Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/14

 

                                       *******ад холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

Хохирогчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга Т.Учрал нарыг оролцуулан, 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн давж заалдах гомдлоор Ц.*******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2023/0163/Э/208/2024/0008 индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* ******* ургийн овогт *******-Өвгөний *******, Мон Улсын иргэн, **** оны ** дугаар сарын ****-ний өдөр аймгийн суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ “******* ” ХХК-д ахлах тогооч ажилтай байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****, ээжийн хамт Улаанбаатар хот, дүүрэг, **** дугаар хороо, ***** дугаар байрны **** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, РД: //

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2023 оны 07 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах "******* ” ХХК-ийн гал тогооны байранд угаагч ажилтай Х.Цэвээндарийг “Эртхэн орж ирж хоол хийхэд тусалсангүй” гэж уурлан харилцан маргалдаж байх явцдаа нүүрэн тус газарт нь төмөр хавчаар шидэж, улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохих зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******-Өвгөний *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-Өвгөний *******ыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ад оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг харьяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас 1,717.500 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгож,

Хохирогч ******* нэхэмжлэлээс 5,259.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй үлдээж, цаашид эмчлэгдэх зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Шүүгдэгч *******ын хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч давж заалдах гомдолдоо:

Миний бие ******* нь 2023.07.04-ний өдөр иргэн *******ын буруутай үйлдлийн улмаас хүндэвтэр зэргийн гэмтэл авч сэтгэл санаа бие эрхтнээрээ хохирсон. ******* нь энэ хэргийн улмаас надад нэг ч төгрөгийн туслалцаа үзүүлээгүй, хохирол төлбөр төлөөгүй.

Гэтэл Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.27-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор миний цаашид эмчилгээ хийлгэх 3.259.000 төгрөгийг нотлох баримтаа цуглуулж иргэний шүүхэд хандах боломжтой гэсэнд гомдолтой байна. Миний зүгээс шүүх хурал дээр эмчилгээ хийлгэх эмнэлгийн баримтыг гаргаж өгсөн байхад нотлох баримт гэж үзээгүй байна.

Надад эмчилгээгээ хийлгэх мөнгө байхгүй учраас иргэний хуульд зааснаар урьдчилан гаргуулахаар шүүх хурал дээр өмнө нь орохдоо хэлж байсан. Энэ гэмтлийн улмаас миний нүдний доод хэсэгт насан туршид арилахгүй сорви үлдсэн. Үүний дагуу өөрийн сэтгэл санаанд учирсан хохирлоо гаргуулахаар шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй.

Сэтгэл санаанд учирсан хохирлыг заавал иргэний шүүхийн журмаар гаргуулна гэсэн хуулийн агуулга, заалт байхгүй гэж үзэж байна.

Иймд миний гомдлыг хангаж хохирлын асуудлыг хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянаж байгаа учраас өмнө нь хүсэлтүүд гаргаж байсан. Нэгдүгээрт сэтгэл санааны хохирлыг тооцуулах хүсэлтийг гаргасан ч шүүх хүлээж аваагүй. Яагаад хүлээж аваагүй гэхээр мөн л иргэний журмаар хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн. Уг нь эрүүгийн журам дээр тухайн зүйл ангид заасан сэтгэл санааны хохирол дээр тооцохоор журамласан байдаг. Энийг авч хэлэлцээгүй. Хохирогч ******* хувьд энэ хэргийн улмаас арилшгүй сорвитой болсон. Нэлээн эмчилгээ хийлгэж байж энэ сорви арилах магадлалтай. Энэ хурал нэлээн удсан. Сүүлийн хурал дээр ч мөн адил муухай байсан. Залуу хүн эвгүй харагдахаар үлдсэн. Энэ асуудлыг шийдүүлэхээр хүсэлт гаргасан боловч хангаагүй.

Хоёрт Синдрэлла эмнэлэгт үзүүлэхэд баримтгүй. Яагаад гэвэл эмчилгээгээ хийлгэж байж 3,259,000 төгрөгийг гаргах шаардлагатай гэж үзээд байна. Гэтэл өнөөдөр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх заалтад хохирогч эмчилгээний зайлшгүй шаардлагыг урьдчилан төлүүлээд гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасан. Заавал эмчилгээ хийлгэсний дараагаар нэхэмжлэх эрхтэй гэж заагаагүй. Энэ хэрэг гарснаас хойш шүүгдэгч нэг ч хохирол төлөгдөөгүй. Эмчилгээгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа учир энэ хүнээс хохирлыг гаргуулж өгнө үү гэсэн гомдлыг гаргаад байна.

Дараагийн гомдол нь энэ хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдэгдсэн юм биш үү гэж шүүх хуралдаан дээр яригдсан. Яагаад гэвэл биеэ хамгаалж чадахгүй байгаа үед нь, шүүх дээрээс шинжээч томилоход дахин хүндэвтэр хамар дээр нь гарсан. Хамрын хугарал дахин гарсан. Эхлээд хайч шидээд хамарт нь хайч очоод манараад байж байхад нь дахин очиж хамар луу нь цохисон байдаг. Энэ үйлдэл нь биеэ хамгаалж авч явж чадахгүй байгаа байдал дээр нь хүндрүүлж дараагийн үйлдлийг хийж хохирол учруулсан ийм асуудал болсон. Энэ асуудлуудыг авч үзээгүй. Хохирогч эмчилгээний төлбөр байхгүй учир урьдчилан гаргуулахаар давж заалдах шатны шүүхэд хандсан гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би гэм буруугаа хүлээж байгаа. Одоогоор ажилгүй байгаа тул хохирол төлж чадаагүй байгаа гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  

Хохирлын асуудал нь анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Зайлшгүй гарах зардлыг урьдчилан төлүүлнэ гэж үзэж байгаа энэ нь өөрөө зайлшгүй шаардлага мөн үү үгүй юу гэдэг дээр дүгнэлт хийх нь зүйтэй. Дээрээс нь хохирогчийн өмгөөлөгч ярьдаг. Биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулсан гэж хүндрүүлсэн зүйлчлэл байна уу гэдгийг анхан шатны шүүх хуралдаан дээр ярьж байсан. Хамгийн сүүлийн гэм буруугийн хуралдаан дээр би тайлбарласан байгаа. Хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй гэж үзэх үндэслэлгүй байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримт болох СD-г шинжлэн судлахад мөн дээрээс нь гэмт этгээд бол хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгаа гэдгийг ухамсарлан ойлгож, ухамсарлан мэдэж дахиж биед нь халдаж байгаа үйлдлийг биеэ хамгаалж чадахгүй байдалд байна гэж үзэж байгаа юм. Энэ хэргийг аваад үзвэл CD-нд маш тодорхой бичигдсэн байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол өөрөө хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудад бүхэлд нь үнэлэлт, дүгнэлт өгч хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж, аль нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгож, алийг нь няцаан үгүйсгэж байгаа үндэслэлээ тодорхой зааж байх учиртай.

2. Шүүгдэгч ******* нь “ажилд тусласангүй” гэх шалтгаанаар хохирогчийн нүүр лүү хуушуур хайрч байсан төмөр хавчаарыг шидэж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх ба шүүхээс шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн боловч хохирогчид учирсан  гэмтэл, цаашид гарах эмчилгээний зардлыг төлүүлэх, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан  хохирол тогтоолгох тухай шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг тус тус  шийдвэрлэхгүй орхисон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэл болно.

Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 сарын 17-ны өдрийн 682 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын  шинжээч нарын 2023 оны 12 сарын 18-ны өдрийн №1149 дугаартай дүгнэлтүүдээр хохирогч ******* биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар “...Шинжилгээний байгууллага  .. гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хэлэлцэх үед хохирогч болон түүний өмгөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож дүгнэлт гаргуулахаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх ба шүүхээс хүсэлтийг хангахаас татгалзаж, захирамжаар шийдвэрлэсэн байна.

Шүүх шинжээч томилохоос татгалзсан тухай үндэслэлээ “... иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн дүгнэлт хийсэн байна.

Шүүхээс  хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ ямар үндэслэлээр буюу шүүх яагаад хүсэлтийг нь хүлээн аваагүй, эрүүгийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг хамт шийдвэрлэхэд боломжгүй болсон үндэслэл шалтгааныг тодорхой заасан байх шаардлагатай. Гэтэл зөвхөн “боломжгүй“ гэсэн агуулгаар шинжээч томилохоос татгалзсан нь үндэслэлгүй байна.

 Шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн нүүрэнд хүндэвтэр гэмтэл учирсан нь нотлогдон тогтоогдсон, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэлийг хамтатган шийдвэрлүүлэхийн тулд “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож дүгнэлт гаргуулах” хүсэлт гаргасныг үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн нь  хохирогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Мөн хохирогч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар  эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд хэрэгт энэ тухай холбогдох баримтаа ирүүлсэн тохиолдолд эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжтой болохыг тайлбарлах нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хохирогчийн давж заалдах гомдлыг хангасугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

                              ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН