Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2025/00409

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2025/00409

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн * дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод байрлах, ******* ******* ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл 19,024,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 21,205,009 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.******* ******* ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 12,683,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байна. Тус газарт өр төлбөрөө барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж, албан тоотоор шаардлага хүргүүлж, уулзалт хийж, өр төлбөрийг графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож гэрээ хэлцэл байгуулсан боловч өнөөдрийг хүртэл шимтгэлийн өрийг барагдуулаагүй. Иймд ******* ******* ХХК-аас Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь заалтын дагуу төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 12,683,000 төгрөг, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтын дагуу эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэлийн алданги 6,341,500 төгрөг, нийт 19,024,500 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .., Нийгмийн даатгалын шимтгэл болон алданги 19,024,500 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.

3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч ******* ******* ХХК нь Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжилсэн 19,024,500 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл 19,024,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 253,072 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 126,536 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ