| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0082/З |
| Дугаар | 128/ШШ2025/0423 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2025/0423
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.О*******,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн ахлах байцаагч П.А*******,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.А*******,
Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.А*******,
Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* тоот акт, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга П.А*******гийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тоот шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн ахлах байцаагч П.А*******, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.А******* нар нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар актаар ******* ХХК-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3 дахь заалтад заасны дагуу 3 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж буюу 15,000,000 төгрөгийг холбогдох шимтгэлийг суутгаж, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор” олгуулахаар шийтгэл оногдуулсан.
1.2.Нэхэмжлэгч ******* ХХК нь Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтэст хандан гомдол гаргаж, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар албан бичгээр “... шийтгэл ногдуулж шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсэн нь хууль эрх зүйн үндэслэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
1.3. Нэхэмжлэгч ******* ХХК-иас тус шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын *******-ний өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн ахлах байцаагч П.А*******, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.А******* нарт холбогдуулан “Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* тоот акт, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга П.А*******гийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тоот шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШЗ2024/ дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч ******* ХХК тус шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ:
“Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 10-р сарын 12-ны өдрийн ******* актад ******* ХХК-ийг 15,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр М.Бд олгох талаар зааж, хэрэв биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан арга хэмжээ тооцож, шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэх болохыг” мэдэгдсэн байна. Уг актыг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн даргад гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан болно. Тус шийдвэрийг ******* ХХК-ийн зүгээс 2023 оны 12 сарын 05-ны өдөр мэдэж, гардан авсан болно.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9 дүгээр зүйлд “Улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” хэмээн зааж, тус хуулийн 10.9.7 дэх хэсэгт “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх” эрхтэй хэмээн заасан байдаг.
Мөн тус хуулийн 10.12 дугаар зүйлд “Салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 10.12.3 дахь хэсэгт “энэ хуулийн 10.9.7-д заасан шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол улсын байцаагчийн шийдвэрийг шүүхээр баталгаажуулан албадан гүйцэтгүүлэх, эсхүл тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай санал, дүгнэлтээ холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” эрхтэй хэмээн заасан байдаг.
Өөрөөр хэлбэл, тус хуулийн зохицуулалтаар “Хүний амь нас, Эрүүл мэнд, Хүрээлэн буй орчинд" хохирол учруулж байгаа нь холбогдох баримтаар тогтоогдсон тохиолдолд улсын байцаагчийн шийдвэрийг шүүхээр баталгаажуулан албадан гүйцэтгүүлэх талаар зохицуулсан байна.
Гэтэл Улсын ахлах байцаагчийн зүгээс хуульд заагаагүй үндэслэлээр хариуцлага тооцох тухай акт үйлдэж Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах ..." зарчмыг зөрчсөн хууль бус шийдвэр гаргаад байна.
Түүнчлэн Компани нь үйл ажиллагааны цар хүрээ, онцлогоос хамаарч ажлын байрны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах шаардлага гарсны улмаас Гүйцэтгэх захирлын 2023 оны *******-р сарын 28-ны өдрийн “Коммерийн хэлтсийн бүтэц зохион байгуулалтыг цомхотгон, шинэчлэн батлах тухай" тушаал гарсан ба тус тушаалаар "Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга" албан тушаал цомхотгогдсон тухай шийдвэр гарсан. ******* ХХК-ийн зүгээс М.Бд тухайн ажлын байр нь хасагдсан хэдий ч “Маркетинг бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга” албан тушаалд ажиллах санал тавьсан боловч тус саналыг хүлээн авахаас татгалзаж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна хэмээн мэдэгдсэн.
Тиймээс Гүйцэтгэх захирлын 2023 оны 07-р сарын 31-ны Б/ дугаар тушаалаар М.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дүгээр зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасны дагуу цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаал гарсан.
Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор тэтгэмж олгох хугацааны талаар нарийвчлан зохицуулаагүй байдаг. Гэвч хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн зүгээс “Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1.3 дахь хэсэгт заасан тэтгэмжийг 2023 оны 10-р сарын 25-ны өдөр олго" хэмээн хугацаа тогтоох эрх хуулиар олгогдоогүй юм.
Иймд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 10-р сарын 12-ны өдрийн ******* тоот акт, Хан- Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга П.А*******гийн 2023 оны 11 сарын 23-ны өдрийн тоот шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн улсын байцаагчийн гаргасан ******* тоот актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг акт гарах болсон үндэслэл нь манай байгууллагад ажиллаж байсан М.Б гэдэг хүнд хуулийн дагуу олгох тэтгэмжийг олгоогүй гэсэн үндэслэл байсан. Актын тогтоох хэсэгт хөдөлмөрийн улсын байцаагч акт нь дээр хуулийн зүйл заалт тодорхой бичээгүй хэр нь Шүүхийн журмаар албадан биелүүлэх тодорхойлолтыг харахаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7, 10.12, 10.12.3-т заасан Улсын байцаагчийн шийдвэрийг шүүхээр албадан гүйцэтгүүлнэ гэсэн хуулийн заалтуудыг баримталсан байдаг. Шийдвэрийг шүүхээр албадан баталгаажуулж гүйцэтгүүлэхтэй холбогдсон ямар харилцаа байдаг юм гэхээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7-д заасан хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд болон шууд бусаар хохирол учруулах тохиолдолд шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлдэг акт гаргах эрхтэй боловч Улсын байцаагч энэ тохиолдол бүрдээгүй байхад акт гаргасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж акт тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1.3-т тэтгэмж олгох заалт байдаг. Ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш ямар хугацаанд олгохыг хуулиар зохицуулаагүй. Зохицуулалт байхгүй учраас хөдөлмөрийн улсын байцаагч тогтоох эрхгүй. Ганц баримталж байгаа хуулийн заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1.3-т 5-10 жил ажилласан бол 3 ба түүнээс дээш сарын тэнцэх цалин хөлсийг олгоно гэх л заалтыг баримталсан байдаг. Хөдөлмөрийн улсын байцаагч эрхээ хэрэгжүүлээд акт тогтоосон үндэслэл байхгүй. Актын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг авна, шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдье гэсэн мэдэгдэл хүргүүлээд байгаа нь акт гаргах эрх зүйн үндэслэл бүрдээгүй байна. Үндсэн маргаан бол Иргэний хэргийн шүүхээр тухайн ажилтанд тэтгэмжийг олго гэж шийдвэрлэгдсэн учраас маргаан бүхий захиргааны акт нь ямар нэгэн эрх зүйн үр дагаваргүй акт болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
Иргэний шүүхээр тэтгэмж олгогдох нь шийдвэрлэгдсэн, Захиргааны хэргийн шүүхээр гол маргаж байгаа зүйл нь хөдөлмөрийн улсын байцаагч актыг гаргахдаа хууль тогтоомжийг зөрчсөн, хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлсэн. Хуульд тэтгэмж олгох тухай нарийвчилсан хугацаа заагаагүй байхад 13 хоногийн хугацаа тогтоож өгсөн байдаг. Энэ хугацааг ямар хуульд үндэслэж хөдөлмөрийн улсын байцаагч тогтоосон гэдэг нь тодорхойгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд шүүхийн журмаар албадан биелүүлэхтэй холбогдсон заалтуудыг ашиглах боломжгүй. Гэтэл хуулиар олгогдсон эрх хэмжээ байхгүй байхад маргаан бүхий актыг гаргасан гэж үзэж байна. Тиймээс маргаан бүхий захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох үндэслэлтэй байна” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн ахлах байцаагч П.А*******, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.А******* нар тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
“******* ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг маргаанд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.
2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 15 дугаартай төлөвлөгөөт бус хяналт хийх удирдамжийн хүрээнд иргэн М.Бд ******* ХХК-ийн зүгээс ажлаас чөлөөлсний тэтгэмжийг цаг хугацаанд нь олгоогүй гэх гомдлыг шалгахад иргэний гомдолд дурдсан асуудал нь үндэслэлтэй болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд иргэн М.Бд учруулсан хохирлыг барагдуулах үндэслэлээр 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай улсын ахлах байцаагчийн акт тавьж, тогтоосон хугацаанд гомдол гаргагчид олговол зохих, ажлаас халагдсаны тэтгэмжийн мөнгөн дүнг олгоогүй тохиолдолд буюу Зөрчлийн тухай хуульд заасан төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд шийтгэл ногдуулж шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэх болохыг анхааруулсан болно.
******* ХХК-ийн зүгээс иргэн М.Бд олгох ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл олгоогүй байх бөгөөд хуулийн үндэслэлгүй шалтаг гаргаж ажил олгогчийн хүлээх үүргээс зугтахыг оролдсоор байна.
******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/ тоот тушаалын 3 дахь хэсэгт зааснаар үндсэн цалинг 3 сартай тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгох хэсэг нь биелэгдээгүй байх ба уг 3 дахь хэсэгт зааснаар иргэн М.Б нь холбогдох эд хөрөнгө, баримт бичгийг /цаасан, файл/ ажил хүлээлцэх комист бүрэн хүлээлгэж өгсөн нь 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ажил хүлээлцсэн акт, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн үндсэн хөрөнгө хүлээлцэх хуудас 05 батлагдаж байна.
Мөн ******* ХХК гүйцэтгэх захирлын 2023 оны ******* сарын 28 ийн өдрийн №******* тоот мэдэгдэл хүргүүлэх хуудас нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах 80.4 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна.
Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг, 10.7 дахь хэсэгт заасны дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гүйцэтгэж, илэрсэн зөрчилд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд буюу иргэн М.Бд Хуулийн хүрээнд олгогдох ёстой тэтгэмжийг олгоогүй хохирол учруулсан асуудалд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь хэсэгт заасны дагуу учруулсан хохирол нөхөн төлүүлэх тухай 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* тоот акт тогтоон хугацаатай үүрэг даалгавар өгсөн болно. Улсын ахлах байцаагч П.А*******, хөдөлмөрийн
хяналтын улсын байцаагч Г.А******* нарын гаргасан акт болон уг актыг тогтоосон хугацаанд биелүүлж, зөрчлийг арилгаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шийтгэл ногдуулж шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсэн нь хууль эрх зүйн бүрэн үндэслэлтэй болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлж, нэхэмжлэгч ******* ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1.Нэхэмжлэгчийн зүгээс “...Актын тогтоох хэсэгт тодорхой хуулийн зүйл заалт бичээгүй хэр нь шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх журмаар биелүүлэх тодорхойлолтыг харахаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7, 70.12, 10.12.3-т заасан заалтуудыг баримталсан байдаг... Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэхтэй холбогдсон харилцаа нь хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд болон шууд бусаар хохирол учруулах тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх акт гаргах эрхтэй... энэ тохиолдол бүрдээгүй байхад акт гарсан... Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж акт тогтоосон... Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3-т тэтгэмж олгох заалт байдаг боловч ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш хэдий хугацаанд олгох талаар нарийвчлан зохицуулаагүй... Акт гарах эрх зүйн үндэслэлгүй... Үндсэн маргаан иргэний хэргийн шүүхээр тэтгэмж олгохоор шийдвэрлэгдсэн тул тухайн акт нь ямар нэгэн эрх зүйн үр дагаваргүй...” гэж тайлбарлан маргасан.
2.2.Хариуцагчаас “...төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гүйцэтгэж, илэрсэн зөрчилд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д заасан эрх хэмжээний хүрээнд М.Бд хуулийн хүрээнд олгогдох ёстой тэтгэмжийг олгоогүй зөрчилд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.12.2-т заасны дагуу хохирлыг нөхөн төлүүлэх тухай 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар акт тогтоон хугацаатай үүрэг даалгавар өгсөн ... уг актыг тогтоосон хугацаанд биелүүлж, зөрчлийг арилгаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэл оногдуулж, шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсэн нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй...” гэж тайлбарлажээ.
2.3.Маргаан бүхий 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай улсын байцаагчийн актаар М.Бгийн 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж 15,000,000 төгрөгийг холбогдох шимтгэлийг суутгаж, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор олгохыг даалгаж, биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу арга хэмжээ авахыг мэдэгдсэн.
2.4.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д “Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан, уг улсын байцаагчийг томилох эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ”, 10.9-д “Улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”, 10.12-т “Салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 10.12.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэж тус тус заажээ.
2.5.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг энэ хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хуулийн дагуу хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ”, 162.1-д “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлнэ”, 162.2-т “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах эрх эдэлнэ”, 162.2.5-д “иргэн болон хуулийн этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар арга хэмжээг авах” гэж Хөдөлмөрийн улсын байцаагч хөдөлмөрийн харилцаанд хяналт тавих талаар тус тус зохицуулсан байна.
2.6.Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, 82.1.3-т “тухайн аж ахуйн нэгж, байгууллагад таван жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх” гэжээ.
2.7.Дээрх хуулийн зохицуулалтаар тэтгэмжийг олгох хугацааг тодорхой нарийвчлан зохицуулаагүй ч ажил олгогч болон ажилтан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосноор ажилласан хугацаанаас хамаарч нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг авах эрхтэй, ажил олгогчоос түүнд тухайн тэтгэмжийг олгох үүргийг хүлээх бөгөөд тухайн харилцаанд хяналт тавьж ажиллах үүргийг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд Хөдөлмөр, халамжийн улсын байцаагчид олгожээ.
2.8.Түүнчлэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2024/*******546 дугаар шүүхийн шийдвэрээр “...хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч М.Б нь ажлаа бүрэн хүлээлцээгүй тус тэтгэмжийг олгох боломжгүй гэсэн боловч... 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Ажил хүлээлцэх акт, тойрох хуудас, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Ажил хүлээлцэх акт, 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Үндсэн хөрөнгийг хүлээлцэх хуудас зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь бичиг баримт цаасаар, эд хөрөнгө, процессорт байгаа файлууд, фолдер, ажлын компьютерыг хүлээлгэн өгсөн байх тул... 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох үүргээ биелүүлэх үндэслэлтэй... хариуцагч ******* ХХК-иас 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжид 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Бд олгохоор...” шийдвэрлэсэн байна.
2.9.Нэхэмжлэгчээс М.Бд Хөдөлмөрийн тухай хуульд заасан тэтгэмжийг олгох эсэх талаарх асуудлаар маргаагүй, харин хариуцагч Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч нараас 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар актыг гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж маргасан.
2.10.Маргаан бүхий Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар актын 2 дахь хэсэгт “... шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтын дагуу арга хэмжээ тооцож, шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэх...” талаар тусгасан нь “...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-д заасан “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж байгаа нь холбогдох баримтаар тогтоогдсон тохиолдолд улсын байцаагчийн шийдвэрийг шүүхээр баталгаажуулан албадан гүйцэтгүүлэх...”, мөн хуулийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.2-т “Хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах...” зарчмыг зөрчөөгүй.
2.11. Нэхэмжлэгчээс маргаан бүхий улсын байцаагчийн ******* дугаар актыг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад гомдол гаргасныг шийдвэрлэж, тус хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар албан бичгээр хариу өгсөн.
2.12.Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1-д “Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор”, 1.1-д “тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан… хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус зааснаас үзэхэд маргаан бүхий улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн 2 дахь заалт нь тус шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулж, шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байна.
2.13.Өөрөөр хэлбэл, маргаан бүхий 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн улсын байцаагчийн ******* дугаар акт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.12.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1, 162 дугаар зүйлийн 162.2, 162.2.5-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хуульд заасан үүргийг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд гарсан гэж үзнэ.
2.14.Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч А******* ХХК-ийн гаргасан “...Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулах...” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2023 оны 11 үгээр сарын 23-ны өдрийн дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1. Маргаан бүхий Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар актыг эс зөвшөөрч гаргасан ******* ХХК-ийн гомдлыг урьдчилан шийдвэрлэж, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар албан бичгээр хариу өгсөн байна.
3.2.Тодруулбал,Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана” гэж заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдлыг шийдвэрлэж өгсөн дээрх хариуг захиргааны акт гэж үзэхгүй.
3.3.Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан шинжийг тодорхойлсон.
3.4.Харин Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай албан бичиг нь нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, захирамжилсан шинжийг агуулаагүй, маргаан бүхий актыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг урьдчилан шийдвэрлэсэн шийдвэр байна.
3.5.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д “энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасны дагуу ******* ХХК-ийн гаргасан “Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.3.1, 1*******.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, 10.9, 10.9.8, 10.12.2, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1, 162 дугаар зүйлийн 162.2, 162.2.5-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-иас Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-иас Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН