Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 10

 

 

 

“Тулгат трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, хариуцагч Ашигт малтмалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр, гуравдагч этгээд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, З.Мөнгөнзул, гуравдагч этгээд “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ-ыг төлөөлж Д.Бямбасайхан нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 549 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 520 дугаар магадлалтай, “Тулгат трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, гуравдагч этгээд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бие даасан шаардлагатай, Ашигт малтмалын газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Тулгат трейд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Нарангийн энгэрийн хогийн цэгийн урд “Хөх толгой” нэртэй газарт 2010 онд ашигт малтмалын хайгуулын 15437Х тоот тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй болсон. Бид Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан үүргээ шударгаар биелүүлж, 2011, 2012 онд хайгуулын ажлын тайланг баталгаажуулсан. 2013 онд 3 жилийн хайгуулын ажлын тайланг батлуулж нэгдсэн тайланг Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэх явцад Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор тухайн үеийн Ашигт малтмалын газрын дарга болон Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн дарга нарт ял шийтгэл оногдуулан нэр бүхий 105 лицензийн эрхийн хамт манай компанийн хайгуулын 15437Х тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 сарын 03-ны өдрийн 216 тоот тогтоолоор шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг баталж, Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 8 сарын 27-ны өдрийн а-66 тоот тушаалаар дээрх талбайд дахин сонгон шалгаруулалт болж манай компани шалгарсан юм. “Тулгат Трейд” ХХК нь хайгуулын 15437Х тоот тусгай зөвшөөрлийн хүрээнд 786.475,634 /долоон зуун наян зургаан сая дөрвөн зуун далан таван мянга зургаан зуун гучин дөрвөн/ төгрөгийн зардал гаргасан бөгөөд үүнээс зөвхөн геологи, хайгуулын зардалд 442.054,017/дөрвөн зуун дөчин хоёр сая тавин дөрвөн мянга арван долоон/ төгрөгийг зарцуулсан.

Энэхүү зардал нь Ашигт малтмалын газраар баталгаажуулсан хайгуулын зардлын хэмжээ болон компанийн санхүүгийн тайлангаар тус тус нотлогддог. Манай компани нь 2012 оноос Герман, Австри улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран судалгаа, эрэл хайгуул хийсний дүнд Германы ZTS-Zerkleinerungstechnik Scwaben OHG компаниас уулын чулуу бутлах, байгаль орчинд ээлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, ус маш бага хэрэглэдэг, шороо тоос босгодоггүй хамгийн сүүлийн үеийн Европын технологи бүхий бутлах үйлдвэрийг байгуулахаар шийдвэрлэж гэрээ байгуулан эхний ээлжийн тоног төхөөрөмжийг хүлээн авахад бэлэн болоод байна.

Түүнчлэн чулуу бутлуурын үйлдвэрийг түшиглэн байгаль орчныг нөхөн сэргээх эко цогц парк байгуулахаар төлөвлөгөө төслийг боловсруулсан. Үүнд: Уулын чулуу бутлах үйлдвэр, түүнд түшиглэсэн Европын стандарт шаардлага хангасан зуурмагийн үйлдвэр, бетон эдлэлийн үйлдвэр маш өндөр өртөг бүхий харилцан бие биенийхээ үйлдвэрлэлийг дэмжсэн, барилгын материалын үйлдвэрлэл, үүнтэй зэрэгцүүлээд шууд нөхөн сэргээлтийн ажил болох мод үржүүлгийн газар болон, агропарктай байхаар төлөвлөгөө төслийг боловсруулсан. Мөн сэргээгдэх эрчим хүч буюу Solar системийг талбай дээрээ суурилуулж үйлдвэрлэлийн эрчим хүчний хэрэглээний 50-60 хувийг хангахуйц хамгийн эрүүл эко цогц парк хийхээр төлөвлөөд байна.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 сарын 14 -ны өдрийн А/695 дугаар захирамжаар Нарангийн энгэрийн болон Цагаан чулуутын хогийн цэгийг өргөтгөсөн захирамж гаргасан нь манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий газартай давхацсан байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах бөгөөд энэхүү төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх эрхтэй байхаар хуульчилсан.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/695 захирамжаар олгосон газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, уг газрыг олгохдоо дуудлага худалдаа зохион байгуулаагүй, уг газар нь Засгийн газрын тогтоолын дагуу Ашигт малтмалын сонгон шалгаруулалт бүхий талбайтай давхацсан байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 сарын 14 -ны өдрийн А/695 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 476 тоот захирамжаар Захирагчийн ажлын албанд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 520000 м.кв газрыг төвлөрсөн хогийн цэгийн зориулалтаар эзэмшүүлсэн байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01/1129 тоот албан бичгээр Америкийн Нэгдсэн Улсын Азийн сантай хамтран 2014 оны 1 дүгээр сараас эхлэн Нийслэлийн төвийн 6 дүүргийн тус бүр нэг гэр хороонд хог хаягдлын оновчтой менежмент бүхий загвар хороо төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд хог тээврийн машин техник хүрч очих боломжгүй, тогтмол хур хог үүсдэг газруудад инженерийн шийдэл бүхий хог хүлээн авах байгууламжуудыг барихаар газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт холбогдох материалуудыг ирүүлсэн байна.

Иймд газрын байршлыг судлан, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/695 тоот захирамжаар хуучин хогийн цэгийн талбайг нэмэгдүүлэн, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 1746230 га газрыг төвлөрсөн хогийн цэг болон хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийн эко парк байгуулах зориулалтаар олгосон болно. Уг газрыг олгохдоо Ашигт малтмалын газрын 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6/3631 тоот албан бичгээр манай албанд ирүүлсэн жагсаалтыг үндэслэн ямар нэгэн давхцалгүй газрыг сонгон олгосон гэж үзэж байна. Иймд "Тулгат трейд" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албыг төлөөлж тус албаны дарга Б.Бадрал шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон бие даасан шаардлагадаа: 

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг, Цагаандавааны төвлөрсөн хогийн цэгүүдийн хэмжээг нэмэгдүүлж эко парк байгуулах зорилгоор хог хаягдлын үйлдвэр байгуулах газрын байршлыг судлах, санал боловсруулах, захирамж гаргуулах ажлын хэсэг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/37 дугаар тушаалаар байгуулагдсан. Ажлын хэсгийн гишүүд үйлдвэр байгуулах газрын байршлыг судалж газар дээр нь очиж үзэн мөн Ашигт малтмалын газраас газрын лицензтэй давхардаж байгаа эсэх талаар 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 5/3377 тоот албан бичгээр тодруулсан.

Ашигт малтмалын газраас 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6/3631 тоот албан бичгээр давхардал байхгүй тухай хариу ирүүлсэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн өмчийн харилцааны газарт газар эзэмших хүсэлтээ 2014 оны 01/1129 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд газар эзэмших эрх олгосон А/695 дугаар захирамж 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гарсан. Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга, 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн буюу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд газар эзэмших эрх олгосон захирамж гарснаас хойш 1 сар 23 хоногийн дараа 440 дүгээр шийдвэр гаргаж "Тулгат трейд" ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тусгай зөвшөөрөл олгожээ.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэхээс бусад зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасан байна. Иймд манай албанд олгосон газарт дуудлага худалдаа явуулах шаардлагагүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамж нь ямар нэг зөвшөөрөл болон газар эзэмших эрхтэй давхцаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх үүрэгтэй”-г хуульчилсан байна. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүйгээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эко парк байгуулах зорилгоор эзэмшүүлэхээр олгогдсон байсан газартай давхардуулан тусгай зөвшөөрөл олгожээ. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 болон Улсын Дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр тогтоолын 10-т заасныг зөрчиж хуулийн дагуу тусгай хэрэгцээнд авсан газрыг давхардуулан олгосон нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны эрх ашгийг төдийгүй Нийслэлийн сая гаруй иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Иймд Ашигт малтмалын газраас “Тулгат Трейд” ХХК-д 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр олгосон “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Ашигт малтмалын газрыг төлөөлж тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг “Хөх толгой” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын 15437Х дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2010 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 72 дугаар шийдвэрээр "Тулгат трейд" ХХК-д анх олгосон.

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолд сонгон шалгаруулалтгүйгээр олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн бөгөөд хайгуулын 15437Х дугаартай тусгай зөвшөөрөл дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу хүчингүй болсон.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн журам батлах тухай 216 дугаар тогтоолоор, дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдээр хүчингүй болсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж, тусгай зөвшөөрлийг шинээр олгохоор заасан. Уг тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн нутаг Хөх толгой нэртэй талбайд /хүчингүй болсон тусгай зөвшөөрлийн дугаар-15437Х/ сонгон шалгаруулалт явуулж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 440 дүгээр шийдвэрээр сонгон шалгаруулалтад шалгарсан "Тулгат трейд" ХХК-д 017623Х дугаартай тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн.

Иймд Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл бүхий талбайд сонгон шалгаруулалт явуулж, сонгон шалгаруулалтад шалгарсан оролцогчид тусгай зөвшөөрлийг шинээр олгосон үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9, Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн журам батлах тухай 216 дугаар тогтоол, дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдийн дагуу хийгдсэн хууль ёсны үйл ажиллагаа /шийдвэр/ болно гэжээ.

Гуравдагч этгээд Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоог төлөөлж тус холбооны ерөнхийлөгч Д.Бямбасайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга 2012-2014 онд хийж хэрэгжүүлэх Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт, өөрийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн эрхийн дагуу Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагааг сайжруулах, хог хаягдлын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч буйд өндөр анхаарал тавьж манай холбоо болон Нийслэлийн Захирагчийн ажлын албаны санаачлагын дагуу хог хаягдлын асуудлыг бүрэн шийдэх эко парк байгуулах ажлыг дэмжиж Нийслэлийн нутаг дэвсгэр дэх Нарангийн энгэрийн болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/695 тоот захирамжаар хуучин хогийн цэгийн газруудыг нэмэгдүүлэн шийдвэрлэсэн нь цаг үеэ олсон маш чухал зөв шийдвэр болсон.

Энэхүү ажлын хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар эко паркийн төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүргийг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо хүлээсэн билээ. Ашигт малтмалын газар нь Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 216 тоот тогтоолоор батлагдсан шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг хэрэгжүүлэхдээ Ашигт малтмалын хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заагдсан Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан. Мөн төрийн байгууллага хоорондын уялдаа муугийн улмаас ажлын хариуцлага алдаж эко паркийн газрын олголт төдийгүй нэг байгууллага, 320 өрхийн газартай давхцуулан зураглал хийж хууль бус сонгон шалгаруулалт хийж тусгай зөвшөөрөл олгосон.

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 6 сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор “Тулгат трейд” ХХК-д олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж байхад тус компани нь хууль бус хүчингүй болсон хайгуулын тусгай зөвшөөрлөөр түгээмэл тархацтай ашигт малтмал буюу уулын хайрга, дайрга олборлохоор 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Германы ЛМЗ компанитай худалдааны гэрээ байгуулж улмаар мөн оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 50.000 евро, 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 100.000 евро тус тус шилжүүлсэн.

Энэ нь хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчих санаатай үйлдэл гэж харагдаж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/695 тоот захирамжийг хүчингүй болгож, уг үйлдлээс учирч болох хохирлыг нэхэмжилж буй нь хууль зөрчсөн санаатай үйлдэл гэж үзэж байна гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 549 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.6, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.22 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Тулгат трейд” ХХК-ийн “нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/695 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бие даасан шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 440 дүгээр шийдвэрээр “Тулгат трейд” ХХК-д 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр олгогдсон XV-017623Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 520 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 549 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн тухайд: “Тулгат Трейд” ХХК-ийн Х\/-017623 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 94.48 гектар талбай нь Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор нэр бүхий 106 тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгох талбайд хамаарч тус компани нь сонгон шалгаруулалтад оролцож ялалт байгуулан тухайн талбайд тусгай зөвшөөрлийг авсан юм.

Нийслэлийн Засаг даргаас дээд шатны байгууллага буюу Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь хууль ёс, шударга ёсыг зөрчсөн байтал шүүхээс энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр тухайн талбайтай бүхэлд нь давхцуулан газар эзэмших эрх олгосон үйлдлийг хууль ёсны болсон гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй байна.

Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон тухай: Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд газар эзэмших эрх олгохдоо хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн юм. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 01/1129 албан тоотоор газар эзэмших хүсэлт гаргасан. Хүсэлтдээ “байгууламж барих 200 м.кв талбай бүхий тус бүр 3 газар, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг, Цагаандавааны төвлөрсөн хогийн цэгийн нэмэгдүүлэх байршлыг тус тус судалж, холбогдох хууль, журмын дагуу газар эзэмших шийдвэр гаргуулж, бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэжээ.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 476 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд төвлөрсөн хогийн цэгийн зориулалтаар 520.000 м.кв газар эзэмшдэг. Хүсэлтийн дагуу 200 м.кв талбай бүхий тус бүр 3 газар буюу 600 м.кв газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан буюу 520.600 м.кв газартай болохоор хүссэн байна. Гэтэл Нийслэлийн Засаг даргаас 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/695 дугаар шийдвэрээр гуравдагч этгээдэд даруй 1.225.630 м.кв газрыг нэмэгдүүлэн олгосон нь хуулийг илтэд зөрчсөн үйлдэл болжээ.

Түүнчлэн Нийслэлийн өмчийн харилцааны газраас гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хүссэн өргөдлийг хүлээн авахаас өмнө буюу 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 5/3377 тоот албан бичгээр Ашигт малтмалын газарт “хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллагын кадастрын зураг болон дэлгэрэнгүй мэдээллийг манай газарт гаргаж өгч хамтран ажиллана уу” гэсэн албан бичгийг явуулж газрын байршлыг судалсан нь хууль тогтоомжийн дагуу зохих журмын дагуу газар олгох ажиллагаа хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан. Нийслэлийн засаг даргаас газар эзэмших эрх олгосон газар нь Нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд огт тусгагдаагүй газар юм.

Ийнхүү Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээд болох Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийг зөрчин хууль бус шийдвэр гаргасан байтал анхан болон давж заалдах шатны шүүхээс энэхүү байдлыг харгалзан үзэлгүйгээр хуулийг буруу тайлбарлан, хэрэглэж шүүхийн шийдвэр, магадлал гаргасан нь хууль бус байна.

Нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй тухай: Хэрэгт Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 216 тоот тогтоол авагдсан. Тус тогтоолоор шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг баталсан. Ийнхүү тухайн 106 талбай нь Засгийн газраас тогтоогдсон талбай юм. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын А/695 дугаар захирамжаас өмнө гарсан хүчин төгөлдөр захиргааны акт бөгөөд уг актын талаар хариуцагч болон гуравдагч этгээдүүд маргадаггүй.

Нийслэлийн Засаг даргаас захирамж гаргахдаа дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй буюу Засгийн газрын тогтоолыг харгалзан үзэлгүйгээр газар эзэмших эрх олгосон нь төрийн байгууллагаас дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлэх зарчимд нийцэхгүй бөгөөд хууль ёс, шударга ёсонд үл нийцсэн үйл ажиллагаа болсон.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас “Сонгинохайрхан дүүргийн 24, 26 дугаар хорооны Улаанчулуут, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Цагаандавааны орчимд үйл ажиллагаа явуулж буй хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын кадастрын зураг болон дэлгэрэнгүй мэдээллийг манай газарт гаргаж өгч хамтран ажиллана уу” гэсэн 5/3377 дугаартай албан бичгийг 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ашигт малтмалын газарт хүргүүлсэн. Ашигт малтмалын газраас албан бичгийн дагуу хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагын талаарх мэдээллийг хариу хүргүүлсэн байдаг.

Хэрэгт Ашигт малтмалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт Нийслэлийн өмчийн харилцааны газраас ирүүлсэн албан бичиг нь зөвхөн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбайн талаарх мэдээлэл гэж тодруулж өгсөн буюу буруу агуулгатай байсан гэж тайлбарладаг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нотлох баримтуудыг дутуу буюу үнэлэхгүйгээр Засаг даргын захирамжийг хууль тогтоомжид нийцэж байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Гуравдагч этгээдүүдийн талаар: Маргаан бүхий газар буюу Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Солонгосын “MS Resource” ХХК үйл ажиллагаа явуулж байна. Гуравдагч этгээд болох Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тус албанаас Солонгосын “MS Resource” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа гэсэн тайлбар өгдөг. Ийнхүү тухайн газарт үйл ажиллагаа явуулж буй компанийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль тогтоомжийг бүрэн хэмжээнд судалж, дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/695 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглээгүй, Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг хэрэглэхдээ буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн хууль ёсны шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангасан нь буруу байна.

Хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчийн “нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/695 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 01/1129 дугаар албан бичгээр, нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандаж “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд хог боловсруулах үйлдвэрийн “Эко парк” байгуулах зориулалтаар” Нарангийн энгэрийн болон Цагаандавааны төвлөрсөн хогийн цэгүүдийн хэмжээг нэмэгдүүлэх; мөн “нийслэлийн төвийн 6 дүүргийн тус бүр нэг гэр хороонд хэрэгжүүлж буй хог хаягдлын оновчтой менежмент бүхий Загвар хороо төслийн хүрээнд” хог хүлээн авах байгууламж барих зориулалтаар 200 м.кв талбай бүхий тус бүр 3 газар эзэмших хүсэлт гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/695 дугаар захирамжаар “хогийн цэг болон хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийн “Эко парк” байгуулах зориулалтаар” Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цагаандаваанд 92.6 га, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарангийн энгэрт 174.6 га газрыг Захирагчийн ажлын албанд эзэмшүүлж, үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2010 оны 476 дугаар захирамжийн тус байгууллагад хамаарах заалтыг хүчингүй болгосноос үзвэл, энэ шийдвэрээр дээрх хүсэлтийн дагуу “газрын хэмжээг” нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь нийслэлийн Засаг даргын 2010 оны 476 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “төвлөрсөн хогийн цэгийн” зориулалтаар 52 га газрыг эзэмшиж байсан нь тогтоогдсон, 4, 26 дугаар хороодын дэвсгэр нутгийн зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй боловч “газрын байршлын талаар” хэргийн оролцогчид маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь “...олгосон газар нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, дуудлага худалдаа зохион байгуулаагүй, Засгийн газрын тогтоолын дагуу ашигт малтмалын сонгон шалгаруулалт бүхий талбайтай давхацсан” гэдэг үндэслэлээр, хариуцагч нь “Ашигт малтмалын газраас лавлагаа авч, давхцалгүй газрыг сонгож олгосон” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд 3 шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 тусгай зөвшөөрлийн талбайд “ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх олгох” сонгон шалгаруулалтын журмыг Монгол Улсын Засгийн газар 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоороо баталсан, эзэмшиж байсан хайгуулын 15437Х дугаар тусгай зөвшөөрөл нь шүүхийн дээрх шийдвэрийн дагуу хүчингүй болсон “Тулгат трейд” ХХК нь Ашигт малтмалын газраас зарласан уг сонгон шалгаруулалтад давуу эрхээр оролцож, тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 440 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XY-017623 дугаар тусгай зөвшөөрлийг авсан, тусгай зөвшөөрлөөр олгогдсон 94.48 га хайгуулын талбай нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд “хогийн цэг болон хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийн” зориулалтаар нэмэгдүүлэн эзэмшүүлсэн 174.6 га газартай ихэнх хэсгээрээ давхацсан нь тогтоогдсон байна.

Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Газрын хэвлий, ой, ус, хийн мандлын агаар, ургамал, амьтан, байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна”, Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.1.17-д ““хайгуулын талбай” гэж энэ хуулийн 4.1.15-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг” ойлгоно гэж тодорхойлж, Засгийн газрын бүрэн эрхийг 9 дүгээр зүйлийн 9.1.11-д “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлнэ” гэж заажээ.

Эндээс үзвэл “хайгуулын талбайд” хамаарах маргаантай харилцаанд Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэх ёстой байтал анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих энэ хуулийг хэрэглэлгүй алдаа гаргаж, “тухайн талбайд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл олгогдоогүй болохыг тодруулсны үндсэн дээр шийдвэрлэсэн, давхцалгүй газар эзэмшүүлснээс хойш тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон” гэдэг дүгнэлтээр нэхэмжлэгчийн хууль ёсны шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолд “шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд” гэж тухайлан зааж, сонгон шалгаруулалтын журмаар ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдох талбайг солбицлоор нь тогтоож, нийтэд зарласан байхад уг солбицол бүхий газрыг бусдад эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын уг шийдвэр хууль бус юм.

Нийслэлийн Засаг дарга нь “Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарангийн энгэрт 174.6 га газрыг “төвлөрсөн хогийн цэг болон хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийн “Эко парк” байгуулах зориулалтаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулиас гадна Газрын тухай, Хог хаягдлын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг дараах байдлаар мөн зөрчжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн алба нь “газар эзэмших тухай” хүсэлт гаргахдаа Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хүсэлтээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргах”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг” хавсаргах гэсэн шаардлагыг биелүүлээгүй, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тус газар нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхээр заагдаагүй байхад эзэмшүүлэх шийдвэр гаргаж хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн, уг шийдвэр нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцэхгүй байна.

Хог хаягдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “хүн амын төвлөрсөн суурьшлын бүс, усны эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс, ашигт малтмалын нөөц нь тогтоогдсон болон бусад хууль тогтоомжоор хориглосон газарт хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулахыг хориглоно” гэж заажээ.

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 70 дугаар шийтгэх тогтоол, нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 285 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 312 дугаар тогтоолоор “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 ширхэг тусгай зөвшөөрлийг” хүчингүй болгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12-т “улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэснийг зөрчсөн гэж үзсэн, энэ үйл баримт шүүхээр хэлэлцэгдсэний зэрэгцээ “Тулгат трейд” ХХК-ийн “нөөцийн тайланг” Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэх явцад 2010 онд авсан байсан хайгуулын 15437Х тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон байна.

Гэтэл анхан шатны шүүх “ашигт малтмалын нөөц нь тогтоогдсон газарт хамаарахгүй” гэж илэрхий болсон уг үйл баримттай холбоотой баримтыг буруу үнэлсэн, давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа захиргааны хэргийн шүүх давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэсэн бүрэн эрхийн хүрээндээ уг асуудлаар дүгнэлт өгөөгүй нь буруу байна.

Иймд сонгон шалгаруулалтын журамд заасан нөхцөл шаардлагыг хангаж оролцсон, улмаар эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашигт малтмалын хайгуул хийх эрхийн тусгай зөвшөөрлийг авсан нэхэмжлэгч “Тулгат трейд” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь нийслэлийн Засаг даргын гаргасан маргаан бүхий захиргааны актын улмаас зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулах үндэслэлтэй.

2. Гуравдагч этгээд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан ““Тулгат трейд” ХХК-д 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагын талаар:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “тухайн захиргааны актын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл уг актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг шүүгч захирамж гарган захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасны дагуу анхан шатны шүүх Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албыг “газрын давхцалтай” холбоотой уг маргаантай хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд тус байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Тулгат трейд” ХХК-д олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хүлээн авч Ашигт малтмалын газрыг хариуцагчаар татан оролцуулжээ.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь “газрын давхцалтай” холбоотой, нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлтэй ижил байгаа учир маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гэж шүүх үзсэнийг буруутгах үндэслэлгүй юм.

Гэвч нийслэлийн Засаг дарга нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нарангийн энгэрт” 174.6 га газрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ холбогдох хуулиудыг зөрчсөн, үүний улмаас “Тулгат трейд” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдсон тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Харин нийслэлийн Засаг даргын 2014 оны А/695 дугаар захирамжид хамааралгүй этгээд болох “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоог” шүүх гуравдагч этгээдээр татан оролцуулсан нь буруу болсныг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн агуулгын хүрээнд маргаан бүхий захиргааны актын “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар, Нарангийн энгэрийн 174.6 га”-д холбогдох заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 549 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 520 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 4 дүгээр зүйлийн 4.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11, 11 дүгээр зүйлийн 11.1.15, 19 дүгээр зүйлийн 19.12, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/695 дугаар захирамжийн “1.2. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарангийн энгэрт 174.6 га” гэснийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 440 дүгээр шийдвэрээр “Тулгат трейд” ХХК-д олгогдсон ашигт малтмалын хайгуулын XY-017623 Х дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

           

 

ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ