Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2017/0107/З |
Дугаар | 221/МА2018/0015 |
Огноо | 2018-01-03 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2018/0015
2018 оны 01 сарын 03 өдөр | Дугаар 221/МА2018/0015 | Улаанбаатар хот |
Ц.О-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0588 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон чөлөөлсөн түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ц.О-ын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0588 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.4, 47.1.7, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/04 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.4, 47.1.7-д заасан илт хууль бус акт болохыг тогтоолгох, дээрх захиргааны илт хууль бус актын улмаас Ц.О нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлснийг харгалзан шинээр бий болсон Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус бүр нөхөн төлөхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгах” шаардлага бүхий Ц.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар давж заалдах гомдолдоо: “ … Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/04 дүгээр тушаал нь дүүргүүдийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсүүдийн бүтэц, орон тоог батлаагүй байх үед гарсан тушаал байдаг бөгөөд дүүргүүдийн энэхүү хэлтсийн бүтэц, орон тоог Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/653 захирамжаар нэгтгэж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 тушаалаар бүтэц орон тоог баталж буюу нэхэмжлэгч Ц.О-ыг ажлаас чөлөөлснөөс 1 сарын дараа нэгтгэж өөрчлөн байгуулж, бүтэц, орон тоо батлагдсан байдаг.
Гэтэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/04 дүгээр тушаалд Багануур дүүргийн хэлтэс өөрчлөн байгуулагдаагүй байх үед өөрчлөн байгуулагдсан хэлтсийн мэдэлд Ц.О-ыг шилжүүлсэн зэрэг нөхцөл байдлаараа Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.14, 47.1.7-д заасан илт хууль бус акт гэж үзэх үндэслэлтэйг шүүх анхаарч үзсэнгүй.
Хариуцагч нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг Халамжийн тухай хуульд заасныг үндэслэн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг. Гэтэл тухайн үед Хөдөлмөр, Халамж гэсэн 2 агентлагийг нэгтгэсэн байсан бөгөөд ерөнхий газрын даргад өөрчлөн зохион байгуулалтад ороогүй байгаа дүүргийн хэлтсийн даргыг ажлаас чөлөөлөх эрх олгогдсон эсэх нь тодорхойгүй байсан бөгөөд Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга нь зөвхөн Халамжийн хуульд заасныг үндэслэн тушаал гаргах эрхтэй байсан эсэх, мөн дүүргийн хэлтсийн даргыг ажилд авах тушаалыг Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд гаргах эрхтэй эсэх нь тодорхой бусаас гадна дүүргийн хэлтсийн даргыг ерөнхий газрын дарга чөлөөлж, Сайд ажилд авч байгаа, шүүх сайдыг хариуцагчаар татсан зэрэг нь ойлгомжгүй байтал шүүх Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/04 тушаал нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болно. Түүнчлэн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/04 тушаал нь уг тушаалыг хэн биелүүлэх эзэн нь тодорхой бус Багануур дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн өөрчлөн зохион байгуулагдаагүй, дүүргийн Хөдөлмөр, халамж гэсэн 2 хэлтсийг нэгтгэж өөрчлөн зохион байгуулсан нийслэлийн болон ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй, дүүргүүдийн хэлтсийг нэгтгээгүй, бүтэц орон тоог зохион байгуулаагүй байхад Ц.О-ыг яаран үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлж, өөрчлөн байгуулагдсан хэлтсийн мэдэлд шилжүүлэх чиглэлтэй тушаал гарч, уг тушаалыг хэн хэрэгжүүлж Ц.О-ын ажлын байрны асуудлыг шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.4, 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус акт болохыг нотолж буйг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих ...” талаар зааж, орон тоо цөөрч, хасагдсан ч Төрийн албан хаагчийн ажлын байрыг хадгалахаар хуульчилсан байтал 2 агентлаг нэгтгэх сургаар шахам нэхэмжлэгчийг ажлаас нь чөлеөлсөн атлаа Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн алинд ч ажиллаж байгаагүй Цэрэннадмид гэгч хүнийг шинээр зохион байгуулагдсан тус Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байгаа нь Төрийн албаны тухай хуулийн энэхүү шаардлагад нийцэхгүй байтал шүүх гарсан Захиргааны актыг зөвтгөн дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болно.
Шүүх илт хууль бус захиргааны акт болох Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг бодит байдалд нийцүүлж зөв үнэлээгүйгээс нэхэмжлэгчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагууд нь хангагдаагүй мөн адил хэрэгсэхгүй болсонд гомдолтой байна. Шинээр зохион байгуулагдсан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарлах шаардлагатай гэж эрх бүхий байгууллага үзсэн бол уг сонгон шалгаруулалт зарлах хүртэл хугацаанд өмнөх албан тушаалтан ажиллах боломжтой байхад Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга нь Ц.О-ыг ажлаас чөлөөлсөн байдаг.
Мөн Ц.О-ыг ажлаас чөлөөлсөн атлаа хөндлөнгийн гуравдагч этгээдийг Сайдын тушаалаар ажилд авсан байгаа нөхцөл байдлыг шүүх үнэлж үзэлгүй, нэхэмжлэгчийн шинээр зохион байгуулагдсан хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг уг орон тоонд сонгон шалгаруулалт зарлах эсэх нь тодорхой бус байхад шүүх уг орон тоонд сонгон шалгаруулалт зарлах учир Ц.О-ыг Багануур дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байранд эгүүлэн тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0588 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийг зөв хэрэглэсэн байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч Ц.О-ын даргаар нь ажиллаж байсан Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийг Хөдөлмөрийн хэлтэстэй нэгтгэн Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийг байгуулжээ.
Нэхэмжлэгч нь шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулалгүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчсөн гэж, хариуцагч нь 2 хэлтэс нэгтгэгдэж, Ц.О-ын орон тоо хасагдсан тул Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-д зааснаар 3 сарын тэтгэмж олгосон” гэж маргажээ.
Тус дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалын чиш үүрэгт нэхэмжлэгчийн ажиллаж байсан нийгмийн халамжийн хэлтсийн даргын чиг үүрэг байгаа боловч нэхэмжлэгчийн гүйцэтгэж байгаагүй хөдөлмөрийн хэлтсийн даргын чиг үүрэг нэмэгдсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д заасан “чиг үүрэг хэвээр хадгалагдсан бол үргэлжлүүлэн ажиллуулах” гэдэгт хамаарахааргүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасны дагуу нэгдэж, өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар нэхэмжлэгч Ц.О-ыг шууд томилохыг даалгах үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Нэхэмжлэгч Ц.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “ ... өөрчлөн байгуулагдсан хэлтсийн мэдэлд шилжүүлэх чиглэлтэй Б/04 дүгээр тушаал гарч, уг тушаалыг хэрхэн хэрэгжүүлж Ц.О-ын ажлын байрны асуудлыг хэн шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.4, 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус акт болохыг нотолж буйг шүүх анхаарч үзээгүй” гэжээ.
Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Ц.О-ыг Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст шилжүүлсэн байх бөгөөд уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.
Учир нь төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой ажиллаж байсан албан тушаал нь байхгүй болоход төрийн жинхэнэ албан хаагч нь урьд эрхэлж байсан албан тушаалдаа ажиллах боломжгүй тул чөлөөлөгдөх бөгөөд харин энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, 27.2.4-т заасан нэмэгдэл баталгааны аль нэгээр хангагдах эрхтэй. Уг төрийн жинхэнэ албан хаагчийн эрх нь дээрх чөлөөлсөн шийдвэрийн улмаас хөндөгдөхгүй, харин чөлөөлсний дараа хуульд заасан нэмэгдэл баталгааг хэрхэн хангаж байгаа захиргааны үйл ажиллагааны улмаас хөндөгддөг.
Нэхэмжлэгч Ц.О-ын ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаагүй учраас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд үргэллүүлэн ажиллах Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах боломжгүй бөгөөд хариуцагч нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 105 дугаар тушаалаар мөн хуулийн 27.2.4-т заасны дагуу 3 сарын тэтгэмж олгосноор хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдсан гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “... хүлээлгэж байгаад ямар нэгэн ажилд томилолгүй шууд тэтгэлэг олгосонд гомдолтой байна ...” гэж дурдсан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлээ тодруулахдаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хадгалагдсан өөр албан тушаалд биш гагцхүү Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилуулахыг даалгах хүсэлттэй байгаагаа тодруулсан байх тул энэ хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд “... сонгон шалгаруулалт зарлах шаардлагатай бол уг сонгон шалгаруулалтыг зарлатал өмнө ажиллаж байсан ажилтанг ажиллуулах боломжтой ...” гэх боловч түүний эрхэлж байсан дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаал байхгүй, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэлгүй байх тул уг гомдлыг хангах боломжгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0588 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч Г.Н нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ