Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 00018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Эрдэнэттранспорт” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймгийн Автотээврийн төвд холбогдох

            “Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, 16902000 /арван зургаан сая, есөн зуун хоёр мянган/ төгрөгийн хохирлыг Орхон аймгийн Автотээврийн төсвөөс гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2016/0005/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Эрдэнэттранспорт” ХХК-ийг төлөөлж, тус компанийн захирал Ш.Чагнаадорж, түүний өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эрдэнэттранспорт” ХХК-ийн захирал Ш.Чагнаадорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь Орхон аймгийн такси үйлчилгээ болон нийтийн тээврийн үйлчилгээний салбарт 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн ба энэ хугацаанд аваар осолгүй иргэдэд үйлчилж ирсэн. Гэтэл Автотээврийн Үндэсний төвийн Орхон аймаг дахь салбарын даргын 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай “Тээврийн үйл ажиллагаа зохион байгуулах тухай” тушаалаар “... “Эрдэнэттранспорт” ХХК-ийн зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоож, сонгон шалгаруулалт явуулах хүртэл мэдээллийн санд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, чиглэл, зогсоолыг стандартын шаардлага хангасан “Тохирлын гэрчилгээ” бүхий аж ахуйн нэгж, компаниудад түр гэрээгээр хуваарилан хариуцуулж зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасалдуулалгүй хэвийн үргэлжлүүлэх ажлыг зохион байгуулж, чиглэл, тээврийн хэрэгслийн хуваарилалтыг хавсралтаар баталсугай” гэсэн байх ба энэхүү тушаалыг гаргахдаа хуульд байхгүй заалтыг үндэслэсэн, мөн эрх олгогдоогүй субъект гаргасан зэргээс үзвэл илт хууль бус захиргааны акт болох нь харагдаж байна. Тодруулбал тохирлын гэрчилгээ аваагүй, стандартын шаардлага хангаагүй гэх нэрийн дор эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад ийнхүү дээрх тушаалыг гаргасан нь илт хууль бус болсон гэж үзэж байна. Энэхүү илт хууль бус захиргааны актын улмаас манай компанийн төдийгүй, манайд үйлчилгээ үзүүлдэг 130 гаруй жолооч, тэдний ар гэрийн амьдрал ахуйд шууд хүндээр тусч байна. Үүгээр зогсохгүй энэхүү илт хууль бус актаа 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баасан гарагт гаргаад гаргасан цагаас эхлэн хариуцагч байгууллага болон нийтийн тээврийн такси үйлчилгээ эрхлэгч компаниудаас дээрх илт хууль бус захиргааны актыг биелүүлэхээр улайран дайрч, зарим цагдаагийн газар, хууль хяналтын байгууллага, түүний албан тушаалтнууд зэргээс манай жолооч нарыг такси болон нийтийн тээврийн үйлчилгээ явуулах боломжгүй болгож, зогсоож байгаа нь аргагүйн эрхэнд шүүхэд хандахад хүргэж байна. Уг асуудлаар манай компани Орхон аймгийн Засаг даргад хандсан боловч 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 7/181 тоот албан бичгээр Орхон аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэрээс хариу өгсөн ба дээрх захиргааны акт хүчин төгөлдөр хэвээр байгаа тул шүүхэд хандаж байна. Иймээс Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү”[1]

“... Дээрх хууль бус захиргааны актаас болж манай компанийн бүхий л үйл ажиллагаа 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үдээс хойш зогсож, ашиг орлогогүй болсон. Одоо ч энэ байдал үргэлжилсээр байна. Манай компани нь 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө үйл ажиллагаа хэвийн, аваар осолгүй явуулж байсан бөгөөд энэ хугацаанд сар бүр Эрдэнэт-Дарханы чиглэлд нэг таксины жолоочтой байгуулсан гэрээний дагуу тээвэр зохицуулалт үйлчилгээ үзүүлсний хөлсөнд 37000 /гучин долоон мянган/ төгрөгийн төлбөр авдаг. Нийт 21 тээврийн хэрэгслийн жолоочоос 777000 /долоон зуун далан долоон мянган/ төгрөг, Эрдэнэт-Хялганатын чиглэлд нэг зорчигч тээвэрлэх жолоочтой байгуулсан гэрээний дагуу тээвэр зохицуулалт үйлчилгээ үзүүлсний хөлсөнд 1 сард 96000 /ерэн зургаан мянган/ төгрөг, Эрдэнэт-Бугат чиглэлд нэг зорчигч тээвэрлэх жолоочтой байгуулсан гэрээний дагуу тээвэр зохицуулалт үйлчилгээ үзүүлсний хөлсөнд 1 сард 20000 /хорин мянган/ төгрөг, нийт 2 тээврийн хэрэгслээс 1 сард 40000 /дөчин мянган/ төгрөг, Эрдэнэт-Булганы чиглэлд нэг зорчигч тээвэрлэх жолоочтой байгуулсан гэрээний дагуу тээвэр зохицуулалт үйлчилгээ үзүүлсний хөлсөнд 1 сард 1 таксинаас 32000 /гучин хоёр мянган/ төгрөг, нийт 19 таксинаас сар бүр нийт 608000 /зургаан зуун найман мянган/ төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг болтол хэвийн ажиллаж байсан бол 16902000 /арван зургаан сая есөн зуун хоёр мянган/ төгрөгийн баталгаат орлоготой байсан юм. Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийнхээ дагуу Орхон аймгийн Автотээврийн төвөөс манай компанид учирсан хохирол болох 16902000 /арван зургаан сая есөн зуун хоёр мянган/ төгрөгийг гаргуулан олгож өгнө үү”[2]

“Манай компани нь 2004 оноос хойш үйл ажиллагаагаа  явуулж байгаа хугацаандаа нийтийн тээврийн стандартыг хангаж, биелүүлж ажиллаж байсан. Манай компани нь анх нийтийн тээврийн үйл ажиллагаа эхэлж байх үед маш замбараагүй, харъяалалгүй байсан тээврийн хэрэгслүүдийг нэгтгэн зохион байгуулалтад оруулсан. Тохирлын гэрчилгээг аж ахуй нэгж, байгууллага ав гэдэг асуудал 2013 оноос Автотээврийн төв болон Стандартчилал хэмжил зүйн газраас гарч байсан. Тохирлын гэрчилгээг авахдаа ерөнхийдөө яах ёстой гэхээр ямар ч  байгууллага хүсэлтээ өгөөд үнэлгээ хийлгээд, үнэлгээ хангалттай байх юм бол тохирлын гэрчилгээ авах боломжтой гэсэн. Түүнээс энэ үнэлгээгээр аж ахуй нэгж, байгууллагын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох асуудал яригдахгүй гэж байсан. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй гэж анх Стандартчилал хэмжил зүйн газрын хүмүүс тайлбарлаж байсан. Энэ цагаас хойш манай байгууллага ер нь тохирлын гэрчилгээ авъя гэдэг үүднээс 4 удаа хамрагдсан. Хамрагдах болгонд манай үнэлгээний оноо дээшилж байсан. Хүсэлтээ гаргаад дүгнэгдээд стандартын шаардлага хангахгүй байгаа тохиолдолд нэг сараас  доошгүй хугацаанд хангаад Стандартчилал хэмжил зүйн газар үзүүлээд тохирлын гэрчилгээгээ авах боломжтой гэж байсан. Тэрнээс танай байгууллага тохирлын гэрчилгээ аваагүй гэж үйл ажиллагааг нь зогсоох үндэслэл байхгүй гэж анхнаасаа хэлж байсан. Манай байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Манай машин хүрэлцэхгүй, ажилчид нь ажилдаа байхгүй эсхүл янз бүрийн осол гаргаад Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан зүйл байхгүй. Стандартчилал хэмжил зүйн газрын ажлын хэсэгт асар хүчтэй нөлөөлдөг хүн бол манай Автотээврийн Улсын байцаагч байна. Манай байгууллага амьдрал дээр стандартын шаардлага хангасан. Хэлбэрийн хувьд бол тохирлын гэрчилгээг аваагүй байна. Манай компани дээр стандартын шаардлага хангахгүй гэсэн машинууд өөр компани дээр очихоороо шаардлага хангаад яваад байна. Энэ нь ялгавартай хандаж байгаа. Тиймээс гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгч “Эрдэнэттранспорт” ХХК-ийн өмгөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Автотээврийн төв нь төрийн өмчит үйлдвэрийн газар байгаа. Энэ байгууллага төрийн өмчит үйлдвэрийн газар болохоос төрийн захиргааны байгууллага биш юм.  Хуучин Тээвэр, авто замын газар гэж байсан. Энэ байгууллага татан буугдаад  чиг үүрэг нь Автотээврийн Үндэсний төв рүү шилжсэн. Үүнтэй холбоотой аймгийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сард А/623 тоот захирамж гаргасан талаар тайлбарласан байдаг. Автотээврийн төвийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаал нь илт хууль бус захиргааны акт юм. Яагаад гэхээр төрийн үйл ажиллагааны зарчим гэж байдаг. Энэ төрийн үйл ажиллагааны зарчмыг мөрдсөн үү, үгүй юу гэдгийг тогтоох ёстой. Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь өөрөө хууль дээдлэх зарчим юм. Яагаад энэ зарчмыг яриад байгаа гэхээр төр өөрөө хууль дээдлэх ёстой. Орхон аймгийн Засаг дарга захирамж гаргаад Автотээврийн төвд эрх олгосны дагуу Автотээврийн төв “Эрдэнэттранспорт” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон. Ийм эрх Автотээврийн тухай хуулинд байгаа эсэх талаар тогтоох нь зүйтэй. Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг нь заасан байгаа. Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийг тухайн нутаг дэвсгэрт зохицуулах, зохион байгуулах” бүрэн эрх олгосон. Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Аймаг хооронд, орон нутаг, аймгийн төв, хотын доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг тухайн аймаг, хотын Засаг дарга гаргах бөгөөд аймаг, нийслэлийн Засаг даргын эрх олгосон байгууллага хэрэгжүүлнэ” гэж байгаа. Үүнд “шийдвэрлэнэ” гэсэн зүйл байхгүй байна. 2016 оны 07 дугаар сарын  01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа Захиргааны Ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж заасан байгаа. Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Аймаг хооронд, орон нутаг, аймгийн төв, хотын доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг тухайн аймаг, хотын Засаг дарга гаргах бөгөөд аймаг, нийслэлийн Засаг даргын эрх олгосон байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасан. Зөвшөөрснөөс бусдыг хориглоно гэсэн заалтыг хэлж байгаа юм. Шийдвэрлэх эрх нь аймгийн Засаг даргад олгогдсон байгаа. Үүнийг төрийн эрх зүйн харилцаанд үүрэг гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс тэр хүний дураар шийдэх асуудал биш. Засаг даргын эрх шилжүүлсэн гээд байгаа захирамж өөрөө анхнаасаа Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцээгүй захирамж гарсан. Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д зөвхөн тээврийн хэрэгслийн чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг хэн гаргах талаар заасан байгаа. Орхон аймгийн Засаг дарга бүх компаниудын чиглэл, зогсоолыг батлаад Т-5, Т-5, Т-6, Т-7 гээд дугаарласан байгаа. “Эрдэнэттранспорт” ХХК-ийн зогсоолын чиглэлийг 2013 онд аймгийн Засаг дарга шийдээд баталсан байгаа. Үүнийг өөрчлөөгүй. Тиймээс Автотээврийн төвийн даргын 2016 оны 01 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй биш. Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Тээвэрлэлтийг Иргэний хууль1 болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ” гэсэн заалт байгаа. Энэ гэрээнд тээвэрлэлтийг гүйцэтгэх талаар ярьж байгаа. Хариуцагч тал “Эрдэнэт-Арслан” ХХК, “ББ-Од” ХХК-иудтай түр гэрээ байгуулсан. Тэрийгээ хэлээд байх шиг байна.  2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаал одоо мөрдөгдөж байгаа болон өмнө мөрдөгдөж байсан хууль, Үндсэн хуулийн үзэл баримтлалаар ойлгох юм бол аймгийн Засаг даргын эрх байгаа. Яагаад ингэж байгаа гэхээр аймгийн Засаг даргыг ажлаа хийхийг л үүрэг болгосон. Тиймээс л 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаал хууль зүйн үндэслэл муутай гарсан гэж үзээд байгаа. Тухайн 01 тоот тушаалын агуулгыг хараад үгчлэхээр сонин. Өгүүлбэр нь дуусгаагүй юм шиг байгаа юм. Бичгээр гаргаж байгаа захиргааны акт бол маш тодорхой байх ёстой. Стандартын шаардлага хангасан хангаагүй, хэдэн оноо авах ёстой, тохирлын гэрчилгээ олгох, олгохгүй асуудал ямар хэмжээнд явж байгаа нь тодорхойгүй байна л даа. Стандартын шаардлага нэг мөр хэрэгжүүлэхгүй мөртлөө тохирлын гэрчилгээ аваагүй гэдэг нэрийн дор “Эрдэнэттранспорт” ХХК муухай харагдсан учраас ийм шийдвэр гаргасан юм байлгүй. Стандартын шаардлага нэг мөр хэрэгждэггүй. Жишээ нь: “Эрдэнэт-Арслан” ХХК-ийн шоо нь гэхэд л хаалгаа бүрэн дарсан байна. Энэ стандартын шаардлагад нийцэхгүй тэгсэн мөртлөө тохирлын гэрчилгээ авсан байгаа. Стандартыг шалгасан ажлын хэсэг дүгнэлт гарсан. Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах ёстой” гэж байгаа. Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэсэн байгаа. Энэ актад тийм зүйл байхгүй байгаа. Хангаагүй гэдгээ тохирлын гэрчилгээ аваагүй гэж хэлээд байгаа юм уу, стандартын шаардлага хангаагүй гэж хэлж байгаа юм уу энэ талаар дүгнэлт байхгүй байна. Төрийн захиргааны байгууллага төрийн хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага нь удаа дараа хяналт шалгалт хийж бага эрсдэлтэй гэж гарч ирсэн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан бол илт хууль бус байна” гээд заасан байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах ёстой гэж үзэж байна. Нэгэнт захиргааны акт хуулинд нийцээгүй учраас одоогийн байдлаар учирсан хохирол болох 16902000 төгрөг нэхэмжлэх нь үндэслэлтэй юм” гэв.

Хариуцагч Орхон аймгийн Автотээврийн төвөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Автотээврийн төвийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаал /Засгийн газрын 127 дугаар тогтоолын хэрэгжилт, стандартын шаардлага хангаагүй “Эрдэнэттранспорт” ХХК-ийн зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоож, сонгон шалгаруулалт явуулах хүртэл мэдээллийн санд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, чиглэл, зогсоолыг стандартын шаардлага хангасан тохирлын гэрчилгээ бүхий аж ахуйн нэгж, компани “Автомастер төв” ХХК, “ББ-Од” ХХК, “Эрдэнэт-Арслан” ХХК-иудад түр гэрээгээр хуваарилан хариуцуулж зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасалдуулалгүй хэвийн үргэлжлүүлэх ажлыг зохион байгуулж, чиглэл, тээврийн хэрэгслийн хуваарилалтыг хавсралтаар баталсугай/-ыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Автотээврийн төвөөс тус компанид Засгийн газрын 127 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/623 тоот захирамжийн дагуу албан тоот хүргүүлж, стандартын шаардлага хангаж тохирлын гэрчилгээ авахыг  удаа дараа мэдэгдсэн. Үүний дагуу тус компани нь Стандартчилал, хэмжил зүйн хэлтэст хүсэлт гаргасны дагуу Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Автотээврийн төвийн даргын хамтран баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж үзлэг шалгалт хийхэд тус компани нь 90-ээс доош хувьтай буюу стандартын шаардлагыг хангаагүй гэсэн ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Засгийн газрын 127 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, стандартын шаардлага хангуулах ажлыг 2013 оноос  эхлүүлэн ажилласны үр дүнд нийтийн зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд нь стандартын шаардлагыг ханган тохирлын гэрчилгээг авсан байдаг. “Эрдэнэттранспорт” ХХК-д стандартын шаардлага ханган ажиллахыг удаа дараа мэдэгдсэн. 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Автотээврийн хяналтын Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч албан шаардлагыг биелүүлээгүй. 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батгэрэлийн өрөөнд 2014 оны 6 дугаар сард тохирлын гэрчилгээгээ авахаар харилцан тохиролцон албан бичгээр тамга даран баталгаажуулсан байдаг ч биелэлээ олоогүй байна. Мөн Автотээврийн төвийн даргатай 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх түр гэрээ”, “Аймаг доторх таксийн үйлчилгээний түр гэрээ”, “Аймаг  хооронд суудлын авто машинаар зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгүүлэх түр гэрээ”-нүүдийг байгуулсан бөгөөд тус гэрээний хугацаанд стандартын шаардлагыг хангаж тохирлын гэрчилгээ авах, хангаагүй тохиолдолд хариуцлага хүлээх талаар гэрээнд тусгасан. Дээрх байгуулсан түр гэрээний хугацаа нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байна. Автотээврийн төвийн зүгээс “Эрдэнэттранспорт” ХХК-д удаа дараа хуулийн дагуу ажиллахыг сануулж, албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, боломж хугацаа олгож ажилласан болно. Автотээврийн төвийн дарга Д.Эрдэнэбаатар би Засгийн газрын 127 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын А/623 тоот захирамжаар олгосон эрхийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаалыг хуулийн дагуу гарган ажиллаж байна. Иймд “Эрдэнэттранспорт” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү”[3]

 “...Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 16902000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна”[4] гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Автотээврийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2004 оноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд “Эрдэнэттранспорт” ХХК нь үйл ажиллагаагаа явуулж байсан. Энэ хугацаанд Засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын газар, Автотээврийн төв нь удаа дараа стандартын шаардлага биелүүлэх, хууль дүрмийг биелүүлэх, Засгийн газрын тогтоол шийдвэрийг биелүүлж ажиллахыг сануулсан, шаардсан. Автотээврийн төвөөс 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаал гаргахдаа аймгийн Засаг дарга өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргаад нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулах, цуцлах, зохицуулах, зохион байгуулах эрхийг  Автотээврийн төвд шилжүүлж өгсөн. Орхон аймгийн Автотээврийн төвөөс “Эрдэнэттранспорт” ХХК стандартын шаардлага хангаагүй гэдэг үүднээс тээвэрлэлтийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоосон байгаа. 2005 оны Засгийн газрын 127 дугаар тогтоолоор заавал стандарт тохирлын гэрчилгээнд хамрагдсан байх шаардлагатай тогтоол гарсан байгаа. Энэ тогтоолыг мөрдүүлэхээр “Эрдэнэттранспорт” ХХК-д удаа дараа шаардлага хүсэлт тавьсан. “Эрдэнэттранспорт” ХХК  нь тохирлын гэрчилгээ авахаар удаа дараа Стандартчилал хэмжил зүйн газарт хүсэлтээ өгч, үнэлгээндээ хамрагдсан байгаа. Өнөөдрийг хүртэл энэ шаардлагаа биелүүлэхгүй байгаа учраас “Эрдэнэттранспорт” ХХК-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байгаа. Ингэснээр нэг ч жолоочийн ахуй амьдрал дордоогүй.

Монгол Улсад нийтийн тээврийн үйлчилгээнд мөрдөгдөж байгаа 2 стандарт байгаа. Нийтийн зорчих тээврийн үйлчилгээ, түүнд тавигдах ерөнхий шаардлага, такси үйлчилгээний ерөнхий шаардлага гэсэн хоёр стандарт байгаа. Энэ стандартын үзүүлэлт шаардлагыг заавал хангаж, мөрдөнө гэсэн байгаа. Энэ стандартын шаардлага хангаагүй гэдгийг  Автотээврийн төв, Стандартчилал хэмжил зүйн газраас гарсан 8-9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гараад энэ шаардлага хангаж уу, үгүй юу гэдгийг ажлын хэсэг хуралдаад шийдвэрээ гаргасан. “Эрдэнэттранспорт” ХХК нь стандартын шаардлага хангаагүй учраас үйл ажиллагааг нь түр хугацаагаар нь зогсоосон байгаа. Та өөрөө ажлын хэсгийн хуралд сууж байсан. Та манай байгууллагыг тэнцүүлээд өг, тэнцүүлэхгүй бол би гарын үсэг зурахгүй гээд л гараад явсан. Танай компани стандартаа хангаад л ороод ир бид нар гэрээг нь байгуулаад тохирлын гэрчилгээ өгнө. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Эрдэнэттранспорт” ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Автотээврийн төвийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгуулах, харин нэхэмжлэл дээрээ илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлага гаргасан байгаа. Автотээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаал нь “Эрдэнэттранспорт” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, мэдээллийн санд бүртгэлтэй техник хэрэгслүүдийн чиглэл зогсоолыг шаардлага хангасан компаниудад хариуцуулах, тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах утга агуулга бүхий тушаал гарсан байгаа. Тухайн тушаалыг гаргахдаа 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/623 тоот аймгийн Засаг даргын захирамжаар “Засгийн газрын 127 дугаар тогтоолын стандартын шаардлага хангуулах, ачаа зөөх, зорчих тээвэрлэлтийн үйл ажиллагаа шуурхай зохион байгуулах, аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулах, цуцлах, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний чанар бүтээмжийг сайжруулах, авто үйлчилгээний талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах эрх”-ийг Орхон аймгийн Автотээврийн төвд олгосон. Эрх олгосон шийдвэрийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тушаалыг гаргасан байгаа. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.б-д “өмчийн бүх төрөл, хэлбэрт тулгуурлан харъяалах нутаг дэвсгэрийнхээ хүн амын тээврийн үйлчилгээний хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах, уг үйлчилгээнд дагаж мөрдөх журам, стандартын биeлэлтийг хангуулах энэ ажлыг тээврийн үйлчилгээний хэрэгцээг хангах зохион байгуулах” талаар заасан бөгөөд аймгийн Засаг дарга энэ эрхээ Автотээврийн байгууллагад шилжүүлээд байгаа. Энэ эрхийг олгосны үндсэн дээр  2016 оны 01 дүгээр сарын 15-ны  өдрийн 01 тоот тушаалаар “Эрдэнэттранспорт” ХХК-ийг Засгийн газрын 127 дугаар тогтоолын хэрэгжилт шаардлагыг хангахгүй байгаа, стандартын шаардлага хангаагүй байгаа талаар удаа дараа албан бичиг, тоотоор шаардлага тавьж байсан. 2014 оноос тохирлын гэрчилгээний үнэлгээг хангаж ажиллуулах талаар шаардлага тавьж байсан. Энэ талаар шүүх хуралдаан дээр судалсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас тодорхой харагдаж байна. Автотээврийн төвийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаалыг илт хууль бус гэж үзэх боломжгүй байна. Тушаалын үндэслэлд Засгийн газрын 127 дугаар тогтоолын хэрэгжилт стандартын шаардлага хангаагүй гэдэг асуудал байгаа. Яагаад гэхээр ажлын хэсэг хуралдаад 90 онооноос дээш оноотой бол тохирлын гэрчилгээ олгоно, 90 онооноос доош бол тохирлын гэрчилгээ олгохгүй гэж ажлын хэсгийнхэн хуралдсан. Тухайн тохирлын үнэлгээг хийхдээ ажлын хэсэг газар дээр нь очиж үзлэг хийж, энэ үнэлгээг хийсэн байгаа.  Нэхэмжлэгч Ш.Чагнаадорж тохирлын үнэлгээг танилцуулаагүй гэдэг зүйл хэлж байгаа. Гэтэл Ш.Чагнаадорж өөрөө тухайн үед байсан. Та нар нэг оноо нэмээд биччих тэгвэл би гарын үсгээ зурна. Нэг оноо бичихгүй бол би гарын үсэг зурахгүй гэж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаал бол өөрөө бодитой. Захиргааны акт гаргаж байгаа субъект нь тодорхой. “Эрдэнэттранспорт” ХХК өөрөө нийтийн тээврийн үйлчилгээнд мөрдөх дүрэм журмыг ерөөсөө биелүүлдэггүй. Хариуцагч талаас  2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаалаас болж манай компанид  16902000 төгрөгийн хохирол учирсан гэж ярьж байна. Энэ нь ерөнхий харъяаллаараа иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдүүлэх асуудал байна. Энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй, хангалттай нотлох баримт байхгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

“Эрдэнэттранспорт” ХХК-ийн Орхон аймгийн Автотээврийн төвд холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, 16902000 төгрөгийн хохирлыг Орхон аймгийн Автотээврийн төсвөөс гаргуулах”-ыг  хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Автотээврийн төвийг Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 /Захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд/-т зааснаар захиргааны чиг үүргийг хуулийн үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд гэж үзэхээр байна. Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар “Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” тогтоолын 3 дугаар заалтаар аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг-Тээвэр, авто замын газрыг “Автотээврийн Үндэсний төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газарт нэгтгэн зохион байгуулжээ. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоол нь Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 22 дугаар зүйлүүдэд үндэслэсэн байх тул Автотээврийн Үндэсний төв болон түүний харъяа орон нутгийн Автотээврийн төв нь хуулийн үндсэн дээр аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын газрын хэрэгжүүлж байсан чиг үүргийг шилжүүлэн авсан захиргааны байгууллага гэдэгт хамаарч байна.

Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 /Нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийг тухайн нутаг дэвсгэрт зохицуулах, зохион байгуулах/, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.б /өмчийн бүх төрөл, хэлбэрт тулгуурлан харъяалах нутаг дэвсгэрийнхээ хүн амын тээврийн үйлчилгээний хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах, уг үйлчилгээнд дагаж мөрдөх журам, стандартын биелэлтийг хангуулах/-д заасан бүрэн эрхийг аймгийн Засаг дарга хэрэгжүүлэхээр зохицуулсан байна.

Энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Орхон аймгийн Засаг дарга нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар “Автотээврийн төвд эрх олгох тухай” захирамжаар[5]  “аймгийн нутаг дэвсгэрт болон аймаг, хот хоорондын ачаа, зорчигч тээврийн үйл ажиллагааг шуурхай удирдан зохион байгуулах, Засгийн газрын 2005 оны 127 дугаар тогтоолын дагуу стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах, цуцлах зэрэг зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, авто үйлчилгээний талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах” эрхийг Орхон аймгийн Автотээврийн төвд олгож, “аймгийн авто тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, хууль тогтоомж, дүрэм журам, стандартын дагуу хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг оновчтой зохион байгуулах, орон нутгийн онцлог байдал, зорчигч урсгалыг харгалзан ангилан төрөлжүүлэх, ачаа, зорчигч тээвэр, авто үйлчилгээ, автотээврийн хяналтын үйл ажиллагааг зохицуулахдаа холбогдох хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч холбогдох мэдээ, мэдээллээр хангаж ажиллах”-ыг аймгийн Автотээврийн төвд үүрэг болгон шийдвэрлэжээ.

Ийнхүү Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжаар Автотээврийн төвд эрх олгон, тодорхой ажлуудыг зохион байгуулах үүрэг хүлээлгэсэн нь аймгийн Засаг дарга Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.б-д заасан нийтийн тээврийн үйлчилгээг тухайн нутаг дэвсгэрт зохицуулах, зохион байгуулах бүрэн эрхээ хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нэг хэлбэр гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага нь хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ олон талт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүний нэг хэлбэр нь захиргааны акт гаргах, тухайн захиргааны актаар дамжуулан доод шатны байгууллагадаа үүрэг чиглэл өгөх явдал юм.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 /Тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн зөвхөн бүртгэх байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно/-т зааснаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхэд хуулиар тусгай зөвшөөрөл шаардагдахгүй бөгөөд харин хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаа явуулах шаардлага тавигдаж байна. Тийм учраас “Эрдэнэттранспорт” ХХК нь нийтийн тээврийн үйлчилгээг бүртгэх байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхлэх эрхтэй хэдий ч хууль тогтоомжид нийцүүлэн, тухайн үйлчилгээнд тавигдах стандарт шаардлагыг хангасны үндсэн дээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэнэ. Учир нь: Нийтийн тээврийн үйлчилгээ нь хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой учраас зайлшгүй хууль тогтоомж, стандарт шаардлагыг хангасан байх шаардлагатай байна.

Орхон аймгийн Автотээврийн төв нь “Эрдэнэттранспорт” ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Аймаг доторх такси үйлчилгээний түр гэрээ”, “Аймаг хооронд суудлын автомашинаар зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгүүлэх гэрээ”, “Зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгүүлэх түр гэрээ”-нүүдийг[6] байгуулан, Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар тушаалыг[7] батлан гаргах хүртэл хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлж байсан байх бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш гэрээг дахин шинээр байгуулаагүй, сунгаагүй, үйл ажиллагааг нь зогсоож, чиглэл, зогсоолыг стандартын шаардлага хангасан “Тохирлын гэрчилгээ” бүхий компаниудад хуваарилан хариуцуулжээ.

Аймгийн Засаг дарга болон түүний өгсөн үүргийг гүйцэтгэх эрх бүхий Автотээврийн төв нь тухайн нутаг дэвсгэрт нийтийн тээврийн үйлчилгээг зохицуулах, зохион байгуулах захиргааны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төсвөөс хөрөнгө гаргаж нийтийн тээврийн үйлчилгээгээр иргэдийг шууд хангах боломжгүй учраас энэ төрлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан нийтийн тээврийн үйлчилгээг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагаар гүйцэтгүүлж байгаа нь Захиргааны Ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.2-т зааснаар нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр төрийн чиг үүргийг гүйцэтгүүлж байгаа үйл ажиллагаа юм. Тиймээс төрийн эрх бүхий байгууллагаас өөрийн чиг үүргийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлэхдээ тодорхой шаардлага тавьж, шаардлага хангасан аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулах, шаардлага хангаагүй аж ахуйн нэгж байгууллагын гэрээг дуусгавар болгож байгаа үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.  

Орхон аймгийн Автотээврийн төв нь “Эрдэнэттранспорт” ХХК-тай нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх талаар гэрээ байгуулаагүй, гэрээг сунгаагүй, үйл ажиллагааг зогсоосон үндэслэлээ “Тохирлын гэрчилгээ” аваагүй, стандартын шаардлага хангаагүй гэж тайлбарлаж байна.

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 /Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд...-д аюул учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг...тохирлын баталгаанд хамруулна/, 16.2 /Энэ хуулийн 16.1-д заасан бүтээгдэхүүний жагсаалт...-ыг Засгийн газар батална/, Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 127 дугаар “Стандартчилал, тохирлын үнэлгээний ажлыг боловсронгуй болгох зарим арга хэмжээний тухай” тогтоолын хавсралтын “Б.Үйлчилгээ” гэсэн хэсгийн 9-д “Нийтийн тээвэр”-ийн үйлчилгээ нь тохирлын баталгаанд заавал хамрагдахаар заажээ.  

Нийтийн тээврийн үйлчилгээ нь хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой үйлчилгээ учраас “Эрдэнэттранспорт” ХХК нь нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэхийн тул тухайн төрлийн үйлчилгээндээ тохирлын үнэлгээ хийлгэх, тухайн үйлчилгээ нь тогтоосон шаардлагад нийцэж буйг хөндлөнгийн этгээдээр нотлуулах ажиллагаа буюу тохирлын баталгаажуулалтад заавал хамрагдаж, баталгаажуулалтад тэнцсэнийг нотолсон “Тохирлын гэрчилгээ”-г авах шаардлага хуулиар тавигдаж байна. Тийм учраас захиргааны байгууллагаас энэхүү стандартын шаардлагыг хангах талаар тавьж буй шаардлага нь хууль зөрчөөгүй байна.

Ийнхүү тохирлын үнэлгээ хийлгэж, тохирлын баталгаажуулалтад хамрагдах нь Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 /Тохирлын үнэлгээг бүтээгдэхүүнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, зөв сонголт хийхэд туслах, хуурамч бүтээгдэхүүнээс хэрэглэгчийг хамгаалах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор хэрэглэнэ/-т зааснаар тухайн үйлчилгээнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, зөв сонголт хийхэд туслах зорилготой учраас Захиргааны байгууллагын зүгээс нийтийн тээврийн үйлчилгээг хувийн аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлэхдээ “Тохирлын гэрчилгээ” бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон гэрээ байгуулан ажиллах, тохирлын гэрчилгээгүй аж ахуйн нэгж байгууллагатай нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх талаар гэрээ хэлцэл байгуулахаас татгалзаж, үйл ажиллагааг нь зогсоож байгаа үйл ажиллагаа нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Стандартчилал, тохирлын баталгааны тухай хуулийн 12.4 /Тохирлын үнэлгээг стандарт, техникийн зохицуулалт болон холбогдох норматив-техникийн баримт бичигт үндэслэн явуулна/-т зааснаар тохирлын үнэлгээг стандартын баримт бичигт үндэслэн явуулахаар заасан байх бөгөөд Орхон аймгийн Стандартчилал,  хэмжил зүйн хэлтсээс хийсэн тохирлын үнэлгээгээр[8] “Эрдэнэттранспорт” ХХК-ийг тохирлын баталгаажуулалтад тэнцэхгүй гэж дүгнэжээ. Энэхүү тохирлын үнэлгээ нь Автотээврийн төвийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар тушаалыг гаргах үндэслэл болсон байх бөгөөд уг тушаалын улмаас “Эрдэнэттранспорт” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул тухайн компанид  учруулсан гэх 16902000 төгрөгийн хохирлыг Орхон аймгийн Автотээврийн төвөөс гаргуулах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.б, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.4, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь заалтуудыг баримтлан “Эрдэнэттранспорт” ХХК-ийн Орхон аймгийн Автотээврийн төвд холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, 16902000 /арван зургаан сая есөн зуун хоёр мянган/ төгрөгийн хохирлыг Орхон аймгийн Автотээврийн төвөөс гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан “Эрдэнэттранспорт” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.УУГАНЦЭЦЭГ

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 1-2 дугаар хуудас: “Эрдэнэттранспорт” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл

[2] Хэргийн 1 дүгээр хавтас, 118-119 дүгээр хуудас: Нэхэмжлэгч “Эрдэнэттранспорт” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага

[3] Хэргийн 1 дүгээр хавтас, 36-37 дугаар хуудас: Хариуцагч Орхон аймгийн Автотээврийн төвийн хариу тайлбар

[4] Хэргийн 1 дүгээр хавтас 143 дугаар хуудас: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар

[5] Хэргийн 1 дүгээр хавтас, 44 дүгээр хуудас: Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамж

[6] Хэргийн 1 дүгээр хавтас, 5-20 дугаар хуудас: “Аймаг доторх такси үйлчилгээний түр гэрээ”, “Аймаг хооронд суудлын автомашинаар зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгүүлэх гэрээ”, “Зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгүүлэх түр гэрээ

[7] Хэргийн 1 дүгээр хавтас, 46 дугаар хуудас: Орхон аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар тушаал

[8] Хэргийн 1 дүгээр хавтас, 49-54 дүгээр хуудас: Тохирлын үнэлгээний үзүүлэлт