Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2025/00472

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2025/00472

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 1965 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ам бүл 2, эхнэрийн хамт Багануур дүүргийн * дугаар хороо, ** дугаар байрны * тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хүсэлт гаргагч: Ш.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.******* нь 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт биеийн тамирын зааварлагчаар, 1989 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл клубын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ш.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ш.******* миний бие 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 96 дугаар тушаалаар ******* аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын биеийн тамирын зааварлагчаар ажилд орж, 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 115 дугаар тушаалаар орон тооны цомхотголоор клубын эрхлэгчийн ажилд томилогдон ажилласан. 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, ******* аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуульд багшаар орсон. Дээрх онуудад ажиллаж байсан баримтыг ******* аймгийн архивын газар болон Улсын төв архивын газраас тус тус шүүлгэж үзэхэд огт гарч ирээгүй, надад өгөх өөр ямар ч баримт байхгүй. Иймд намайг ******* аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зааварлагч, клубийн эрхлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ******* аймгийн архивын тасгийн тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, гэрэл зургууд, баярын бичиг зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүхээс Ш.******* хүсэлтээр Ч.*******, Ж.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан, шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн байгууллагаас ХААТР-1 маягт, ХААТР-21 маягтуудыг нотлох баримтаар шаардан гаргуулсан байна.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Ш.******* шүүхэд хандаж гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.Ш.******* нь 1965 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 60 нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч Ш.******* хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан талаарх бичилт хийгдсэн боловч тушаалууд нь архиваас гарч ирээгүй тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх Ш.*******д үүсэж, ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

4. Хүсэлт гаргагч Ш.******* нь 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт биеийн тамирын зааварлагчаар, 1989 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл клубын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 378644 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: овог: , нэр: *******, төрсөн он: 1965.5.16, боловсрол: дунд, мэргэжил: биеийн тамирын багш, хөдөлмөрийн дэвтэр олгосон: Ахуй үйлчилгээний удирдах газар, АҮУГазрын даргын 1986.06.01-ний өдрийн 96 тоот тушаалаар Ахуй үйлчилгээний байгууллагуудын дэргэдэх биеийн тамирын зааварлагчаар авч ажиллуулав, АҮУГазрын даргын 1991.3.15-ны өдрийн 115 тоот тушаалаар Орон тооны цомхотголоор биеийн тамирын зааварлагчийн ажлаас чөлөөлж, клубын эрхлэгчээр томилов, АҮУГазрын даргын ... тоот тушаалаар Өөр газар ажиллахаар өргөдөл өгсөн тул ажлаас чөлөөлөв гэсэн бичилтүүд хийгджээ. /хх-ийн 7 дугаар тал/

4.2.******* аймгийн Архивын тасгийн тодорхойлолтод: Тус архивын хадгаламжийн санд ******* аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын 1986-1991 оны даргын тушаал, цалингийн баримт шүүж үзэхэд холбогдох баримт гараагүй тул ******* *******д лавлагаа, хуулбар олгох боломжгүй болно, /хх-ийн 8 дугаар тал/

4.3.Үндэсний төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 411 дугаартай тодорхойлолтод: Үндэсний төв архивын сан хөмрөгт ******* аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газар байгууллагын бүгд оны баримт шилжиж ирээгүй тул овогтой *******д холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ. /хх-ийн 9 дүгээр тал/

4.4. Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 А, ХААТР-21/А/ маягтад: овог , нэр *******, төрсөн газар Өвархангай аймаг, , төрсөн он сар өдөр 1965.5.16, регистрийн дугаар ЙЮ6*05*61*, байнга оршин суух хаяг ******* гэж бүртгэгджээ. /хх-ийн 24 дүгээр тал/

4.5.1987-1990 онд хамт олонтойгоо авахуулсан гэрэл зургууд /хх-ийн 19-21 дүгээр тал/

4.6.Гэрч Ч.*******йн шүүхэд өгсөн: Би 1977-1993 оныг хүртэл ******* аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт нягтлан бодогчоор тасралтгүй ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Ш.******* 1986 онд биеийн тамирын зааварлагчаар ажилд орж байсан, мөн клубын эрхлэгчээр ажиллаж байсан. Клубын эрхлэгч, биеийн тамирын зааварлагч 2 нь ажил үүргийн хувьд ялгаагүй, олон нийтийн ажил хариуцдаг байсан. Ш.******* 1991 онд ажлаасаа гарч ******* аймгийн 1 дүгээр 10 жилийн сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байсан. Бид 2 нэг багт хамт шагай харваж уралдаан тэмцээнд оролцдог байсан болохоор цаашид холбоотой байдаг байсан. Ш.******* 1986-1991 оны хооронд ******* аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний удирдах газарт тасралтгүй ажиллаж байсан. Хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургууд байгаа хүмүүс зүс мэдэх хүмүүс байна, олон жил өнгөрсөн болохоор нэрийг нь сайн санахгүй байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/

4.7.Гэрч Ж.*******гийн шүүхэд өгсөн: Бид 1988-1990 оны хооронд ******* аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний удирдах газарт хамт ажиллаж байсан. Намайг сургуулиа төгсөж ирээд бичиг хэргийн эрхлэгчээр ажилд ороход Ш.******* биеийн тамирын зааварлагчаар ажиллаж байсан. Би мэргэжлээрээ ажиллахаар 1990 оны 6 дугаар сард ажлаасаа гарахад Ш.******* ажиллаад үлдсэн, хэзээ ажлаасаа гарсан талаар нь мэдэхгүй байна. Ш.******* биеийн тамирын зааварлагч, клубын эрхлэгч зэрэг спортын тэмцээн уралдаан зохион байгуулах, аймгийн урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулдаг байсан. 1988 оноос өмнөх зүйлийг мэдэхгүй байна, намайг ажиллаж байх хугацаанд тасралтгүй ажиллаж байсан гэсэн мэдүүлэг, /хх-ийн 35-36 дугаар тал/

5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Ш. 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт биеийн тамирын зааварлагчаар, 1989 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл клубын эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт биеийн тамирын зааварлагчаар, 1989 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл клубын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ