| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0112/э |
| Дугаар | 115 |
| Огноо | 2018-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтлөн,
улсын яллагч Б.Баярхүү,
шүүгдэгч Г.Б,
хохирогч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Г.Бт холбогдох 1810000870104 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, С овогт Г.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ресторанд, тус рестораны зөөгч ажилтай Г.Цыг зодож биед нь хамар ясны зөрүүгүй далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, хамар, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.Баас: “...Багш нарын шинэ жил тэмдэглэх үйл ажиллагаан дээр би хамгаалагчтай маргалдсан. Биднийг салгах гэж байсан Г.Цыг цохиж, эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан байсан. Маргааш нь би хохирогчийг хайж олоогүй. Дараа нь олж уулзаад, хохирогчийг дагуулж эмнэлэг очсон. Эмчилгээний зардал би бүрэн барагдуулсан, би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хохирогчоос уучлалт хүсэж байна...” гэв.
Хохирогч Г.Цоос: “...Шинэ жилийн үеэр хамгаалагчтай хүн муудалцаж байхаар нь би ажлынхантайгаа хамт салгах гэж оролдоход шүүгдэгч намайг цохьсон. Шүүгдэгч дараа нь намайг эмнэлгээр дагуулж явж шинжилгээ, эмчилгээ хийлгүүлсэн. Шүүгдэгч эмчилгээний зардал 1.200.000 төгрөг өгсөн, дараа нь 1.000.000 төгрөг тусдаа өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Г.Цын: багш нарын шинэ жил болж байсан. Би дунд сургуулийг 2016 онд сурч төгссөн байсан. Тэгээд 23 цагийн үед сургуулийн багш Г.Б хүн рүү, хамгаалагчтай маргалдаад дайраад байхаар нь би салгах гээд дундуур нь орсон чинь Г.Б над руу хараад чи яах юм гээд миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохьсон. Тэгээд би өөрөө хамгаалах гээд нүүрээ дараад доошоо суусан чинь Г.Б миний хамар руу нэг удаа өшиглөсөн. Тэгсэн тэнд байсан хүмүүс салгасан. Тухайн үед миний хамраас цус гараад хамар хавдаад далийсан байсан. Тэгээд намайг “Шинэ-Үе” сургуулийн багш болон ажлын Нацагдорж нар аваад гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хамрын цөмөрсөн хугарал гэж хэлсэн. Эмчилгээний болон бусад зардлын мөнгө болох 2.200.000 төгрөгийг Г.Б надад хүлээлгэх өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Б.Игийн: “...Тэгээд арга хэмжээ 23 цагийн үед тараад лифтэнд сууж байхад нэг хүн хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл тэр залуутай манай найз Г.Б маргалдаад байсан. Манай эхнэр шалан дээр унасан байсан би эхнэрээ босгоод байж байтал нөгөө ресторанаас манай ажилчид болон өөр хүмүүс гарч ирсэн байсан. Тухайн үед нэг хүүхдийн хамараас цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Н.Огийн: “...Тэгээд арга хэмжээ дууссан цагийг нь санахгүй байна, лифтэнд суугаад хаалга хаагдах гэж байхад бид нарын араас нэг хамгаалагч та нар ганцаараа биш шүү, дуугүй зайл гээд хэл амаар доромжилсон. Тэгтэл Г.Б лифтнээс буугаад нөгөө хамгаалагчтай барилцаад авсан юм. Би араас нь лифтээ онгойлгоод гарсан. Тэгтэл Г.Б нөгөө залуутай барилцаад авсан байсан учир салгах гээд очсон чинь нөгөө хамгаалагч миний хөл дээр гишгээд би газар унасан юм. Тэгээд И намайг босгоод харсан чинь нөгөө хамгаалагч цаашаа зугтаагаад нөгөө рестороны зүг рүү гүйсэн, тэр хоёр араас И явах гээд байхаар нь араас нь татаад явуулаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн №831 дугаартай дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр миний ажилладаг дунд сургуулийн багш нарын шинэ жил болсон. Тэгээд шинэ жил дуусаж гараад лифтинд суусан чинь тухайн рестораны хамгаалагч намайг хэл амаар доромжилсон. Тэгээд би хамгаалагчтай маргалдаад барьцалдаж аваад зууралдаж байсан чинь дундуур зөөгч залуу орж ирсэн. Тэгсэн би хамгаалагчтай андуураад зөөгч залуугийн хамар луу цохьсон. Тухайн үед би согтуу байсан зарим зүйлээ сайн санахгүй байна. Тэгээд нөгөө зөөгч залуу болох Г.Цыг манай ажлын хүмүүс эмнэлэгт үзүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дүгээр хуудас/,
-Захиргааны зөрчил авагдсан тухай бүртгэл /хх-ийн 37-40 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Г.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Г.Б нь 2017 ооны 12 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ресторанд, тус рестораны зөөгч ажилтай Г.Цыг зодож биед нь хамар ясны зөрүүгүй далд хугарал, хамрын таславчийн муруйлт, хамар хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, хамар, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Цын мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч Б.Игийн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Н.Огийн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн №831 дугаартай дүгнэлт
Энэ хэргийн шүүгдэгч Г.Б нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2018 оны 03 сарын 23-ны өдрийн 28 дугаартай Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох санал гаргасныг шүүх хүлээн авах боломжтой гэж үзлээ.
Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал
Шүүгдэгч Г.Баас хохирогч Г.Цод гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу эрүүл мэндэд нь учруулсан хохиролд нийт 2.200.000 төгрөгийг төлж барагдуулсан. /хх-ийн 47 дугаар хуудас/, Хохирогч Г.Ц нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, сайн дураараа эвлэрсэн /хх-ийн 56 дугаар хуудас/ гэж 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн прокурорын 11 дугаартай саналд гарын үсэг зурсан, мөн түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул Г.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.