| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00327/и |
| Дугаар | 318/ШШ2025/00357 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 318/ШШ2025/00357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, сум, дүгээр баг, бэйсийн тоотод оршин суух, регистрийн дугаар, Т ургийн овогт Р.Ц,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Р.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1991 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа барилга материалын пүүсэд ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажилд орсон болон гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандсан. Иймд миний 1991 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа барилга материалын пүүсэд засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 195 дугаар зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаар тодорхойлолт, фото зураг, гэрч Л.Б, Д.Д нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн болон ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Л.Б, Д.Д нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Р.Ц ийн гэрлэснийг бүртгэх анкет зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Р.Ц ийн 1991 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа барилга материалын пүүсэд засварчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Р.Ц ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 195 дугаар зөвлөмжийн хуудсанд: Ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул 1991-1994 оны хоорондох ажиллаж байсан хугацааг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэжээ.
3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаар тодорхойлолтод: Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Барилгын материалын пүүсийн 1991-1993 оны цалин, тушаалын баримт тус архивд шилжиж ирээгүй гул Р.Цтэй холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй ба архивд байгаа Барилгын биржийн 1993 оны тушаалын баримтаас холбогдох баримт гараагүй болно гэжээ.
3.3. Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа барилга материалын пүүсээс 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Р.Ц эд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ... 1991 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Кислородын станцад засварчнаар авч ажиллуулав, 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөр газар шилжиж ажиллах болсон тул кислородын станцад засварчны ажлаас чөлөөлөв, 1993 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Шатахуун тээврийн баазад засварчнаар авч ажиллуулав, 1994 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Шатахуун тээврийн баазын засварчны үүрэгт ажлаас чөлөөлж, жолоочоор шилжүүлэн ажиллуулав гэжээ.
3.4. Р.Цийн гэрлэснийг бүртгэх анкетыг 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдөр бүртгэхэд ажилладаг байгууллага Шатахуун тээврийн бааз, эрхэлдэг ажил жолооч гэж бүртгэжээ. Тухайн баримтад нэхэмжлэгчийн 1994 онд ажилласан байдлын талаарх мэдээлэл тусгагдсан байх тул 1991-1993 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт хамааралгүй гэж үзлээ.
3.5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Л.Б, Д.Д нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Л.Б Би 1979-1998 онд Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа хүчилтөрөгчийн станцад жолоочоор ажиллаж байсан. Р.Ц 1991 оны хавар тус трестийн харьяа хүчилтөрөгчийн станцад хүчилтөрөгч цэнэглэгчээр ажиллаж байсан. Тус хүчилтөрөгчийн станц нь 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан гэж, гэрч Д.Д Би 1992-1996 онд Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа хүчилтөрөгчийн станцад техникийн механикчаар ажиллаж байсан. Р.Ц 1991 оны 4 дүгээр сард тус трестийн харьяа хүчилтөрөгчийн станцад хүчилтөрөгч цэнэглэгчээр ажилд орж байсан. Р.Ц бид хоёр 1991 оны 8 дугаар сард ашиглалтын өмнөх цахилгаантай холбоотойгоор Улаанбаатар хотын 3 дугаар цахилгаан станцад 3 сар суралцаж байсан. Р.Ц нь хүчилтөрөгчийн болланыг 220 кг/кв болгож, савлаж хаадаг ажил хийдэг байсан. тус трестийн харьяа хүчилтөрөгчийн станц нь галын болон хөдөлмөрийн аюулгүй байдлын хувьд маш аюултай үйлдвэр байсан. 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан бөгөөд Р.Ц нь 1991-1993 онд ажиллаж байгаад ажлаасаа гарч Шатахуун тээврийн баазад жолоочоор ажиллах болсон гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой юм.
4. Нэхэмжлэгчийн цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй хэдий ч Р.Ц нь 1991 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа барилга материалын пүүсэд засварчнаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Л.Б, Д.Д нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Т ургийн овогт Р.Ц 1991 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа барилга материалын пүүсэд засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Р.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т ургийн овогт Р.Ц 1991 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа барилга материалын пүүсэд засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Р.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ