Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/18

 

 

 

 

 

 

 

 

   2024          03           20                                         2024/ДШМ/18

 

 

Ш.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч О.Баатарсүх, ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч Ш.Э-, түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Э-, түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ш.Э-д холбогдох эрүүгийн 2339003020360 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Ш.Э- нь 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 19 цаг 30 минутаас 00 цагийн хооронд Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Ч" амралтын газрын 06 тоотод байрлах хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу амралтын газрын байшинд нэвтэрч хохирогч Т.Ц-гийн эзэмшлийн "I phone 12 pro" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

- 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 19 цаг 30 минутаас 00 цагийн хооронд Хэнтий аймгийн Дадал сумын 4 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Ч" амралтын газрын 06 тоотод байрлах хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу амралтын газрын байшинд нэвтэрч хохирогч Э.М-ийн эзэмшлийн "Sumsung А90" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлан 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

- 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 05 цаг 15 минутаас 05 цаг 20 минутын хооронд Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дугаар баг Дэлийн 9-02 тоотод байрлах хохирогч З.С-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч түүний эзэмшлийн "Huawei nova Y90” маркийн гар утас, виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлан 655.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс шүүгдэгч Ш.Э-ы үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржгон овогт Шаравын Ш.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ш.Э-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэж, оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ш.Э-, түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Ш.Э- нь анхан шатны шүүх хурлын үеэр Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр баг, “Ч" амралтын газрын баруун жигүүрт байх зуны байшингуудын 06 дугаартай байшингаас 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 00 цагийн орчимд хохирогч Т.Ц-гийн "I phone 12 pro" маркийн гар утас, хохирогч Э.М-ийн “Samsung A90” маркийн гар утаснуудыг хулгайлсан гэх хэргээ хүлээж, бусдад учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлж барагдуулсан тухайгаа мэдүүлсэн.

Мөн Ш.Э- нь “Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг,  Дэлийн 9-02 тоотод байрлах хохирогч З.С-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2023 ны 07 дугаар сарын 17-ны өдрийн 05 цаг 15 минутанд нэвтэрч түүний эзэмшлийн "Huawei nova Y90” маркийн гар утас, виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бусдад 655.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдээгүй, энэ гэмт хэргийг Норовлин сумын харьяат Т- гэх хүн үйлдсэн, Т- надад хулгайд алдагдсан гэх гар утас болон виза картыг өгөхөөр нь би тухайн гар утсыг нь Норовлин сумын төвд байдаг айлд авч очоод архи болгосон, ...цагдаа ирж хулгай утас байна гэхээр нь Тулгыг хөгшин настай хүн байсан учир өрөвдөөд би авсан гэж хэлсэн” гэж мэдүүлдэг.

Шүүгдэгч Ш.Э- нь “би "Huawei nova Y90” маркийн гар утсыг Т- гэх хүнээс авсан” гэж мэдүүлсээр байтал мөрдөн шалган ажиллагааны явцад Т- гэх хүнээс мэдүүлэг аваагүй.

Хэнтий аймгийн Дадал сумын “Г” амралтын газарт засварын ажил хийж байх хугацаанд амралтын өрөөний хаалга онгорхой, ямар нэгэн түгжээ байдаггүй байсан. Энэхүү үйлдэл болсны дараа түгждэг болсон талаар гэрчүүд мэдүүлдэг.

Дээрх үйлдлүүдэд Ш.Э- нь бусдын орон байр, хүн байнга амьдрах зориулалттай байр саванд хууль бусаар нэвтэрсэн, хаалга цоожыг нь эвдэлсэн, цонхыг нь хагалсан, цүү цуургыг нь сугалсан, эсхүл ямар нэгэн багаж хэрэгсэл ашиглан хууль бусаар эвтэрсэн үйлдэл хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудад авагдаагүй байна.

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажилагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдалд ноцтой нөлөөлөх шинж чанарыг харгалзан үзэж хууль бус нэвтрэлт тогтоогдсон гэж үзэж буй бол шүүх энэ талаар тайлбар, үндэслэлийг тогтоолд заавал тусгаж байх ёстой.

Хүн байнга амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь үүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно /УДШ-ийн 2019.10.30-ны №570 тогтоол/.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ. Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн оронд байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхэд үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ /УДШ-ийн 2019.10.16-ны №511 тогтоол/.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Э-ыг "Huawei nova Y90” маркийн гар утас, виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзсэн.

Шүүгдэгч Ш.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар зүйл ангийг хөнгөрүүлэн зүйлчилж хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.

Хэргийн зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй бол шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, эхнэр болон бага насны 5 хүүхдүүдийн хамт амьдардаг, эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Ш.Э- нь ажил төрөл эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Амралтын газрын үйл ажиллагаа явуулах зориулалттай байрны хаалга нь цоожтой байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд хамаарахгүй. Ш.Э- нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэргийг үйлдсэн байна.

Хохирогч З.С-гийн утсыг хулгайлсан гэмт хэрэг нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд, гэрч болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-, түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ш.Э-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ш.Э- нь 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 19 цаг 30 минутаас 00 цагийн хооронд Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Ч" амралтын газрын 06 тоотод байрлах хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу амралтын газрын байшинд нэвтэрч хохирогч Т.Ц-гийн эзэмшлийн "I phone 12 pro" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

- 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 19 цаг 30 минутаас 00 цагийн хооронд Хэнтий аймгийн Дадал сумын 4 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Ч" амралтын газрын 06 тоотод байрлах хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу амралтын газрын байшинд нэвтэрч хохирогч Э.М-ийн эзэмшлийн "Sumsung А90" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлан 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

- 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 05 цаг 15 минутаас 05 цаг 20 минутын хооронд Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дугаар баг Дэлийн 9-02 тоотод байрлах хохирогч З.С-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч түүний эзэмшлийн "Huawei nova Y90” маркийн гар утас, виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлан 655.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04, 91, 142 хуудас/,

- Хохирогч Т.Ц-гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 05  хуудас/,

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-10, 94-97, 148-150 хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Б” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ШД-183 дугаартай "... “I phone-12” маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 1.800.000 төгрөг байх боломжтой..." гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-46 хуудас/,

- Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 67-68, 168-170 хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Б” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ШД-184 дугаартай "...”Sumsung А90” маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 500.000 төгрөг байх боломжтой..." гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 119-121 хуудас/,

 Шүүгдэгч Ш.Э-аас хохирогч Э.М-ийн ХААН банкны дансанд 505.000 төгрөгийн хохирол төлсөн талаарх 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийг баримт /хавтаст хэргийн 125 хуудас/,

- Хохирогч З.С-н Хэнтий аймгийн Норовлин сумын Цагдаагийн тасагт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 143 хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Б” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ШД-225 дугаартай "...“Huawei nova” маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 650.000 төгрөг, мөн төрийн банкны виза карт 5000 төгрөг нийт 655.000 төгрөг..." гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 163-165 хуудас/

- Хохирогч Т.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 17-ны орой ....19 цаг 30 минутын орчим ...ажилдаа гарахдаа би байрлаж байсан 6 номерын өрөөнд өөрийн "I phone 12 pro" маркийн гар утсаа цэнэглээд гарсан. Манай найз Э.М- бас утсаа цэнэглээд үлдээгээд гарсан. Бид нар байраа цоожлоогүй зүгээр хаагаад орхисон. ...00 цагийн орчимд амрах гээд байрандаа ороход Э.М- бид хоёрын гар утас алга болсон байсан. ...Би гар утсаа буцааж авсан,  нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 18-19 хуудас/,

- Хохирогч Э.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 17-ны орой ажилдаа гарахдаа байрлаж байсан 6 номерын өрөөнд өөрийн “А90” маркийн гар утсаа цэнэглээд гарсан. Манай найз Т.Ц- бас хамт утсаа цэнэглээд үлдээгээд гарсан. Т.Ц-гийн гар утас "I phone 12 pro" маркийн гар утас байсан. ...бид ажиллаа хийгээд 00 цагийн орчимд амрах гээд байрандаа ороход Т.Ц- бид хоёрын гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102-103 хуудас/,

- Хохирогч З.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 17-ны өглөө үүрийн 04 цаг 40 минутын орчимд босоод өөрийн "Huawei nova Y90" маркийн гар утсаа цонхны тавцан дээр тавиад дунд өрөөндөө юм хийж байх үед буюу 05 цаг 15 минутаас 20 минутын хооронд манай охин тухайн цаг хугацаанд 00 ороод орж ирсэн. Тэгээд надаас “хүн орж ирэв үү” гэж асуухаар нь би “мэдээгүй хүн орж ирээгүй” гэтэл манай охин Н- “дөнгөж сая намайг 00-д сууж байхад саарал цайвар юүдэнтэй малгайгаа өмссөн, хар өмдтэй эрэгтэй гарлаа” гэж байсан. Тухайн үед би нээх тоогоогүй. Хөдөө гэртээ очоод утсаа үзтэл машинд байхгүй байхаар нь гайхаад буцаж ирээд цонхны тавцан дээр үзэхэд миний утас хулгайд алдагдсан байсан. ..."Huawei nova Y90" маркийн гар утас байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 153-154 хуудас/,

- Гэрч Г.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө намайг оройн ээлжинд гарч байхад Т.Э манай ажил дээр ирээд надад "I phone 12", "Samsung A80" байхаа 2 гар утас авчирч өгөөд “янзлуулаад буцаагаад явуулчих” гээд үлдээгээд явсан. Би тэр өдрөөс 3-4 хоногийн дараа Хэнтий аймгийн “Э” худалдааны төвийн гар утас засвар дээр очин “Samsung” маркийн гар утасны кодыг тайлуулж буцаагаад Хэнтий аймгийн Баян-Адарга сум руу замын унаанд дайгаад явуулсан. "I phone 12" маркийн гар утсыг нь өөртөө аваад байж байтал ...Ө гэх цагдаа ...хулгайн утас байсан талаар хэлээд надаас хураагаад авсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 хуудас/,

- Гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ асуудлаас хойш 2 хоногийн дараа шөнийн 02 цаг өнгөрч байхад намайг өрөөндөө ганцаараа амарч байхад хэн нэгэн хүн хаалга татаж орж ирээд “хажуу талын амрагч байна аа, нэг ширхэг тамхи өгөөч” гэж гуйсан. ...сэжигтэй санагдаад "чи хулгай хийгээд яваад байгаа юм уу, бид нарын утсыг чи авсан уу" гэхэд "та нарын утсыг би хулгайлж аваад 100.000 төгрөгөөр бусдад зарсан” гэж хэлсэн. Өөрийгөө Э гэж хэлсэн. Бид нарт хэлэхдээ доголон Б-тай хамт Ёо Б гэх хүнд зарсан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27, 113-114 хуудас/,

- Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 20-ны хавьцаа найз Ш.Э-ы гэрт хонож байтал Ш.Э- шөнө дунд гараад явсан. Тэгээд удалгүй Ш.Э- хоёр гурван залуучуудтай хамт орж ирсэн. Тэр залуучууд “бид нар гурван нуур амралтын газар ажил хийж байгаа хүмүүс байна, танай найз бид нарын гар утсыг хулгайлаад зарсан тухайгаа сая хэллээ. Чамд тэр утас хаана байгаа талаар мэдэж байгаа зүйл байна уу” гэж асуусан. Ш.Э- хоёр хоногийн өмнө Баян-Адаргын Б гэдэг залууд хоёр гар утас зарсан талаар нь хэлсэн. Би хулгайн гар утас гэдгийг нь мэдээгүй гэдгээ хэлсэн. 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ш.Э-тай таарахад би гар утас оллоо гэж хэлсэн. Тэгээд Б гэдэг залууд Ш.Э- 100.000 төгрөгөөр худалдсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31, 109-110/

- Иргэний нэхэмжлэгч Т.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш.Э- ”намайг утас авах уу” гэхээр нь ...түүнд 100.000 төгрөг шилжүүлээд 2 ширхэг гар утас худалдан авсан. ...нэг нь "I phone”, нөгөө нь “Sumsung" гэсэн нэртэй байсан. Ш.Э-аас мөнгөө буцааж авсан. Надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  65-66 хуудас/,

- Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 10 цагийн орчимд Х-н хамт гэртээ хэвтэж байтал гаднаас Дадал сумын гаралтай Ш.Э- ирж манайд юм ярьж сууж байгаад "ах, эгч утастай байгаа юу" гэхээр нь бид хоёр “байхгүй утасгүй байгаа” гэхэд Ш.Э- нь халааснаасаа хар өнгийн "Huawei" гэсэн бичигтэй утас бэлэглэхээр нь аваад цааш нь хийсэн. ...Саарал юүдэнтэй цамцтай, хар өмдтэй орж ирсэн. Виза карт байгаагүй. Мөн сим карт байсан эсэхийг мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 156-157 хуудас/,

- Гэрч Н.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 05 цаг 10 минутын орчимд босоод байшингийнхаа зүүд урд талын 00-д сууж байтал манай байшин руу цагаан саарал цамцтай 170 см орчим өндөртэй, залуухан үл таних эрэгтэй хүн ороод гарсан. Тэгээд гэр рүү ороод ээжээс юун хүн манайд ороод гарсан талаар тодруулахад ээж мэдээгүй байсан. Тэгээд ээж бид хоёр хөдөө гэртээ очоод буцаад суманд 09 цагийн орчимд ирэхэд ээжийн утас байгүй байна, үүдний өрөөний цонхны тавцан дээр тавиад орхисон байсан, түрүүнд орж ирсэн хүн хулгайлсан байх гэж бодсон. Хар хөх өнгөтэй "Huawei nova Y90" маркийн гар утас байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 159-160 хуудас/,

- Ш.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ойролцоогоор 10 цагийн үед ....6 номерын байшингийн урд талын саравчинд 2 ширхэг хар өнгийн андройд гар утас байхаар аваад явсан, гар утаснуудыг нь тухайн үед бүгдийг нь эргүүлээд өгсөн...” гэх мэдүүлгүүд /хавтаст хэргийн  80-82, 133-13 хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж судалж шүүгдэгч Ш.Э-ыг “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгчийн дээрх үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн,  шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

 

 Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан  хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн хэмжээ, шүүгдэгч гэр бүлээ тэжээн тэтгэдэг  хувийн байдал зэргийг харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ш.Э-д 2  жилийн хорих ял оногдуулж,  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын тухайд:

 

 Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан “хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх, хохирогч З.С-гийн гар утас, виза картыг хулгайлаагүй” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Э- нь  Хэнтий аймгийн Дадал сумын "Ч" амралтын газрын 06 тоот амралтын газрын байшинд нэвтэрч хохирогч Т.Ц-гийн "I phone 12 pro" маркийн гар утас, хохирогч Э.М-ийн "Sumsung А90" маркийн гар утас, хохирогч З.С-гийн орон байранд нэвтэрч түүний "Huawei nova Y90” маркийн гар утас, виза картыг хулгайлсан, Т.Ц-, Э.М- нар амралтын байрандаа гэр утсаа цэнэглэж үлдээгээд ажилдаа гарсан ба буцаж ирэхэд гар утаснууд алга болсон байсан, З.С- гар утас, виза картаа гэрийнхээ цонхны тавцан дээр тавьсан байсан нь хулгайд алдагдсан хэргийн үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдон тогтоогдсон байна.

 

"Орон байр" гэдгийг  хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг хамааруулан ойлгодог.

 

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба уг гэмт хэргийн тухайд хохирогчийн гэрт болон амралтын байранд нь орж буй шүүгдэгчийн үйлдэл нь хууль бус нэвтрэлтийн шинжийг агуулсан байна. Амралтын байр руу орохдоо хаалга цонхыг эвдээгүй тул хууль бус нэвтрэлт гэж үзэхгүй гэсэн өмгөөлөгчийн тайлбар нь үндэслэлгүй байна.

 

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, эсхүл онгорхой байхад нь аливаа байдлаар сэм орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.

 

Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч өөртөө захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс төгсдөг. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийг нууц далд аргаар авах гэдэгт өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр тухайн эд хөрөнгийг хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас хөдөлгөн өөрийн болгон авахад чиглэсэн бүхий л идэвхитэй үйлдлийг хамааруулж ойлгох ба уг гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ орон байранд нэвтэрсэн тохиолдолд хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн, тухайн гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн дүгнэлт нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий зөв болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Э-, түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр нарын гаргасан “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-ы цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ГАНЗОРИГ

  

                           ШҮҮГЧИД                                                О.БААТАРСҮХ

 

                                                                                            Г.БОЛОРМАА