Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 318/ШШ2025/00355

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Увс аймаг, сум, дугаар баг, тоотод оршин суух, регистрийн дугаар, Б ургийн овогт Д.С,

 

Ц.Д ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д нь 1964 онд төрсөн ба 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сар хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд хоньчноор ажиллаж байгаад цэрэгт явсан. 1986 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд 1986 оны 7 дугаар сараас Тэс сумын Хүүхдийн цэцэрлэгт галчаар 1986 оныг дуустал ажилласан. 1987 оноос Увс аймгийн Улаангом сумын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Тэс сумын салбарт жолоочоор 1989 оныг дуустал ажилласан. Тус газар Улаантолгойн чацарганы аж ахуй болоход мөн л ажиллаж байсан. 1990-2000 оны хоорондох ажилласан жилээ нөхөн тооцуулсан тул энэ хугацааны ажилласан жилийг тогтоолгох шаардлагагүй. Иймд Ц.Д 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд хоньчноор, 1986 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал Тэс сумын Хүүхдийн цэцэрлэгт галчаар, 1987 оны 1 дүгээр сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл болон Улаантолгойн чацарганы аж ахуйн харьяа Тэс сумын салбарт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 188 дугаар зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 118 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Батлан хамгаалахын яамны харьяа Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 1087 дугаар лавлагаа, гэрч Н.Б, Н.С нарын иргэний үнэмлэхийн хуулбар болон ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

3. Шүүхээс Н.Б, Н.С нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Ц.Д ХААТР-1 маягт, гэрлэснийг бүртгэх анкет, цэргийн албанд тэнцэгчдийн анкет, Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 160 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Улаангом сумын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 225 дугаар Ажилд авах, чөлөөлөх тухай тушаал зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сын Ц.Д 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд хоньчноор, 1986 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал Тэс сумын Хүүхдийн цэцэрлэгт галчаар, 1987 оны 1 дүгээр сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл болон Улаантолгойн чацарганы аж ахуйн харьяа Тэс сумын салбарт жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сын Ц.Д ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 188 дугаар зөвлөмжийн хуудсанд: Хөдөлмөрийн дэвтэр, тушаал байхгүй тул 1981-1990 оны хоорондох ажиллаж байсан хугацааг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэжээ.

 

3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 118 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр түүвэрт Ц. Д 1981 оны 6 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нь 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд хоньчноор, 1986 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал Тэс сумын Хүүхдийн цэцэрлэгт галчаар, 1987 оны 1 дүгээр сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл болон Улаантолгойн чацарганы аж ахуйн харьяа Тэс сумын салбарт жолоочоор ажиллаж байсан гэж тайлбарласнаас гадна Ц.Д цэргийн алба хааж байх үед Лениний зам нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул тухайн цалингийн тодорхойлолтыг нэхэмжлэгч Ц.Дх гэж үзэх нь эргэлзээтэй. Харин Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 160 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Ц.Д 1987 оны 9 дүгээр сараас 1988 оны 9 дүгээр дуустал Увс аймгийн Улаангом сумын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх ба тухайн цалингийн тодорхойлолт нь цэргийн алба хаасан хугацаатай давхцаагүйгээс гадна Увс аймгийн Улаангом сумын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 225 дугаар Ажилд авах, чөлөөлөх тухай тушаалтай тохирч байх тул шийдвэрийн үндэслэл болгов.

 

3.3. Увс аймгийн Улаангом сумын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 225 дугаар Ажилд авах, чөлөөлөх тухай тушаалаар Ц.Дийг 1987 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн жолоочоор авч ажиллуулсан байх тул тухайн тушаалыг нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт ач холбогдолтой гэж үзэв.

 

3.4. Ц.Д ХААТР-1 маягтад Овог, нэр Ц.Д, ажилладаг байгууллага Жимсний станцын салбар, ажилд орсон он 1987, эрхэлдэг ажил жолооч, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр 1988.07.04 гэж бүртгэжээ. Тухайн баримтад нэхэмжлэгчийн 1988 онд ажиллаж байсан байдлын талаар тусгагдсан байх тул баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ. Нэхэмжлэгчийн гэрлэснийг бүртгэх анкетыг 1990 оны 3 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн байх ба тухайн баримтад 1990 онд ажиллаж байсан байдлын талаар мэдээлэл тусгагдсан байх тул 1980-1989 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт хамааралгүй гэж үзлээ.

 

3.5. Ц.Д цэргийн албанд тэнцэгчдийн анкетад Хэдэн оноос хаана, ямар ажил хийж байсан хэсэгт 1982 оноос Тэс сумын нэгдэлд хоньчин гэж бүртгэгдсэн байна.

 

3.6. Батлан хамгаалахын яамны харьяа Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 1087 дугаар лавлагаанд: Ц.Д БХЯ-ны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Увс аймгаас 1982 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 256 /262/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн н/209 дүгээр тушаалаар 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 627983 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэжээ.

 

3.7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Н.Б, Н.С нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Н.Б Би 1982-1992 онд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг 1982 онд тус нэгдэлд малчнаар ажилд орох үед Ц.Д нь малчнаар ажиллаж байсан ба 1983 оны 6 дугаар сард цэрэгт явсан. Цэргээс 1986 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Лениний зам нэгдэлд малчнаар ажилласан. Ц.Д бид хоёр тус нэгдэлд үхэр, хонь маллаж байсан. Ц.Д нь 1980 оноос эхлэн тус нэгдэлд мал маллахын зэрэгцээ 1986 онд Тэс сумын хүүхдийн цэцэрлэгт галчаар ажиллаж байсан. Мөн 1987-1989 онд Увс аймгийн Улаантолгойн жимсний станцын Тэс сумын салбарт жолоочоор ажиллаж байсан гэж, гэрч Н.С Би 1978-1996 онд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ц.Д нь 1980 оноос эхлэн ээжийнхээ хамт тус нэгдэлд малчнаар ажиллах болсон. Улмаар 1983 оны 6 дугаар сард цэрэгт яваад 1986 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Лениний зам нэгдэлд малчнаар ажилласан. Ц.Д нь хонь маллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нь 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд хоньчноор ажиллаж байсан гэж тайлбарладаг боловч Ц.Д цэргийн албанд тэнцэгчдийн анкетад 1982 оноос Тэс сумын нэгдэлд хоньчин гэж бүртгэгдсэн байх тул нэхэмжлэгчийг 1982 оноос ажиллаж эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Увс аймгийн Улаангом сумын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 225 дугаар Ажилд авах, чөлөөлөх тухай тушаалаар Ц.Дийг 1987 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн жолоочоор авч ажиллуулсан хэдий ч Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 160 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Ц.Д 1987 оны 9 дүгээр сараас 1988 оны 9 дүгээр дуустал Увс аймгийн Улаангом сумын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийг 1987 оны 9 дүгээр сараас ажиллаж эхэлсэн гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ц.Д 1986 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал Тэс сумын Хүүхдийн цэцэрлэгт галчаар ажиллаж байсан гэх боловч хэрэгт түүнийг дээрх хугацаанд ажиллаж байсныг нотлох цалингийн баримт болон бусад бичгийн нотлох баримтууд авагдаагүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй облгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч Ц.Д 1982 оны 1 дүгээр сараас 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд хоньчноор, 1987 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл болон Улаантолгойн чацарганы аж ахуйн харьяа Тэс сумын салбарт жолоочоор ажиллаж байсан болох нь ХААТР-1 маягт, цэргийн албанд тэнцэгчдийн анкет, Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 160 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Улаангом сумын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 225 дугаар Ажилд авах, чөлөөлөх тухай тушаал зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

6. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тайчууд ургийн овогт Цээлэйгийн Дорлигийн 1982 оны 1 дүгээр сараас 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд хоньчноор, 1987 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл болон Улаантолгойн чацарганы аж ахуйн харьяа Тэс сумын салбарт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх 1980-1981 онд, 1986 оны 7 дугаар сараас 1987 оны 8 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Тайчууд ургийн овогт Ц.Д1982 оны 1 дүгээр сараас 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд хоньчноор, 1987 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Улаангом сумын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл болон Улаантолгойн чацарганы аж ахуйн харьяа Тэс сумын салбарт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх 1980-1981 онд, 1986 оны 7 дугаар сараас 1987 оны 8 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ