| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00401/и |
| Дугаар | 318/ШШ2025/00353 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 318/ШШ2025/00353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, сум, дугаар баг, дугаар байр, тоотод оршин суух, регистрийн дугаар, ургийн овогт Д.Г,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1965 онд төрсөн. Би 1992 онд Анагаах ухааны их сургуулийг эрүүл ахуйч их эмч мэргэжлээр төгссөн. Улмаар 1992 оны 11 дүгээр сард Аймгийн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын газарт үйлдвэрийн эрүүл ахуйч их эмчээр ажилд орсон. Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын газар нь татан буугдсантай холбоотой тус газрын 1992-1994 оны тушаал, цалингийн баримт аймгийн архивд шилжиж ирээгүй байна. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаалын дугаар, цалин бичигдсэн байгаа ба 1995 онд явагдсан улсын үзлэгээр ажилласан жилийг баталгаажуулж комиссын дарга, гишүүд гарын үсгээ зурж тамга дарж баталгаажуулсан байдаг. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн материалаа бүрдүүлэхэд аймгийн архивд тушаал, цалингийн байхгүй тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Эрүүл ахуй, халдвар судлалын газарт 1992 оны 11 дүгээр сараас 1994 оныг дуустал хугацаанд эрүүл ахуйч их эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 21 дүгээр зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 167 дугаар тодорхойлолт, фото зураг, гэрч С.С, Т.Т нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс С.С, Т.Т нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Д.Гийн гэрлэснийг бүртгэх анкет зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Гийн 1992 оны 11 дүгээр сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Эрүүл ахуй, халдвар судлалын газарт эрүүл ахуйч их эмчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Д.Гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 21 дүгээр зөвлөмжийн хуудсанд: Д.Г нь Увс аймгийн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын газарт 1992-1994 онд ажиллаж байх үеийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал аймгийн архиваас гараагүй тул уг онуудыг оруулан ажилласан жилийг тооцох боломжгүй байна. Иймд шүүхэд хандах шаардлагатай гэжээ.
3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 167 дугаар тодорхойлолтод: Увс аймгийн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын газрын 1992-1994 оны тушаал, цалингийн баримт гус архивд шилжиж ирээгүй тул Д.Гтай холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй болно гэжээ.
3.3. Увс аймгийн Эрүүл ахуй халдвар судлалын хяналтын газраас 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Д.Гт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ...1992 оны 11 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны ажилласан хоног, авсан цалин хөлсний талаар бичилт хийгдсэн байх ба хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилгүй байх тул хөдөлмөрийн дэвтрийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгов.
3.4. Д.Гийн гэрлэснийг бүртгэх анкетыг 1996 оны 3 дугаар сарын 24-ний өдөр бүртгэхэд ажилладаг байгууллага Увс аймгийн Эрүүл мэндийн төв, эрхэлдэг ажил дэд захирал гэж бүртгэжээ. Тухайн баримтад нэхэмжлэгчийн 1996 онд ажилласан байдлын талаарх мэдээлэл тусгагдсан байх тул 1992-1994 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт хамааралгүй гэж үзлээ.
3.5. Нэхэмжлэгчээс ирүүлсэн 4 ширхэг фото зургийг хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус байх тул хэрэгт ач холбогдолгүй гэж үзэв.
3.6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч С.С, Т.Т нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч С.С Би 1992-1994 онд Увс аймгийн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын газарт даргын бичээчээр ажиллаж байсан. Д.Г нь 1992 оны 11 дүгээр сард тус газрын хөдөлмөрийн эрүүл ахуйч их эмчээр ажилд орж байсан. Хөдөлмөрийн эрүүл ахуйч их эмч Д.Г нь аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт явуулж, эрүүл ахуйн хэмжилт хийж ажилладаг байсан бөгөөд хөдөө сумуудаар хяналт шалгалтаар явдаг байсан. 1994 онд Увс аймгийн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын газар нь татан буугдаж Увс аймгийн Эрүүл мэндийн газар болоход Д.Г нь тус газрын орлогч даргаар томилогдон ажиллах болсон. 1992-1994 онд Увс аймгийн Эрүүл ахуй ,халдвар судлалын хяналтын газрын даргаар Б.Ц гэх хүн ажиллаж байсан гэж, гэрч Т.Т Би 1976-2008 онд Увс аймгийн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын газарт хүүхдийн эрүүл ахуйч улсын байцаагчаар ажиллаж байсан. Д.Г нь 1992 оны 11 дүгээр сард тус газарт хөдөлмөрийн эрүүл ахуйч их эмчээр ажилд орж байсан бөгөөд 1994 оныг дуустал ажилласан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой юм.
4. Нэхэмжлэгчийн цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй хэдий ч Д.Г нь 1992 оны 11 дүгээр сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Эрүүл ахуй, халдвар судлалын газарт эрүүл ахуйч их эмчээр ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч С.С, Т.Т нарын нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б ургийн овогт Д.Г 1992 оны 11 дүгээр сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Эрүүл ахуй, халдвар судлалын газарт эрүүл ахуйч их эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б ургийн овогт Д.Г 1992 оны 11 дүгээр сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Эрүүл ахуй, халдвар судлалын газарт эрүүл ахуйч их эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ