Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 112/ШШ2025/0031

 

           

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: Э.О

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат нарын хоорондын төрийн албаны цалин, тэтгэмж авахтай холбоотой  маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, Х.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нийтийн номын сангийн захирлын албан тушаалын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойшхи ажилгүй байгаа хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар тогтоолоор баталсан Орон нутгийн өмчийн соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журмын дагуу тэтгэмж гаргуулахаар маргаж байна.

 

2. Хэргийн үйл баримт, процессын тухайд:

 

2.1. Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн захирлаар ажиллаж байсан Э.О-ийг  тус  аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дугаар “ Албан тушаал бууруулах тухай” захирамжаар албан тушаал бууруулсан. Э.О нь Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч  Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд  аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дугаар “Албан тушаал бууруулах тухай” захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Нийтийн номын сангийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 

2.2. Хариуцагч аймгийн Засаг дарга нь Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 324 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

2.3. Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 25050364 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гарч, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар шийдвэрт гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

 

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

 

3.1. Нэхэмжлэгч Э.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дүгээр захирамжаар Нийтийн номын сангийн захирлын албан тушаалаас халагдаж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 112/ШШ2024/0008 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан боловч хариуцагч талаас өнөөдрийг хүртэл тус шийдвэрийг хэрэгжүүлээгүй байна.

Шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байгаагаас шалтгаалж цалин хөлсийг холбогдох нэмэгдэл, урамшуулалтай авах болон эрүүл мэндийн, нийгмийн даатгалын тусламж үйлчилгээ авч чадахгүй байх зэргээр маш их хохирч байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар тогтоолоор баталсан Орон нутгийн өмчийн соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журмын хүрээнд авах ёстой байсан 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшууллаа буруутай албан тушаалтны хууль бус шийдвэрээс шалтгаалж авч чадахгүй нөхцөл байдалд хүрсэн.

          Нийтийн номын санд 2008 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаагаас 2013 оноос хойш тасралтгүй захирлаар нь ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд ажлаас хууль бусаар чөлөөлөгдөж шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилогдож, нийгмийн даатгал шимтгэл нөхөн төлөгдөж байсан. Сүүлийн 16 жил соёлын салбарт тасралтгүй ажилласан нь Засгийн газрын тогтоолоор олгохоор заасан. Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон хугацаанаас хойшхи шүүхийн шийдвэр гарах хүртэл дундаж цалинтай тэнцэх олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар тогтоолоор баталсан Орон нутгийн өмчийн соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журмын дагуу тэтгэмж гаргуулах хууль зүйн үндэслэлтэй тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

          3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Э.О-ийн тухайд аймгийн нийтийн номын сангийн захирлаар 2013 онд томилогдон ажиллаж байсан. Тэгээд аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний Б/116 дугаар захирамжаар нийтийн номын сангийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдөөд албан тушаал бууруулж шийдвэр гаргасантай холбоотойгоор нэхэмжлэгчийн хувьд захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 онд нэхэмжлэл гаргаад 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр анхан шатын шүүхийн шийдвэр гарсан. Энэ шийдвэр нь аймгийн Засаг даргын захирамжийн хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийг эргүүлж ажилд нь томилох, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан боловч тус шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй ийм нөхцөл байдалтай байгаа. Тус анхан шатны шүүхийн шийдвэрийн хүрээнд 7,2 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор заасан боловч өнөөдрийн байдлаар гэхэд нэхэмжлэгчид 3,5 сая төгрөгийн нөхөн олговор олгосон, өөр бусад нөхөн олговор болон олговорууд нь олгогдоогүй, ажилдаа эргүүлэн томилогдоогүй ийм нөхцөл байдалтай байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж байгаа. Тэгэхээр энэ захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг аймгийн Засаг даргын тухайд эс үйлдэхүйгээр биелүүлэхгүй байна гэж нэхэмжлэгчийн хувьд харж байгаа. Хариуцагчийн хувьд шүүхийн шийдвэрийг биелүүлээд нэхэмжлэгчийг ажилд нь томилж, шүүхийн шийдвэрт заасан нөхөн олговруудыг олгоод шийдвэрийг биелүүлчих ийм боломж бололцоо байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж байна гэж харж байна. Э.О-ийн тухайд 2008 онд тус байгууллагад анх ажилд орж байсан. 2013 онд захирлаар нь томилогдон ажиллаж байсан.  2023 оны 10 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш өнөөдрийг хүртэл үндсэндээ бараг 2 жил шахам ямар нэгэн эрхэлсэн ажилгүй, орлогогүй гэртээ байгаа. Гэтэл энэ хүний тухайд ар гэр гэж байна, үр хүүхэд гэж байна, амьдрал гэж байна. Ямар ч олсон орлого, эрхэлсэн ажилгүй ингээд 2 жил гэртээ байж байхаар яах аргагүй санхүүгийн асуудлууд тулгарч байгаа. Ажилдаа оръё гэхээр орж чадахгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл нь өнөөдрийг болтол шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлж чадахгүй ийм нөхцөл байдалтай байгаа учраас өнөөдрийг хүртэл цалингаа авъя, тэтгэмж, мөнгөн урамшууллаа авъя гэдэг ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Засгийн газрын 2023 оны 185 дугаар тогтоолоор баталсан мөнгөн урамшууллыг яагаад аймгийн Засаг даргаас нэхэмжлэл гаргаж шаардаад байгаа вэ гэхээр захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай шийдвэр үйл ажиллагаанаас болсон хохирлыг иргэн, хуулийн этгээд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар буруутай албан тушаалтнаас нэхэмжлэх эрх байгаа. Үүнийхээ хүрээнд хэрвээ буруутай шийдвэр үйл ажиллагаанаас болж ажлаас халагдаагүй байсан бол Э.О-ийн тухайд Засгийн газрын тогтоолоор заасан нөхөн тэтгэмж авах болзол шаардлагыг хангачихсан байгаа. Нөгөө талаас яагаад энэ мөнгөн тэтгэмжийг нэхэж байгаа вэ гэхээр Захиргааны хэргийн шүүхээс өнөөдрийн шүүхийн шийдвэр ямар нэгэн байдлаар гарлаа гэж бодоход тэр шийдвэр 7 хоногийн дараа албажна, ахиад хүчин төгөлдөр болтол 14 хоног, сарын дотор хариуцагчийн зүгээс энэ шийдвэрийг гаргасан байдлаар биелүүлэхгүй байхад Э.О-ийн нийгмийн даатгалын шимтгэл ялгаа байхгүй сараар тасарчхаж байгаа байхгүй юу. Тэгээд сараар нийгмийн даатгалын шимтгэл нь тасрах нөхцөл байдал үүсчихээр мөнгөн тэтгэмж авах шалгуур шаардлага нь тасраад явчихаж байгаа. Тийм учраас энийг шүүхээр нэхэмжилж гаргуулах нь зүйтэй юм байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйл дээр нь төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хяналт тавих гэж байгаа. Тэгэхээр 50 дугаар зүйлийн 50.1-т “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.” гэж байгаа юм. Үүний цаад агуулга нь юу гэж байна вэ гэхээр иргэнийг хууль бусаар чөлөөлсөн, томилсон халсан бол тухайн хохирлыг төр, төрийн байгууллага хариуцна. Иргэний хуулийн 498.2-т энэ зохицуулалтаас орчихсон байгаа. Тэгэхээр энэ зохицуулалтуудын хүрээнд бол цалин мөнгөө гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалаа төлүүлэх, буруутай шийдвэр үйл ажиллагаанаас нь шалтгаалаад авах ёстой байсан мөнгөн тэтгэмжээ авч чадахгүй байгаа учраас мөнгөн тэтгэмжийн 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ засгийн газрын журам дээрээ томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 60 сар ажилласан байхыг шаардана гээд байгаа. Энэ журмын 2.2.3 дээр “ажлаас үндэслэлгүйгээр халагдсан шүүхээр эргүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацааг тэтгэмж олгох хугацаанд оруулж тооцно” гэж байгаа юм. Тийм учраас энэ дээр тэтгэмжийг бол шүүхээр гаргуулах нь зөв, ажилдаа томилогдох эсэх нь тодорхойгүй байгаа учраас шүүхийн шийдвэрийг биелүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа учраас шүүхээр гаргуулах зүйтэй юм гэв.

        

  3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Э.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг татгалзан , эвлэрэх хүсэлтэй байгааг уламжилъя.  Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 05-р сарын 17-ны өдрийн 185 дугаар тогтоолоор батлагдсан тэтгэмжийг одоогоор олгох боломжгүй бөгөөд ажилдаа томилогдсон тохиолдолд ердийн журмаар хугацааг тооцож олгох боломжгой юм. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дутууг нөхөн төлөх асуудлыг шийдвэрлэж, Шүүхийн шийдвэрийн биелэлтийг ханган ажилд нь эргүүлэн томилох боломжтой тул нэхэмжилэгчтэй өөртэй нь болон өмгөөлөгчтэй нь биечилэн уулзах, эвлэрч хэлэлцэх хүсэлтэй байгаа болно гэжээ.

 

           3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин нэхэмжлэгчийн Засгийн газрын 2023 оны 185 дугаар тогтоолын дагуу тэтгэмж мөнгөн урамшуулалтай холбоотой нэг тайлбар хийе. Төрийн албан хаагчийн урамшуулал олгохдоо төрийн албан хаагч хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажилтан ажлын байранд сахилгын шийтгэл авсан бол урамшууллыг олгохгүй байгаа. Нэхэмжлэгч нь сүүлийн 5 жилийн хувьд шүүхийн ямар нэгэн асуудалтай, ажил үүргийг тайлагнах, тайлан гаргах боломжгүй болох нь тодорхой  байна. Энэ тэтгэмжийг олгоход жоохон хүндрэлтэй байна гэж үзэж байгаа гэв.   

     ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг дараах байдлаар шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Э.О-ээс “Нийтийн номын сангийн захирлын албан тушаалын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойшхи ажилгүй байгаа хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”, “Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар тогтоолоор баталсан Орон нутгийн өмчийн соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журмын дагуу тэтгэмж гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 

2. Нийтийн номын сангийн захирлын албан тушаалын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойшхи ажилгүй байгаа хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

        

 2.1. Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн захирлаар ажиллаж байсан Э.Оийг  тус  аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дугаар “ Албан тушаал бууруулах тухай” захирамжаар албан тушаал бууруулсан байна.  Э.О нь Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд  аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 дугаар   “Албан тушаал бууруулах тухай” захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Нийтийн номын сангийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

         Хариуцагч аймгийн Засаг дарга нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 324 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

          2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “нэхэмжлэгч Э.О-ийн Нийтийн номын сангийн захирлын албан тушаалын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойшхи ажилгүй байгаа хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд “цалинг нь олгоё гэдэг дээр хариуцагч талаас маргахгүй байгаа юм байна. Цалин дээр хариуцагч талаас маргахгүй байгаа бол нэхэмжлэгч тал маргахгүй” гэж тайлбарладаг.   

2.3. Энэхүү нэхэмжлэлийн нэг шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч аймгийн Засаг дарга  Г.Чинбат нь 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1/1145 дугаар албан бичгээр Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Б, мэргэжилтэн Х.Л нарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилохдоо “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх...” эрхийг олгосон байна.

 

2.4 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

          

            Иймд нэхэмжлэгч Э.О-ийн “Нийтийн номын сангийн захирлын албан тушаалын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойшхи ажилгүй байгаа хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            2.5. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон холбогдох хэсэгт гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

            2.6. Харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Э.О-ийн Нийтийн номын сангийн захирлын албан тушаалын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойшхи ажилгүй байгаа хугацааны дундаж цалинтай тэнцэх олговорыг бодохдоо: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д зааснаар ...ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу бодож, үүнээс  Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

            3. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар тогтоолоор баталсан Орон нутгийн өмчийн соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журмын дагуу тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

          3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “...журмын 2.2.3 дээр “ажлаас үндэслэлгүйгээр халагдсан шүүхээр эргүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацааг тэтгэмж олгох хугацаанд оруулж тооцно” гэж байгаа юм. Тийм учраас тэтгэмжийг бол шүүхээр гаргуулах нь зөв...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд: “...Төрийн албан хаагчийн урамшуулал олгохдоо төрийн албан хаагч хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажилтан ажлын байранд сахилгын шийтгэл авсан бол урамшууллыг олгохгүй байгаа. Нэхэмжлэгч нь сүүлийн 5 жилийн хувьд  шүүхийн ямар нэгэн асуудалтай, ажил үүргийг тайлагнах, тайлан гаргах боломжгүй байгаа нь тодорхой  байна. Энэ тэтгэмжийг олгоход хүндрэлтэй...” гэж тайлбарладаг.   

3.2.Соёлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.9-т “Тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгоно” гэж заасан.

3.3.Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар тогтоолоор “Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох” журмаар дээрх хуулийн зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан.

3.4.Уг журмын 2.1-д “Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил (60 сар) ажилласан байна”, 2.2.3-т “ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр эгүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа”-г тасралтгүй ажилласан жилд хамааруулж тооцохоор заасан.

 

         3.5. Гэхдээ Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журмын 3.4-д “Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын удирдлага дараагийн жилд тэтгэмж авах эрх үүсэх соёлын ажилтанд тэтгэмж олгоход шаардагдах зардлыг тооцож, 07 дугаар сарын 25-ны дотор дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газарт хүргүүлнэ” гээд соёлын ажилтанд тэтгэмж олгох нөхцөл бүрдсэнийг тодорхойлсон албан бичиг, соёлын ажилтны бичгээр гаргасан хүсэлт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, энэ журмын 2.1-д заасан нөхцөлийг гэрчлэх баримт бичиг, шаардлагатай бусад баримт бичгийн бүрдлийг нягтлан, нутаг дэвсгэрийн хэмжээнд нэгтгэж, 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ, Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тэтгэмж олгоход шаардагдах хөрөнгийг улсын хэмжээнд нэгтгэн төсвийн ерөнхийлөн захирагчийн дараагийн жилийн төсвийн төсөлд тусган 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, батлуулах арга хэмжээ авна.

            3.6.Энэ тохиолдолд соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгохыг журмаар тусгайлан зохицуулсан, улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгохоор заасан байхад захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол гэж тэтгэмжийг шууд хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж шүүх үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.О-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Нийтийн номын сангийн захирлын албан тушаалын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойшхи ажилгүй байгаа хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх  шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Соёлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.9 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Оийн нэхэмжлэлийн шаардлага болох Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар тогтоолоор баталсан Орон нутгийн өмчийн соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журмын дагуу тэтгэмж гаргуулах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

         4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛБАДРАХ