөө төлж худалдаж авсан. Өмчлөлдөө шилжүүлснээр газар давхар шилжих ёстой л гэж ойлгосон. Дараагийн дугаарт тухайн дуудлага худалдааг явуулах захирамжаа гаргахдаа сонсох ажиллагааг явуулаагүй байгаа юм. Эрх ашиг нь хөндөгдөх боломжтой этгээдүүдтэй уулзаж ярилцах ёстой байсан. Захиргааны байгууллага өөрөө хамгийн бага хэмжээний хохирол хаана байгааг эрэн хайх боломжтой байсан. Мөн захиргааны ерөнхий хуульд зааснаар нөхцөл байдлыг тогтоох ёстой байсан. 24 дүгээр зүйлд нийт 5 заалт байгаа. Эдгээр ажиллагааг нэг бүрчлэн хийх ёстой байсан. Гэтэл одоо гаргасан шийдвэр нь бодит байдал дээр өөрөөр хэрэгжихээр харагдаж байна. Энэ шийдвэрээс болоод гуравдагч этгээд болон нэхэмжлэгч нарын дунд маргаан үүссэн. Захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрээс хамаарч иргэд муудалцаж маргаж байна гэв.
3.5. Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн*******,*******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй, аймгийн Засаг дарга хариуцагчтай “Дорнод аймгийн Засаг даргын 2024 оны А/528 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “..., Хэрлэн сумын 6 дугаар баг, 20 дугаар байрны урд байрлах автогражийн барилгуудад үйл ажиллагаа явуулдаг, гражийн зориулалтаар ашиглаад 8-30 жил болж буй иргэд бид газрын гэрчилгээг гаргуулахаар захиргааны байгууллагаар явсан боловч аймгийн Засаг даргын 2024 оны А/528 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох болон сонсох ажиллагааг хийлгүйгээр гаргасан нь дээрх объёктыг өмчлөгч бидний үндсэн хуулиар олгогдсон өмчийн эрхэд халдаж байна” гэсэн байна. Хариу тайлбар:
Нэг. Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 16/10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Хэрлэн сумын 6 дугаар баг, Ага 2 гудамжинд байрлах газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр тус сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “..., Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Хэрлэн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх тухай аймгийн Засаг даргын 2024 оны А/528 дугаар захирамжийг гаргасан болно. Гэтэл тус захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахыг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47, 48 дугаар зүйлд захиргааны актыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлийг тодорхой заасан байдаг бөгөөд тус хуулийн зохицуулалтад “Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлээгүй бол захиргааны актыг хүчингүй болгоно” гэсэн заалт байхгүй болно.
Мөн аймгийн Засаг даргын 2024 оны А/528 дугаар захирамжийн дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас өөрийн албан ёсны цахим хаяг болон “Дорнод телевиз”-ээр дамжуулан иргэд, олон нийтэд дуудлага худалдаа явуулах зарыг хүргэсэн байдаг. /холбогдох баримтыг хавсаргав/ Түүнчлэн дуудлага худалдаа явуулах зарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн ерөнхий газрын цахим системийн “Дуудлага худалдаа” хэсэгт байршуулсан бөгөөд тус дуудлага, худалдаа явуулахаар тусгагдсан газрууд нь аливаа иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байхгүй тул нээлттэй буюу иргэн бүр оролцох боломжтой байдлаар зарыг хүргэж, дуудлага худалдааг зохион байгуулсан болно.
Хоёр.Дээрх зарын дагуу газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байсан иргэд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт биечлэн очиж дуудлага худалдаанд хэрхэн оролцох болон бүрдүүлэх материалын талаар зааврыг авч, өөрийн үл хөдлөх хөрөнгийн доорх газруудын дуудлага худалдаанд оролцсон байдаг. Тодруулбал,
1.Нэхэмжлэгч******* нь Ага 2 гудамжны 211 тоот 24м2 газрын дуудлага худалдаанд 4 дугаартай оролцсон боловч иргэн ******* ялагчаар тодорч 36,140,000 төгрөгийг 100070000967 тоот дансанд төлсөн
2.Нэхэмжлэгч******* нь Ага 2 гудамжны 209 тоот 24м2 газрын дуудлага худалдаанд 4 дугаартай оролцон 31,400,000 төгрөгөөр ялагч болсон хэдий ч ялагчийн гэрээ байгуулаагүй, мөнгө төлөөгүй.
3.Ага 2 гудамжны 213 тоот 22м2 газрын дуудлага худалдаанд иргэн нь 60,100,000 төгрөгөөр ялагчаар тодорсон хэдий ч ялагчийн гэрээ байгуулаагүй, мөнгө төлөөгүй.
4.Нэхэмжлэгч ******* нь Ага 2 гудамжны 219 тоотын 53 м2, 223 тоотын 22 м2, 227 тоот 23 м2 газрын дуудлага худалдаанд оролцсон боловч иргэн ******* нь 219 тоот 53 м2 газрыг 79,000,000 төгрөгөөр, 223 тоотын 22 м2 газрыг 41,800,000 төгрөгөөр, 227 тоотын 23 м2 газрыг 50,000,000 төгрөгөөр тус тус худалдан авч, ялагчаар тодрон мөнгийг 100070000967 тоот дансанд төлсөн байна.
Дээрх нөхцөл байдлыг дүгнэвэл аймгийн Засаг даргын 2024 оны А/528 дугаар захирамжийн дагуу дуудлага худалдаа явуулах зарыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газар нь өөрийн албан ёсны цахим хаяг, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн ерөнхий газрын цахим системээр дамжуулан иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлсэн.
Мөн аймгийн Засаг даргын захирамж ямар хуулийг зөрчсөн, тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх хөндөгдсөн эсэх болон нэхэмжлэгч нар нь шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь ойлгомжгүй байна. Түүнчлэн газрыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа хэрнээ тухайн газрыг дуудлага худалдаанд оруулахдаа бид нарт тусгайлан мэдэгдэх үүрэгтэй гэж захиргааны байгууллагаас давуу байдал бий болгохыг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариу тайлбараа бүрэн дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгчийн хувьд хоёр шаардлага гаргасан байгаа. Захирамжийг хүчингүй болгох гэдэг шаардлагыг гаргасан. Энэ нь үндэслэлгүй юм. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааг зохион байгуулсан. Энэ нь өөрөө төлөвлөгөөнд багтсан зүйл байгаа. Ингээд бүхий л журмыг баримтлан зарыг иргэд олон нийтэд хүргэсэн. Гэтэл эдгээр иргэд нь газартай холбоотой ямар нэгэн эзэмших эрхгүй хүмүүс байсан. Гэтэл заавал давуу байдал эдлэхийг хичээсэн. Мөн эдгээр иргэд нь өөрсдөө дуудлага худалдаанд оролцсон. Зарим иргэд нь бүр дуудлага худалдаандаа ялсан боловч гэрээ байгуулаагүй байгаа. Өмч байгаа хэдий ч газраа тусд нь өөрийн болгох ёстой. Бид хуулийг л дагаж мөрдөх ёстой. Мөн өмч байгаа гээд дуудлага худалдаагүйгээр Засаг дарга захирамж гаргах боломжгүй юм. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар иргэн нь газрыг дуудлага худалдааны зарчмаар эзэмшихээр зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс тус дуудлага худалдаа явуулсан газар дээр миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байгаа учир дээрх хуулийн шаардлагыг баримтлахгүйгээр давуу эрхээр өөрийн эзэмшилд шилжүүлэх шаардлагыг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Мөн иргэн ******* нь аймгийн Засаг даргын 2024 оны А/528 дугаар захирамжийн дагуу зохион байгуулагдсан дуудлага худалдаанд оролцсон боловч ялалт байгуулж чадаагүй болно. Иймд газрыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшиж, тухайн газрыг эзэмшүүлэх дуудлага худалдаанд оролцож ялалт байгуулж чадаагүй хэрнээ захиргааны байгууллагаас давуу байдал бий болгохыг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн дагуу. Өмнө нь газартай холбоотой асуудлууд дуудлага худалдаа хийхгүйгээр олгож байсан үе байсан. Өмнө нь хууль зөрчиж байсан гээд одоо хууль зөрчиж болохгүй. Ямар ч байсан тухайн үедээ Засаг даргын захирамжаар газрыг олгож байсан нь үнэн. Мөн өмчлөл асуудалгүй болсон гэж гуравдагч этгээд тайлбар гаргасан. Одоо хэрэгжиж байгаа хууль нь өөрөө заавал дуудлага худалдааг л зохион байгуулахаар хуульчилсан. Мөн өөрийнх нь обекттой холбоотой дуудлага худалдаанд өөрөө оролцсон. Тиймээс мэдэхгүй өнгөрсөн гэж ярих боломжгүй юм. Мөн бид мэдээллийг нийтэд нээлттэй зарласан гэв.
3.8. Гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хуулийн дагуу дуудлага худалдаанд оролцсон. Хуулийн дагуу оролцоод ялагч болсон. Би төлбөрөө бүрэн төлж гэрээг байгуулсан. Одоо шүүхээс гарах шийдвэрийг харах хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Дорнод аймгийн Засаг дарга 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулах тухай” А/528 тоот ... “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, “Улсын хэмжээнд 2024 онд эзэмшүүлэх ашиглуулах газрын байршил, хэмжээ зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2024 оны 136 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 208 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал”, “Сумын газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16/10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн...
1. Хэрлэн сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр тусгагдсан дараах байршлуудад газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр танхим хэлбэрээр зохион байгуулсугай. Үүнд:
а. Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Ага 2 гудамжны 209 тоот хаягт 24м2 газар /газрын анхны үнэ 240.000 төгрөг/
б. Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Ага 2 гудамжны 211 тоот хаягт 24м2 газар /газрын анхны үнэ 240.000 төгрөг/
в. Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Ага 2 гудамжны 213 тоот хаягт 22м2 газар /газрын анхны үнэ 220.000 төгрөг/
г. Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Ага 2 гудамжны 215 тоот хаягт 22м2 газар /газрын анхны үнэ 220.000 төгрөг/
д. Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Ага 2 гудамжны 219 тоот хаягт 53м2 газар /газрын анхны үнэ 530.000 төгрөг/
е. Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Ага 2 гудамжны 221 тоот хаягт 19м2 газар /газрын анхны үнэ 190.000 төгрөг/
ё. Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Ага 2 гудамжны 223 тоот хаягт 22м2 газар /газрын анхны үнэ 220.000 төгрөг/
ж. Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Ага 2 гудамжны 225 тоот хаягт 23м2 газар /газрын анхны үнэ 230.000 төгрөг/
з. Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Ага 2 гудамжны 227 тоот хаягт 23м2 газар /газрын анхны үнэ 230.000 төгрөг/
и. Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Ага 2 гудамжны 274 “а” тоот хаягт 114м2 газар /газрын анхны үнэ 1.140.000 төгрөг/
й. Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Чойбалсан 4 гудамжны 401 “а” тоот хаягт 69м2 газар /газрын анхны үнэ 690.000 төгрөг/
2. Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, иргэдийг мэдээллээр хангаж ажиллахыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар //, тухайн газарт баригдах барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн шийдлийг тодорхойлон баримт бичиг, барилгын загвар зургийг батлахыг аймгийн Ерөнхий архитектор /А.Түмэнжаргал/-д тус тус даалгасугай.
3. Захирамжийн хэргэжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын, Хууль, эрх зүйн хэлтэс //, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс //-д тус тус үүрэг болгосугай гэсэн агуулга бүхий захирамжийг гаргасан байна.[1]
3. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/657 дугаартай ... “төрийн мэдэлд байх газрыг иргэн, хуулийн этгээдэд өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгохдоо дуудлага худалдаааны зарчмаар шийдвэрлэнэ. Дуудлага худалдаанд иргэн бүр эрх тэгш эрхтэй оролцох бөгөөд аливаа нэг иргэн, хуулийн этгээдэд тусгайлан давуу байдал олгохгүй. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргаагүй, оролцоогүй нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй. Өргөдөл гаргагч иргэн *******... нь дуудлага худалдаанд оролцох хүсэлт гарган, дэнчин хураамж төлж оролцсон нь дуудлага худалдааны тэмдэглэлд байх бөгөөд ... дуудлага худалдааны талаархи мэдээлэлтэй танилцсан гэж үзэхээр байна.” гэсэн албан бичгийг Дорнод аймгийн Засаг даргад хүргүүлжээ.[2]
4. Дорнод аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулах тухай” А/528 тоот захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр танхим хэлбэрээр зохион байгуулагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.[3]
5. Нэхэмжлэгч нарын зүгээс Дорнод аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулах тухай” А/528 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд дээрхи захирамжийн дагуу зохион байгуулсан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаагүй болно.
6. Нэхэмжлэгч******* нь Ага 2 гудамжны 209 тоот 24м2 газарт дуудлага худалдааны ялагчаар 31400000 төгрөгөөр тодорсон боловч ялагчийн гэрээ байгуулаагүй мөнгөө төлөөгүй, Н.******* нь Ага 2 гудамжны 215 тоот 22м2 газарт дуудлага худалдааны ялагчаар 60200000 төгрөгөөр тодорч ялагчийн гэрээ байгуулаагүй мөнгөө төлөөгүй,******* нь Ага 2 гудамжны 211 тоот 24 м2 газарт дуудлага худалдаанд өөрөө орсон боловч 1 дугаартай ******* дуудлага худалдааны ялагчаар тодорч 36140000 төгрөгийг төлж, гэрээ байгуулсан, ******* нь Ага 2 гудамжны 219 тоот 53м2 газарт, Ага 2 гудамжны 223 тоот 22 м2 газарт, Ага 2 гудамжны 227 тоот 23 м2 газарт тус тус дуудлага худалдаанд өөрөө орсон боловч ******* дуудлага худалдааны ялагчаар тодорч мөнгөө төлж дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.[4]
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь өөрсдөө газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаанд оролцсон бөгөөд Дорнод аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулах тухай” А/528 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гэргаж байгаа нь үндэслэлгүй байна.
7. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ.”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж хуульчилсан.
Энэхүү хуулийн зохицуулалтын дагуу Дорнод аймгийн Засаг дарга 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулах тухай” А/528 тоот захирамжийг гаргасан нь холбогдох хууль, дүрэм журмыг зөрчөөгүй байна.
8. Нэхэмжлэгч нар болон түүний өмгөөлөгчийн зүгээс Дорнод аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулах тухай” А/528 тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлийг зөрчсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл энэхүү дуудлага худалдаа нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, “Улсын хэмжээнд 2024 онд эзэмшүүлэх ашиглуулах газрын байршил, хэмжээ зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2024 оны 136 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” дагуу явагдсан байна.
9. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилсан бөгөөд аймгийн Засаг даргын зүгээс ямар эс үйлдэхүй гаргасан нь тодорхойгүй тул нэмэгдүүлсэн шаардлага болох Хэрлэн сумын 6 дугаар баг, 20 дугаар байрны урд байрлах 2, 4, 5, 6, 7 дугаартай гражуудын доорх газрыг эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг Засаг даргад даалгах боломжгүй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээ зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч ,*******, *******, ******* нарын, Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/528 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хэрлэн сумын 6 дугаар баг, 20 дугаар байрны урд байрлах 2, 4, 5, 6, 7 дугаартай гражуудын доорх газрыг эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ