Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 318/ШШ2025/00352

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Увс аймаг, сум,  дугаар баг, , тоотод оршин суух, регистрийн дугаар, ургийн овогт М.С,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1970 онд төрсөн. Би 1987 онд Архангай аймгийн Багшийн дээд сургуульд элсэн орж, 1991 онд төгсөж ирээд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд бага ангийн багшаар хуваарилагдан одоог хүртэл ажиллаж байна. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсан тушаал олдохгүй байгаа ба 1991-1994 оны ажилласан байдлыг нотлох шаардлага гарсан. Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1991 оны 9 дүгээр сард ажиллаж байх үеийн тушаал гарсан. Мөн Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд хуваарилагдсан баримт нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгаа. Иймд 1991 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 200 дугаар зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 156 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1991 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 71 дүгээр Багш нарын албан тушаалын цалинг тогтоох тухай тушаал, хавсралт, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 165 дугаар тодорхойлолт, фото зураг, гэрч Д.Ч, Ж.Ш нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

3. Шүүхээс Д.Ч, Ж.Ш нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, М.Сгийн ХААТР-1 маягт зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Сгийн 1991 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч М.Сгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 200 дугаар зөвлөмжийн хуудсанд: Ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул 1991-1994 оны хооронд ажиллаж байсан хугацааг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэжээ.

 

3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 156 дугаар тодорхойлолтод: Увс аймгийн Ардын боловсролын хэлтэс, 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн 1991 оны тушаалын баримтыг шүүн үзэхэд М.С ажилд орсон тушаал гараагүй болно гэжээ.

 

3.3. Архангай аймаг дахь Багшийн сургуулиас 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдөр М.Сд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ...1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймаг дахь Багшийн сургуульд оюутнаар элсүүлэв, 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймаг дахь Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн тул Увс аймгийн АБХ-ийн мэдэлд шилжүүлэв, 1991 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн бага ангийн багшаар ажиллуулав, 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр энэ дэвтрийн ажилласан хугацааг 3 жил 4 сар 16 хоногоор тооцов гэсэн бичилтүүд хийгдсэн байна.

 

3.4. Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1991 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 71 дүгээр Багш нарын албан тушаалын цалинг тогтоох тухай тушаал, хавсралтаар М.Сгийн цалинг 1050 төгрөгөөр тогтоосон байх тул тухайн тушаалыг нэхэмжлэгчийн 1991-1994 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт ач холбогдолтой гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгов.

 

3.5. Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 165 дугаар тодорхойлолтод: Мөнхдөө овогтой Сарантуяа нь тус сургуульд 1991 оноос одоог хүртэл бага ангийн багшаар ажиллаж байгаа нь үнэн болохыг тодорхойлов гэжээ. Тухайн тодорхойлолт нь хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар тогтоогдож байх тул шийдвэрийн үндэслэл боломжтой гэж үзлээ.

 

3.6. М.Сгийн ХААТР-1 маягтад Овог, нэр М.С, ажилладаг байгууллага Шинэ ирээдүй цогцолбор сургууль, эрхэлдэг ажил багш маягтыг бүртгэсэн он, сар, өдөр 2010.11.01 гэж бүртгэжээ. Тухайн баримтад нэхэмжлэгчийн 2010 онд ажиллаж байсан байдлын талаар тусгагдсан байх тул баримтыг 1991-1994 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт хамааралгүй гэж үзлээ.

 

3.7. Нэхэмжлэгчээс ирүүлсэн 1 ширхэг фото зургийг хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус байх тул хэрэгт ач холбогдолгүй гэж үзэв. Мөн нэхэмжлэгчийн 1995-1999 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийг 1991-1994 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт хамааралгүй гэж үзэв.

 

3.8. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Ч, Ж.Ш нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Д.Ч Би 1985-2001 онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан. М.С нь 1991 онд тус сургуульд бага ангийн багшаар томилогдон ажиллахаар болсон. 1993 онд М.Сг жирэмсний амралт авч байх үед М.Сгийн хариуцсан ангийг би дааж авч ажиллаж байсан. Тухайн үед тус сургууль бнь ага ангийн 4 бүлэгтэй байсан. М.С нь 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл бага ангийн багшаар ажиллаж байгаа нь үнэн болно гэж, гэрч Ж.Ш Би 1985-2003 онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан. М.С нь 1991 онд тус сургуульд бага ангийн багшаар томилогдон ажиллахаар болсон. Тухайн үед тус сургууль нь бага ангийн 4 бүлэгтэй байсан ба М.С А багшийн 3 дугаар ангийг хүлээн авч, хариуцан ажилласан. М.С нь хүүхдэд хичээл заах, сургах арга барилыг сайн эзэмшсэн багш бөгөөд ажилдаа сайн мундаг багш нарын нэг юм гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож боломжтой гэж үзэв.

 

4. Нэхэмжлэгчийн цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй хэдий ч М.С нь 1991 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1991 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 71 дүгээр Багш нарын албан тушаалын цалинг тогтоох тухай тушаал, хавсралт, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 165 дугаар тодорхойлолт, гэрч Д.Ч, Ж.Ш нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Монголмууд ургийн овогт М.С 1991 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч М.С ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Монголмууд ургийн овогт М.С 1991 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч М.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ